Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 440

 

НХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03954 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч НХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ГХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 6 430 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

   Нэхэмжлэгч НХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01145 дугаар шийдвэрээр хариуцагч ГХХК-иас 129 463 673 төгрөгийг гаргуулж НХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал, сайн дураар биелүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн зүгээс зардал гарган тус шүүхэд хандсаны дагуу албадан гүйцэтгэх захирамж гаргуулж 0119 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай зардал, урамшууллын гэрээг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулснаар 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэх ажиллагаа хийгдсэнээр бартераар төлбөр төлөх санал гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ГХХК нь бартераар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 6 дугаар байр, 50 тоот хаягт байрлах 98,3 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг НХХК-д өгсөн. Байр болон төлбөрийн зөрүү болох 10.300.059 төгрөгт ГХХК нь бараа материал авсан. Нэхэмжлэгч нь барьцааны эд хөрөнгийг шилжүүлэн авсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажиллагааны зардал 180 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний дагуу урамшуулал 6 250 000 төгрөг, нийт 6 430 000 төгрөг төлсөн. Номин Холдинг ХХК-д охин компани НХХК-ийн өр худалдагдаж ирсэн бөгөөд Номин Холдинг ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн төлбөр шаардах эрхийг НХХК-д шилжүүлсэн. Хариуцагч ГХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлж төлбөрийг заасан хугацаандаа төлсөн бол дээрх зардал манай байгууллагаас гарахгүй байсан. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу манай байгууллагад учирсан хохирол 6.430.000 төгрөгийг хариуцагч ГХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч ГХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/01145 дугаар шийдвэрээр ГХХК нь НХХК-д 129 463 673 төгрөгийг төлөхөөр болсон. Энэхүү төлбөрийг барагдуулахаар өөрт байгаа орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг удаа дараа санал болгосон ч НХХК нь төлбөрт авах боломжгүй гэсээр 2017 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 6 дугаар байр, 50 тоот хаягт байрлах 98,3 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв нь зах зээлийн ханш 2 000 000 төгрөгөөс хямд буюу 1 430 000 төгрөгөөр бодож 140 569 900 төгрөгт тооцож өгсөн. Зөрүү 10 300 059 төгрөгт НХХК-ийн Номин Стандарт салбараас бараа материал сонгон авахаар болж хоорондын тооцоог бүрэн хааж, НХХК-иас зөрүү авлага үүсгэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь ГХХК-тай холбоотой ямар нэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг албан ёсоор явуулаагүй. Хоорондын өр авлагын асуудлыг талууд тохиролцон шийдвэрлэсэн байтал, НХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай албадан гүйцэтгэх болон урамшуулах гэрээг сайн дураар байгуулж үр дагаврыг барагдуулахыг шаардсаныг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал шаардах эрхийг Номин Холдинг ХХК-иас өөрт шилжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй, уг зардлыг НХХК төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Номин Холдинг ХХК сайн дураар оролцож төлбөр төлсөн, бид түүний өмнө үүрэг хүлээгээгүй. НХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1/33 тоот албан бичгээр өөрсдөө гүйцэтгэх бичиг баримтаа буцааж авах хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Төлбөр авагч манайхаас илүү зардал нэхэмжлэхгүй гэсэн тохиролцооны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн бичиг баримтаа буцаах хүсэлт гаргасан. Иймд НХХК-ийн 6 430 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ГХХК-иас хохиролд 6 430 000 төгрөг гаргуулах тухай НХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ”Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч ““Г”" ХХК нь төлбөрийг сайн дураараа биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдаж, төлбөрийг барагдуулсан болох нь нэхэмжлэл мөн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсан урамшуулах гэрээ, хавтаст хэрэгт байгаа материалиар бүрэн нотлогдож байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн төлбөрийн шаардлага хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртлэх хувиар урамшуулна гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 6 250 000 төгрөгийг төлбөр авагч тал шилжүүлсэн, гэрээ байгуулахдаа 180 000 төгрөг төлсөн баримтууд хэрэгт байдаг. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03954 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч НХХК шүүхэд хандан, хариуцагч ГХХК-иас гэм хорын хохиролд 6 430 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, талууд өр авлагыг хоорондын тооцоогоор дуусгавар болгосон, сайн дураар гэрээ байгуулсны үр дагаврыг хариуцахгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрсдөө хүсэлт гарган дуусгавар болгосон гэж маргажээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2017/11311 дүгээр захирамж болон 101/ГХ2017/01119 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн тус шүүхийн 2017 оны 01145 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулах 17261625 тоот тогтоол үйлдэн,  мөн өдрөө төлбөр авагч НХХК-тай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах болон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг тус тус байгуулан ажиллагааны зардалд 180 000 төгрөг, урамшуулалын зардалд 6 250 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-14-22, 39-41 дэх тал/

Дээрх үйл баримтын талаар талууд маргаангүй, харин нэхэмжлэгч талд гэм хор учирсан гэж үзэх шалтгаант холбоо, гэм буруугийн талаар марган, мэтгэлцжээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүргийн үндсэн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн агуулгаас үзвэл гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр дуусгавар болсон байх бөгөөд уг тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч буюу нэхэмжлэгчээс гаргуулсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118.4 дэх хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид олгох үүргийг хуулиар шийдвэр гүйцэтгэлийн байгууллага хүлээсэн байна. Иймээс шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын хүлээсэн үүргээ биелүүлэх асуудлыг хариуцагчид хамааруулан гэм хорын улмаас үүссэн үүрэг гэж үзэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч НХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийг үндэслэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээ байгуулан, урамшууллын хөлс төлсөн байна.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэнээс хойш талуудын хооронд шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн төлбөрийг хэрхэн төлөх талаар хариуцагчтай тохиролцож байсан болох нь хэргийн 49, 60 дахь талд авагдсан баримтаар нотлогдож байхаас гадна төлбөр төлөгч буюу хариуцагч ГХХК нь 129 463 673 төгрөгийн авлагадаа Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 6 дугаар байр, 50 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг авч, үлдэгдэл 10 300 059 төгрөгийн төлбөртөө НХХК-ийн Номин Стандарт салбараас бараа сонгон авахаар тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх 39 дэх тал/ Иймд анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв болжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчин, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/03954 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                                 Ч.ЦЭНД