| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2019/02684/И |
| Дугаар | 101/ШШ2019/03312 |
| Огноо | 2019-11-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2019/03312
2019 оны 11 сарын 28 өдөр Дугаар 101/ШШ2019/03312 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот, ******* ******* телевизийн байр, давхарт байрлах ““Б И Х” ХХК ” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, давхарт байрлах “Ж” ХХК/РД: /-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 252,922,120.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндон, О.Бэлгүүнзаяа, хариуцагчийн төлөөлөгч Х.Э, өмгөөлөгч О.Мөнгөнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэгч ““Б И Х” ХХК ” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-иар сууцны хорооллын барилгын Спорткомплексийн усан бассейн нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан юм. Ажил гүйцэтгүүлэх гэрээний нийт дүн 366,830,733.00 төгрөг бөгөөд төлбөрийг бэлнээр болон бартер хэлбэрээр төлөхөөр талууд харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч талаас гэрээний урьдчилгаа төлбөрт Улаанбаатар хотын, Баянгол дүүрэг, 0дугаар . 10 дугаар хороолол, 12/5 байр 69 тоот хаягт байрлах 88,000,000 төгрөгийн бүхий 2 өрөө орон сууц, 20 000 000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоол, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, 0дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 00 байр 0тоот 190 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууц буюу нийт 298,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч “Ж” ХХК-ийн өмчлөлд үлдээсэн.
Гэтэл ажил гүйцэтгэгч болох “Ж” ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаанд ажлаа огт хийж гүйцэтгээгүй, эхлүүлэхгүй байсан юм. Тухайн үед бидний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч эдийн засгийн бололцоо муу гэх мэт юм хэлж явсаар хоёр жилийн хугацаа өнгөрсөн.
Ингээд манай компани өөрсдийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахын тулд хариуцагч Ж” ХХК-д усан бассейныг барьж гүйцэтгэхэд шаардлагатай байгаа үлдэгдэл материалын үнэ болох 58,670,437.00 төгрөг, тус барааны гааль болон бусад зардалд 16,482,386.58 төгрөг нийт /298,000,000+58,670,437+16,482,386.58+15,727,250=388,880,074.16/ төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-д шилжүүлсэн байна.
Үүнээс “Ж” ХХК нь 271,915,907.00 төгрөгийн бараа, материалыг нэхэмжлэгчид актаар нийлүүлсэн бөгөөд Нэхэмжлэгчээс шилжүүлсэн нийт үнийн дүнгээс хасаж тооцсон зөрүү төлбөр нь 116,964,167.16 төгрөг болж байгаа.
Ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай 116,964,167.16 бараа материалыг хариуцагч “Ж” ХХК-д олгосон боловч одоог хүртэл гэрээт ажлыг хийж дуусгаагүй, ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөөгүй.
Иймд иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасныг тус тус үндэслэн гэрээг дуусгавар болгож өөрт учирсан хохирол болох ажил гүйцэтгэх гэрээний алданги 135,957,953.50 төгрөг, бараа материалын төлбөрийн зөрүү болох 116,964,167.16 нийт 252,922,120,66 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ““Б И Х” ХХК ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа. Хариуцагч Ж ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 116,964,167.16 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсний зардал 94,915,000 төгрөг, үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги 41,043,126 төгрөг, нийт 252,922,120.66 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хариуцагч Ж ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 116,964,167.16 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсний зардал 94,915,000 төгрөг, үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги 41,043,126 төгрөг, нийт 252,922,120.66 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу төлбөрийг ******* хувь бартераар хийхээр тохиролцсон байсан боловч гэрээний төлбөрт 298,000,000 төгрөгийн баримтыг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэх бичиж, тухайн өдрөө бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж “Ж” ХХК-д өгсөн мэт харагддаг. Гэтэл бодит байдал дээр 2017 оны 6 дугаар сарын 16-нд сард Баянгол дүүргийн 0дугаар хороо,0дугаар хороолол, 12-5 байр 69 тоот хаягт байрлах хоёр өрөө орон сууц, түүний доор байрлах авто зогсоолыг, 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 0дугаар хороо, 0дугаар хороолол, 00 байрны 00 тоотод байрлах 3 өрөө шилжүүлсэн. Бараа материалын зөрүү төлбөр гээд 116,964,167.16 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 298,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн гээд нэхэмжлэгч нь 2980,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэн акт дээр үнийг дүнг зөвшөөрсөн учраас мөнгийг нэхэмжилж байгаа гээд байна. 116,964,167.16 төгрөг барааны зөрүү төлбөр, 2019 оны 03 сард 58,670,437 төгрөг. Нийт төлбөрийн үнийн дүнгээр хариуцагчийн төлөөлөгч хүлээн авсан гэсэн баримт байгаа. Нэхэмжлэгч нь 308,880,074 төгрөгийг хариуцагчид өгсөн. Бараа материал нь 271,915,907 төгрөг үнийн зөрүү 116,964,167.16 төгрөгийг зөрүүг нэхэмжилж байгаа. Бараа материалын үнэ нь 271,915,907 төгрөг гээд гарын үсэг зурсан учраас байж болох юм гэж үзсэн. Манай байгууллага нь хариуцагч Х констракшн ХХК-д бүх бараа материалаа хүлээлгэж өгсөн. Бараа материалын ажлыг ******* хувь, угсралтын ажлыг 80 хувьтай гүйцэтгэсэн. “Х констракшн” ХХК-иар ******* хувь ажлыг гүйцэтгүүлсэн гээд байгаа. Ажлын хөлс 94,915,000 төгрөгийн 80 хувь манай байгууллагад үлдэх ёстой байсан. Нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 3 сард өгсөн 90,000,000 төгрөгийн бараа материал нь орсон учраас тухайн акт дээр манайхаас мөнгө нь орсон гээд тус актыг “Х констракшн” ХХК дээр гүйцэтгээд бичсэн. Тэгэхээр 38,500,000 төгрөг “Ж” ХХК-иас хоёр дахин нэхэгдээд байгаа. Хохирол болон өөрийн өгсөн мөнгө дээр хоёуланд нь оруулж хоёр дахин нэхээд байна. Алдангийг яаж тооцсон гэдгийг нь ойлгохгүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ““Б И Х” ХХК ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулж бараа материалын үнийн дүнд 116,964,167.16 төгрөг, үүргийг Х констракшн ХХК-иар гүйцэтгүүлсний зардал 94,915,000 төгрөг, үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги 41,043,126 төгрөг, 252,922,120.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч материалыг үнэ 116,964,167.16 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.
Нэхэмжлэгч ““Б И Х” ХХК ” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-тай 2017 оны 4 дүгээр 12-ны өдөр №2017036 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ******* ******* хотхоны Спорткомплексийн усан бассейн нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, энэ талаар талууд маргаагүй. /хх-ийн 6-20 дугаар талууд/
Талуудын хооронд байгуулагдсан дээрх Ажил гүйцэтгэх бартерийн гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д “Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно” гэж зааснаар гэрээний хугацаанд хийгдэх ажлын 366,830,733 төгрөгийн төсвийг зохиосон байна./хх-ийн 13-14 дүгээр талууд/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар захиалагч ажлын хөлсөнд 88,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянгол дүүрэг, 0дугаар хороо, 0дугаар хороолол, 0 байр 0тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоол, 190,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 00 дугаар байр 53 тоотод байрлах 3 өрөө орон сууц буюу нийт 298,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч “Ж” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч Ж ХХК нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч “Б И Х” ХХК ХХК нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон үүргийг хүлээх, энэ хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй байна.
Хариуцагч Ж ХХК-ийн захирал Х.Э ******* ******* хотхоны Спорткомплексийн усан бассейн нийлүүлж, угсралтын ажлын 80 хувийг манай компани гүйцэтгэсэн гэж маргах боловч энэ талаар баримтаар нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
1. 116,964,167.16 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас бараа материалын/ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн/ үнэ 116,964,167.16 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
2. 94,915,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч Ж ХХК нь гэрээнд заасан хугацаанд хотхоны Спорткомплексийн усан бассейн нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч “Б И Х” ХХК ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Х констракшн ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, ******* ******* хотхоны цогцолборын усан бассейн угсралтын ажил хийж гүйцэтгүүлж, төлбөрт 94,915,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хавтас хэрэгт авагджээ./хх-ийн 45-47, 52-54 дүгээр талууд/
Зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Ажил гүйцэтгэлийн акт”-аар Х констракшн ХХК, Ж ХХК-ийн хоорондын хийгдсэн ажлын тооцоог дүгнэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 21 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь Х констракшн ХХК-иар усан бассейн нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн ажлын хөлс 94,915,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
Дээрх актад Х констракшн ХХК-ийн гүйцэтгэлээр материал 38,500,000 төгрөг, цалин 56,414,827 төгрөг гэж дүгнэснээс үзэхэд хариуцагч Ж ХХК-ийн хүлээн зөвшөөрсөн 116,964,167.16 төгрөгт материалын үнэ гэх 38,500,000 төгрөгийн шаардлага давхардсан байх тул хэрэгсэхгүй болгож, цалин 56,414,827 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3.алданги 41,043,126 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч алданги нэхэмжлэх үндэслэлээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсний зардал 94,915,000 төгрөг, үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алданги 41,043,126 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 5.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.“гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Гүйцэтгэгч ажил дуусах өдрийг зөрчсөн бол ГТН-д заасан хэмжээгээр алданги төлөхөөс гадна энэ зөрчлөөс үүдэн захиалагчид учирсан аливаа хохирлыг үл маргах журмаар хариуцан барагдуулна” гэж тохирчээ.
Нэхэмжлэгч алдангийг шаардахдаа Х коншстракшин ХХК-иар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 94,915,000 төгрөгийн 50 хувь 41,043,126 төгрөгийг нэхэмжилсэн.
Хавтас хэрэгт “Ажил гүйцэтгэлийн акт”-д гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн гүйцэтгэлээр “материал 38,500,000 төгрөг, цалин 56,414,827 төгрөг”, нэхэмжлэгч “Б И Х” ХХК ХХК-иас “Х И” ХХК94,914,827 төгрөгийг шилжүүлсэн баримтууд авагдсан байна./хх-ийн 21 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн бараа материалын зөрүү үнэ 116,964,167.16 төгрөгт Х ХХК-иар гүйцэтгүүлсэн бараа материалын үнэ давхардан нэхэмжмлсэн гэж шүүх дүгнэн 38,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шүүх алдангийн хэмжээг “Ажил гүйцэтгэлийн акт”-д дүгнэгдсэн Х констаркшн ХХК-ийн гүйцэтгэлээр цалин 56,414,827 төгрөгийн 50 хувь болох 28,209.413 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Иймд хариуцагч Ж ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт материалын үнэ 116,964,167.16 төгрөг, цалин 56,414,827, алданги, 28,209.413 төгрөг нийт 201,588,407 төгрөгийг гаргуулж “Б И Х” ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд ...... “Энэхүү төлбөрт бартераар орон сууц солилцохоор тохиролцов.”, 5 дугаар зүйлд “Гэрээнд талуудын эрх бүхий этгээд баталж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.” гэж тус тус тохиролцжээ.
Хавтас хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Б И Х” ХХК ХХК-иас “кассын зарлагын ордер №93-т SS төсөл 2017036 тоот ажлын гэрээний урьдчилгаа төлбөрөөс 298,000,000 төгрөгийг” хариуцагч Ж ХХК нь “Бэлэн мөнгөний орлогын баримтаар төлбөрийг хүлээж авсан” гэх талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдсан баримт авагджээ.
“Байр хүлээлцсэн акт”-аар “Баянзүрх дүүргий 0дугаар хороо, ******* ******* хотхоны 0-Б байрны 0тоот 0м.кв 3 өрөө орон сууцыг Т.Эээс 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Х.Э-ад хүлээлгэн өгсөн” гэх баримт авагдсан хэдий ч, “Үл хөдлөх арилжааны гэрээ”-гээр 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-. дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, 0дугаар хороолол, 00/0 байрны 00 тоот хаягт байрлах .. м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаар бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 0дугаар хороо 0дугаар хороолол, 0 дугаар байрны 0тоотод байрлах 0м.кв 2 өрөөр орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Л.Даас Х.Эад шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч “Б И Х” ХХК ХХК нь гэрээгээр тохиролцсон үл хөдлөх хөрөнгийг гэрээний 5-д заасан хугацаанд хариуцагч Ж ХХК-д хүлээлгэн өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Ж” ХХК/РД: /-иас 201,588,407 төгрөгийг гаргуулж ““Б И Х” ХХК ” ХХК/РД: /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,333,713.66 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,422,570 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 1,165,892 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ