Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/404

 

   2023          5            18                                    2023/ШЦТ/404

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч С.Бичинхүү

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо

иргэдийн төлөөлөгч И.Мянганбаяр

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Увс аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; *** дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дугаар гудамж, ** тоотод суух, урьд ял шийтгэлгүй,

******* дугаарын регистртэй, Ө овогт Эийн О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.О 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн орой 17:00 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах автобусны буудал /32-ын гэж нэрлэгдэх/-ын дэргэд Ц.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэн унагаж амь насыг нь хохироосон “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Тэр өдөр талийгаач бид хоёр хамтдаа явж архи олж уухаар болсон. Тэгээд автобусны буудлын хажууд маргалдаад би түлхчихсэн юм. Гэхдээ Э-ыг нас барсан гэж бодоогүй, тэгээд л яваад өгсөн. Надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, би ч хэн нэгэнд мөнгө төгрөг өгч чадаагүй. Миний хамаатан садангууд нас барсан, би л үлдэж байна даа гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-ийн Х “... талийгаач нь Улаанбаатар хотод 2000 оны эхэн үеэс архи ууж амьдрах болсон. Гэр орон, очих газар байхгүй тэнэмэл байдлаар л амьдрах болсон байгаа юм. 2015 оны үеэс Д гэх эмэгтэйтэй хамт амьдарч нэгдүгээр хороололд орцны жижүүрийн ажил хийж байна гэдэг байсан. Дүү маань энэ эмэгтэйтэй хамт амьдарч байхдаа нэг хүүхэдтэй гэдэг. Хамгийн сүүлд надтай утсаар ярьсан нь өчигдөр буюу 2 дугаар сарын 28-ны өдөр 11:00 цагийн үед хүний утсаар надтай ярьсан ба 20.000 төгрөг байна уу даралт, харшлын эм авч уух гэсэн юм” гэхээр нь би явуулсан хүнийх нь дансны дугаар руу 20.000 төгрөг шилжүүлсэн” /хх-ийн 38-40/ гэж,

гэрч Б-н Д “... 2023 оны 2 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн орчим би Барс-2 зах орж явж байхдаа замдаа “Байцаах” хочит Э, О хоёртой тааралдаад Хархорины худалдааны төвөөс нэг шил архи О аваад, бид гурав Хархорин захын гүүрний хойд талд хувааж уучихаад шөлөндөө хоолны газарт орж миний гар утсаар Э ахтайгаа яриад хамгаалагчийн дансаар 20.000 төгрөг шилжүүлж аваад бид гурав Барс-2 зах руу ороод Барс-2 зах дээрээс 2 шил архи нэмж аваад зүс таних залуучуудтай тааралдаад архиа тойруулаад хуваагаад ууцгаасан. Архиа уугаад сууж байхад Эын авгай хүүхэд нь Барс захын үүдэнд тааралдахаар нь би явлаа гээд Нисэх рүү ганцаараа салаад явсан. Эын биед гэмтэл шарх юу ч байгаагүй, нүүр ам нь зүгээр байсан” /хх-ийн 54-55/ гэж,

гэрч Б-ын О “... бид гурав Барс-2 захын үүдэнд ирэхэд Эын эхнэр Д хүүхэдтэйгээ хамт ирчихсэн байсан. Э тэнд суугаад хоцорсон. Би зүүн тийшээ ганцаараа алхаад Хархорин захын хойд талын бараа зардаг хүмүүс дээр очоод зогсож байгаад 2-3 цаг болчихоод буцаад Барс-2 зах руу ганцаараа алхаж явтал 32-ын автобусны буудлын Барс талдаа ТҮЦ-ний хажууд “Домбоо” хочит Э дээшээ хараад уначихсан ямар ч ухаангүй, хажууд нь манай Увс аймгийн О гэх залуу хацрыг нь алгадаад сэрээх гээд байхаар нь би “Э яачихсан юм бэ” гэхэд О ямар ч хариу хэлэхгүй амандаа “пизда, пизда” гээд үглээд байж байсан. Би тэгэхэд нь “чи цагдаа дууд, эмнэлэг дууд” гэж Од хэлэхэд О юу ч дуугарахгүй амандаа бувтнаад “пизда, пизда” гээд ТҮЦ-ний хана нүдээд байсан. Би 5-10 минут болсон байх, явлаа гэж Од хэлэхэд намайг дагаад хойшоо зам хөндлөн гарсан. Э ухаан орохгүй чигээрээ хэвтээд үлдсэн, би Эыг согтуу уначихсан гэж л ойлгосон. Эын нүүр аманд нь гэмтэл шарх харагдаагүй. Ам хамраас нь шингэн гарсан байсан эсэхийг анзаараагүй. Замын хойно гараад 32-ын автобусны буудал дээр ирээд “Домбоо” Эаас яасан юм бэ гэж дахиж асуухад амандаа “пизда, пизда” гээд гараа зангидаад үглээтэй чигээрээ яваад байсан. Би Баянхошуу руу Д ахынд очихоор Зүүн салааны автобусанд суугаад, О Ханын материалын автобусанд суугаад явсан. О бол тогтсон гэр гээд байх зүйлгүй, 34 дүгээр байрны хойно гражийн хажуугийн далан дээр нэг, хоёр хүмүүстэй тэнэмэл маягаар амьдардаг юм” /хх-ийн 50-52/ гэж,

гэрч П-ын Д “... 2 дугаар сарын 28-ны өдөр 13:00 цагийн үед Барс-ын үүдэнд би талийгаачтай таарсан бөгөөд талийгаач Увсын О, Д ах хоёртой хамт байж байсан. Намайг хараад найзууд нь зугтаагаад явчихсан бөгөөд би нэг цаг гаруй хугацаанд Этай юм ярилцсан. Э нялх хүүхдээ саналаа гээд хүүхдээ эрхлүүлээд байсан. Миний гар утсаар ах дүү нартайгаа ярьж байсан. Би цагаан сараас хойш хаана юу хийж явааг нь асуугаагүй, өмнө нь асуухад хэлдэггүй байсан, надад угаасаа хаана байгаагаа хэлдэггүй юм. Э архи уучихсан согтуу байсан бөгөөд ямар ч байсан өөрийн гэсэн ухаантай, биеэ авч явах чадвартай байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй, архи ууснаас болоод нүүр нь бүлцийсэн байсан. Хаачих гэж байгаа талаараа ямар нэг зүйл хэлээгүй. О, Д ах хоёртой маргаж муудсан талаар яриагүй” /хх-ийн 46-48/ гэж,

гэрч Ц-ийн О “... 2023 оны 2 дугаар сарын 28-ны орой 17 цаг өнгөрч байхад сургуулиас гараад 32 дугаар байрны автобусны буудалд ирсэн. ТҮЦ-ний хажууд нэг хөгшин хүн дээш хараад хэвтчихсэн, малгайг нь нүүрэн дээр нь тавьсан байсан. Тухайн хүн хөдлөхгүй хэвтээд байхаар нь очоод баруун гарынх нь судсыг барьж үзэхэд цохилохгүй байхаар нь хүзүүнийх нь хажуу талын судсыг хуруугаар барьж үзэхэд цохилохгүй байсан. Тэгээд нүүрэн дээрээс нь малгайг нь аваад утасныхаа гэрлийг нүд рүү нь тусгахад нүд нь анивчихгүй, хөдөлгөөн хийхгүй байхаар нь сандраад доошоо сууж байгаад зүрхийг нь чагнасан. Царай нь хөхөрсөн байхаар нь ТҮЦ-ний хүний утсаар түргэний эмнэлэг дуудсан. Удалгүй эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн” /хх-ийн 67/ гэж,

гэрч Г-ын А  “... 17 цаг 30 минутад Сандэй худалдааны төвийн ATM ороод буцаад ТҮЦ дээрээ ирэх үед ТҮЦ-ний зүүн талд махлагдуу, 60 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан” /хх-ийн 69-70/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Амь хохирогч Ц.Эын үхлийн шалтгааны талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... талийгаачийн цогцост дагзны зүүн хөндлөн ховилоос пирамид ясны үзүүр, пирамид хайрст хэсгийн уулзвар, зулай, дагзны заадал хүрсэн салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, сильвиевийн ховил дагуу, чамархай, дагзны урд хэсгийн аалзан хальсан доор тархмал цус харвалт, духны баруун дэлбэнгийн доод гадаргуу, баруун чамархайн дэлбэнгийн гадна гадаргуу болон доод гадаргуугийн голомтлог няцрал, зүүн зулайн ар хэсэг, дагзны зүүн хэсгийн хуйханд цус хуралт, зүүн зулайн ар хэсэгт зулгаралт, зүүн хацрын төвгөрийн гадна хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу толгойн зүүн ар хэсгээр унах үед үүснэ. Зүүн хацрын зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Гавал тархины гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хацрын зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн 731 тоот дүгнэлт гарснаас гадна /хх-н 111-115/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 14-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-27/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлэхдээ шүүгдэгч Э.Ог “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан байна.

 

Хүнийг санаатай алах гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн орой зай, цаг хугацаа, арга хэрэгсэл, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, хамаарал зэргийг сайтар шалгаж тогтоох нь чухал юм.

 

 

Шүүгдэгч Э.Од холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь бие биеэ таньж мэддэг, тодорхой зорилгогүйгээр гадуур явж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан байх бөгөөд тухайн өдөр мөн нийлж архидан согтуурсан байна. Улмаар хамтдаа явж байхдаа автобусны буудлын ойролцоох ТҮЦ-ний дэргэд хоорондоо маргалдсан шинжтэй байж, амь хохирогч нь эхлээд шүүгдэгчийн мөр хэсэг рүү гараараа түлхсэн байдалтай, дараа нь шүүгдэгч нь амь хохирогчийг түлхэн унагааж байгаа байдалтай үйл хөдөлгөөн камерын бичлэгт бичигджээ[1].

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлгүүд тухайлбал, гэрч Б.Д, гэрч Б.О, гэрч П.Д нарын мэдүүлгүүд нь шүүгдэгч Э.О, амь хохирогч Ц.Э нартай хамт архи уусан болон тэдгээртэй тааралдсан талаар мэдүүлсэн болохоос биш гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хамтдаа байсан гэж мэдүүлээгүй байдаг.

 

Өөрөөр хэлбэл камерын бичлэгээс өөр байдлаар шүүгдэгч, амь хохирогч нарын тухайн үеийн хоорондын харилцаа, хүнийг алах гэсэн шууд сэдэлт, санаа зорилгыг шалгаж тогтооход эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

 

Түүнчлэн “хүнийг санаатай алах” гэмт хэргийн арга хэрэгслийн хувьд субьектив нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоох нь хуулийг зөв хэрэглэх, хэргийг хууль зүйн үндэслэлтэй зүйлчлэх шалгуур болно.

 

Амь хохирогч Ц.Эыг түлхэн унагаж байгаа шүүгдэгч Э.Огийн үйлдэл нь санаатай үйлдэл мөн боловч харин Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн гэж үзэхээр байх тул шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг болгож хөнгөрүүлэн өөрчиллөө.

 

Нөгөөтэйгүүр шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлав.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 731 тоот дүгнэлтэд “... талийгаач Ц.Эыг нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ... гэж дүгнэсэн байдаг. Гэвч хэргийн зүйлчлэл нэгэнт хөнгөрсөн нь “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж хамаарахгүй.

 

Шүүгдэгч Э.Огийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144/ хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Э.О “... би 1978 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд Э гэх хүний ганц хүүхэд болж төрсөн. Бага насаа аймгийнхаа төвд өнгөрүүлсэн. 2 дугаар ангиасаа 1 дүгээр 8 жилийн сургуульд шилжиж, 8 жилийн сургуулиа 1993 онд төгсөөд нагац хоёр ах маань жолооч байсан учраас тэр хоёрыг дагаж жолооч болж, машин тэргийг нь барилцаж явдаг байсан. 2001 онд би Улаанбаатар хотод ирж ЗИЛ-130 маркийн машинтай хувиараа 44-н зах дээр халтуурын ажил хийдэг байсан. ... Ах нар маань нас бараад би ганцаараа ажиллаж чадахаа больсон. ... Би хүнтэй гэр бүл болж байгаагүй бөгөөд эхнэр, өөрийн гэсэн төрсөн хүүхэдгүй” гэж хувийн байдлынхаа талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлжээ. /хх-ийн 142/  

 

Хохирол төлбөрийн хувьд:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн нотлох баримт гаргаж өгөөгүйгээс гадна

“... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Адилхан хоёр амьдрах гэж байсан хүмүүс учраас нэхэмжлээд байх зүйл байхгүй байна. Гомдолгүй. Талийгаачийн эхнэр байсан Золзаяатай ажил явдлын үеэр утсаар ярьсан. Хоёр хүүхэд нь японд байгаа гэж байсан. Ирэх боломжгүй гэсэн. Золзаяа өөрөө ч гэсэн ирэх боломжгүй гэж хэлээд ирээгүй” /хх-н 44/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Ог бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаач Цахиагийн Эын төрсөн ах болох Цахиагийн Хг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуулийн үндэслэл бүхий болжээ.

Учир нь; талийгаач Ц.Э н.Золзаяа гэгчтэй гэр бүл болж хамтран амьдарч байгаад салсан болох нь Ц.Хгийн “... манайх эцэг, эхээсээ наймуулаа. Талийгаач Э нь манай хамгийн бага дүү байсан юм. ... 1998 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас эхнэр авч, Золзаяа гэх эмэгтэйтэй гэр бүл болсон. 1998 онд Эрдэнэт хотод амьдарч байгаад бага хүүхдээ нэг настай байхад эхнэр нь орхиод Улаанбаатар хот руу ирчихсэн. Э эхнэрийнхээ араас Улаанбаатар хот руу яваад сураг нь бараг тасарсан даа. Эхнэрийнх нь ах дүү нар Нарантуул зах дээр наймаа хийдэг байсан. 2005-2006 оны үед Золзаяа хоёр хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явсан. Энэ цагаас хойш эхнэр, хүүхэдтэй нь уулзаагүй, надтай ч утсаар холбогдоогүй.

... Талийгаач Э 2000 оны эхэн үеэс эхлэн Улаанбаатар хотод архи ууж амьдрах болсон. Гэр орон, очих газар байхгүй, тэнэмэл байдлаар л амьдрах болсон байгаа юм” гэсэн мэдүүлэгт тусгагдсан байна. /хх-н 39/

 

Түүнчлэн энэ хэрэгт гэрчээр мэдүүлсэн П-ын Д нь талийгаач Ц.Этай хамтран амьдарч байсан, тэдгээрийн дундаас хүүхэд төрсөн гэх боловч албан ёсны гэрлэлтийн баталгаа, Ц.Эаар овоглосон хүүхдийн Төрсний гэрчилгээ, эдгээр байдлыг нотолсон бичгийн бусад баримтууд байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Од ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, ...-ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэв.

 

 

Хэдийгээр хэргийн зүйлчлэл хөнгөрч байгаа боловч хүний “амьд явах эрх”, хүний амь нас хохирсон үйлдлийн хор уршгийг арилсан гэж үзэж болохгүй. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоогийн гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хүсэлтийг, мөн улсын яллагчаас шүүгдэгч Э.Од 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай саналыг шүүх тус тус хүлээж аваагүйг дурдая.

 

Харин шүүгдэгч Э.Огийн хувийн байдал, үүнд: үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Э.О энэ хэрэгт сэжигтнээр 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож “... шүүгдэгч Э.О гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг хэлсэн иргэн И.Мянганбаярын дүгнэлт нь агуулгын хувьд хэргийн үйл баримтад нийцнэ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                             ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ө овогт Э-ийн Ог бусад болгоомжгүй үйлдлийн улмаас “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ог 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Од оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Э.О-гийн цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Э.О бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Эд мөрийн баримтаар тооцож, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган хадгалсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Од авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.ЖАНЧИВНЯМБУУ

                                                        

                                       ШҮҮГЧ                                            М.ДАЛАЙХҮҮ

                                                       

                                                    ШҮҮГЧ                                            Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 23-27-р хуудас: Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл

Хавтаст хэргийн 28-р хуудас: Камерийн бичлэг бүхий CD-ийг “Эд мөрийн баримтаар тооцсон” мөрдөгчийн тогтоол