Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/426

 

 

   2023          5             24                                     2023/ШЦТ/426         

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Ц.Сайнзаяа

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Солонго

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, 2 дугаар баг, Баян ** дугаар гудамж, **тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 2; эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*********** дугаарын регистртэй, Б овогт Бын М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.М цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас өмсөж, өөрийгөө “Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан улмаар

хохирогч Б.Бгаас “мөнгө өгч залилуулсан хүнийг чинь олж өгнө, хамт ажиллаж байгаа цагдаа нартаа мөнгө өгөх хэрэгтэй байна” гэж 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байранд байхад нь өөрийн ХААН банкны 543127**** дугаарын дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч А.Мгаас “Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт ажилд оруулж өгнө” гэж 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байранд байхад нь Худалдаа Хөгжлийн банкны 42301*** дугаарын дансаар 1.500.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч Ш.Баас “жолооны эрх сэргээнэ” гэж 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын 47 дугаар байрны 72 тоотод байхад нь ХААН банкны 5890449181 дугаарын дансаар 1.800.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч А.Бгээс 2022 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд фейсбүүк цахим хуудсаар дамжуулан жолооны ангилал дарж өгнө гэж Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь 505018****, **** тоот данснууд ашиглан нийт 800.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч Б.Баас Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 32 дугаар байрны гадна талд “жолооны Д ангилал шалгалтгүйгээр 14 хоногийн дотор гаргаж егнө” гэж 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 450.000 төгрөг, 1 дүгээр сарын 16-ны өдөр 200.000 төгрөг буюу нийт 650.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 543127*** дугаартай данс руу шилжүүлэн авсан буюу “Залилах” гэмт хэрэгт,

 

мөн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин хотхон” автомашины зогсоол дээр **** УБА улсын дугаартай, “Верна Аксент” маркийн тээврийн хэрэгсэл дотор ХААН банкны ***** дугаарын дансыг ашиглан “Мөөгий Б” нэртэй фейсбүүк цахим хаягаар орж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техас покер” /Texas Poker/ гэх мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна, маргахгүй. Цагдаагийн дүрэмт хувцас өмсөж залилан хийх болсон нь манай найз эмэгтэй намайг тоохгүй байхаар нь өөрийгөө цагдаад ажилладаг гээд хэлчихсэн юм. Тэгээд сүүлдээ бүр учраа олохоо больсон. Цагдаа хувцсыг би хороололд караоке ажиллуулдаг байхдаа Д  гэдэг танил ахаасаа авсан.

Хохирлын үлдэгдэл 4.050.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би хоригдохгүй тохиолдолд зөв байж, ажил хийгээд хохирлоо төлж барагдуулах болно гэв.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг “Залилах”, “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэж яллажээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад “Залилах” гэмт хэргийн

хохирогч Б.Бгаас “мөнгө өгч залилуулсан хүнийг чинь олж өгнө, хамт ажиллаж байгаа цагдаа нартаа мөнгө өгөх хэрэгтэй байна” гэж 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байранд байхад нь өөрийн ХААН банкны ******* дугаарын дансаар 1.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийн тухайд:

хохирогч Б-ийн Б-гийн “... 2022 оны 9 дүгээр сард найз Бгийн хамтран амьдарч байсан найз залуу М нь өөрийгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэст мөрдөн байцаагч гэж надтай танилцаж байсан. 11 дүгээр сарын эхээр би Дорнод аймгаас ноос, ноолуур таньдаг хүндээ захиалаад залилуулсан, тэр хүнээ олуулах санаатай 11 сарын 10-ны өдөр Мтай утсаар яриад учир байдлаа хэлсэн. Тэгэхэд М асуудалгүй олоод өгнө гэж хэлсэн. Хэд хоногийн дараа над руу залгаад хамт ажиллаж байгаа цагдаа нартаа мөнгө өгөх хэрэгтэй байна, 2.500.000 төгрөг яг одоо явуул гэж хэлсэн. Би тийм их мөнгө өгч чадахгүй, 1.000.000 төгрөг бол өгч болно гэсэн. М над руу өөрийн ХААН банкны данс болох 543127**** дугаартай дансыг өгсөн. Би тэр данс руу нь өөрийн ХААН банкны 589044**** дугаарын данснаас интернэтээр шилжүүлсэн. Гэтэл тэр өдрөөс хойш ор сураггүй алга болсон. М намайг машинтай очиж гэрээс авахад цагдаа хувцастай байсан” /1-р хх-ийн 21-22/ гэсэн,

гэрч Э-ын Бгийн “... М бид хоёр 3 cap хамт амьдарсан. Өөрөө ярихдаа цэрэгт явж ирээд, караоке ажиллуулж байгаад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажилд орсон, тэрний дараа Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжсэн гэж байсан. М цагдаагийн дүрэмт хувцас өмсдөг, энгэрийн нэр байхгүй, мөрдөс бол байдаг. Анх танилцаж байхад цагдаагийн хоёр зураастай байсан. Сүүлд цол нэмсэн гээд дөрвөн таван хошуутай мөрдөс зүүсэн байсан.

2022 оны 10 дугаар сарын сүүлчээр санагдаж байна, манай найз Б надад хэлэхдээ “би хүнд мөнгөө залилуулсан, тэр хүнийг олох хэрэгтэй байна, танай найз залуу цагдаад ажилладаг гэсэн, олоод өгч чадах болов уу” гэж асуусан. Сүүлд Бтай уулзаад Мыг цагдаа биш гэж хэлэхэд найз нь нөгөө хүнээ олуулах гээд 1.000.000 төгрөг өгсөн байгаа гэж хэлсэн” /1-р хх-ийн 29-30, 32-34/ гэсэн мэдүүлгүүд,

иргэн Б.Бгаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 6/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-12/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 16/, Б.Бгийн ХААН банкны ***** дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 40/, Б.Мын эзэмшлийн ХААН банкны ***** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 150-175/ зэрэг баримтуудаар,

 

хохирогч А.Мгаас “Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт ажилд оруулж өгнө гэж 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөг дансаар шилжүүлэн авсан” үйлдлийн тухайд:

хохирогч А-ийн М-гийн “... би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нагац эгч Бтай хамтран амьдардаг М гэдэг хүнтэй анх Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар байранд танилцаж байсан. Тэр үед М ах Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст цагдаа хийдэг гэж байсан. Би тэгэхээр нь их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, цагдаа болох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэгсэн чинь “ах нь чамайг өөрийнхөө ажилладаг Баянзүрхийн цагдаагийн газарт ажилд оруулж өгнө, 2.500.000 төгрөг болох байх, эхний удаа бичиг баримт болон 1.500.000 төгрөг өгөөрэй, ажилд орсны дараа үлдэгдэл 1.000.000 төгрөгийг өгөөрэй” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд маргааш нь аав Алтансүхийн ХААН банкны дансаар М гэж хүний явуулсан данс руу 1.500.000 төгрөгийг эгч Б-гийн гэрт байхдаа шилжүүлсэн. Тэгээд намайг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өг гэж хэлж өгүүлсэн. 2022 оны 10 дугаар сард юу болж байгаа талаар асуухад “арай болоогүй байгаа, гэхдээ цол болон тушаал гарсан байгаа, би өөрөө тушаал дэвшиж байгаа. Улс тунхагласны баяраар нэг мөсөн цол чинь олгогдож ажилдаа ороорой” гэсэн. 2022 оны 11 дүгээр сард ахиж асууж лавлахад утсаа авахгүй миний фейсбүүкийг блок хийсэн байсан. Тэгээд асууж сураглаад байсан чинь манай эгч Бг зодсон гэсэн яриа гарсан байсан. Би гомдолтой байна, хохирлоо барагдуулмаар байна” /1-p хх-ийн 93-94/ гэсэн мэдүүлэг,

иргэн А.Мгаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 88/, А.Мгийн 1.500.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /1-р хх- ийн 96/ зэрэг баримтуудаар,

 

хохирогч Ш.Баас “жолооны эрх сэргээнэ” гэж 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1.800.000 төгрөг дансаар шилжүүлэн авсан үйлдлийн тухайд:

хохирогч Ш-ийн Бийн “... би 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдан жолооны эрхээ хасуулсан. Тэгээд найз Бтай 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр уулзаад “би жолооны эрхээ хасуулсан одоо яах вэ” гэж асуусан. Тэгсэн чинь Б “манай дүү Бгийн найз залуу нь цагдаад ажилладаг гэсэн тэрэнтэй нэг холбогдоод үзээрэй” гэж хэлсэн. Тэгээд би дүү Бгаас дугаарыг нь аваад М гэдэг хүнтэй өөрөө ярьсан. Тэгсэн тэр хүн “би Баянзүрх дүүргийн цагдаад ажилладаг, таны наад асуудлыг чинь шийдэж болно, харин та мөнгөө эртхэн өгвөл зүгээр шүү, би өөрөө бас давхар давхар хүн гуйж мөнгө өгөх ёстой” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “хэдэн төгрөг болох уу, хэр хугацаанд бэлэн болох вэ” гэж асуусан. М “45 хоноод гарна 1.800.000 төгрөг болно, та мөнгөө манай эхнэрийн данс руу яг одоо хийчих” гэхээр нь би Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 47 дугаар байрны 72 тоот хадам ээжийнхээ гэрт байхдаа ХААН банкны **** дугаартай данс руу өөрийн ХАС банкны ***** дугаартай дансаар 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө авсан тэр өдрөөс хойш холбоо барихгүй таг чиг алга болсон. Гомдолтой байна, залилуулсан мөнгөө авмаар байна” /1-р хх-ийн 117-118/ гэсэн,

гэрч Э-ын Бгийн “... манай ахын найз Т   гэдэг хүн миний хамтран амьдарч байсан М гэдэг хүнийг цагдаа гэж бодоод манай ахаар дамжуулж жолооны хасагдсан эрхээ сэргээлгэх гэж Ш Б гэсэн утгатай ***** дугаарын данснаас миний ХААН банкны ***** дугаарын данс руу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед М нь банкны картгүй байсан болохоор миний картыг ашиглаж байгаад аваад алга болсон. Би хууль эрх зүйн мэдлэггүй болохоор хасагдсан жолооны эрх сэргээж болдог юм байх гэж тухайн үед бодсон” /1-р хх-ийн 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

иргэн Ш.Баас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 112/, Ш.Бийн 1.800.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт буюу Э.Бгийн ХААН банкны ***** дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 36/ зэрэг баримтуудаар,

 

хохирогч А.Бгээс 2022 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд фейсбүүк цахим хуудсаар дамжуулан жолооны ангилал дарж өгнө гэж нийт 800.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлийн тухайд:

хохирогч А-ын Бгийн “... 2022 оны 10 дугаар сарын 09-ний орой гэртээ фейсбүүк ухаад байж байтал ангилал дарна гэсэн зар байхаар нь ороод хартал доор нь миний мөнгө өгдөг залуу болох “**** хаягтай хүн тухайн постын доор “байна” гээд мэдээлэл оруулчихсан байхаар нь би тухайн хүн рүү чат явуулаад “ангилал дарах юм уу” гэхэд “дарна” гэхээр нь утсыг нь аваад шууд залгаад ярьсан. Тэгтэл тухайн залуу “Баянгол дүүрэг дээр хүрээд ир” гэхээр нь орой 23 цагийн орчим Төмөр замын дээд сургуулийн хажууд буюу Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн орчимд уулзахад тухайн эрэгтэй нь цагдаа хувцастай хаанаас ч юм гарч ирээд “манай ажил тэнд байдаг” гэж хэлээд “ангилал дарна, нэг cap болно. 1 сая төгрөг” гэхээр нь би зөвшөөрч тэндээ эхлээд 200.000 төгрөгийг өөрийнхөө данснаас тухайн эрэгтэйн хэлсэн данс руу шилжүүлсэн. Ингээд маргааш нь болоход тухайн эрэгтэй залгаад уулзъя гээд “Хилчин” хотхоны хавьд уулзахад нөгөө залуу “би чам руу нэг данс явуулна тэр данс руу үлдэгдэл мөнгөө хийгээрэй” гэхээр нь гэрийнхээ үүдэнд ирж байгаад тухайн эрэгтэйн явуулсан данс руу 600.000 төгрөгийг хийгээд үлдэгдэл 200.000 төгрөгийг ангиллаа даруулсныхаа дараа өгөхөөр болсон. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш утсаа авахгүй миний утсыг блоклоод алга болсон” /1-р хх-ийн 222/ гэсэн мэдүүлэг,

иргэн А.Б-гээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 198/, А.Б-гийн ХААН банкны ***** дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 202-204/ зэрэг баримтуудаар,

 

хохирогч Б.Баас “жолооны Д ангилал шалгалтгүйгээр 14 хоногийн дотор гаргаж өгнө” гэж 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 450.000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 200.000 төгрөг буюу нийт 650.000 төгрөгийг ХААН банкны 5**** дугаартай дансаар шилжүүлэн авсан үйлдлийн тухайд:

хохирогч Б-ын Бы “... би 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүк ухаад сууж байгаад жолооны үнэмлэхийн Д ангилал яаралтай даруулна гээд пост оруулсан. Постон доор “Bazaa Bazaa Bazaa гэх фейсбүүкийн хаягаас чат гэсэн байхаар нь хаяг руу нь харьцаж байгаад дүрсээ харж яриад “хэдээр гаргах вэ” гэсэн чинь “450.000 төгрөг” гэсэн. Уг хүнтэй уулзахаар болоод М гэх залуу хорооллын эцсийн урд талын Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 32 дугаар байрны гадаа ир гэсэн. Очиход М нь 4 таван хошуутай цагдаагийн хувцастай гарч ирээд “14 хоногийн дотор шалгалт гэхгүйгээр шууд гаргана” гэж хэлээд мөнгөө шилжүүл гээд би өөрийн данснаас Мын данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа би М руу утасдаад “манай эхнэр жолооны шалгалтдаа унаад байна, чи үнэмлэх гаргуулж чадах уу” гэхэд чадна гээд 200.000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш холбоо барихаар асуудалгүй ээ, гарч байгаа байх гэж байгаад фейсбүүкээ блоклоод утсаа ч авахаа байгаад алга болсон” /2-p хх-ийн 37-38/ гэсэн мэдүүлэг,

иргэн Б.Баас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-ийн 26/, Б.Бы ХААН банкны **** дугаартай дансны хуулга, “B***** гэх фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан зурвасууд /2-р хх-ийн 28-32/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.М “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн байхаас гадна уг гэмт хэргийг үйлдэхдээ цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас, цагдаагийн хувийн дугаар зэргийг ашигласан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд хамаарна.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн ажилтны нэр барьж, цагдаагийн дүрэмт хувцсыг ашиглаж “залилах” гэмт хэрэг үйлдэж байгаа шүүгдэгч Б.Мын үйлдэлд энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг оршино.

Шүүгдэгч Б.Мын гэм буруутай дээрх үйлдэл нь:

гэрч Г-ын Тын “... би анх М гэдэг хүнтэй 2020 оны 4 дүгээр сард танилцаж байсан. Тухайн үед М нь 6 дугаар Бичил хороололд караоке ажиллуулдаг байсан. Мэнд устай явж байгаад 2022 оны 10 дугаар сард М манай гэрт цагдаа хувцастай ирээд надад “би шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд жижүүрийн цагдаагаар ажилд орсон, өвлийн жагсаалын үзлэг болох гээд байна, өвлийн үстэй малгай илүү байгаа юу” гэж гуйхаар нь би илүү байсан нэг малгайгаа өгсөн. Өөр дүрэмт хувцас би огт өгөөгүй. 2018 оны 9 дүгээр сард би цагдаагаас нэг жилийн хугацаатай гарсан, тэгэхдээ хэрэглэж байсан дүрэмт хувцсаа тушааж, хангалт үйлчилгээний газартай тооцоо нийлсэн. Шинэ хангалтын дүрэмт хувцас надад бүгд бүрэн байгаа. М гэдэг хүн өмнө нь цагдаа болно гэж байнга ярьдаг байсан. Тухайн үед манай гэрт цагдаа хувцастай ирэхээр нь би итгэсэн. Ийм үйлдэл гаргаж байсныг би мэдээгүй” /1-р хх-ийн 43-44/ гэсэн мэдүүлэг,

гэрч Б-гийн М-ийн “... би 2021 оны 5 дугаар сард Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд элсэн суралцаж, 2021 оны 7 дугаар сард төгсөөд, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн эргүүлийн цагдаагаар томилогдож анх ажилд орсон ба 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаагаар шилжин томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Би Ба овогтой М гэх хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа байхгүй, уулзаж байгаагүй. Би цагдаагийн байгууллагаас тавьж олгосон дүрэмт хувцаснууд болон энгэрийн хувийн дугаар, нэрийг хаяг гээгдүүлж байсан зүйл огт байхгүй. Эргүүлийн цагдаагаар томилогдоход уг 33140 дугаартай хувийн дугаарыг олгож, үнэмлэх, житон олгож байсан. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна” /1-p хх-ийн 49-50/ гэсэн мэдүүлэг,

Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/10687 дугаартай гомдол шалгуулах тухай албан бичиг /1-р хх-ийн 8-9/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-12/, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах хэлтсийн Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Гандуулгын илтгэх хуудас /1-р хх-ийн 15/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байгаа болно.

 

Шүүгдэгч Б.Мын үйлдсэн “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн тухайд:

Прокуророос түүнийг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд фейсбүүк цахим хаягаар ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Техас покер” /Texas Poker/ гэх мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан байх бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь

гэрч Б-ын Т-ийн “... 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын сүүлч хүртэл Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамж, *** тоот гэртээ фейсбүүк ухаад байж байтал “шууд лайв грүппүүд рүү шэйр хийгээд 5к-р 5 тоглоод гараа бүрдээ мөнгө хожоорой, ёндоогоо үзээрэй” гэсэн утгатай юм яваад байхаар нь би 9-10 удаа цахим покер мөрийтэй тоглоомыг тоглосон. Тухайн үед короновирусын улмаас хөл хорио тогтоосон байсан учраас зав зай ихтэй байсан болохоор тоглосон. Би тоглох үедээ өөрийн эзэмшлийн ****** тоот данснаас *** данс руу 10.000 төгрөг шилжүүлж тоглосон. “Мөөгий Б” гэсэн фейсбүүк цахим хаягийн лайв дээр нь 9-10 удаа тоглосон. Би тоглох үедээ мөнгө хожоогүй. Би *****тоот ХААН банкны данс руу мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 9-10 удаа нийт 90.000-100.000 төгрөг шилжүүлж тоглосон” /2-р хх-ийн 99-100/ гэсэн мэдүүлгээр,

гэрч С-ын Б-гийн “... 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 49 дүгээр гудамж, ** тоот гэртээ фейсбүүк ухаад байж байтал “шууд лайв грүппүүд рүү шэйр хийгээд 5к-р 5 тоглоод гараа бүрдээ мөнгө хожоорой ёндоогоо үзээрэй” гэсэн утгатай юм яваад байхаар би 3-4 удаа цахим покер мөрийтэй тоглоом тоглосон. Би дээрх фейсбүүк хаяг болон данс эзэмшигч Б.М гэх хүнийг танихгүй, урьд өмнө уулзаж байгаагүй, ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би ***** тоот ХААН банкны данс руу мөрийтэй тоглоом тоглох зорилгоор 3-4 удаа нийт 30.000-40.000 төгрөг шилжүүлж тоглосон” /2-р хх-ийн 103-104/ гэсэн мэдүүлгээр,

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийн мэдээлэл /2-р хх-ийн 59/, ХААН банкны Ба М эзэмшигчтэй ***** дугаартай дансны 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 111-128, 129-131/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Бын Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулах үндэслэлтэй.

 

Прокуророос шүүгдэгч Б.Мын үйлдсэн “залилах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мад ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлан хорих ял оногдуулах нь зүйтэй.

 

Харин шүүх шүүгдэгч Б.Мын гэм буруугийн талаар маргаагүй байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоос тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгүүд дэх хорих ялуудаас хорих ялын хугацааг нь багаар тогтоов.

 

Шүүгдэгч Б.Мын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 236/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /1-р хх-н 231-233/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 223/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 147-152/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Б.М Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 934 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба уг ялын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн Цагдаагийн газарт хүргүүлсэн байна. /1-р хх-н 129/

 

Шүүгдэгч Б.М энэ хэрэгт сэжигтнээр 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 98 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Солонго нь шүүгдэгчийн ар гэрээс хохирогч Б.Бд 200.000 төгрөг, Ш.Бт 600.000 төгрөг, А.Бд 250.000 төгрөг, Б.Бд 650.000 төгрөг тус тус төлсөн тухай баримтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгөв.

 

Одоо шүүгдэгч Б.М нийт 4.050.000 төгрөгийн хохирол төлөх ёстойгоос хохирогч Б.Бд 800.000 төгрөг, А.Мд 1.500.000 төгрөг, Ш.Бт 1.200.000 төгрөг, А.Бд 550.000 төгрөг тус тус төлөхөөр байх тул энэ мөнгийг түүнээс гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй.

 

Түүнчлэн “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн улмаас олсон орлого болох 932.400 (есөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуу) төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн “цагдаагийн албан хаагчийн хөх өнгийн борооны цув 1 ширхэг, хөх өнгийн срочкон цамц 1 ширхэг, хар хөх өнгийн хээрийн китель 1 ширхэг, ахмад цол 1 хос, “Б.М, 33140” гэсэн бичиглэлтэй хувийн дугаар 1 ширхэг” зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                  

 

                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ын М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

“мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Хохирлоос хохирогч Б.Б-д 200.000 төгрөг, Ш.Б-т 600.000 төгрөг, А.Б-д 250.000 төгрөг, Б.Б-д 650.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас нийт 4.050.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд 800.000 төгрөг, А.М-д 1.500.000 төгрөг, Ш.Б-т 1.200.000 төгрөг, А.Б-д 550.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 932.400 (есөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн цагдаагийн албан хаагчийн хөх өнгийн борооны цув 1 ширхэг, хөх өнгийн срочкон цамц 1 ширхэг, хар хөх өнгийн хээрийн китель 1 ширхэг, ахмад цол 1 хос, “Б.М, 33140” гэсэн бичиглэлтэй хувийн дугаар 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мад авагдсан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ