Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0305

 

                                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0204 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А, өмгөөлөгч Б.М, Л.Н нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдааны даргалагч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “С” ХХК

Хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, УБЦТС/20240102243 дугаартай “Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээ” Багц-2 “Туршилт оношилгооны иж бүрэн зөөврийн болон явуулын лаборатори” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд “З” ХХК

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзул,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Ж.Х, Ш.Х, Б.У, З.Б, С.Т,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ц.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Х

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

 

Хэргийн индекс: 128/2025/0122/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0204 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасныг баримтлан “С” ХХК-аас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, УБЦТС/20240102243 дугаартай “Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хий явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээ” Багц-2 “Туршилт оношилгооны иж бүрэн зөөврийн болон явуулын лаборатори” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “...Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээ худалдан авах УБЦТС/20240102243 дугаарын тендерийг үнэлсэн шийдвэр /зөвлөмж/-ийг хүчингүй болгуулах, тендерт “З” ХХК-ийг шалгаруулсан мэдэгдэл, гэрээг тус тус хүчингүй болгуулах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/67 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, “С” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах ...” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч Л.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “...2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь “Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээ” худалдан авах УБЦТС/20240102243 дугаар тендер зарласан. Энэхүү тендер шалгаруулалт нь Багц-1 “Туршилт оношилгооны явуулын лабораториудад их засвар хийх" “Багц-2 Туршилт оношилгооны иж бүрэн зөөврийн болон явуулын лаборатори” гэсэн 2 багцтай, нийт 4,160,000,000 (Дөрвөн тэрбум нэг зуун жаран сая) төгрөгийн /Багц-1 нь 310,000,000 төгрөг, Багц-2 нь 3,850,000,000 төгрөг/ төсөвт өртөг бүхий бүхий нээлттэй тендер шалгаруулалт байсан.

2.2. Тендер шалгаруулалтын Багц-2 “Туршилт оношилгооны иж бүрэн зөөврийн болон явуулын лаборатори” гэсэн багцад манай компани оролцож 2,899,000,000.00 төгрөгөөр нийлүүлэхээр үнийн санал хүргүүлсэн. 951,000,000.00 төгрөгөөр бага үнэтэй, Герман улсад үйлдвэрлэсэн, дүйцэх багаж байхгүй, ашиглахад маш энгийн, аюулгүй байдлыг бүрэн хангасан, чанартай, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй багажийг манай компани санал болгосон. Харин Захиалагч нь тэрбум орчим төгрөгөөр өндөр үнийн санал өгсөн, тендерийн баримт бичгийн маш олон шаардлага хангаагүй тендерийн материал ирүүлсэн “З” компанийн ирүүлсэн тендерийг шалгаруулсан нь хууль бус байна.

2.3. Тендерийн комиссын хурлын тэмдэглэлээс харахад маш их үнийн зөрүүний талаар болон тоног төхөөрөмжийн чанар, гүйцэтгэлийн талаар юу ч ярилцалгүй тендер шалгаруулалтыг үгсээд тохирсон мэт маш хурдан шалгаруулсан байдаг. Үүгээрээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.5-д заасан “тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар харьцуулах үнийг, 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн буюу хамгийн бага үнийн дүнтэй тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2.4. Захиалагч нь “З” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалын маш их алдааг алдаагүй мэт үнэлсэн. “З” ХХК нь тендерийн материалдаа аль улсад, ямар компанид үйлдвэрлэсэн, юунд зориулсан тоног төхөөрөмж гэдгийг харуулсан үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний танилцуулга, техникийн тодорхойлолт бүхий англи хэл дээрх эх хувийг ирүүлээгүй байхад тендерт шалгаруулсан. Тендерт оролцогч нь гадны улс орны бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг санал болгохдоо заавал англи хэл дээрх эх хувь, түүнийг орчуулсан монгол хэл дээрх орчуулгын хамт хавсарган хүргүүлдэг. Гэтэл Захиалагч болох УБЦТС ТӨХК-ийн тендерийн хороо нь өөрөө үйлдвэрлэсэн ч юм уу, өөрөө зохиогоод бичсэн ч юм уу, эдгээр техникийн тодорхойлолт нь зөв, буруу гэдгийг харьцуулан тодорхойлох боломжгүй, англи хэл дээрх эх хувь байхгүй тендерийн материалыг шалгаруулсан.

2.5. ТШЗ 18.1-д Барааг дагалдах үйлчилгээг хэрэгжүүлэх хүний нөөцийн шаардлага, шалгуур үзүүлэлт: Шаардана. Хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: Лабораторийн засвар үйлчилгээ тохируулга хариуцсан мэргэжлийн боловсон хүчинтэй байх ба тухайн хүн нь үйлдвэрлэгчээс итгэмжлэгдсэн сертификаттай байна гэсэн заалтыг тус компанийн инженер гэх В.А нь хангахгүй байна. Б компанийн бүтээгдэхүүнтэй танилцах сургалтад хамрагдсан тухай гэрчилгээтэй бөгөөд үйлдвэрлэгчээс итгэмжлэн олгосон засвар үйлчилгээ, тохируулга хийх сертификат байхгүй байна. Энэхүү тохируулга, угсралт, засвар үйлчилгээг тусгай мэргэшсэн, үйлдвэрлэгчийн итгэмжлэгдсэн инженер хийж, сургалтыг явуулдаг. Тиймээс ч захиалагч нь ТШЗ 18.1-д үйлдвэрлэгчээс итгэмжлэгдсэн сертификаттай байна гэсэн шаардлагыг заасан атлаа энд заасан шаардлагыг хангаагүй, худалдааны менежерийн түвшинд олгодог “Сургалтын гэрчилгээ”-тэй хүний бичиг баримтыг шаардлага хангасан гэж үзэн тус компанид хууль бусаар давуу байдал үүсгэж шалгаруулсан.

2.6. ТШЗ 18.1-д "Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардлагатай: 2021, 2022, 2023 онуудын ижил төстэй бараа нийлүүлэлтийн нийлбэр нь тухайн төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх шаардлагатай. Бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн акт, гэрээ дүгнэсэн протокол холбогдох НӨАТ шивсэн баримтыг ирүүлнэ" гэж заасан. 2021 оны 05-р сарын 28-ны өдөр “У” ХХК-тай байгуулсан “Бараа материал нийлүүлэх” 0001-3 дугаарын гэрээ нь гэрээ дүгнэсэн акт, НӨАТ шивсэн баримт байхгүй ямар үнэтэй ямар бараа, материал хэдэн ширхэг нийлүүлсэн тухай мэдээлэл байхгүй хавсралтгүй тул шаардлага хангахгүй байна. 2021 оны 08-р сарын 21-ны өдөр “М” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” А-001 ТТ-2021-082 дугаарын гэрээ нь эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн туршлагын шаардлага хангахгүй байна. 2020 оны 11-р сарын 23-ны өдөр “Д” ХК-тай байгуулсан “Бараа материал нийлүүлэх” 0001 дугаарын гэрээ нь 2021, 2022, 2023 онуудын ижил төстэй бараа нийлүүлэлтийн гэрээнд хамрагдахгүй тул шаардлага хангахгүй байна. “З” ХХК-ийн ирүүлсэн 2021 оны 01-р сарын 02-ны өдөр “Э” ТӨХК-тай байгуулсан “Кабелийн гэмтэл тодорхойлох багаж нийлүүлэх” 49/2021 дугаарын 179,605,200.00 төгрөгийн гэрээ, 2021 оны 03-р сарын 22-ны өдөр “У” ХХК-тай байгуулсан “Бараа материал нийлүүлэх” 0001 дугаарын 107,900,000 төгрөгийн гэрээ ижил төстэй гэрээний шаардлага хангасан, бусад гэрээ нь хангаагүй байна. Шаардлага хангасан гэрээний нийт дүн 287,605,200.00 төгрөг, хангаагүй гэрээний нийт дүн 200,280,000,00 төгрөг болж байгаа тул ТШЗ 18.1-д заасан 2021, 2022, 2023 онуудын ижил төстэй бараа нийлүүлэлтийн нийлбэр нь тухайн төсөвт өртгийн 10 хувиас багагүй буюу 385,000.000.00 төгрөгөөс багагүй байх шаардлагыг хангахгүй байна.

2.7. ТШЗ 20.1-д Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх хэрэгтэй гэсэн. ТШЗ 20.1-2-д Санал болгож буй бараа материалын каталоги, танилцуулга, олон улсын чанарын стандартын шаардлага хангасан эсэхийг гэрчлэх гэрчилгээ, сертификатыг орчуулан баталгаажуулан ирүүлэх, сертификатуудын хугацаа хүчинтэй байна /Каталоги дээрээс санал болгож буй барааг ялган тодруулах./ гэж заасан. Санал болгож буй бараа материалын катологи, танилцуулга англи хэл дээрх эх хувийг ирүүлээгүй. Австри улсын Б компанид үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж гэдгийг бид ойлгож байгаа боловч гол үзүүлэлт болсон үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолт, танилцуулгыг ирүүлээгүй. Захиалагч “З” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг хэрхэн шалгаруулсан нь тодорхойгүй.

2.8. ТШЗ 20.1-3-т тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ болон хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх тухай баталгааг албан бичгээр ирүүлээгүй. ТШЗ 20.1-7-д захиалагч гэрээ байгуулах үед нийлүүлэх барааны техникийн нөхцөл болзлыг үл өөрчлөн техникийн тодорхойлолтод дурдсан барааны тоо ширхгийг 20 хувиар өөрчлөх эрхтэй бөгөөд энэхүү өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тухай албан мэдэгдэл ирүүлнэ. ТШЗ 20.1-9-д үйлдвэрлэгч, борлуулагч өмнө нь иж бүрэн лабораторийг Монгол улсад болон ижил эрс тэс уур амьсгалтай орнуудад нийлүүлж байсан туршлагын мэдээллийг ирүүлнэ гэж заасан боловч ирүүлээгүй. Эдгээрээс нэгтгэн авч үзвэл дээрх байдлаар илтэд хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг зөрчсөн тус компанийг сонгон шалгаруулсан гэдэг нь харагдаж байна.

2.9. Нэмэлтээр, анхан шатны шүүх техникийн шаардлага, үзүүлэлтийг тодорхой хянаж дүгнээгүй байдаг. Эдгээрээс дурдвал, зөөврийн лаборатори техникийн шаардлага дээр Кабелийн гэмтэл тодорхойлогч систем Макс импульсийн энерги 3000 Втс гэж заасан. Макс импульсийн энерги 3000 Втс гэж заасныг ирүүлээгүй нь шаардлага хангахгүй байна гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Манай компанийн хавсралтаар хүргүүлсэн үйлдвэрлэгчийн англи болон монгол хэл дээрх танилцуулга дээр энэ талаар маш тодорхой тайлбарласан, мэдээлсэн байгаа. Энэ мэдээлэл ирүүлээгүй гэж гаргасан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй буруу шийдвэр гэж үзэж байна. Оролтын импеданс 30 Ом-2 кОм гэж заасан. 20 Ом-5кОм гэж зөрүүтэй ирүүлсэн нь шаардлага хангахгүй байна гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Энэ багаж дээр Оролтын импеданс 30 Ом-2кОм гэсэн техникийн ямар нэгэн үзүүлэлт, тодорхойлолт байх ёсгүй. Энэ нь бусад компанийг тендерт оролцуулахгүй байх, оролцохоор нь тендерээс нь татгалзах гэсэн захиалагчийн хууль бус зохион байгуулалттай хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Удирдлагын блокийн техникийн үзүүлэлт дэлгэцийн хэмжээ 4.3 инч 480х272 пиксел гэж заасан. 4.3 инч 320х240 пиксел гэж зөрүүтэй ирүүлсэн нь шаардлага хангахгүй байна гэж үзсэн Захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Зөөврийн лабораторийн дэлгэц гэж байхгүй, зөөврийн лабораторид ашиглах багаж бүр дэлгэцтэй. Кабелийн гэмтлийг цэгчилж тодорхойлох багажийн удирдлагын блокийн дэлгэц нь манай компанийн хүргүүлсэн удирдлагын блокийн дэлгэцийн пиксэл нь харин илүү үзүүлэлттэй. Ардаа гэрэлтдэг, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүрэн хангасан. Явуулын лаборатори техникийн шаардлага дээр макс импульсийн энерги 3000 Втс гэж заасан. Макс импульсийн энерги 3000 Втс гэж заасныг ирүүлээгүй нь шаардлага хангахгүй байна гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй. Манай компанийн хүргүүлсэн STX-40 2000 багаж нь 3100 Ватт хүртэл макс импульсийн энерги гаргаж чадах бөгөөд энэ талаар тендерийн баримт бичигт маш тодорхой мэдээлэл хүргүүлсэн байдаг.

2.10. Анхан шатны шүүх "ҮНДЭСЛЭХ нь" хэсэгтээ “... Гэтэл тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д “бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн акт, гэрээ дүгнэсэн протокол холбогдох НӨАТ-ын шивсэн баримтыг ирүүлнэ” гэж заасан, уг тодруулгыг авснаар өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүйгээр байх тул тодруулга аваагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэсэн тайлбар, дүгнэлтийг өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. Анхан шатны шүүхийн хийсэн дээрх дүгнэлт дотор “... уг тодруулгыг авснаар өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүйгээр байх тул ...” гэж дүгнэлт өгсөн атлаа энэхүү дүгнэлтийнхээ эсрэг зөрчилдөөнтэй агуулгаар зэрэгцүүлэн “... тодруулга аваагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэх дүгнэлт хийсэн байгаагаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болохыг тодорхой харуулж байна.

2.11. Тодруулж хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар тодруулга авах боломжтой байсан, ийнхүү тодруулга авах нь өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхөөргүй байна гэдгийг шүүх өөрөө дүгнэсэн. Мөн “... тодруулга аваагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэх агуулга, тайлбарын гол үндэслэл нь юу болохоо тайлбарлаагүй, хэт хийсвэр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

2.12. Мөн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “Мөн захиалагчийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад зөөврийн болон явуулын лаборатори техникийн шаардлагад Макс импульсийн энерги 3000 Втс гэж заасан байхад нэхэмжлэгчээс 10,15 имп/мин гэж зөрүүтэй, оролтын импеданс 30 Ом-2 кОм гэж заасан байхад нэхэмжлэгчээс 20 Ом-5кОм гэж, удирдлагын блокийн дэлгэцийн хэмжээ 4,3 инч 480x272 пиксэл гэж заасан байхад нэхэмжлэгчээс 4,3 инч 320х240 пиксэл гэж тоног төхөөрөмжийг санал болгосон шүүх хуралдаан дэр шинжлэн судалсан нэхэмжлэгчийн тендерийн цахим баримтаар нотлогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгч техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа Б гэх үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмжид нийцүүлсэн гэх боловч уг асуудлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар захиалагчид, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус гомдол гаргаагүй байна. Нэгэнт захиалагчийн тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод гомдол гаргаагүй тул түүний шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг тендерт оролцогч нар санал болгох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс дээр дурдсанчлан үзүүлэлтээс доогуур бүтээгдэхүүн санал болгосон тул шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь Макс импульсийн энерги, оролтын импеданс, удирдлагын блокийн дэлгэцийн хэмжээг тус тус зөрүүтэй ирүүлсэн шаардлагад бүрэн нийцсэн тоног төхөөрөмж санал болгосон. Хариуцагч нь тендерийн тодорхойлолтоос зөрүүтэй гэж тайлбарлаж, харин анхан шатны шүүх нь “... үзүүлэлтээс доогуур бүтээгдэхүүн санал болгосон тул шаардлагад нийцээгүй гэж дүгнэн хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ” гэх дүгнэлтийг хийсэн нь агуулгын алдаатай үндэслэлгүй болсон байна.

2.13. Учир нь хариуцагч тендерийн тодорхойлолтоос зөрүүтэй гэх хэлбэр төдий тайлбар хийхээс илүүтэйгээр үзүүлэлт, чанарын хувьд доогуур бол шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэл болж болох ч чанар, үзүүлэлтийн хувьд илүү шаардлага хангасан байгаа тохиолдолд түүнийг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн санал болгосон тоног төхөөрөмж, түүний үзүүлэлт нь илүү сайн үзүүлэлт болох талаар шүүх хуралдаан дээр мэтгэлцээн болсон хэдий ч анхан шатны шүүх энэ талаар бүрэн дүүрэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Хариуцагч батлан тайлбарлаж чадаагүй бөгөөд зөвхөн өөрийн тодорхойлсон тендерийн тодорхойлолтын үзүүлэлтээс зөрүүтэй гэх хийсвэр тайлбарыг хийж чанар үзүүлэлт талаас нь доогуур үзүүлэлттэй гэж нотолж чадаагүй болно. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

2.14. Анхан шатны шүүх нь гуравдагч этгээдийн тендерийг шалгаруулсан талаар дараах хуульд нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Тодруулбал “гуравдагч этгээдээс ижил төстэй бараа нийлүүлэлттэй холбоотойгоор 5 хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг ирүүлснээс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “У” ХХК-тай байгуулсан 42,405,000 төгрөгийн гэрээ хавсралтгүй, гэрээ дүгнэсэн актгүй, мөн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “М” ХХК-тай байгуулсан 85,000,000 төгрөгийн гэрээ нь эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлсэн гэрээнд хамаарахгүй менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байна. Хэдийгээр гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “М” ХХК-тай байгуулсан бараа материал, ажил үйлчилгээ хүлээлцсэн актыг нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч уг баримтыг цахим баримтад хавсаргаагүй тул шүүх үнэлэх боломжгүй. Харин нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Д” ХК-тай байгуулсан гэрээний төлбөрийн баримт 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шивэгдсэн байх тул тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д заасан 2021, 2022, 2023 онуудын ижил төстэй бараа нийлүүлэлтийн нийлбэрт хамаарахаар байна. Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээдийн цахим баримтад хавсаргасан 5 хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнээс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “У” ХХК-тай, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “М” ХХК-тай байгуулсан гэрээнүүд шаардлагад нийцэхгүй, үлдэх гэрээний нийлбэр 360,480,200 төгрөг буй тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д заасан ижил төстэй бараа нийлүүлэлтийн нийлбэр нь тухайн төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх шаардлагад нийцэхгүй байгаа боловч уг үндэслэлээр гуравдагч этгээдийг шалгаруулсан тендерийн хорооны шийдвэр, мэдэгдэл, гэрээг тус тус хүчингүй болгуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тендерийн материал 5 зөрчилтэй, гуравдагч этгээдийн тендерийн материал 1 зөрчилтэй байх бөгөөд маргаан бүхий тендерийн тоног төхөөрөмжийн тодорхой хэсгийг худалдан авсан, угсралт хийсэн, гэрээний хугацаа дуусаж байх тул уг тендерт дахин үнэлгээ хийх нь эдийн засгийн болоод эрх зүйн ач холбогдолгүй байна. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс тухайн тендерт дахин үнэлгээ хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэсэн тайлбар, дүгнэлтийг хийсэн. Гэтэл анхан шатны шүүх өөрөө шаардлага хангахгүй тендерийг шалгаруулсан болохыг тогтоосон. Ийнхүү тогтоосон бол шүүх бусдад хууль бус давуу байдал үүсгэхгүйгээр хэргийг шударгаар шийдвэрлэх ёстой. Анхан шатны шүүх энэ бусармаг шийдвэрээр хууль ёс, шударга ёсыг уландаа гишгэж, хууль бус тендерийг өөгшүүлсэн үр дагаврыг үүсгэсэн.

2.15. Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоож шийдсэнээс гадна “З” ХХК нь тендерийн материалдаа аль улсад, ямар компанид үйлдвэрлэсэн, юунд зориулсан тоног төхөөрөмж гэдгийг харуулсан үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүний танилцуулга, техникийн тодорхойлолт бүхий англи хэл дээрх эх хувийг ирүүлээгүй байхад тендерт шалгаруулсан. Тендерт оролцогч нь гадны улс орны бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг санал болгохдоо заавал англи хэл дээрх эх хувь, түүнийг орчуулсан монгол хэл дээрх орчуулгын хамт хавсарган хүргүүлдэг. Гэтэл Захиалагч болох “У” ТӨХК-ийн тендерийн хороо нь өөрөө үйлдвэрлэсэн ч юм уу, өөрөө зохиогоод бичсэн ч юм уу, эдгээр техникийн тодорхойлолт нь зөв, буруу гэдгийг харьцуулан тодорхойлох боломжгүй, англи хэл дээрх эх хувь байхгүй тендерийн материалыг шалгаруулсан.

2.16. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ үндэслэлтэй шийдвэр гаргаагүй. Шүүх үндэслэлээ тайлбарлахдаа хэд хэдэн онцлог бүхий дүгнэлтийг өгсөн. Үүнд “Гэтэл тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д “бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн акт, гэрээ дүгнэсэн протокол холбогдох НӨАТ-ын шивсэн баримтыг ирүүлнэ” гэж заасан, уг тодруулгыг авснаар өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүйгээр байх тул тодруулга аваагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Хэдийгээр нэхэмжлэгчээс техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа Б гэх үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмжид нийцүүлсэн гэх боловч уг асуудлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар захиалагчид, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаа Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус гомдол гаргаагүй байна. Дээрхээс дүгнэвэл гуравдагч этгээдийн цахим баримтад хавсаргасан 5 хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнээс 2021 оны “У” ХХК-тай, 2021 оны “М” ХХК-тай байгуулсан гэрээнүүд шаардлагад нийцэхгүй, үлдэх гэрээний нийлбэр ... 10 хувиас багагүй байх шаардлагад нийцэхгүй байгаа боловч уг үндэслэлээр гуравдагч этгээдийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, мэдэгдэл, гэрээг тус тус хүчингүй болгуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тендерийн материал 5 зөрчилтэй, гуравдагч этгээдийн тендерийн материал нэг зөрчилтэй байх бөгөөд маргаан бүхий тендерийн тоног төхөөрөмжийн тодорхой хэсгийг худалдан авсан, угсралт хийсэн, гэрээний хугацаа дуусаж байх тул уг тендерт дахин үнэлгээ хийх нь эдийн засгийн болоод эрх зүйн ач холбогдолгүй байна. Ийнхүү шүүхийн дүгнэлт нь үндэслэл муутай, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан судалж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй байна.

3.2. “Тодруулга аваагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэх талаар, шүүгч үндэслэлдээ тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д “Бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн акт, гэрээ дүгнэсэн протокол холбогдох НӨАТ-ын шивсэн баримтыг ирүүлнэ” гэж заасан, уг тодруулгыг авснаар өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүйгээр байх тул тодруулга аваагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй хэмээн дүгнэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална", Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална", 5.1.3-д "санхүү. төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх", 5.1.5-д “хариуцлагатай байх” гэж заасан зарчмуудыг зөрчиж оролцогчийг сонгон шалгаруулсан. Эдгээр зарчмууд нь тендер шалгаруулалтын бүх үе шатад гарцаагүй гарцаагүй, хэлбэрэлтгүй хэрэгжих ёстой.

3.3. “С” ХХК-ийн тендерийн НӨАТ-ын баримтын үнэн, зөвийг шалгаж тогтоох бүрэн боломжтой нөхцөлд тендерээс татгалзсан атлаа үнэлгээний хороо “З” ХХК-ийн төлбөрийн болон НӨАТ-ын баримтгүй, гэрээ дүгнэсэн актгүй. ТШЗ-д заасан хугацаанд хамаарахгүй гэрээ, гүйцэтгэсэн ажлын туршлагыг тогтооход хамаарахгүй ажлыг тооцох хэмжээнд тендерт оролцогчдод тэгш бус, хэт нэг талыг барьсан, хариуцлагагүй, төсвийн зарцуулалтад үрэлгэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тэр тусмаа өрсөлдөөнд нөлөөлөхөөргүй учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг хэрэгжүүлэх боломжтой байтал хэт нэг талыг барьж, явцуу шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. 2 дахь тендер шалгаруулалтын өмнө НӨАТ-ын баримтаа өгч Сангийн яаманд гомдлоо гаргасан байдаг.

3.4. “Гомдол гаргаагүй байна” гэх талаар, “С” ХХК нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас зарласан Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх, шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээ худалдан авах УБЦТС 2024/0102243 дугаар тендерийн 2 дугаар багцад оролцож, холбогдох материалаа шаардлага хангуулан хүргүүлсэн. Гэвч УБЦТС ТӨХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэл ирүүлэхдээ НӨАТ шивсэн баримт ирүүлээгүй, мөн тендерийн баримт бичигт зааснаас техникийн тодорхойлолт зөрүүтэй ирүүлсэн гэх үндэслэлээр манай тендерийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Үүнтэй холбогдуулан Сангийн яамд гомдол гаргадаг ч огт үндэслэл дурдалгүй "үндэслэлтэй байна"  гэх тайлбарыг өгдөг. Мөн бид Тендерийн хороонд тендер шалгаруулалтын баримт бичигтэй холбогдуулан тодруулга, мэдэгдлийг өгч байсан нь хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан бичгээс тодорхой харагдана. Тендерийн хороонд гэсэн бичигт Австри улсын Б компанид үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийн техник үзүүлэлтүүдийг шууд хуулбарлан тавьсан талаар, манай компанийн тавьсан үзүүлэлтүүд энэ тендерийн баримт бичгийг хангасан талаар буюу хэрхэн давуу талтай болох талаар дурддаг ч энэ талаар хариу өгөөгүй.

3.5. Өөрөөр хэлбэл, захиалагчид тодруулга мэдэгдэл өгсөн, татгалзсан мэдэгдэл ирсний дараа ч Сангийн яамд бид асуудлын талаар гомдол гаргаж, нотлох баримттай үндэслэл бүхий хариултуудыг өгсөн боловч эдгээрийг огт авч хэлэлцээгүй. Бидний зүгээс тендерийн баримт бичигт заасан шаардлага, техникийн үзүүлэлтүүдийг бүрэн сайн хангасан гэж үзэж өнөөдрийг хүртэл маргаж байна.

3.6. Үлдэх гэрээний нийлбэр ... 10 хувиас багагүй байх шаардлагад нийцэхгүй байгаа боловч .... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тухайлан чадавхын болон туршлагын шаардлагыг хуульчилсан. Хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”  гэж заасан. Үүний дагууy харьцуулалтыг авч үзвэл,

Санхүүгийн чадавхын шаардлага хуульд 16 дугаар зүйлийн 16.2 Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно:, 16.2.1. харилцагч банкны мэдэгдэл;, 16.2.2. сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан; 16.2.3. сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл., 16.5. оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна. Тендерийн баримт бичигт 19. Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт, 19.1. Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 16.2, 16.4-т заасан баримт бичгээс сонгож өгөгдлийн хүснэгтэд заана. Оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэх үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацааг өгөгдлийн хүснэгтэд заана. Өгөгдлийн хүснэгт ТШЗ 18.1 Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага. Шаардлагатай 2021, 2022, 2023 онуудын ижил төстэй бараа нийлүүлэлтийн нийлбэр нь тухайн төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх шаардлагатай. Оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын шалгуур, үзүүлэлт, шаардлага: 1. Борлуулалтын орлогын хэмжээ 2021, 2022, 2023 онуудын борлуулалтын орлогын нийлбэр нь батлагдсан төсөвт өртгийн 20 болон түүнээс багагүй байна. ТШЗ 19.1 санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг шаардах эсэх Тийм 1. Тендерт оролцогчийн 2021, 2022, 2023 онуудын борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээр санхүүгийн тайланг ирүүлэх ба цахим системээр дамжуулан шалгана.

3.7. Техникийн чадавх болон туршлагын шаардлага 17.2. Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно, 17.2.1. ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт, 17.2.2. бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үзүүлэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт; 17.2.3. гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, 17.2.4. гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл;, 17.2.5. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт, загвар, дээж, 17.4. Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна. 20. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.2, 17.2.3, 17.2.4, 17.2.5-д заасан баримт бичгээс сонгож өгөгдлийн хүснэгтэд заана. Өгөгдлийн хүснэгт ТШЗ 20.1 Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх. Тийм 2021, 2022, 2023 онуудад ижил төрлийн бараа болон түүнтэй дүйцэхүйц эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлсэн туршлагыг харуулсан жагсаалтыг зааврын дагуу ирүүлнэ.

3.8. Дээрхээс үзэхэд хуульд санхүүгийн болон техник, туршлагын шаардлага (тендер шалгаруулалтын зааварчилгаанд тусгасан байна)-ыг тухайлан хуульчилж, эдгээр шаардлагыг тендерт “оролцогч хангасан байна” гэж хатуу тогтоож өгсөн байхад эдгээр шаардлагыг хангаагүй оролцогч байгууллагыг тендерт шалгаруулалтад сонгосныг зөвтгөж буй шүүхийн шийдвэр илтэд үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, “нэхэмжлэгчийн тендерийн материал 5 зөрчилтэй, гуравдагч этгээдийн тендерийн материал 1 зөрчилтэй байх” гэж тооны хувьд харьцуулан дүгнэж байгаа нь “шийдвэр хууль ёсны байх” шаардлагад нийцээгүй дүгнэлт болжээ. Хүснэгтийн дагуу авч үзвэл “З” ХХК нь хууль болон тендер шалгаруулалтын баримт бичигт заасан заасан аль аль шаардлагыг хангаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагддаг. Дурдвал, хавтаст хэргийн 217 дугаар талд авагдсан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №02 Тендерийн үнэлгээний хорооны нээлтийн хурлын тэмдэглэлд Ууганбаяр: Багц 1 дээр З ХХК ТШЗ 19.1 Тендерт оролцогчийн 2021, 2022, 2023 онуудын борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны мэдээллийн системээр санхүүгийн тайланг ирүүлэх ба цахим системээр дамжуулан шалгана гэж заасан боловч тендер нээсэн өдөр санхүүгийн тайлан татагдаагүй. Баярсайхан: Систем дээр санхүүгийн тайлан татагдахгүй байвал ирүүлээгүйд тооцох саналтай байна. Оргил: Систем дээр санхүүгийн тайлан татагдахгүй байвал ирүүлээгүйд тооцох саналтай байна. 218 дугаар талд Баярсайхан: Багц 1-ийн оролцогчийн материалтай танилцлаа. “З” ХХК- ийн санхүүгийн тайлан татагдахгүй байгаа нь шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. З ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах саналтай байна. Үргэлжлүүлээд Багц 2-ийн материалаа ярилцаад явъя. 219 дүгээр талд Ууганбаяр: “З” ХХК Багц 1-тэй ижилхэн Тендерт оролцогчийн 2021, 2022, 2023 онуудын борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны мэдээллийн системээр санхүүгийн тайланг ирүүлэх ба цахим системээр дамжуулан шалгана гэж заасан боловч тендер нээсэн өдөр санхүүгийн тайлан татагдаагүй.Баярсайхан: Харин З ХХК-ийн санхүүгийн тайлан дээр Багц 1 дээр хэлсэнчлэн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. О: Харин “З” ХХК-ийн санхүүгийн тайлан дээр Багц 1 дээр хэлсэнчлэн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Хорооны хурлын тэмдэглэлээс үзвэл “З” ХХК-ийг шалгаруулах саналтай байна, шаардлага хангаж байна гэж дурддаг ч үндэслэлээ огт тайлбарладаггүй, шаардлага хангаагүй, санхүүгийн тайлан татагдаагүй нөхцөл байдал бодитой яригдаж байхад (энэ нь татгалзах хангалттай үндэслэл бүхий атал) энэ талаар огт дүгнэлт өгөлгүй тус компанийг шалгаруулсан байдаг. Энэ нь хороо тус тендер шалгаруулалтыг явуулахдаа хууль зөрчиж “З” ХХК-ийг шалгаруулсан гэдгийг хангалттай нотолж байна.

3.9. Шүүх ч шийдвэртээ үүнийг баталгаажуулж “гэрээнүүд шаардлагад нийцэхгүй, үлдэх гэрээний нийлбэр... 10 хувиас багагүй байх шаардлагад нийцэхгүй байгаа боловч хэмээн дүгнэдэг боловч “гуравдагч этгээдийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, мэдэгдэл, гэрээг тус тус хүчингүй болгуулах боломжгүй” гэж буй нь өөрөө хуулиас давсан, хууль зөрчсөн дүгнэлт болно. Мөн шүүх “маргаан бүхий тендерийн тоног төхөөрөмжийн тодорхой хэсгийг худалдан авсан, угсралт хийсэн, гэрээний хугацаа дуусаж байх тул уг тендерт дахин үнэлгээ хийх нь эдийн засгийн болоод эрх зүйн ач холбогдолгүй байна” гэж дурддаг. Гэтэл хэрэгт тендерийн тоног төхөөрөмж худалдан авсан гэх, угсралт хийсэн гэх баримт огт авагдаагүй. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад аман байдлаар хэлснийг шууд бодитоор болсон мэтээр дүгнэж буй нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Энэ нь маргаан бүхий Тендерийн үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн мэдэгдэл, гэрээг хянуулахад харгалзах үндэслэл болох ёсгүй. Манай компанийн техникийн тодорхойлолт захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулахад зөрүүтэй байгаа нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй, доогуур үзүүлэлт гэсэн үг биш юм. Бид зөрүүтэй буйгаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь давуу талтай, сүүлийн үеийн технологи, шаардлагыг бүрэн хангасан үзүүлэлт гэж үзээд санал болгож буй гэдгээ өнөөдрийг хүртэл дурдаж байгаа.

3.10. Гэтэл шүүх энэхүү зөрүүтэй явдлыг “нэгэнт захиалагчийн тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод гомдол гаргаагүй тул (дээр дурдсанчлан тодруулга мэдэгдэл өгч байсан, гэхдээ манай үзүүлэлт дордоогүй, хангасан гэдгээ илэрхийлсээр байгаа болно) нэхэмжлэгчээс дээр дурдсанчлан үзүүлэлтээс доогуур бүтээгдэхүүн санал болгосон тул шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ" гэж буй нь үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Техникийн тодорхойлолтод тодорхой нэг аж ахуй эрхлэгчийн бараа, үйлчилгээний худалдааны нэр, патент, түүнийг эзэмшигч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эсхүл үйлдвэрлэлийн арга, гарал үүслийг тухайлан заахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

3.11. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т техникийн шаардлагыг тодорхойлсон мэргэжилтэн/ Б компанийн техникийн үзүүлэлтийг жишээ болгосон, яагаад гэвэл тэр тоноглолыг бид хамгийн сайн мэддэг, өөр жиших тоноглол бидэнд байгаагүй. Бидэнд байгаа тоноглолууд схем заавартайгаа ирдэг тул мэдээлэл нь өргөн хэмжээнд байдаг. Бусад тоноглолуудын үзүүлэлтийг интернэтээс ерөнхий харж байгаа тул бид нар нарийвчлан авч үзэх хүндрэлтэй. Тийм учраас Б компанийн багажийг /үзүүлэлтийг/ бариад явчихсан гэсэн үг. Манайх 18 жилийн дараа Б авч байгаа. Түүнээс өмнө 2, 3 Б компанийн лабораториуд байгаа. Манай инженерүүд 18 жил тус лабораторид ажилласан. Түүнтэй дүйцүүлээд ажлын болон өөрийнхөө мэдлэг ур чадварт үндэслэн /техникийн шаардлагыг боловсруулж байгаа. Манайх өөрсдийнхөө мэддэг инженерүүд судлаад ажиллаж байгаа учраас тэгж оруулсан” гэх тайлбарыг хэлсэн.

3.12. Хариуцагч “Дэлгэцийн хэмжээ болон пикселийг дунджилж техникийн баримт бичигт заасан” гэж хэлдэг боловч ямар нэгэн интервальгүй тодорхой хэмжээ тавьсныг баримтаас харж болно. Энэ шаардлагад тэнцэх багаж зөвхөн Б компанийн багаж байх бөгөөд өрсөлдөх тэгш боломжтой байх зарчим зөрчигдсөн байна. “С” ХХК-ийг бүдрүүлж буй дэлгэцийн үзүүлэлт нь багажийн чанар, үзүүлэлт, үр дүнд огт нөлөөлөхгүй болохыг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл захиалагч болон тендерийн үнэлгээ хорооноос зөвхөн нэг бараа, бүтээгдэхүүний чанар, үр дүнд хамаарахгүй онцлог шинжээр /өнгө, масс, хэлбэр, дэлгэцийн үзүүлэлт гэх мэт/ техникийн үзүүлэлтийг тогтоох замаар хууль бус шалгаруулалт явуулах боломжтой байх жишгийг шүүхийн шийдвэрээр тогтоолоо. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д "үр нөлөөтэй байх", 4.2.5-3 "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчимд нийцэхгүй байна.

3.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “техникийн тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох боломжгүй бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг дурдсаны үндсэн дээр зөвхөн тухайн бараанд холбогдуулан энэ зүйлийн 12.4-т заасан шаардлага, нөхцөлийг тавьж болох бөгөөд энэ тохиолдолд "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэнэ” гэж хуульд заасан. “З” ХХК нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 18.1-д “Хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: Лабораторийн засвар үйлчилгээ тохируулга хариуцсан мэргэжлийн боловсон хүчинтэй байх ба тухайн хүн нь үйлдвэрлэгчээс итгэмжлэгдсэн сертификаттай байх. Тендерт оролцогчийн үндсэн ажилтны мэдээллийг тендерт мөн хавсарган ирүүлнэ" гэж заасан хүний нөөцийн шаардлагыг хангаагүй. Тус компанийн инженер В.Анхбаярт олгосон сертификатад “... манай бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, сургалтад амжилттай оролцсон” гэсэн нь худалдааны зөвлөх, тоног төхөөрөмжийн танилцуулга хийх хэмжээнд сургалтад хамрагдсаныг л гэрчилж байна.

3.14. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1- д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж зааснаар төрийн худалдан авах ажиллагааны гол дүрэм бол үнийн өрсөлдөөн байдаг. Тендерт шалгарсан “З” ХХК нь Кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээний тендерийн 310,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй 1 дүгээр багцад 310,000,000 төгрөгийн үнэ өгч, 3,850,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй 2 дугаар багцад 3,850,000,000 төгрөгийн үнийг өгсөн нь хэдийн энэ тендерт шалгарахаа мэдэж байсан гэж хардахаар байна. Анх гомдол гаргаснаас эхлэн өнөөдрийг хүртэл манай үзүүлэлт техникийн баримт бичгээс доогуур гэдэг талаар огт яригдаж байгаагүй, зөрүүтэй л гэх тайлбар өгдгөөс доогуур үзүүлэлт гэдгийг тогтоосон үндэслэл, дүгнэлт, тайлбар байдаггүй, багажуудын онцлог, инновац, технологийн шинэ шийдэл, ялгарлыг тендерт оролцогчдыг бүдрүүлэх үндэслэл болгож байгаад гомдолтой байна.

3.15. Шүүхээс нэхэмжлэгчийн тендерийн материал 5 зөрчилтэй, гуравдагч этгээдийн тендерийн материал 1 зөрчилтэй гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн маргасан зарим үндэслэл огт дүгнэлт хийгээгүй. “З” ХХК-ийн санхүүгийн тайлан татагдаагүй байсан, 3 жилд гүйцэтгэсэн ажлын нотолсон гэрээнүүд нь санхүүгийн болон туршлагын шаардлагыг аль алиныг хангаагүй, В.Анхбаяр инженерийн мэргэшсэн байдал ТШЗ-д заасан шаардлагыг хангаагүй талаарх үндэслэлд дүгнэлт хийсэнгүй. Мөн нэхэмжлэгчээс тайлбарлаж байгаа техникийн шаардлагуудаа хангаж байгаа талаарх тайлбар, үндэслэлийг дүгнээгүй. Жоуль, ватс гэх нэгжүүд агуулгын хувьд ижил, ТШЗ-д заасан 30ом-5 кОм гэж зааснаас илүү өргөн хэмжээний 20ом-5кОм гэж үзүүлэлттэй байгаа нь давуу тал байхад татгалзах үндэслэлд тооцсон.

3.16. Мөн “Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс тухайн тендерт дахин үнэлгээ хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэх дүгнэлт ойлгомжгүй. Хэрэв энэ шаардлагыг гаргасан бол дахин үнэлгээ хийлгэх шийдвэр гарах боломжтой байсан мэтээр, ийнхүү шаардлагаа тодорхойлоогүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож байгаа агуулгыг бичжээ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах буюу Үнэлгээний хорооны зөвлөмж, Захиалагчийн мэдэгдэл, гэрээг хүчингүй болгосноор тендерийг дахин үнэлэх үр дагаврыг бий болгох хууль зүйн боломжтой. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор, 100 хувийн үр дүнг хүсэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байхад /шүүх нэхэмжлэгчийн тендерийг шалгаруулахыг даалгаж шийдвэрлэдэг практик байдаг/ энэхүү дүгнэлтээрээ өөрийнхөө шийдвэрийг үгүйсгэсэн логикийн алдаатай дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл “ер нь бол хариуцагчийн үйл ажиллагаа алдаатай байжээ, шийдвэрүүдийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах боломж байсан ч нэхэмжлэгч дахин үнэлгээ хийхийг даалгах шаардлага гаргаагүй тул ийнхүү шийдвэр гаргалаа” гэх санааг шийдвэрийнхээ төгсгөлд оруулжээ. Эс бөгөөс “Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс тухайн тендерт дахин үнэлгээ хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэж шийдвэрт дурдах шалтгаан байхгүй. Энэхүү өгүүлбэрээрээ Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн мэдэгдэл, гэрээ хууль бус гэдгийг шүүхээс зөвшөөрчээ. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

            2. Нэхэмжлэгч “С” ХХК-аас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, тус газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “кабелийн гэмтэл тодорхойлох, оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээ хийх явуулын иж бүрэн лаборатори, багаж, засвар үйлчилгээ” худалдан авах УБЦТС/20240102243 дугаарын тендерийг үнэлсэн шийдвэр /зөвлөмж/-ийг хүчингүй болгуулах, уг тендерт “З” ХХК-ийн тендерийг шалгаруулсан мэдэгдэл, гэрээг тус тус хүчингүй болгуулах, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/67 дугаар дугаар тендерээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, "С" ХХК-ийн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            3. Анхан шатны шүүх “... захиалагчийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад зөөврийн болон явуулын лаборатори техникийн шаардлагад Макс импульсийн энерги 3000 Втс гэж заасан байхад нэхэмжлэгчээс 10,15 имп/мин гэж зөрүүтэй, оролтын импеданс 30 Ом-2кОм гэж заасан байхад нэхэмжлэгчээс 20 Ом-5кОм гэж, удирдлагын блокийн дэлгэцийн хэмжээ 4,3 инч 480х272 пиксэл гэж заасан байхад нэхэмжлэгчээс 4,3 инч 320х240 пиксэл гэж тоног төхөөрөмжийг санал болгосон шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нэхэмжлэгчийн тендерийн цахим баримтаар нотлогдож байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд “ НӨАТ-ын баримтын талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Тендерийн хууль гэх/ 25 дугаар зүйлд заасны дагуу тодруулга аваагүй ...” гэжээ.

            а/ Нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1-д “... НӨАТ шивсэн баримтыг ирүүлнэ” гэж заасан байхад НӨАТ-ын баримтыг тендертээ ирүүлээгүй, энэ талаар маргаагүй.

            Тендерийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.” гэж заажээ.

Тендерийн баримт бичигт “ирүүлэх”-ийг тодорхой заасан баримтыг тендерт оролцогчоос “ирүүлээгүй”-г  дээрх хуулийн тодруулга авч болох “тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудал” гэдэгт хамааруулахааргүй байна. Учир нь энэ тохиолдолд ямар нэгэн эргэлзээ төрөхүйц тодорхойгүй, зөрчилдөөнтэй үйл баримт болоогүй, ийм асуудал үүсээгүй, тодорхой илүүлэхийг шаардсан баримтыг ирүүлээгүй нь тодорхой байна. Харин тодорхой асуудлаар тодруулга шаардсан тохиолдолд “өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх буюу тухайн этгээдэд давуу байдал бий болгосон” гэж үзэхэд хүргэх тул хариуцагчийг уг асуудлаар нэхэмжлэгчээс тодруулга аваагүй гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байх тул гомдол үндэслэлгүй.

б/ Мөн тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолтын “… Макс импульсийн энерги 3000 Втс” гэж заасан байхад нэхэмжлэгч нь “10, 15 имп/мин” гэж ирүүлсэн нь хэрэгт авагдсан цахимаар ирүүлсэн тендерийн материалаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь энэ талаар техникийн тодорхойлолт нь энэ үзүүлэлтийг эргэлзээтэй заасан, урдах хуудсанд 2000 жоуль гэж бичсэн байсан” гэх боловч “2000 жоуль” гэсэн нь “Импульсын рефлектометр IRG 400-н техникийн нарийвчилсан үзүүлэлт” гэх хоёр өөр үзүүлэлт байх тул уг гомдлыг хангах үндэслэлгүй байна.

в/ Техникийн тодорхойлолтын “Оролтын импеданс 30 Ом-2кОм” гэснийг нэхэмжлэгч нь “20 Ом-5кОм 20 гэж, Дэлгэцийн хэмжээ “480 х 272 пиксел” гэснийг “320 х 240 пиксел” гэж тус тус зөрүүтэй, буюу шаардсан үзүүлэлтээс бага байсан нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь “… Оролтын импеданс гэх үзүүлэлт угаасаа байх ёсгүй, манайх ийм тендерт урьд нь оролцож байсан…, ер нь баримт бичгийн шаардлагууд нь “Б” компанийн төхөөрөмжид таарахаар байсан  …” гэх зэргээр тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Тендер шалгаруулалтын баримт бичиг,  техникийн тодорхойлолтыг буруу, эсвэл нэг  этгээд зориулж тодорхойлсон гэж үзвэл Тендерийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.” гэж заасны дагуу тодруулах боломжтой атал тодруулаагүй, шалгаруулалтад тендерээ бэлтгэж оролцсон байх тул хариуцагчийг “техникийн тодорхойлолтоо буруу гаргасан, зөвхөн нэг этгээдэд зориулж гаргасан” гэж үзэх үндэслэлгүй.

 5. Нэхэмжлэгч нь дээрх үндэслэлүүдээр Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;” гэж заасан шаардлагыг хангаагүй байх тул Үнэлгээний хороо болон захиалагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн тендерээс нь татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Тендерийг хянан үзэх шатанд тендерээс татгалзсан тохиолдолд үнэлгээ хийж үнийг харьцуулах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн “хамгийн бага үнэ буюу 960 сая төгрөгийн зөрүүтэй үнэ санал болгосныг хариуцагч нар харгалзаагүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

6. Нэгэнт нэхэмжлэгч нь  хянан үзэх шатнаас “Шаардлагад нийцээгүй” тендер ирүүлсэнтэй холбоотой хариуцагч нарын татгалзсан шийдвэр хууль зөрчөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн бусад шаардлага болох гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, байгуулсан гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “… нэхэмжлэгчийг “хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгаруулахыг даалгах” нэхэмжлэл хэрэгсэхгүй болж болох боловч нэхэмжлэгч нь тендерийг дахин үнэлүүлэх эрхтэй гэж үзэж байна” гэснийг хүлээж авах боломжгүй. Учир нь нэхэмжлэгчийн тендерийг дахин үнэлсэн ч “Шаардлагад нийцээгүй” гэх тендерээс татгалзсан үндэслэл өөрчлөгдөхөөргүй байна.

8. Мөн давж заалдах гомдолд “гуравдагч этгээдийн “… ижил төстэй бараа нийлүүлэлтийн нийлбэр төсөвт өртгийн 10 хувиас багагүй байх шаардлагад нийцэхгүй” гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хангаагүй нь “хууль бус, бусармаг, шударга бус тендерийг өөгшүүлсэн явдал болсон” гэж давж заалдах гомдол гаргасан боловч захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж заасан акт, гэрээг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл буюу хууль бус акт, гэрээний улмаас “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэх нөхцөл хангагдаагүй байхад нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А, өмгөөлөгч Б.М, Л.Н нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

           

                                   

 

                        ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

 

 

                        ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

 

 

                        ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ