| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 188/2019/0276/Э |
| Дугаар | 1266 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 1266
2019 12 19 2019/ДШМ/1266
Г.Цд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сансарсайхан,
шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Л.Батжаргал,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1078 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Цд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Ү овгийн Гийн Ц, 1979 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
Г.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Э.Оээс түүний ээж Д.Гэрэлийн эзэмшдэг Хаан банкны 5214111930 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны ... данс руу 400.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 170.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оээс түүний гэр бүлийн хүн болох Г.Жийн эзэмшдэг Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны ... дугаарын данс руу 1.000.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оээс түүний гэр бүлийн хүн болох Г.Жийн эзэмшдэг Хаан банкны ... дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшдэг Хаан банкны ... данс руу 1.900.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Оээс 1.500.000 төгрөгийг бэлнээр авах хэлбэрээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн үйлдлээр иргэн Э.Оийн 4.970.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан,
мөн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулах хэлбэрээр хуурч, гэрээгээр халхавчлан иргэн Б.Мөнхбаатарын Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшингийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, бусдад 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 29.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ү овогт Гийн Цг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Цгийн цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тогтоож, 56 цагийг эдлэх ялын хугацаанаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Цд 2 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц хохирогч Э.От төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Цгээс 10.200.000 төгрөгийг 2 сарын хугацаанд гаргуулан хохирогч Б.Мөнхбаатарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хохирогч Э.О нь Г.Цд тодорхой хэмжээний хүү тогтоон зээлж, зээлийн харилцаатай байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ц нь хохирогч Э.Отэй харьцаж байсан харилцааны талаар бодит үнэн зөв мэдүүлгийг өгч байсан байдаг атал хохирогч Э.Оийн удаа дараа өгч байсан мэдүүлэг маш их зөрүүтэй, хууль сануулсаар байхад Г.Цгээс бэлнээр хүлээж авч байсан мөнгөө аваагүй мэтээр худал мэдүүлэг өгч байсан байдгаас гадна зээлсэн мөнгөө өсгөж авах зорилгоор Г.Цгийн хамт олны дунд нэр төрд халдах, үр хүүхдүүдээр нь аргагүй байдалд оруулах санаа зорилгоор хууль бус үйлдлийг удаа дараа гаргасан байдаг. Г.Ц нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогч Э.Оийн гаргаж байсан хууль бус үйлдлийг шалгуулах өргөдөл, гомдол гаргасан байхад мөрдөгч, хяналтын прокурорын зүгээс гомдлыг шалгалгүйгээр Г.Цд холбогдох эрүүгийн хэрэгт хавсаргаж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүйд миний үйлчлүүлэгч гомдолтой байдаг. Хэрэгт авагдсан гэрч Н.Мөнгөнцэцэг, Г.Ганцэцэг нарын мэдүүлгүүдээр Г.Ц нь хүүхдэд бэлэг тараана гэж хохирогч Э.От худал хэлж мөнгө авч байгаагүй болох нь нотлогддог бөгөөд Г.Ц Э.Оээс зээлийн харилцааны дагуу 4.600.000 төгрөгийг зээлж, тухай бүрт нь зээлээс төлж барагдуулж байсан болох нь нотлогддог.
2. Г.Ц нь 2015 оны 4 дүгээр сард А.Мөнхсоёлын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлалтай 700 м.кв хэмжээтэй газар, 30 м.кв талбайтай сууцны зориулалттай хувийн байшинг 18.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах, А.Мөнхсоёл, Б.Мөнхбаатар нар нь өөрсдийн газар, хашаа байшинг банкны зээлд тавьж гэрч Л.Батцэцэгээс худалдан авч байгаа орон сууцны урьдчилгаа төлбөрт төлөх, Г.Ц хашаа байшингийн зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээхээр тохиролцсон байдаг. Гэтэл А.Мөнхсоёл нь банкны зээл бүтэхгүй байна гэсэн шалтгаанаар Г.Цд газар, байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээлээр худалдан авч байгаа газар, байшингийн урьдчилгаа төлбөр төлөх, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлөх, өмчлөх эрхийг Г.Цд шилжүүлсний дараа цуг хамтран зээл хөөцөлдөх санал тавьж, улмаар харилцан тохиролцсоны дагуу А.Мөнхсоёл нь Г.Цтэй 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ш-2201027234 тоот дугаартай 700 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201038942 дугаартай 30 м.кв бүхий 1 өрөө хувийн сууцыг зээлээр худалдах зорилгоор “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г нотариатад биечлэн очиж байгуулсан болох нь гэрч Б.Оюун-Эрдэнийн мэдүүлгээр нотлогддог. Гэрч А.Мөнхсоёл 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу 23 дугаар гудамжны 19 тоот хаягт байрлах Ү-2201027254 дугаартай Г.Ц, нөхөр Б.Отгонмөнх нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна.
Түүнчлэн А.Мөнхсоёл нь газар, байшингаа Г.Цд зээлээр худалдсан нөхцөл байдлаа баталгаажуулах санаа зорилгоор 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан байдаг. Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д тус тус зааснаар гэрээг бичгээр байгуулж, түүнийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх тусгай зохицуулалт, шаардлагын дагуу А.Мөнхсоёл нь хүсэл зоригоо хангалттай илэрхийлэн газар, байшингийн өмчлөх эрхийг Г.Цд шилжүүлсэн болох нь нотлогддог.
Шүүгдэгч Г.Ц нь А.Мөнхсоёлтой харилцан тохиролцсоны дагуу зээл хөөцөлдөж 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Оюуны ундраа ББСБ” ХХК-д газар, байшинг барьцаалж 5.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Г.Цг газар, байшин барьцаалж зээл авсан талаар гэрч А.Мөнхсоёл, хохирогч Б.Мөнхбаатар нар мэдэж байсан тул А.Мөнхсоёл нь Г.Цг зээл авсан даруй гэрч Г.Батцэцэгийн Хаан банкны 5020385423 тоот харилцах дансаар 4.500.000 төгрөг, 500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлж өөрийн Хаан банкны 5897035593 тоот харилцах дансаар 200.000 төгрөгийг хүлээн авсан байна. Мөн Г.Ц нь хохирогч Б.Мөнхбаатарын эзэмшдэг дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдгаас гадна гэрч А.Мөнхсоёлд бэлнээр 1.500.000 төгрөгийг өгсөн байдаг. Г.Цд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авсан шалтгаан, ямар цаг хугацаанд зээл авсан талаар тогтоох зорилгоор зээлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч Б.Мөнхбаатар, гэрч А.Мөнхсоёл нар зээл авсан талаар мэдэж байсан эсэх талаар тодорхой ажиллагаа хийгдээгүй байна. Г.Ц нь Б.Мөнхбаатар, А.Мөнхсоёл нар нь үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч, харин газар, байшинтай холбоотой төлсөн мөнгийг буцаан өгөх санал тавьсан байдаг боловч хүлээн авч байгаагүй юм. Г.Цд холбогдох хэрэгт авагдсан дээрх баримтаар Г.Ц, Б.Мөнхбаатар, А.Мөнхсоёл нарын хоорондын харилцаа иргэний эрх зүйн харилцааны гүйцэтгэл сунжирснаас улбаатай маргааны шинжтэй байсан болох нь нотлогддог атал анхан шатны шүүх уг харилцааг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Сансарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Г.Цд холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ц 2017-2018 онд иргэн Э.Оээс нийт 4.970.000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан, 2018 онд иргэн Б.Мөнхбаатарын хувийн байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 29.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Цг хохирогч А.Мөнхсоёлын итгэлийг урвуулан ашиглаж, зээлийн гэрээ байгуулан гэрээгээр халхавчлан хуурч А.Мөнхсоёлын өмчлөлийн байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, хохирогч Э.Оээс 4.970.000 төгрөгийг хуурч, итгэлийг урвуулан авсан гэж тус тус зөрүүтэй дүгнэжээ.
Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж үзэхэд, хэдийгээр хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Мөнхбаатар, гэрч А.Мөнхсоёл нар нь эхнэр, нөхөр буюу нэг гэр бүл боловч тэдний өмчлөлийн хувийн сууцыг шүүгдэгч Г.Ц нь өөрийн болон нөхөр Б.Отгонмөнхийн нэр дээр хамтран өмчлөхөөр гэрчилгээ гаргуулсан, мөн прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон эд хөрөнгийн үнэлгээ хийсэн /2 дугаар хавтасны 74 дэх тал/ баримтаас үзэхэд маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг хийлгүйгээр “2018.12.11-ний өдрийн байдлаар зах зээл дээр 25.000.000 төгрөгөөр худалдаалагдах боломжтой байсан болохыг тодорхойлов. Уг хөрөнгийг биечлэн үзэж хэмжилт, судалгаа хийсний үндсэн дээр илүү бодитой үнээр тогтоох боломжтой” гэсэн тодорхойлолтыг хийснээр хийсвэр дүгнэлтийг үндэслэн хэргийн хохирлыг тогтоосон байх тул мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан буюу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болсон төдийгүй энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор байна.
Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн А.Мөнхсоёл, шүүгдэгч Г.Ц нарын хооронд байгуулсан 2015.07.31-ний өдрийн 21.400.000 төгрөгийн Зээлийн гэрээ, 2015.05.08-ны өдрийн 10.000.000 төгрөгөөр Газар худалдах, худалдан авах гэрээ, 5.000.000 төгрөгөөр Хувийн сууц худалдах гэрээ, 2014.12.02-ны өдрийн А.Мөнхсоёлын нэр дээр Газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 2015.05.22-ны өдрийн Г.Ц, Б.Отгонмөнх нарын нэр дээрх Газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 2015.05.22-ны өдрийн Г.Ц, Б.Отгонмөнх нарын нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан бөгөөд:
хохирогч Б.Мөнхбаатарын мэдүүлэгт: “...Эхнэрийн нэр дээр хашаа, байшинг 18.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж итгүүлэн гэрээ хийж өөрийн өмчлөлд авсан. Одоог хүртэл мөнгө өгөлгүй худал хэлж хохироож байна. ...Одоо 15.200.000 төгрөг авах ёстой” гэж,
шүүгдэгч Г.Ц анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эднийх хашаа байшингаа зарна гэхээр нь худалдах, худалдан авах гэрээ хийгээд зээл хөөцөлдөөд бүтээгүй. ...Дараа нь А.Мөнхсоёл эд нар “Байранд орох боллоо, байраа аваарай” гээд нүүгээд явсан. ...Одоо 15.200.000 төлөхөөр тохиролцсон байгаа. ...” гэж тус тус мэдүүлжээ.
Уг газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийгээгүй байхад прокурорын яллах дүгнэлтэд жишиг үнэлгээгээр дүгнэж, “Хохирогч А.Мөнхбаатарыг 25.000.000 төгрөгөөр хохироосон” гэж, харин анхан шатны шүүх “...А.Мөнхсоёлын хувийн байшин өмчлөх эрхийг хуурч шилжүүлэн авсан. ...Харин хохирогч Б.Мөнхбаатарт эд зүйлийн үнэлгээгээр 25.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэргийн талууд хохирлын дүнг 21.400.000 төгрөгөөр харилцан тохиролцсон тул хохирлыг 21.400.000 төгрөгөөр тогтоов” гэж зөрүүтэй дүгнэлтүүдийг хийсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдлын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоох, уг газар үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагааг авах замаар 2015-2019 онд хэн хэний өмчлөлд байсан, эсхүл байгаа болох, Г.Цгээс өөр хүний өмчлөлд байгаа бол тухайн этгээдийг хэрэгт иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зэрэг байдлуудыг эцэслэн шалгасны дараа хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг шалган тодруулах нь зүйтэй.
Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал гаргасан давж заалдах гомдолдоо “...Г.Ц нь Б.Мөнхбаатар, А.Мөнхсоёл нар нь үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч, харин газар, байшинтай холбоотой төлсөн мөнгийг буцаан өгөх санал тавьсан ч хүлээж аваагүй. ...” гэж тайлбарласан бол шүүгдэгч Г.Ц нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “Эднийх хашаа байшингаа зарна гэхээр нь худалдах, худалдан авах гэрээ хийгээд зээл хөөцөлдөөд бүтээгүй. ...Дараа нь А.Мөнхсоёл нар “Байранд орох боллоо, байраа аваарай” гээд нүүгээд явсан. ...” гэж, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд “...Мөнхбаатар, Мөнхсоёл нар намайг “хашаа байшин авчихаа, өөр авах хүн алга” гэж хэлж байсан. Тэгээд мөнгөө увуулж, цувуулаад өгчих гэж хэлж байсан. ...” гэж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд “...Тэгээд би Сэлэнгэ аймаг руу хашаа байшингаа хүнд үзүүлэхээр явахаар болтол Мөнхсоёл “та явж хашаа байшингаа үзүүлчихээд ир, манай хашаа байшинг хүмүүс авдаггүй, хэрэв та хашаа байшингаа зарчихвал манай хашаа байшинг ирж аваач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би авахгүй бол болохгүй юм гэж байхгүй л дээ гэж хэлсэн. ...Тэрнээс хойш 3 сарын дараа Мөнхсоёл нь “Танаас өөр авах хүн байхгүй байна” гэхэд нь би “боломжгүй” гэтэл Мөнхсоёл “бид таны зээлийг хөөцөлдөж өгье, таньдаг хүмүүс байгаа” гэж хэлсэн. ...” гэж тус тус мэдүүлж байжээ.
Үүнээс үзэхэд, шүүгдэгч Г.Ц нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийн сэдэлт, зорилго байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай байна гэж үзэв.
Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийгдсэн байхад анхан шатны шүүх харилцан зөрүүтэй мэдүүлэг, эргэлзээ бүхий үнэлгээг дахин нягтлан шалгахгүйгээр зөвхөн яллах талын баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох”, “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрх хуулиар олгогдоогүй тул дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар дахин тодруулах замаар хэрэгт нотолбол зохих байдлыг нотлуулах зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1078 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Цд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц. ОЧ