Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/415

 

    2023         5             22                                       2023/ШЦТ/415                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч Б.Б

хохирогч Б.Ц

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ************ дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын “Вагон ашиглалтын депо”-гийн харьяа Улаанбаатар техник үйлчилгээний газарт вагон үзэгч, засварчин ажилтай, ам бүл 6; эцэг, эх, 3 дүүгийн хамт **** дүүргийн *** дугаар хороо, Алтайн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

************* дугаарын регистртэй М овогт Бгийн Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны *** дугаар сарын **-наас **-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны гадна хохирогч Б.Цийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд үүдэн зүүн дээд 1. 2, доод 1. 2 дугаар шүдний булгарал, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, уруулд няцарсан шарх гэмтэл бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэргийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгож байгаа. Хохирогчийн хохиролд гэж 2.5 сая төгрөг өгсөн. Цаашид ямар ч байсан хохирогчийг хохиролгүй болгоно. Хохирогч Ц ах бид хоёр “Бөхийн өргөө”-ний тэнд байдаг шүдний эмнэлэг рүү хамт очсон юм. Тэр эмнэлэгт нэг шүдийг нь 1.8 сая төгрөгөөр хийнэ гээд нийтдээ 8 сая орчим төгрөг болохоор байсан. Гэтэл энэ ах бараг 10-аад хоног чимээгүй болчихсон. Дараа нь хэрэг прокурор руу шилжиж байх үед танд 7 сая төгрөг өгье гэтэл “үгүй, 16 сая төгрөг авна” гэснээр энэ асуудал зогссон. Хохирлыг төлөхөд татгалзахгүй. Даруй өгье гэвэл миний эзэмшлийн машин л одоогоор надад байна гэв.

Хохирогч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б 2.5 сая төгрөг дансаар өгсөн. Би энэ 2.5 сая төгрөгнөөс гражийн түрээсийн төлбөрт 700.000 төгрөг өгсөн. Яагаад гэхээр би энэ залууд зодуулаад ажлаа хийж чадаагүй, надаас тэр хугацааны түрээсийн мөнгө нэхэгдсэн. Дараа нь шинээр граж түрээслэхээр болж гражийн хаяг, рекламд 1.1 сая төгрөгийг зарцуулчихсан. Одоо 700.000 төгрөг нь байгаа. Би граж түрээслэж дотор нь засварын үйл ажиллагаа явуулдаг юм. Манайх бас бага насны, тэрсхэн олон хүүхэдтэй учир амьдрал ахуйд мөнгө төгрөг болохгүй байна.  

“Бөхийн өргөө”-ний тийшээ очсон нь үнэн. Гэхдээ би гэрийнхээ ойролцоох эмнэлэгт шүдээ хийлгэмээр байна. Манай гэртэй ойролцоо шүдний эмнэлэгт 1 имплант шүдийг 3 сая төгрөгөөр хийнэ гэсэн. Тэгэхээр 4 шүд нийтдээ 12 сая төгрөг болох юм байна лээ. Мөн шүдний зураг авхуулахад 180.000 төгрөг ингээд 12.180.000 төгрөг нэхэмжилмээр байна. Баримт бол байхгүй гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Б-ын Ц-ийн “... 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найз С , Ш  Т  нар машинаа будуулаад “гоё болсон байна, баярлалаа” гээд 6 шил 0.5 грамм Касс нэртэй пиво авч ирэхээр нь граш дотроо хамт уусан. Гадаа Ш, Т бид гурав тамхи татаад зогсож байтал гурван залуу хажуугаар өнгөрөхдөө Т-тай 6 дугаар бичил хорооллын талаар ярилцаад эхэлсэн. Тэгтэл Т-ыг хоёр залуу нь бариад доош нь дарсан байсан, би “хүүе” гээд салгахын завдалгүй өндөр том биетэй, нүдний шилтэй залуу баруун гараараа миний уруул руу нэг удаа цохисон. Би доош тонгойгоод шүлсээ хаятал миний гурван шүд унаад ирсэн. Би караокед үлдээсэн гар утас руугаа гүйсэн чинь араас “ална аа” гээд хөөх шиг болохоор нь би караоке руу орж зугтаасан. Би гадуураа ногоон өнгийн, дотор тал нь улбар шар оруулгатай малгайтай цамц, десант шаргал өнгийн өмдтэй, хар өнгийн израйл гуталтай байсан. Намайг цохисон залуу урт хар өнгийн куртиктай, бүдүүн махлаг, нүдний шилтэй байсан. Тэд нар гурвуулаа байсан, намайг тэр нүдний шилтэй, том биетэй залуу нэг л удаа цохисон.

Тэр дороо миний 3 шүд унасан, харин нэг шүд хөдөлсөн, унах гээд өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж авхуулсан” /хх-ийн 23-24/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д-ын Бийн “... 2022 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө найз Б, Б, Г, Б нарын хамт Бичил хорооллын караокед орж суусан. Караокед орохоосоо өмнө Бийн саарал өнгийн, Приус 20 маркийн машинд “Бренди” нэртэй 0.75 грамм виски 1 шилийг уусан. Би хэсэг сууж байгаад унтаад өгсөн. Сэрээд харахад өрөөний хаалганы гадаа хүмүүс бужигнаад эхэлсэн ба Б, Б, Г гурав хүмүүстэй маргалдаж байсан. Би салгаад тэр гурвыг өрөөнд оруулах гэтэл Гийг нэг эмэгтэй нүүр рүү нь цохисон. Мөн Б, Б хоёрыг бас цохисон. Удалгүй караокены зөөгч болон тэр эмэгтэйн нөхөр нь ирээд аваад гарсан.

Би Быг гэрт нь оруулж өгөөд буцаад Си Юу дэлгүүр дээр очиход Б нэг залуутай маргалдсан байдалтай юм яриад зогсож байхаар нь би тэр залууг “чи одоо яв” гэж хэлээд явуулсан. Тэр залууг яв гэж хэлж байх хугацаанд Си Юу дэлгүүрийн үүдэнд Б ханцуйгаараа цэнхэр канттай саарал өнгийн цамцтай ахтай эвхрэлдээд шатнаас унаж байсан. Б надад ярихдаа түрүүн чиний хөөж явуулдаг залуу 2 ахтайгаа хамт явж байсан тэр залуу “бичилд надтай харьцах хүн байхгүй” гээд над руу орилоод маргалдаж эхэлсэн гэж ярьсан” /хх-ийн 26-27/ гэсэн мэдүүлэг,

гэрч Э-ын Ш “... 2022 оны 12 дугаар сарын 15-ны орой би грашдаа машин будаж дуустал машинаа будуулсан ах Ц, Т  бид гуравт пиво авч өгөөд, тэрийг нь ууж дуусгаад караоке орохоор гарсан. Ту-гийн ордог Бичил караокены наад талын караокед орсон, нэрийг нь сайн санахгүй байна. Гадаа юм яриад зогсож байтал Бичил караокены тэндээс гурван залуу өөдөөс чиглэсэн байдалтай алхаж байснаа хоорондоо “бичил хороолол” гээд яриад байсан.

Ц ах салгах гэтэл том биетэй, нүдний шилтэй залуу Ц ахын нүүр рүү нь цохисон. Т, Ц ах хоёр хоёр тийшээ зугтаагаад, би ганцаараа үлдсэн” /хх-ийн 29-30/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б-гийн Гийн “... Б, Б, Б, Б бид нар уулзаад 6 дугаар хороололд байдаг караокед сууж 15 шил, 0.5 грамм Сэнгүр нэртэй пиво ууж, дуулсан. Си Юу дэлгүүр, караоке хоёрын голд танихгүй 3 хүнтэй таарсан. Хажуугаар нь зөрөөд явтал “6 дугаар бичил хороололд ингэх болоогүй” гэж хэлээд зөрсөн. Б тэр 3 хүн рүү очиж маргалдах гээд байхаар нь би хориглоод хэрэггүй гэсэн. Б миний үгэнд оролгүй түрүүлээд явсан, араас нь Б бид хоёр явсан. Бид хоёрыг очиход Б тэр гурван хүний нэгэнтэй нь заамдалцаад зогсож байсан. Хоорондоо бид нар ноцолдож байхад тэр гурван хүний нэг нь газарт унасан, тэр хүн босож ирээд тэд нар зугтсан. Нэг нь Си Юу дэлгүүр руу орсон, нэг нь Си Юу дэлгүүрийн хажуу талын завсраар ороод төмрөөс тэвэрсэн зогсож байсан. Үлдсэн нэг хүнийг нь би санахгүй байна, хаашаа явсныг нь ч хараагүй. Б Си Юу дэлгүүрийн завсраар ороод төмрөөс барьсан хүн дээр үлдээд, Б бид хоёр Си Юу дэлгүүр орсон залуугийн хойноос ороод муудалцаж байхад хамгаалагч нь ирээд цагдаа дуудлаа гэхээр нь тэр залууг аваад гарахдаа чирсэн. Тэгтэл тэр залуу шатны уруу унаад босоод ирсэн. Б тэгэхэд амьсгаадсан, нөгөөх нь зугтаачихлаа, араас нь хөөгөөд гүйцсэнгүй гээд зогсож байсан” /хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 548 дугаартай “... Б.Цийн биед үүдэн зүүн дээд 1, 2, доод 1, 2 дугаар шүдний булгарал, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх 4 шүдний булгарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14/ зэрэг баримтууд авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч М овогт Б-гийн Бийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ц-д учирсан хохиролд шүүгдэгч Б.Б нь 2.500.000 төгрөг төлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Ц “... 12.180.000 төгрөг нэхэмжилнэ“ гэх боловч нотлох баримтаа шүүхэд өгөөгүй тул нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Харин түүний нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ шүүх ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий СD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. М овогт Б-гийн Б-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б хохирогч Б.Ц-д 2.500.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

хохирогч Б.Ц-ийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ