| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2019/02748/И |
| Дугаар | 101/ШШ2019/03086 |
| Огноо | 2019-11-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2019/03086
2019 оны 11 сарын 08 өдөр Дугаар 101/ШШ2019/03086 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод байрлах “Х Ф ББСБ” ХХК /РД: / -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоотод байрлах “Ц Г” /РД: / ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,336,214 төгрөг,үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хэрлэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Х Ф ББСБ” ХХК болон “Ц Г” ХХК–ийн хооронд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр АМ2017017 зээлийн гэрээг байгуулж сарын 4 хувийн хүүтэйгээр 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлж АМ2017017 тоот барьцааны гэрээ байгуулж 1998 онд үйлдвэрлэсэн Ниссан Кондор маркийн 0000 УБПулсын дугаартай ачааны машин 1 ширхэг, 2010 онд үйлдвэрлэсэн 0000 УН улсын дугаартай БОБКАТ механизм 1 ширхэг, 2010 онд үйлдвэрлэсэн 0000 УНЦ улсын дугаартай БМВ ИКС 5 маркийн суудлын авто машинуудыг тус тус барьцаалсан. Тухайн гэрээг байгуулснаас хойш зээлдэгч “Ц Г” ХХК нь зээлийн гэрээний хугацааг 2-3 удаа сунгасан ба мөн 2018 оны 19-ний өдөр 13,585,000 төгрөгийг төлж барьцаанд тавьсан БОБКАТ–ыг суллан авсан.
“Ц Г” ХХКнь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш ямар ч төлбөр хийгээгүй бөгөөд төлбөр төлөх тухай шаардлага тавьж барьцааны зүйлийг хүлээлгэн өгч худалдан борлуулахыг шаардахад тус компанийн эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий этгээд болох иргэн н.Б*******д барьцааны зүйл болох ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль бусаар шилжүүлсэн байх Н.Б тухайн тээврийн хэрэгслийг хууль бусдад эзэмшиж бидэнд хүлээлгэн өгөхөөс татгалзсан үйлдэл гаргасан. Өнөөдрийн байдлаар “Ц Г” ХХКтөлбөл зохих үлдэгдэл зээлийн үлдэгдэл төлбөр 16,415,000 төгрөг, зээлийн ашигласан хугацааны хүү буюу 349 хоногийн хүү 7,638,214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,283,000 төгрөг нийт 27,336,214 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иймд “Х Ф ББСБ” ХХК болон “Ц Г” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн АМ201707 тоот гэрээний үүрэгт 27,336,214 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйлээр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц Г” ХХК нь “Х Ф ББСБ” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2017017 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохирсон. Улмаар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр АМ2017017-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн гэрээг 6 сарын хугацаатайгаар сунгаж, эргүүлэн төлөх зээл болон зээлийн хүүний төлбөрт 18,830,824 төгрөгийг төлөхөөр тохирсон.
“Х Ф ББСБ” ХХК нь манай компаниас зээлийн үлдэгдэл төлбөр 16,415,000 төгрөг зээлийн хүү 7,638,214 төгрөгийн, нэмэгдүүлсэн хүү 3,283,000 төгрөг нийт 27,336,214 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 452.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл “Х Ф” ББСБ ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн АМ2017017 дугаартай Зээлийн гэрээ болон 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн АМ2017017-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд зээлдэгч нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заагаагүй байна. Үүний учир бид нэмэгдүүлсэн хүү төлөх учиргүй юм.
Мөн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн АМ2017017-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зээлийн гэрээний хугацаа сунгахыг зэрэгцээ эгүүлэн төлөх нийт төлбөрийг 18,830,824 төгрөг байхаар тогтоосон. Үүний учир бид “Х Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,505,390 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х Ф ББСБ” ХХК нь хариуцагч “Ц Г” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 16,415,000 төгрөг, зээлийн хүү 7,638,214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,283,000 төгрөг, нийт 27,336,214 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Х Ф” ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагаас 8,505,390 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
Нэхэмжлэгч тал Ч.Болд-Эрдэнийг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах тухай хүсэлтийг гаргасныг шүүх хүсэлтийг ханган шийдвэрлэсэн боловч, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагч татан оролцуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурдав.
2. Зээлийн гэрээний үүрэгт 27,336,214 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “Х Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Ц Г” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,336,214 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон мөнгөн дүнгээр гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Х Ф ББСБ” ХХК нь хариуцагч Цахим гал ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг, 0000 УБПулсын дугаартай, ******* арлын дугаартай цагаан өнгийн Nissan Condor маркийн ачааны автомашин, 0000 УНЦ улсын дугаартай, ******* арлын дугаартай, цагаан өнгийн BMW маркийн суудлын автомашин, 0000 УН улсын дугаартай, ******* арлын дугаартай цэнхэр өнгийн BOBCAT маркийн цэнхэр өнгийн авто ачигч механизмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 ширхэг ачааны болон суудлын автомашин, 1 ширхэг механизмыг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авчээ.
Зохигчид зээлийн гэрээний хугацааг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 6 сараар нэмж сунгаж, ******* арлын дугаартай цэнхэр өнгийн BOBCAT маркийн цэнхэр өнгийн авто ачигч механизмыг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон фидуцийн, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдээр нотлогдож байна./хх-ийн 7-14, 17-19, 21-22 дугаар талууд/
Зохигчид дээрх үйл баримт, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 16,415,000 үлдэгдэлтэй талаар мараагүй, харин нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохироогүй тул 8,505,390 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №АМ2017017 гэрээний 2.2-т “Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлнө. Төлөгдөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэнд тооцож хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн үлдэгдэл 0,3 хувийн хүүтэй тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч нь зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө”, гэрээний 2.4-д “зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж тус тус тохиролцжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “...зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.2-т заасан алданги гэснийг нэмэгдүүлсэн хүү” гэж ойлгоно гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй.”;
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заажээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа үгийн утгыг шууд анхаарна.” зааснаар талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “...Төлөгдөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэнд тооцож хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн үлдэгдэл 0,3 хувийн хүүтэй тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч нь зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө” гэж тохирсноос үзэхэд талуудын хооронд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч “Ц Г” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 16,415,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 7,638,214 төгрөг нийт 24,053,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Ф ББСБ” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,283,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:
Зохигчид 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг 6 сараар нэмж сунгаж үүргийн гүйцэтгэлээс ******* арлын дугаартай цэнхэр өнгийн BOBCAT маркийн цэнхэр өнгийн авто ачигч механизмыг чөлөөлж, 0000 УБПулсын дугаартай, ******* арлын дугаартай цагаан өнгийн Nissan Condor маркийн ачааны автомашин, 0000 УНЦ улсын дугаартай, ******* арлын дугаартай, цагаан өнгийн BMW маркийн суудлын автомашинуудыг зээлийн болон барьцааны батлан даалт, фидуцийн гэрээ нь гэрээний хугацаанд хүчин төгөлдөр байна гэж тохиролцжээ.
Талууд зээлийн болон фидуцийн гэрээг байгуулах үедээ фидуцээр өмчлөх эрхийг нь нэхэсжлэгчид шилжүүлсэн, автомашиныг зээлдэгч буюу хариуцагчийн эзэмшил ашиглалтад үлдээсэн тухайд маргаангүй.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан.
Иймд нэхэмжлэгч “Х Ф ББСБ” ХХК нь хууль болон фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцээр шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн авахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч “Ц Г” ХХК/рд: /-иас зээлийн гэрээний үүрэгт 24,053,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Ф ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,283,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 000 УБП улсын дугаартай, 000000 арлын дугаартай цагаан өнгийн Nissan Condor маркийн ачааны автомашин, 0000 УНЦ улсын дугаартай, 0000000 арлын дугаартай, цагаан өнгийн BMW маркийн суудлын автомашиныг хариуцагчаас гаргуулж “Х Ф ББСБ” ХХК-д шилжүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “Х Ф” ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ Ц Г” ХХК-иас 278,216 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Ф ББСБ” ХХК-д олгосугай.
3. Нэхэмжлэгч Ч.Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татах хүсэлтээс татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ