Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/414

 

 

 

 

 

 

 

 

    2023          5            22                                     2023/ШЦТ/414

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа /томилолтоор/

шүүгдэгч Х.Х

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Геодези, усны барилга байгууламжийн газарт мэдээлэл технологийн хэлтсийн дарга ажилтай гэх, ам бүл 4; эхнэр, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

******** дугаарын регистртэй Х овогт Хын Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Х.Х 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вамоус” нэртэй лоунжны үүдэнд хохирогч Х.Мтэй “хажуугаар зөрөхдөө мөрлөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Х.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгож байгаа. Хохирогчийн хохиролд гэж 1.5 сая төгрөг өгсөн гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Хын Мийн “... бид нар гараад Гранд плазагийн урд байрлах Венум нэртэй лоунжид орох гээд явж байхад уг лоунжны гадаа шатны доор үл таних 4 залуу зогсож байсан бөгөөд бид 4 Венум лоунж руу орох гээд шатаар өгсөөд хаалгаар нь орох гээд явж байхад араас шатны доор зогсож байсан үл таних 4 залуугийн 30 орчим насны 160 см өндөртэй, 70 орчим кг жинтэй, шар царайтай, хар үстэй, бараан өнгийн куртиктэй, жинсэн өмд өмссөн залуу “хөөе гөлөгнүүд минь та нар намайг яриад байна уу, намайг ярьж инээгээд байна уу бацаанууд минь” гэж хэлэхээр нь би хамгийн ард явж байсан болохоор эргэж хараад “бид нар чамайг яриагүй хөгшөөн, бид нар хоорондоо ярьж байна, уучлаарай” гэж хэлэхэд “өө хөгшөөн гэнэ ээ, би хэзээ чиний хөгшин болсон юм гэж хэлээд араас шатаар өгсөж над руу ирж байх шиг байсан. Би энэ үед лоунж руу орох гээд 3 найзынхаа араас явж байхад намайг дуудаж эргээд харах үед тулж ирээд “чи муу хэн бэ” гэж хэлээд миний хамар руу духаараа 1 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би намайг дахиад цохиж магадгүй гэж бодоод 2 гарыг нь бариад авах үед дахин намайг духаараа миний хамар руу мөргөсөн. Тэгээд манай найзууд салгах гэж байх хооронд 3 дахь удаагаа миний хамар руу мөргөсөн” /хх-н 23-24/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д-ийн Бгийн “... лоунжны гадаа мөрлөлцөөд Х ахыг дүү нар зүгээр яваарай гэж хэлэхэд хар халимаг үстэй залуу нь би чиний дүү болчихсон уу гэж хэлээд муудалцаж Х духаараа халимаг хар үстэй, туранхай залууг 2 удаа мөргөсөн” /хх-н 31/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б-ийн З  “... бид нар лоунж руу орохоо болиод эргээд очиход манай найз Мийг заамдаж аваад “чи хэн юм бэ” гэж хэлээд нүүр рүү нь нэг удаа духаараа мөргөсөн. Тэгээд М мөргөсөн үл таних залуугийн 2 гарнаас нь бариад авах үед дахин нэг удаа нүүр рүү нь мөргөхөөр нь бид нар тэр хоёрыг салгах гээд дундуур нь орох үед миний урдуур түлхэж ороод дахин 3 дахь удаагаа мөргөсөн” /хх-н 33/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2582 дугаартай “Х.Мий биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-н 37-38/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х овогт Хын Хыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Энэ хэргийн улмаас хохирогч Х.Мд учирсан 1.115.940 төгрөгийн хохиролд шүүгдэгч Х.Х 1.500.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ шүүх ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч Х.Х цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Х.Х шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Х-ын Х-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Х торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Х цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

5. Шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Х-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ