Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/03225

 

    

 

 

2019 оны 11 сарын 19 өдөр         Дугаар 101/ШШ2019/03225           Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Ш /РД:/,

 

Нэхэмжлэгч: Д.М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б У ХХК/РД: /,

 

Хариуцагч: Ш.Д/РД: / нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Вандандорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэлт-Очир,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: иргэн Ш.Дболон түүний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Б У ХХК-иас орон сууц худалдан авах захиалгын төлбөр буюу зээлүүлсэн 24,000,000 төгрөг, алданги 4,320,000 төгрөг болон үүн дээр шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл алданги нэмж тооцон гаргуулах, нийт 28,320,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Д.М болон хариуцагч Б У ХХКнь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Захиалгаар бариулсан орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч Б У ХХКнь Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 0дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0айлын цогцолбор хотхоны 0давхарт байрлах 42,47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Мт шилжүүлэх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч Д.М нь гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 29 сая төгрөгийг, үлдэгдэл төлбөрийг 2018 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр 1,000,000 төгрөг төлөх байдлаар төлөхөөр харилцан тохиролцсон болно. Нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд заасны дагуу 29,000,000 төгрөгийг Ш.Дгийн Хаан банкны дансанд шилжүүлсэн.

Б У ХХК-тай харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээгээр арилжааны гэрээний дагуу өгөх орон сууцыг Д.Мт өгөх талаар “М Э В” ХХК, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 38 тоот албан бичгээр мэдэгдсэн. Гэсэн хэдий ч 2018 оны 10 сард нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр очих үед “М Э В” ХХКнь Б У ХХК-д орон сууц өгөх боломжгүй, Б У ХХКгэрээний дагуу бараа, ажил үйлчилгээг тус компанид нийлүүлээгүй гэдэг талаар мэдэгдсэн. Мөн Б У ХХКнь нэхэмжлэгчид гэрээний дагуу орон сууц өгөх боломжгүй болсноо мэдэгдсэн.

Нэгэнт гэрээний дагуу хариуцагч үндсэн үүргээ биелүүлж чадаагүй, биелүүлэх боломжгүй болсон хэдий ч нэхэмжлэгчийн төлсөн 29 сая төгрөгийг буцаан төлөх үүргээ Б У ХХКболон гүйцэтгэх захирал Ш.Дгүйцэтгээгүй. Орон сууц захиалах, худалдах, худалдан авах боломжгүй болсон, хариуцагч нь нэхэмжлэгч Д.Мын 29,000,000 төгрөгийг төлөхгүй байсан тул талууд 2019 оны 01 сарын 16-ны өдөр “Иргэд хоорондын зээлийн гэрээ” байгуулсан. Зээлийн гэрээг “Захиалгаар бариулсан орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний худалдан авагч Д.Мын охин М.Ш, Б У ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Днарын хооронд байгуулсан.

Ш.Днь зээлийн гэрээний дагуу 2019 оны 04 сарын 15-ны дотор 29 сая төгрөг төлөх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зөвхөн 5 сая төгрөгийг төлсөн. 05 сарын 21-ний байдлаар 36 хоног хэтэрсэн бөгөөд гэрээний 5 дахь хэсэгт заасны дагуу алданги хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувь буюу нийт 4,320,000 төгрөг болсон байна.

Иймд иргэн Ш.Д, түүний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Б У ХХК-д зээлүүлсэн 24,000,000 төгрөг болон үүн дээр шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл үеийн алданги тооцон гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нийт 28,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:  М.Шгийн нэхэмжлэлтэй, Ш.Д нарт холбогдох 29,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШЗ2019/0 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянаж байгаа билээ. Иргэний хэрэг үүсгэснээс хойш буюу 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 109 хоног болсон бөгөөд зээлдэгчид 2019 оны 01 дүлгээр сарын 16-ны өдөр хийсэн “Иргэд хоорондын зээлийн гэрээ”-ний үүргээ сайн дураараа биелүүлж болох хангалттай хугацаа өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байсаар байна.

Иймээс “Иргэд хоорондын зээлийн гэрээ”-ний 5 дах хэсэгт заасан “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг баримтлан хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй”-ийг баримтлан нийт хугацаа хэтэрсэн хоног тутамд 5,520,000 төгрөгийн алданги тооцогдсон байсныг нэмэгдүүлэн 109 хоногт тооцогдож буй 13,080,000 төгрөгт ногдох алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримтлан 6,480,000 төгрөгөөр тооцож, нийт алдангийн хэмжээ 12,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагя Б.Дгээс нийт үндсэн төлбөр 24,000,000 төгрөг болон 12,000,000 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд, өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 24,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Б У ХХК-тай гэрээ байгуулсан.  Б У ХХК-ийг төлөөлж гэрээг Ш.Д-байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа огт үүсээгүй. Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Б*******” ХХК нь “М Э В” ХХК-тай 2018 оны 5 сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Б У ХХКнь вакум цонх хийдэг компани.

“М Э В” ХХКнь 77 айлын орон сууцны вакум цонхыг хийж, угсрах гэрээ байгуулсан боловч “М Э В” ХХКгэрээнээс татгалзаад, ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй. Иймд нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний үүрэг зөрчигдөх нөхцөл байдал бий болсон. 24,000,000 төгрөгийг бэлнээр авсан дээр маргаан байхгүй. 24,000,000 төгрөгөөр нь “М Э В” ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэхээр бараа материал авсан. “М Э В” ХХКнь бараа материал буулгасны дараа гэрээнээс татгалзсан.

Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалсан захиалгын хэмжээгээр цонх хийсэн учраас компани хөрвөх хөрөнгөгүй болоод, 24,000,000 төгрөгийг төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Ийм учраас талуудын хооронд байгуулагдсан гэрэээнд зээлийн харилцаа үүсээгүй. Иргэн Ш.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. “М Э В” ХХК-иас хөрөнгө олж авахаар тохиролцсон байсан. Б У ХХКнь орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ нь хавтас хэргийн 5 дугаар талд байгаа. Талууд уг гэрээг байгуулсан асуудлаар маргадаггүй. Энэ гэрээн дээр алданги тооцох тухай заалт байхгүй. Иймд алданги тооцохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар хариуцагч Б У ХХК, тус компанийн захирал Ш.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 36,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтийг гаргажээ.

Хариуцагч орон сууц худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 24,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, зээлийн гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Нэхэмжлэгч Д.М  Б У ХХК-ийн захирал Ш.Дтэй 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 0дугаар хороонд байрлах 77 айлын цогцолбор хотхоны 0давхарт байрлах 42.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг байгуулжээ./хх-ийн 7 дугаар тал/

Талууд гэрээгээ “захиалгаар бариулсан орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч уг гэрээ нь худалдах худалдан авах гэрэний шинжийг агуулсан, хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.Гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдагч худалдан авах гэрээгээр Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Д.М нь орон сууц худалдах худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Хаан банкны ******* Ш.Дгийн дансанд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 29,000,000 төгрөгийг шилжүүлжээ./хх-ийн 9 дүгээр тал/

Хариуцагч гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан Баянзүрх дүүргийн 0дугаар хороонд байрлах 77 айлын цогцолбор хотхоны 12 давхарт байрлах 42.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг биелүүлээгүй нь талуудын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Ш хариуцагч Ш.Дтэй 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж 29,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатай хүүгүй, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээг байгуулжээ./хх-ийн 11 дүгээр тал/  

Хариуцагч Ш.Д5,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.”, энэ хуулийн 123.2-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.” гэж хуульчилсан.

Талуудын хооронд байгуулсан захиалгаар бариулсан орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнд шаардах эрхийг гуравдагч этгээдэд/М.Шд/ шилжүүлэх тухай дурдаагүй, Д.Моос М.Шд хуулийн дагуу олгосон итгэмжлэлийг олгоогүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ.”, 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч М.Шгаас хариуцагч нь гэрээний зүйлийг хүлээн аваагүй болох нь нотлогдож байна.

Иймд хариуцагч Б У ХХК, захирал Ш.Дгээс орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 24,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, нэхэмжлэгч М.Шгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 277,950 гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б У ХХК, захирал Ш.Днараас 24,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Шгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 122.2.-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 0-ны өдрийн 101/ШЗ2019/0дугаар бүхий шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНЧИМЭГ