| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,
хохирогч Д.Д,
шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ч-д холбогдох 2316000000055 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Говь-Алтай аймаг **** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д******** регистрийн дугаартай, Ж овогтой Г-ын Ч.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Ч-ийн 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн *** хороолол *** тоотод хохирогч Д.Д-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгой хэсэг рүү нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, шатаар чирч унагаасны улмаас түүний биед тархины доргилт, баруун өвдөг, зүүн шагайнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Г.Ч нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн **** хороолол **** тоот байрны гадаа хохирогч Д.Д-тэй “...хүүхэдтэй уулзуулсангүй...” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн түүнийг зодож биед нь тархины доргилт, баруун өвдөг, зүүн шагайнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ охин Э-ийн хамт байж байтал 15 цагийн үед гэрийн хаалга хүн цохисон. Би нээгээд өгтөл Ч согтуу ирчихсэн “...хүүхдээ авч явмаар байна...” гэхээр нь би “...чи согтуу байна, эрүүл болоод ирж ав...” гэж хэлээд цааш нь түлхсэн... Миний гараас бариад шатны уруу чирч буулгаад 1 давхарт миний дээрээс дараад толгой ууц хэсэгт гараараа цохисон. Би гудамжинд явж байсан хоёр хүнийг хараад авраарай гэж хэлсэн чинь хоёр залуу ирээд нэг залуу нь Ч-г боль гэж хэлээд бариад авсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/
2. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ээж Д болон 2 охины хамт гэртээ цэвэрлэгээ хийгээд байж байтал хаалга хүн цохисон. Ээж хаалга нээтэл Г.Ч ирсэн хүүхдээ авмаар байна гэж дуугарч байсан. Ээж Г.Ч-д хандаад “...архи уусан байна, эрүүл болоод ирж ав...” гэж хэлсэн. Тэгсэн чинь Г.Ч “...хуцаад бай балай хар авгай минь чи үхэх болоогүй юу...” гэх зэргээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Би ариун цэврийн өрөөнөөс гараад очиход ээжийг 2 давхрын модон шатны уруу татаад буулгачихсан байсан. Би араас нь гүйж очоод “...чи яаж байгаа юм бэ... болиоч...” гээд ээжийг босгоод Г.Ч-г цааш нь түлхэхэд намайг хоолойноос багалзуурдаад толгой хэсэг рүү 4-5 удаа гараараа цохитол ээж гараас нь татаж болиулсан. Тэгээд ээж бид 2 орилоод тусламж дуудсан чинь хажуугаар явж байсан хоёр залуу ирээд нэг нь Г.Ч-г бариад авсан. Тэр хооронд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/
3. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ирээд Г.Ч нь агсам согтуу тавьсан талаар дэлгэрэнгүй мэдсэн. Манай дүү Э нь ажил дээр байхад утсаар яриад Ч согтуу ирсэн. Ээж чи согтуу байна, эрүүл болчхоод ир гэж хэлсэн чинь барьж аваад зодчихлоо, ойр орчим байсан 2 хүн ирж Ч-г барьж аваад тэр хооронд нь цагдаа дуудсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/
4. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаартай “...1. Д.Д-ийн биед тархины доргилт, баруун өвдөг, зүүн шагайнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн гэмтлүүдийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/
5. Шүүгдэгч Г.Ч-ийн шүүх хуралдаанд өгсөн “... Орой нь манай 2 найз ирээд 2 лааз пиво уугаад өглөө нь манай найз хүүхэдтэйгээ ирсэн. Манай найзын архи гарсан, миний архи гараагүй байсан. Бид 2 “...хүүхдүүдээ Шагай төвийн тоглоомын төвд тоглуулъя...” гээд би ээж рүү нь залгаад охиноо аваад тоглуулах гэсэн юм гэхэд очоод авчих гэсэн. Тэгээд авахаар очиход “...уучихсан юм уу...” гэхээр нь өчигдөр жаахан уусан гэж үнэнээ хэлсэн. Тэгтэл шатны уруу намайг түлхээд хэрэлдээд зогсож байхад цамцнаас зулгаагаад чирэгдээд буусан. Охин нь гарч ирээд намайг цохиж, миний малгайг авч шидсэн. Найз маань хүүхдээ хараад машинд сууж байсан учраас бууж ирээгүй. Тэнд явж байсан 2 залуу ирээд салгаад удаагүй цагдаа ирсэн ...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Ч-ийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад байдлаар хамтран амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгохоор, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж тодорхойлжээ. Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж гэрлэгчид болон тэдний эцэг, эх, үр хүүхэд түүнчлэн хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садангийн хүмүүсийн хооронд үүссэн бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг ойлгохоор хуульчилсан байна. Түүнчлэн гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, төрлийн болон садангийн хүмүүс гэх ойлголтыг Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан нэр томьёоны агуулга, утгаар ойлгоно. Гэтэл шүүгдэгч Г.Ч-ийн хувьд хохирогч Д.Д-ийн төрсөн охин Б.Э-тэй хувийн харилцаатай, дундаасаа хүүхэдтэй гэдгээс өөрөөр хохирогчтой ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй, нэг гэр бүлийн гишүүн биш тул хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн шүүх хуралдаанд гаргасан “... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон... Удаа дараагийн бие даасан үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтогдож байх тул хүндрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах бөгөөд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээгүй “...хохирогч, гэрч нарыг удаа дараа зодсон...гэрийн цонхыг хагалсан...” гэх үйлдлүүдийн талаар шүүх ямар нэгэн шийдвэр гаргах нь хэргийн хүрээ, хязгаараас давах тул энэ талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна. Шүүхийн энэ шийдвэр нь хохирогч, гэрч нарын эрх бүхий байгууллагад шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийн талаар гомдол гарган шийдвэрлүүлэх эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлахгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 86 дугаар тал/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Ч-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Г.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Шүүгдэгч нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2023/ШЗ/91 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл 10 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас фото зургийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Г-ын Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-г 900(есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Г.Ч-ийн цагдан хоригдсон 10(арав) хоногийг 150 (нэг зуун тавь) нэгжээр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ч-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Говь-Алтай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс гарч явах, тус сумын **** багийн **** хороолол *** тоотод очих, хохирогч Д.Д-тэй уулзахыг тус тус хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас фото зургийг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА