| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0888/З |
| Дугаар | 221/МА2025/0304 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0304
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0198 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч Д.Г-ийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “М” ХХК
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, МЗХННУБТЗ/2024/0102258 дугаартай “Арчих материал худалдан авах” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд “Н” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Г.А
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0888/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0198 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан "М” ХХК-аас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, МЗХННУБТЗ/2024/0102258 дугаартай “Арчих материал худалдан авах” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “...2024 оны 09 дүгээр арын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 146/3644 дүгээр шийдвэр, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 16/4135 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, МЗХННУБТК/20240102258 дугаартай Арчих материал худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах ...” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх “Хэдийгээр нэхэмжлэгчээс тендер нээхийн өмнөх өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дээрх нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 70 тоот албан бичгээр нотлогдож буй хэдий ч тендер нээх үед Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1.3-д заасанчлан “төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-ээс шалгах өглөгтэй, цахимд мэдээлэл бүртгэгдээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 20.1-т “Тендер нээсэн өдрийн байдлаар Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагатай. Татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд "Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем" (www.tender.gov.mn)-ээр дамжуулан шалгана.” гэж заасан байх бөгөөд ХХ-2 10 дахь талд авагдсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичигт “М” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар цахим санд бүртгэгдэж, тус өдрөөр шимтгэлийн өр авлагагүй болсон байна” гэсэн нь шүүхийн дүгнэлттэй огт нийцэхгүй байна.
2.1. Тухайлбал нэхэмжлэгч нь тендер нээх өдрийн өмнөх өдөр өр төлбөргүй болсон талаар цахим санд бүртгэгдэж, өр төлбөргүй болсон байх бөгөөд энэ нь ТШЗ-ны 20.1-т тендер нээх өдрийн байдлаар гэсэнтэй нийцэж байна. Мөн тус асуудлаар Сангийн яаманд удаа дараа гомдол гаргасныг Сангийн яамнаас хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгаж байсан боловч хариуцагч нь Сангийн яамны шийдвэрт дурдсан ажиллагааг огт хийлгүй хүчингүй болгосон үндэслэлээр дахин шийдвэр гаргаж байгаа нь гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг үл биелүүлсэн, хуул бус үйл ажиллагааг явуулсан.
2.2. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх үйл баримтыг зөв үнэлэлгүй, Сангийн яамны шийдвэр, түүнийг хэрхэн биелүүлсэн талаарх хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох шалтгаан болсон.
2.3. Анхан шатны шүүх “Хэдийгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасан хэдий ч тухайн тохиолдол нь өрсөлдөөнд шууд нөлөөлөхөөр байх тул тодруулга аваагүйд мөн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан өрсөлдөөнд шууд нөлөөлөх нөхцөл биш бөгөөд тендерийн шаардлага, шалгуурыг хангаж буй эсэхийг шалган нягтлах нь тендер сонгон шалгаруулалт хуулийн дагуу хэрэгжих, шударгаap өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх ажиллагаа юм. Гэтэл үүнийг өрсөлдөөнд нөлөөлөх буюу нэхэмжлэгчийн өөрийн тендерийн материалыг шударгаар үнэлүүлэх эрхийг буруу тайлбарлан дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““М” ХХК нь нийгмийн даатгалын санд 835,200 төгрөгийн өглөгтэй байсан ба тухайн өглөгийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 02 минутад буюу тус тендер нээгдэхээс 17 цагийн өмнө бүрэн төлж барагдуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д хугацаа хэтэрсэн өртэй гэж заасан ба тухайн заалтын агуулгаас үзвэл тендер нээсэн тухайн цаг хугацаанд “М” ХХК нь ямар нэгэн өр төлбөргүй байсан ...” гэж, хариуцагчаас “... тендерийг нээсэн 2024 оны 08 дугаар сарын 22-ний өдөр цахим системд нэхэмжлэгч компани нь нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгтэй гарсан учраас тендерээс татгалзсан” гэж тус тус маргасан.
3. Анхан шатны шүүх “... өр авлагын мэдээллийг нэгэнт цахимаар шалгахаар Тендер шалгаруулалтын зааварчилгаанд тусгасан, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 07 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн...“ гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх тендер нээхээс өмнөх өдөр буюу 08 дугаар сарын 21-нд төлсөн үйл баримтыг зөв үнэлээгүй, Сангийн яамнаас удаа дараа буцааж байхад анхаарч энэ талаар дүгнэсэнгүй, мөн тендерийн хуулийн 25.1-д зааснаар өрсөлдөөнд нөлөөлөхөөр байх тул тодруулга аваагүйд хариуцагчийг буруутгахгүй гэж буруу дүгнэлт хийсэн” гэжээ.
5. Тендер шалгаруулалтын зааварчилгаа Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 3-д “...нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх..., тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлэх шаардлагагүй, ...цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан шалгана.” гэж тодорхой заасан, харин нэхэмжлэгч нь 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн боловч 22-ний өдөр тендер нээхэд уг мэдээлэл цахим системд ороогүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, ... тендер нээхэд цахимд системд “өглөгтэй” байсанд хариуцагчийг буруутгахгүй” гэж эргэлзээтэй дүгнэсэн боловч энэхүү нөхцөл байдалд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн заалтыг дурдаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
6. Учир нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр уг тендерийг дахин шинээр зарласан бөгөөд уг зарлалд 08 дугаар сарын 22-ний өдрийн 10 цаг 30 минутад тендерийг нээх талаар заасан, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2024 оны 7 дугаар сарын шимтгэлийг тухайн сард багтаан төлөх үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгч нь 7 дугаар сарын шимтгэлийг 7 дугаар сардаа багтаан төлөх ёстой атал хуульд заасан хугацаа хэтрүүлж, тендер нээх өдрийн өмнөх өдөр хугацаа тулгаж төлсний улмаас цахим системд мэдээлэл нь ороогүй нөхцөл байдал үүссэн байх тул хариуцагч нарын тендерийн баримт бичигт “нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж, нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан маргаан бүхий шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй.
7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.” гэж заасан. Нэгэнт тендер нээсэн өдөр нэхэмжлэгч нь “нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгтэй” гэж цахим системд тодорхой гарч ирсэн тохиолдолд уг хуульд заасан “тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудал” үүссэн гэж үзэж тодруулга аваагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь тендер нээх үед Тендерийн материалд бичгээр ирүүлсэн баримтад “21-нд шимтгэл төлсөн” гэж, харин цахим системд 22-ны өдөр “өглөгтэй” гэж нэгэн зэрэг зөрүүтэй гарсан тохиолдолд зөрчилдөөнтэй асуудал үүссэн гэж үзэж тодруулга авахаар байна. Гэтэл цахим системийг шалгах талаар баримт бичигтээ тусгасны дагуу цахим систем дэх мэдээлэл тодорхой, эргэлзээ үүсгэхээргүй байхад тодруулга авах ёстой гэж үзэхээргүй байна.
8. Харин нэхэмжлэгч нь Тендер шалгаруулалтын баримт бичигт “баримтаа бичгээр ирүүлэхгүй, зөвхөн цахимаар ирүүлэх” талаар заасантай холбоотой төрийн бусад байгууллагын цахим системийн мэдээлэл тендерийн цахим системд /www.tender.gov.mn/ хэзээ ордог, тоггүй болох интернэт тасрах удаашрах тохиолдол гардаг эсэх талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар тодруулах боломжтой байсан боловч тодруулаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан тул бичгээр ирүүлэхийг шаардаагүй ч хугацаа тулгаж төлсөнтэй холбоотой нотолсон баримтаа тендерийн материалд ирүүлэх боломжтой атал ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчээс тодруулга аваагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
9. Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн өмгөөлөгч Д.Г-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ