Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0291

 

 “М” ХХК-ийн 

                                    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0032 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “М” ХХК

Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Л.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

 

Хэргийн индекс: 128/2023/0662/З

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0032 дугаар шийдвэрээр Гаалийн тухай хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 240 дүгээр зүйлийн 240.1.6, 2691.1.1, 2691.1.11, 274 дүгээр зүйлийн 274.1.1, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2, 7.1.5, 8 дугаар зүйлийн 8.1.6, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас Улаанбаатар хот дахь Гаалийн газарт холбогдуулан гаргасан “...2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/303 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/387 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, тус газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр “М” ХХК-ийн нэр дээр ачаа тээврийн №291811**, №24791**  дугаар вагонуудаар ирсэн цагаан будааг Улаанбаатар хотын гаалийн хяналтын АБТЭМА-1 бүсэд буулгасан үйл ажиллагааны улмаас манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан тул тухайн захиргааны актыг буюу шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1 дэх заалтад анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараах үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргах буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхээр хуульчилсан байна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

2.2. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд “Шүүх хуралдааныг товлон зарлах”-тай холбоотой харилцааг журамласан байх буюу 74.1 дэх хэсэгт “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ.” гэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлд “Шүүхэд дуудан ирүүлэх”-тэй холбоотой харилцааг зохицуулж, энэ зүйлийн 59.1 дэх хэсэгт “Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ.”, 59.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар мэдэгдэнэ.”, 59.3 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг ирвэл зохих оролцогчийн оршин суугаа болон ажлын газрын хаягийн дагуу шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх, эсхүл утас, факс, цахим шуудан, цахилгаан болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болох бөгөөд мэдэгдсэнээ баримтжуулна.” гэж мэдэгдэх хуудсаар буюу бусад байдлаар шүүх хуралдааны товыг мэдэгдэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулжээ.

2.3. Гэтэл шүүх нэхэмжлэгч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б, Б.Н нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан. Тодруулбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийн хангах үндэслэл байна гэж хэрэгт цугларсан нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процедурыг үнэлж дүгнээд үндэслэх хэсгийн 20 дугаар зүйлд шүүх хуралдаан хойшилж ирсэн үйл баримтуудыг нэг бүрчлэн дурдаж 20.1 дэх хэсэгт нэгтгэн дүгнэхдээ “...Ийнхүү дэлгэрэнгүй, нэг бүрчлэн бичихийн учир нь өнөөдрийн шүүх хуралдаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хурал хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс удаа дараа шүүх хурал хойшлуулсан талаар хүчтэй шүүмжилсэн болохыг дурдаад, нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, уншиж сонсгосон, шүүх процессын хэмнэлттэй зарчим алдагдсан зэрэгт дүгнэлт хийж, нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэхэд байв.” гэжээ. Гэтэл дээр дурдсан үндэслэл нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1 дэх заалтад заасан анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэх үндэслэлийг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байна.

2.4. Цаашлаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 болон 17.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэргийн оролцогчид “нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг” ойлгох буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн оролцогч биш байх тул нэхэмжлэгч талын өмгөөлөгч нар нь мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасны дагуу “шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг” хүлээхгүй.

2.5. Шүүх хуралдаан товыг шүүх өмгөөлөгч нар мэдэгдэх нь өөрөө шүүхийн ажиллагаанд хамаарах бөгөөд үүнтэй холбоотой харилцааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 болон 59 дүгээр зүйлүүдэд тус тус нарийвчлан зохицуулсан байх тул нэхэмжлэгч талын өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр тэдний эзгүйд буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0032 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх буюу мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх заалтад заасанчлан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч “М” ХХК-аас “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/303 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/387 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, тус газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр “М” ХХК-ийн нэр дээр ачаа тээврийн №291811**, №24791**  дугаар вагонуудаар ирсэн цагаан будааг Улаанбаатар хотын гаалийн хяналтын АБТЭМА-1 бүсэд буулгасан үйл ажиллагааны улмаас манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан тул тухайн захиргааны актыг буюу шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3. Анхан шатны шүүхээс “... Гаалийн тухай хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 240 дүгээр зүйлийн 240.1.6, 2691.1.11, 274 дүгээр зүйлийн 274.1.1, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.2, 7.1.5, 8 дугаар зүйлийн 8.1.6, 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг тус тус баримтлан ...  Гаалийн байгууллага нь гаалийн хилээр нэвтэрч буй бараа /цагаан будаа/-нд гаалийн хяналтыг хэрэгжүүлж, тэр дундаа гаалийн улсын байцаагчаас хилээр нэвтрүүлж буй ургамал, түүний гаралтай бүтээгдэхүүнд анхдагч үзлэг хийх, дээж авах, шинжилгээ хийлгэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. ... 01/303, 01/387 дугаар албан бичгээр тус тус хориотой буюу ургамлын хөнөөлт шавжаар бохирлогдсон цагаан будааг экспортлогч улс уруу буцаах үүргээ биелүүлэхийг шаардсан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “ ... нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн оролцогч биш байх тул нэхэмжлэгч талын өмгөөлөгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт заасны дагуу “шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг” хүлээхгүй ... шүүх хуралдааны товыг шүүх өмгөөлөгч нарт мэдэгдэх нь өөрөө шүүхийн ажиллагаанд хамаарах бөгөөд ... товыг мэдэгдэлгүйгээр тэдний эзгүйд буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.

4.1.Анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаар дүгнэхдээ “... шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ... нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

4.2.Нэхэмжлэгч “М” ХХК-иас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр өмгөөлөгч Г.Б-т 3 жил, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өмгөөлөгч Б.Н-т 3 жилийн хугацаатай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг шилжүүлсэн итгэмжлэлийг тус тус олгожээ.

Дээрх итгэмжлэлийн хүрээнд Г.Б, Б.Н нар нь нэхэмжлэгчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэж заасан үүргийг ч мөн адил хүлээхээр байх тул “... төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн оролцогч биш тул шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэггүй” гэж тайлбар үндэслэлгүй.

4.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг ирвэл зохих оролцогчийн оршин суугаа болон ажлын газрын хаягийн дагуу шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх, эсхүл утас ... дамжуулан мэдэгдэж болох бөгөөд мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасныг утсаар мэдэгдсэн оролцогчдод мэдэгдэх хуудсаар заавал мэдэгдэх ёстой гэж үзэхгүй.

Хэргийн хоёрдугаар хавтасны 180 дугаар талд авагдсан “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтад 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Г.Б-ийн 8803-08**, Б.Н-ын 9696-14** дугаарын утсанд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр залгаж мэдэгдсэн болохыг анхан шатны шүүхийн шүүгчийн туслах тэмдэглэж, баримтжуулжээ.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-аас 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, эмнэлгийн магадалгааны хамт шүүхэд ирүүлснээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2025 оны 01 дүгээр сарын 07-ны зарлагдсан шүүх хуралдааны товыг мэдсэн нь нотлогдож байх бөгөөд нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Э.Б нар шүүх хуралдаанд оролцох боломжтой атал тухайн хуралдаанд /хүндэтгэн үзэх шалтгаангүй/ ирээгүй байна.

4.4. Анхан шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасанд нийцэж байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Хавтаст хэргээс үзвэл хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлтээр нийт 21 удаа хойшилсон буюу шүүхээс нэхэмжлэгч талд шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжийг удаа дараа олгосон байна.

5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөвхөн энэхүү үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээ сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА

 

 

 

 ШҮҮГЧ                                              Г.БИЛГҮҮН

 

 

            ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ