Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2003

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г -т холбогдох

 

            Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хажидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ү-2203031710 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлхийн 21-р хэсэг, 2160 тоот хаягт байрлах 322 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг үнэлсэн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/3003 дугаартай шүүхийн шийдвэрээр П.Солонго, Д.М  нараас 46,249,138 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 389,195 төгрөг нийт 46,638,333 төгрөгийг гаргуулж “Прогресс капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч П.Солонгын өмчлөлийн услын бүртгэлийн Ү-2203031710 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлхийн 21-р хэсэг, 2160 тоот хаягт байрлах 322 м.кв талбай бүхий 2 давхар хувийн орон сууц тус хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар төлбөрт хураан авч үүний дагуу шинжээч томилж уг хөрөнгийг үнэлж шийдвэрлэсэн тогтоол байгаа. Үнэлгээчний тогтоосон үнэлгээний талаарх мэдэгдлийг Д.М , П.Солонго нарт 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан.

Нэхэмжлэгч Д.М ын зүгээс үнэлгээ, хөрөнгийн тайланг хэрхэн яаж үнэлээд дүгнээд 268,002,800 төгрөгөөр үнэлж байгаа нь ойлгомжгүй байна гэж үзэж байгаа. Ойролцоо үнэлгээтэй харьцуулсан зүйл байхгүй. Ийм учраас энэхүү үнэлгээг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Д.М , П.Солонго нар нь өөрийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хувийн сууц газарт үнийн санал өгөхөөс татгалзсан.

Иймд төлбөр авагч Прогресс капитал ББСБ ХХК-иас хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгон албадан дуудлага худалдаанд оруулах талаар хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 231 тоот шинжээч томилох тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг томилсон.

Хөрөнгө эстимэйт ХХК-иас 268,002,800 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.                 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.М  нь хариуцагч Н Ш Ш Г Г т холбогдуулан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах  322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н Ш Ш Г Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03003 дугаар шийдвэрээр П.Солонго, Д.М  нараас 58,788,900.38 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Прогресс капитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8141 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж гарч, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны 18280979 “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 156/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах  322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 156/08 тоот тогтоолоор хураан авчээ.

 

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах  322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрын үнийн саналыг авахад нэхэмжлэгч нь үнэлгээг гаргах боломжгүй гэх тайлбарыг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан ба төлбөр авагч Прогресс капитал ББСБ нь  2019 оны 8 дугаар сарын 12-ны 11/1941 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор “Хөрөнгө Эстимэйт ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах  322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг зах зээлийн үнэлгээний хандлагаар 268,002,800 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол байхгүй, харин Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах  322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг хэт бага үнэлсэн” гэж тайлбарласан.

 

Шүүх шинжээч “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг тодруулах зорилгоор шүүх хуралдаанд “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний ахлах мэргэжилтэн Б.Батзаяаг гэрчээр оруулсан ба Б.Батзаяа нь “...Зах зээлийн хандлагаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах  322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцыг 268,002,800 төгрөгөөр, газрын үнэлгээ нь 5,949,400 төгрөгөөр тус тус үнэлсэн ба байшингийн үнэлгээнд газрын үнэлгээ шингэсэн” гэх мэдүүлгээс үзэхэд газар болон байшинг салгаж зарах боломжгүй тул үнэлсэн үнэлгээ нь хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бага үнээр үнэлсэн гэж маргаж байгаа атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах  322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрыг үнэлэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10780 дугаар захирамжаар Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Э.Эрдэнэбатыг гэрчээр асуухаар шийдвэрлэжээ.

 

Шинжээчээр ажилласан Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Э.Эрдэнэбат нь шүүхэд ирэх боломжгүй мөн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяаг гэрчээр оролцуулахад зохигчид маргаагүй тул захирамжид өөрчлөлт оруулсан ба уг захирамжид талууд  гомдол гаргахгүй гэж хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  заасныг баримтлан хариуцагч Н Ш Ш Г Г т  холбогдох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн 21 дүгээр хэсэг, 2160 тоот хаягт байрлах  322 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууц, тус хаягт байрлах нэгж талбарын 18649324082257 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.М ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР