Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Б.Энх-Амгалан,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Ж.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т** овогт Ж. Ш-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2310000000483 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т** овогт Ж.Ш нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, программ хангамж мэргэжилтэй, А** хотхоны харуул хамгаалалтын ажилтай ам бүл-2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суудаг, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн (РД:********).

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Ж.Ш нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “А” барилгын харуулын байранд хохирогч Д.Б-тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд чих, уруулд зулгаралт, завжинд язрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хацар, уруул, эрүү, баруун чих, шанаа, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Ж.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Харуулын байран дээр хамгаалагч Бөхчулуунтай үл ойлголцсоны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, шанаа хэсэг рүү цохисон гэв.

            Хохирогч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ш бид хоёр нэг компанид хамгаалагч хийдэг ба тухайн өдөр би ээлж авах гээд ирэхэд Ш над руу уурлаад чи өчигдөр ирээгүй, би ажилтай хөдөө явах байсан юм, чи намайг ойлгосонгүй гээд уурлаад пост дотор миний шанаа, нүүр хэсэг рүү цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 4, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т** овогт Ж.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т** овогт Ж.Ш-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд хохирог, шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА