Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2019/03132

 

 

 

 

2019 оны 11 сарын 12 өдөр         Дугаар 101/ШШ2019/03132           Улаанбаатар хот

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Т ******* СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  дүгээр давхар оршин байрлах “С” ХХК/РД: /-д холбогдох

Дотор шатны хонгил чөлөөлүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ичинхорлоо, хариуцагчийн төлөөлөгч Б.Нармандах , нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, төлөөлөгч шүүх хуралдаанд  гаргасан нэхэмжлэлдээ: ““Н” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн “Н******* *******” 0давхар оффисын барилгын хажууд 2010 онд ******* айлын орон сууц байр буюу ******* байрыг барьж ашиглалтад оруулсан. 2012 оны 1 сард тус байрны оршин суугчид “Т *******” СӨХ байгуулсан. ““Н” ХХК нь тухайн үед домофон цоожгүй,16 давхар байранд галын дохиололгүй, аваарын шатгүй, агааржуулалт ажилладаггүй, авто зогсоолууд стандарт бус зогсоол, СӨХ ажиллах ажлын байр, агуулахгүйгээр манай “Т *******” СӨХ-д хүлээлгэж өгсөн. ““Н” ХХК-ийн охин компани болох “С” ХХК нь тус ******* байрны 1  давхрыг эзэмшиж бусдад түрээслүүлдэг бөгөөд тус компани нь өөрийн нэр дээр дур мэдэн орон сууцны байшингийн дундын өмчлөл болох цахилгааны шитний өрөөг хууль бусаар 3 хонгилыг агуулах өрөөг гаргаж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан.

Тус барилгын дотор 1 давхраас 2 давхар луу өгсөх, явган хүн явах шатны доорх зай талбайг цаад талаас нь дур мэдэн битүүлсэн, ******* дүгээр барилгын гадна тал, өгсөх шатны доорх дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 3 тусдаа харанхуй өрөөг өөрийн болгож гэрчилгээ гаргуулсан зэрэг хууль бус үйлдэл гаргасан байна.Энэ нь сууц өмчлөгчдийн холбооны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-ийг зөрчиж байна. Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд дараах эд хөрөнгө хамаарахаар заасан байна.

Орон сууцны байшингийн гадна хана, гаазын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон 1 дүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны халаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шатны +0.00 тэмдгээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, эдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэжээ.

 Дээрх хуулийн дагуу: “С” ХХК-ийн дээрх өмчлөлийн эрхийн гэрчилгээ гаргуулсан эд хөрөнгө нь орон суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарч байна.Иймд: ******* дүгээр барилгын гадна талд өгсөх шатны доорх дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 3 тусдаа харанхуй өрөөний өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, “Т *******” СӨХ-ийн мэдэлд шилжүүлж, барилгын дотор 1 давхарт байрлах явган хүний шатны доорх хонгилыг “С” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд, төлөөлөгч Б.Нармандах шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т *******” СӨХ”-ны зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компанийн өмчлөлд нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 6\1 байранд 3 тусдаа харанхуй өрөө байхгүй болно. Шаардлагатай гэж үзвэл эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас хүсэлт гаргаж лавлагаа авна уу. Манай компанид хүчингүй болгох өмчлөх эрхийн гэрчилгээтэй 3 харанхуй өрөө байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ******* СӨХ нь “С” ХХК-д холбогдуулж шатны доод хонгил чөлөөлүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч манай компанийн нэр дээр СӨХ-тийн өмчлөлтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй, шатны хонгил анх барилга баригдсан хэвээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар “С” ХХК-ийг татжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.” гэж заажээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан шатны хонгил, байрны доод хонгилын 2 өрөө зэрэг нь С******* ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн нь баримтаар тогтоогдохгүй байна./хх-ийн 35 дугаар тал/

Орон сууц холбооны нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцын цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө;” гэж заажээ.

Н*******-ХХК-ийн барилгын өргөтгөл, ******* айлын орон сууц барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын акт, барилгын зураглал зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орон сууц холбооны нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-д заасныг баримтлан Т ******* СӨХ/РД /-ны нэхэмжлэлтэй “С” ХХК /РД:/-д холбогдох дотор шатны хонгил чөлөөлүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ