Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Л.Төгсжаргал,

хохирогч Э.Т,

шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш** овогт О.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310012520510 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш** овогт О.Т нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, Х** худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

О.Т нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, М** нэртэй караокены гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Т-тай тухайн цаг хугацаанд хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас Э.Т-ийг үсдэж, нүүрийг нь хумсаараа маажиж, түүний эрүүл мэндэд баруун чигчий хуруунд хумсны хугарч хуйларсан шарх, баруун чамархай, дух, хоёр нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч О.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

            Хохирогч Э.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: М** нэртэй караокед нөхөр М, дүү Б нарын хамт дуулахаар орсон ба бид согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Тэгээд дуулж дуусаад тооцоогоо хийх гээд текны хажууд зогсож байхад шүүгдэгчтэй хамт явж байсан 2 эрэгтэй нь хүүхэн авъя гэх зэргээр хоорондоо яриад над руу хараад инээгээд байсан. Тухайн үед тооцоогоо хийгээд бид гурав гараад машиндаа суугаад хөдлөх гэж байтал шүүгдэгч болон түүнтэй хамт явж байсан залуучууд манай машин руу харчхаад 18-тай хүүхэн авах юм уу гэх зэргээр хэлээд байсан ба манай дүү яагаад байгаа юм бэ гэсэн чинь нөгөө хүмүүс буугаад ир, зодолдъё гээд байсан, тэгээд манай нөхөр, дүү хоёр машинаас буухаар нь би бас буусан. Тэгээд манай нөхөр нэг залууг нь машиных нь хаалгыг таглаад буулгахгүй зогсож байсан чинь Т болон хамт явж байсан залуучууд нь бууж ирээд манай дүү рүү дайраад хэл амаар доромжлоод зодох гэхээр нь би болиоч гээд дундуур нь орсон чинь Т намайг хэл амаар доромжлохоор нь би ууж идсэнээ аятайхан шингээгээд явчих гэсэн чинь намайг газар унагаад үсдээд маажсан. Манай нөхөр гүйж ирээд салгасан ба цагдаа дуудсан байх хойгуур мөн зөндөө зүйл болсон. Энэ хэргээс болж миний эрүүл мэндэд нүдний хоёр зовхи, шанаа, дух зэрэг дээр хумсны сорви үүссэн байгаа. Гоо сайхны эмнэлгээс зөвлөгөө авахад заавал сорвижуулж байж эмчилгээ эхлэх боломжтой, үе шаттайгаар хийх ба лазер эмчилгээнд 10 удаа орох хэрэгтэй гэсэн. Би сорвио л арилгуулах хүсэлттэй байна, эмчилгээг эхлэхэд надад мөнгө байхгүй, юмны үнэ ямар байгаа билээ, шүүгдэгч гоо сайханч хүн мэдэж байгаа байх, эсхүл надтай хамт яваад сорвийг минь арилгаад өгч болж байна, би ажил төрлийнхөө хажуугаар зохицуулж байгаа, надад дээрх эмчилгээг хийлгэх боломж байхгүй байна, боломжтой байсан бол шүүгдэгчээс эмчилгээний зардал нэхээд зогсохгүй. Би сорвио арилгуулах хүсэлтэй байна гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 4, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш** овогт О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш** овогт О.Т-ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Т энэ гэмт хэргийн улмаас гарсан хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА