Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/423

 

     2023           5            23                                    2023/ШЦТ/423

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

шүүгдэгч П.Э, Т.Г, тэдгээрийн өмгөөлөгч Д.Амаржаргал

хохирогч М.А, Б.Ц нарын өмгөөлөгч Ж.Хандсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Б овогт Бын Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М овогт Пгийн Э, Б Тын Г нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрхан 14 дүгээр гудамж, ** тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, *** гудамж, ** дүгээр байр, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

********** регистрийн дугаартай Б овогт Бын Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 50 дугаар гудамж, 09 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байр, *** тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621  дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

*********** регистрийн дугаартай М овогт Пгийн Э

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, “****” ХХК-д

менежер ажилтай, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо,** дугаар гудамжны ** тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух,

ял шийтгэл: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон М нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

********* регистрийн дугаартай Б овогт Тын Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Б нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аврора” зочид буудлын 12 давхрын лоунжид “2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үл ялих зүйлээс болж хохирогч Б.Ц, М.А нартай маргалдан хохирогч М.Аийг зодож, түүний биед тархи доргилт, хоншоор ясны урд ирмэгт цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд 7 дугаар шүдний эмтрэл, доод уруулын баруун талын дотор салстад цус хуралт, баруун хацарт шарх бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

шүүгдэгч П.Э, Т.Г нар нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аврора” зочид буудлын 12 давхрын лоунжид “2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үл ялих зүйлээс болж хохирогч Б.Ц, М.А нартай маргалдан, улмаар бүлэглэн хохирогч Б.Цийг зодож, түүний биед хамар яс, таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, цээжинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

            Мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэхдээ ер нь бол хохирогч А анх бид нар дээр 2-3 удаа ирээд “бүжиглэ” гэж агсраад байсан. А дахин ирснээ архины шил аваад бид нар руу далайсан. Дундуур зөөгч орж ирээд салгах гэхэд зөөгчийг цохиод дараа нь Гийг гараараа цохисон. Тэгээд зодоон эхэлсэн. Хүн зодсон нь миний буруу. Хохирлын мөнгийг өгсөн гэв.

 

Шүүгдэгч П.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

            Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хохиролд гэж 300.000 төгрөг өгсөн байгаа гэв.

 

Шүүгдэгч Т.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

            Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргахгүй. Тэр өдөр бид дөрөв тухайн бааранд орж ирээд удаагүй байхад цаагуур хохирогч А эд нар нилээд согтсон байдалтай яваад байсан. Тэгээд бүжиглэх энэ тэр гэсэн яриа гараад бид нар Аийг та цаашаа бай гэтэл хэрүүл болж зодоон эхэлсэн. Нийлж хүн зодсон нь бид нарын буруу. Хохирогч Цийн хохиролд гэж Э бид хоёр тус бүр 300.000 төгрөгийг Бын дансаар дамжуулж өгсөн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ын Ц “... 2022 оны 8 дугаар сарын 13-ны орой ажил тараад байж байхад манай найз А ажил дээр ирсэн бөгөөд бид хоёр уулзаагүй удсан гээд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аврора” зочид буудлын 12 давхарт байх лоунж орсон. Тэндээ нэг шил 0,7 литрийн хэмжээтэй “Эден” архи болон хоол аваад тэрийгээ хэрэглэсэн юм. Бид нар 22 цагийн үед сууж байхад манай найз А босож яваад ширээний хажууд бүжиглээд зогсож байхад ойролцоо ширээнд сууж байсан дөрвөн залуу манай найз Ад хандаад “ах гайгүй бүжиглэдэг юм байна, бооцоо тавиад бүжиглэх үү” гэх зүйл хэлсэн бөгөөд манай найз тэр ширээн дээр очоод нөгөө залуустай юм яриад байгаа харагдсан. Би тухайн үед өөрийн гар утсаа ухаад сууж байсан. Энэ үед гэнэт тухайн залуус болон манай найз А нарын яриа чангараад ямар нэг маргаан болох гээд байгаа шинж анзаарагдсан бөгөөд би очоод салгах гэтэл тэр хэд бужигнаад явчихсан. Би найзаа авах гэтэл нэг хүнд нь цохиулаад хойш саваад унасан. Энэ үед нэг хоёр нь дайраад байсан. Харин намайг өөр нэг найз нь нааш, цааш нь татаад байсан бөгөөд мөн намайг цохиж миний хамар хугарсан. Тэр үед би арай гэж нөгөө залуусаас зугтааж цаана очоод өөрийн дугаараас 102-т залгаж цагдаа дуудсан” /хх-н 63-65/ гэж,

хохирогч М-ийн А “... 2022 оны 8 дугаар сарын 13-ны орой 19-20 цагийн орчимд би найз Цтай Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аврора” зочид буудлын 12 давхрын ресторан дотор хоол идэж архи уугаад сууж байсан. Тэгээд 21 цагийн үед гаръя гэж бодоод нэг ая явахаар нь би бүжиглэсэн чинь цаанаас дөрвөн залуу ороод ирсэн. Тэдгээр залуусын нэг нь намайг “ах бүжиглэдэг юм байна шүү дээ” гэхээр нь би “тийн шүү дээ, та нар босоод бүжиглэхгүй юм уу” гэтэл “ахтай бүжиглээд яах вэ дээ, бид нар бооцоотой бүжиглэдэг шүү дээ” гэхээр нь би “ахад нь тийм зүйл байхгүй ээ” гэсэн. Тухайн үед тэр дөрвийн сууж байсан ширээн дээр дөхчихсөн байсан. Тэгээд би “та нартай юу ч ярих вэ дээ надад мөнгө төгрөг байх ч биш” гэтэл нэг нүдний шилтэй залуу гараараа миний толгойн зүүн талд цохиж унагаад дээрээс зодчихсон. Нэг сэртэл нил цус болчихсон манай найз Ц ирчихсэн байсан” /хх-н 70/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч М.Аийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн М.Аийн биед тархи доргилт, хоншоор ясны урд ирмэгт цөмөрсөн хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд 7-р шүдний эмтрэл, доод уруулын баруун талын дотор салстад цус хуралт, баруун хацарт /сорви/ шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Хоншоор ясны урд ирмэгт цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарнагэсэн 11396 тоот дүгнэлт /хх-н 79-80/,

 

хохирогч Б.Цийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Цийн биед хамар яс, таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 3-5 хоногийн доторх хугацаанд үүссэн байна” гэсэн 11406 тоот дүгнэлт /хх-н 55-56/,

 

Хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 43-48/, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-н 42/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Бын Быг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч М овогт Пгийн Э, Б овогт Тын Г нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 164/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 99/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 100/,

шүүгдэгч П.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 165/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 118/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 119/, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 125-133/,

шүүгдэгч Т.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 166/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 148/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 149/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 168-174/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ уг гэмт хэрэг үйлдэгдэхэд “хохирогчийн зүй бус үйлдэл” нөлөөлснийг харгалзан үзэв.

Тухайлбал, шүүгдэгч Б.Б хохирогч М.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, шүүгдэгч П.Э, Т.Г нар бүлэглэж хохирогч Б.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж буй үйлдлүүд нь хэдийгээр санаатай үйлдэл боловч гэмт хэрэг гарах нөхцөлийг хохирогч М.А анх бий болгожээ.

Дээрх нөхцөл байдлын талаар гэрч Ш-ийн Б “... бид нар тэнд үйлчлүүлж байхад бараг хүнгүй байсан бөгөөд хажууханд нэг ширээн дээр хоёр 40 орчим насны хүн байсан бөгөөд хүмүүс гараад дуусч байсан. Энэ үед бид нар хоорондоо юм яриад сууж байтал нөгөө хоёр эрэгтэйн нэг намхан махлаг эрэгтэй манай ширээн дээр ирээд дүү нар залуу хүмүүс байж жаахан бүжиглээч гэх зүйл хэлсэн. Тэгэхээр нь бид нараас Г гэх найз маань энэ чинь пап шүү дээ, бүжиглэдэг газар биш гэж хэлэхэд цаашаа яваад өгсөн. Тэгээд бид нар юм яриад сууж байтал 20 орчим минутын дараа бид нар дээр ирээд байсан хүн дахин ирсэн. Тэгээд дахин бид нарт хандаад дүү нар ямар уйтгартай суудаг юм бэ, бүжиглэ гэхээр нь бид нар нөгөө хүнд хандаад энэ газар бүжиглэдэг газар биш шүү дээ ах та цаашаа яв, бид нар найз нараараа сууж байна гэж хэлтэл нөгөө эрэгтэй та нараас хэн нь сайн бүжиглэдэг вэ? 1.000.000 төгрөг бооцоонд тавиад бүжиглэе гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар түүнд хандаад юу яриад байгаа юм, бид нар найз нараараа ярих юм байгаа болоод энд байж байна, та цаашаа яв гэж хэлсэн чинь цаанаас нь хамт явж байсан гэх ах ирснээ тэгвэл 5.000.000 төгрөг тавиад зодолдвол яаж байна гээд хүрээд ирсэн. Тэр үед би тэр хүнд хандаж юу яриад байгаа юм, зүгээр цаашаа яв, юун бүжиг, юун зодоон яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь сүүлд ирсэн эрэгтэй манай найз Быг чи ер нь яах гээд байгаа юм гэх зүйл хэлээд Б руу дайрахаар нь бид нар дундуур нь орсон.

Энэ үед эхлээд бид нартай маргаан хийх гээд байсан эрэгтэй нь Гийг цохих гэсэн боловч дундуур орж маргаан салгах гэж байсан зөөгч эрэгтэйг хальт цохисон. Тэгээд ахин мангасдаад Гийн нүдний шилийг унагаасан. Тэгээд над руу дайрахаар нь би хариу нэг хоёр удаа гараараа цохиод харилцан юм болсон. Тэгээд манай найз маргааныг намжаах гээд ахин салгах гэтэл нөгөө хоёр ээлжлээд дайраад байсан бөгөөд бид нар харилцан цохилцоод би Быг анх маргаан хийгээд байсан эрэгтэйгээс салгаад байж байтал цаад буланд Э, Г хоёр сүүлд ирж маргаан хийсэн ахтай ноцолдож байгаад унагааж байгаа байсан бөгөөд энэ үед Г буцаж ирээд анх маргаан үүсгээд байсан эрэгтэйг тонгойгоод байж байхад нь нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед хамт байсан залуу нь гараад явсан байсан. Тэгээд бид нар ч салсан. Уг лоунжны хамгаалагч нь ч ирсэн бөгөөд харин анх ширээн дээр ирж маргаан хийгээд байсан эрэгтэй дахин ирээд бид нарыг өдөөд байсан. Тэгээд бид нар та яваач ээ гэж хэлээд гадаа гараад ирсэн чинь цагдаа нар хүрээд ирсэн.

Миний доод уруул бага зэрэг дотор талдаа хэгзэрсэн байсан. Гэхдээ надад энэ талаар ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй. Ах нар өөрсдөө хүн өдөж байж бид нартай маргаан хийсэн бөгөөд одоо ийм зүйл хэлээд байгаад гайхаж, гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлэхгүй” /хх-н 16-18/ гэж мэдүүлсэн байна.

 

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын төрлөөс (үүнд: торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах) торгох ялыг сонгож, уг торгох ялын хэмжээг улсын яллагчаас шүүхэд гаргасан “... 1.300.000 төгрөгөөр торгох тухай ...” саналын хүрээнд,

шүүгдэгч П.Э, Т.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын төрлөөс (үүнд: торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах) торгох ялыг тэдгээрт сонгож, уг торгох ялын хэмжээг мөн улсын яллагчаас шүүхэд гаргасан “... тус бүрийг 700.000 төгрөгөөр торгох тухай ...” саналын хүрээнд оногдуулахаар тогтов.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, улсын яллагчаас шүүхэд санал оруулж буй торгох ял, уг торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрч байна гэцгээв.

 

Шүүгдэгч Т.Гийн хувьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон М нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүхээс тогтоожээ. /хх-н 168-174/

 

Ялтан Т.Г нь 7.000.000 төгрөгийн торгох ялаас 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 950.000 төгрөгийг төлж, 6.050.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тухай 4/10279 тоот албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст хүргүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Гийн хувьд өөр гэмт хэргийн улмаас шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу торгох ялын 6.050.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Гэвч шүүх энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь мөн торгох ял оногдуулах болсон шалтгаан нь нэг цаг хугацаанд, нэг гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдэд ялыг ялгамжтай, эсхүл өөр төрлийн ял оногдуулах нь зохимжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Гэд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн, оногдуулсан нийт 6.750.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг,

шүүгдэгч П.Э 2010 онд шүүхээр ял шийтгүүлж байсан /хх-н 125-133/ байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад “... хохирогч М.Аийг баримтаар 1.278.300 төгрөг, хохирогч Б.Цийг 553.000 төгрөг тус тус нэхэмжилсэн” гэжээ.

 

Шүүгдэгч нарт гэрээний дагуу хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Л.Золзаяа нь ХААН банк дахь өөрийн данснаас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогч М.Аийн 501525**** дугаартай данс руу 1.100.000 төгрөг шилжүүлсэн байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Аийн хохирлыг барагдуулах зорилгоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн сан банк” **** дугаартай дансанд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 350.000 төгрөг тус тус байршуулжээ.

Дээрх баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Б хохирогч М.Ад нийт 1.600.000 төгрөг төлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч П.Э, Т.Г нар нь хохирогч Б.Цийн хохирлыг барагдуулах зорилгоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн сан банк” 100900005407 дугаартай дансанд “ноён Б Б” гэсэн нэрээр 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 600.000 төгрөг мөн байршуулсан байх тул тэдгээрийг хохирогч Б.Цид төлбөл зохих нийт 553.000 төгрөгийг тус бүр 300.000 төгрөгөөр хувааж төлсөн гэж үзэхээр байна.

 

Харин нэр бүхий шүүгдэгч нараас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн сан банк” 100900005407 дугаартай дансанд байршуулсан 150.000 төгрөг, 350.000 төгрөг, 600.000 төгрөг /нийтдээ 1.100.000 төгрөг/-ийг уг данснаас гаргуулж:

хохирогч М.Ад 500.000 төгрөг, хохирогч Б.Цид 600.000 төгрөг тус тус олгохыг тухайн шүүхийн Тамгын газарт үүрэг болгож байна.

 

Шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хохирогч М.А, Б.Ц нар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд тэдгээрийн өмнөөс оролцсон өмгөөлөгч Ж.Хандсүрэн “... хохирогч нар хохиролтой холбоотой нэхэмжлэлийн баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй байгаа, ... тэдгээрийн цаашид нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт гаргав.

 

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий СD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ын Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

М овогт П-гийн Э, Б овогт Т-ын Г нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан 1.300.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч П.Э шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Гэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ял дээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7.000.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 6.050.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний эдлэх торгох ялыг 6.750.000 /зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Т.Гэд оногдуулсан 6.750.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Т.Г оногдуулсан 6.750.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Б хохирогч М.А-д 1.100.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

шүүгдэгч Б.Б-ын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн сан банк” 100900005407 дугаартай дансанд байршуулсан 500.000 төгрөгийг уг данснаас гаргуулж, хохирогч М.Ад олгохыг,

шүүгдэгч П.Э, Т.Г нарын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн сан банк” 100900005407 дугаартай дансанд “ноён Б Б” гэсэн нэрээр байршуулсан 600.000 төгрөгийг уг данснаас гаргуулж, хохирогч Б.Ц-д олгохыг тухайн шүүхийн Тамгын газарт үүрэг болгосугай.

 

8. Хохирогч М.А, Б.Ц нарын энэ хэрэгтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч Б.Б, П.Э, Т.Г нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

10. Шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий СD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргасугай.

 

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б, П.Э, Т.Г нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ