Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 489

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: ЭБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Т овогт Т-ын Б-т холбогдох,

       Тус компанийн орлого 63.688.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Т.Б, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч ЭБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь надтай гэр бүлийн харилцаатай байсан учир манай Эрчис баялаг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог байсан. Одоо бол бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд би гэрлэлт цуцлууж байхдаа Т.Б-тэй мөнгө, төгрөгийн асуудлаар маргах бодолгүй байсан. Гэтэл Т.Б шүүхэд хандан надаас мөнгө нэхэмжилж, шүүхийн шийдвэрээр гэр бүлийн дундын хөрөнгөөс 36.000.000 төгрөг авахаар болсон. Т.Б надтай хамт амьдарч байхдаа миний дансыг хамтран эзэмшдэг байсан. Тэр хугацаандаа хүнд мөнгө зээлэх, элдэв шалтгаанаар мөнгө авах зэргээр данснаас маш их мөнгө авдаг байсан. 2014-2016 онуудад Т.Б нь Эрчис баялаг компанийн захиалгын утас 99059219 дугаарыг барьж байхдаа компанийн орлого болох 63.688.770 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр бэлнээр болон өөрийн 5819128335 тоот дансаар компанийн орлогоос шилжүүлж авсан болно. Иймд миний 5800153053 тоот данснаас бэлнээр болон дансаар шилжүүлж авсан ЭБ ХХК-ийн орлого 63.688.770 төгрөгийг хариуцагч Т.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь ЭБ ХХК-ийн данснаас 63.688.770 төгрөг авч хувьдаа ашигласан зүйл байхгүй. Компанийн данснаас миний 5819128335 тоот дансанд мөнгө орсон байсан ч тэр нь компанийн үйл ажиллагаа болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдаж байсан. 2014-2016 онуудад би гэр бүлийн ЭБ ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, орлого зарлагын гүйлгээ хийж, компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан. Б.Ц ч гэсэн надтай амьдарч байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хувийн болон төрийн байгууллагад ажиллаж цалин авч орлого олдоггүй байсан. Компанийн үйл ажиллагаанаас олсон орлогоос би нэг ч төгрөг авч хувьдаа завшаагүй. Дансаар орж гарсан мөнгөн хөрөнгө нь ганц Б.Ц-нх биш компани болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдаж байсан. Үүний өмнө гэр бүлийн маргаан шийдвэрлүүлэхдээ Б.Ц нь намайг ЭБ компанид ямар нэгэн үүрэг гүйцэтгэж байгаагүй гэж тодорхойлсныг шүүх хүлээж авч компанийг гэр бүлийн дундын өмчлөлөөс хасаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл компанид огт хамааралгүй, үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй хүнээс 63.688.770 төгрөг нэхэмжилж байгаа нь ор үндэслэлгүй зүйл юм. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг шийдвэрлүүлэх болохоор ЭБ ХХК нь ямар ч хөрөнгөгүй, орлогогүй, ашиггүй ажиллаж байсан гэж тайлбарладаг хэрнээ гэр бүлийн маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэж надад Б.Ц-оос 36.500.000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсний дараа ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь надад өгөх 36.500.000 төгрөгийг төлөхгүй гэсэн башир арга юм. Иймд Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч ЭБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь хариуцагч Т.Б-т холбогдуулан тус компанийн орлого 63.688.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хариуцагч нь 2014-2016 онуудад би гэр бүлийн ЭБ ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, орлого зарлагын гүйлгээ хийж, компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан. Компанийн данснаас миний 5819128335 дансанд мөнгө орсон байсан ч тэр нь компанийн үйл ажиллагаа болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       Б.Ц, Т.Б нар нь 1998 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 1999 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан хэдий ч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 308 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ.

     ЭБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохоор Увс финанс аудит ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байх ба уг дүгнэлтийн дүгнэлт хэсэгт 2. Т.Б-ийн 5819128335 тоот дансанд ЭБ ХХК-ийн бүтээгдэхүүн борлуулснаас орсон орлогыг бидний хийсэн шалгалтаар түүвэрлэсэн түүврээс өөрсдөө тогтоох болно. Тооцоог хавсралтаар гаргаж хавсаргав гэжээ.

      Дээрх дүгнэлтэд Т.Б нь ЭБ ХХК-ийн нэхэмжлээд байгаа 63.688.770 төгрөгийг тус компанийн орлогоос авч захиран зарцуулсан талаар тусгагдаагүй, бүтээгдэхүүн борлуулснаас орсон орлогыг түүврээс өөрсдөө тогтоох болно гэсэн байх тул энэхүү шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас 63.688.770 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

     Б.Ц, Т.Б нар нь 1999 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэр байжээ.

    Улмаар Б.Ц-ын хүсэлтээр түүний Хаан банкин дахь 5800153053 тоот дансанд Т.Б-ийг хамтран эзэмшигчээр 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бүртгэснээр, Б.Ц, Т.Б нар нь уг дансыг тэгш эрхтэйгээр эзэмшдэг болсон бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Т.Б-ийн дансыг хамтран эзэмших эрхийг цуцалсан болох нь Хаан банкны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 878 дугаар тодорхойлолтоор нотлогдож байна.

      Хамтран эзэмшигчийг данс эзэмшигч буюу Б.Ц-ын зөвшөөрлөөр бүртгэж, цуцалдаг бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Ц, Т.Б нар нь 5800153053 тоот дансыг хамтран эзэмшсээр л байсан тул энэхүү хугацаанд хийгдсэн гүйлгээг данс эзэмшигч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ын Т.Б надтай хамт амьдарч байхдаа миний дансыг хамтран эзэмшдэг байсан. Тэр хугацаандаа хүнд мөнгө зээлэх, элдэв шалтгаанаар маш их мөнгө авдаг байсан. 2014-2016 оны хооронд миний данснаас Т.Б нь компанийн орлого болох 63.688.770 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр бэлнээр болон өөрийн 5819128335 тоот дансаар компанийн орлогоос шилжүүлж авсан тул орлогыг буцаан гаргуулж өгнө үү гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

    Мөн ЭБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь Т.Б нь компанийн орлого болох 63.688.770 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр бэлнээр болон өөрийн 5819128335 тоот дансаар компанийн орлогоос шилжүүлж авсан гэж маргадаг атлаа ЭБ ХХК-ийн харилцах дансыг бус хувь хүний буюу өөрийн эзэмшдэг дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх тул ЭБ ХХК-ийн орлого 63.688.770 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэв.

     Иймд дээрх нотлох баримтын дагуу хариуцагчаас компанийн орлого 63.688.770 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.Бт холбогдох, ЭБ ХХК-ийн орлого 63.688.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч ЭБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.Б-т холбогдох, ЭБ ХХК-ийн орлого 63.688.770 /жаран гурван сая зургаан зуун наян найман мянга долоон зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар ЭБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.394 /дөрвөн зуун далан зургаан мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ