Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 03

 

 Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч З.Нандинцэцэг даргалж, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа , улсын яллагч Д.*******, шүүгдэгч У.*******, хохирогчС.*******, гэрч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.*******д холбогдох 201613000135 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1982 оны 08 дугаар сарын 27-нд Завхан аймгийн ******* сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн тоот хаягт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овгийн ийн *******, Регистрийн дугаар: ,

Шүүгдэгч У.******* нь төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

У.*******д холбогдох 201613000135 дугаарын эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт хамааралтай гэж үнэлж хэргийг шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч овогт ийн ******* нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* сумын  ******* багийн ын хэсэг тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Д.*******тай маргалдаж улмаар ширээн дээр байсан тавгийн идээгээ татаж унагааж хэрүүл маргаан үүсгэсэн байдлыг таслан зогсоох зорилгоор Д.******* цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нь Захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрч Д.*******ын мэдүүлгээр тогтоогдож байна.
Дээрх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагч С.*******, С. нар очиж У.*******д цагдаагийн байгууллага руу хамт явах шаардлагыг тавьсан боловч У.******* “ цагдаагийн байгууллагад очихгүй “ гэж эсэргүүцэж байсан учир С.******* нэмэлт хүч дуудсан ба тэрээр У.*******д нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гав хэрэглэх үед шүүгдэгч гараараа С.*******гийн нүүрэнд цохисон үйл баримт нь  хохирогч С.*******гийн “...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр .... 19 цаг 28 минутанд дугаарын утсаар ******* гэдэг иргэн мэдээлэхдээ “Манай хүргэн намайг хэл амаар доромжлоод байна” гэсэн дуудлага, мэдээлэл ирүүлснээр би жижүүрийн жолооч, дэд ахлагч Г.ийн хамт ******* багийн нутаг дэвсгэрт байх дуудлага өгсөн газар хаягаар нь очсон. Хаягаар очиход ... ******* гэх хүн .... Манай хүргэн гэх хүн алж хядах нь хамаг юмаа эвдэж сүйтгээд идээ будаагаа аваад шидчих лээ, та нар тэр байдлыг нь орж хар, би охиныгоо ингэж доромжлуулаад байж чадахгүй, манай охиныг байнга зоддог, энэ хүн их танхай авиртай, нэг л өдөр миний охин энэ хүний гарт үрэгдэх юм байна гэж хэлж байсан. Тэгээд гэрт нь ороход гэрийнхээ тавагтай идээ будааг тараагаад шидчихсэн. Эхнэр нь гэх хүн тэрнийг нь цэвэрлээд байж байсан. ... дуудлага өгсөн ******* гэдэг хүн та нар энэ хүнийг аваад яваач гээд шаардаад байсан. ******* гэх хүнийг би гараад уулзъя, ярилцъя гэхээр шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгээд нэг удаа гэрээс гарахаар нь би тухайн хүнийг архи согтууруулах ундаа уусан нь гайгүй, мэдэгдэхгүй байхаар нь зөрчлийг газар дээр нь шийдье гэж бодоод юу болоод байгаа юм, яасан юм гэсэн чинь би яагаа ч үгүй, чи зүгээр байгаа хүнийг авч явдаг юм уу, би чамайг яаж яваад цагдаа болсныг чинь мэднэ, чи яахаараа намайг дандаа эрүүлжүүлж байдаг юм, хэн ч цагдаа болдог юм ш дээ, ерөөсөө би явах ямар шаардлагатай юм, би явахгүй, намайг авч явах гэж байгаа бол гэрт байгаа хүмүүсийг бүгдийг нь аваад яв, би гэртээ зүгээр сууж байсан хүн гээд гэртээ ороод зүүн талынхаа орон дээр суучихсан. Тэгэхээр нь би чи хэрэг хийгээгүй юм бол цагдаагийн байгууллага дээр очиж учраа ол гэхээр тэгвэл чи энэ хүмүүстэй хамт бүгдийг нь аваад яв гээд явахгүй байсан. Тэгэхээр нь би жижүүр лүү утсаар залгаад оройн эргүүл ирсэн үү, ирсэн бол наашаа явуул, энэ хүн надад хүчрэгдэхгүй юм байна гэж хэлсэн. Тэгэхэд жижүүрээс оройн эргүүлүүд гарах болоогүй байна. Жолооч дэд ахлагч эргүүлд гарах гээд ирсэн байна гэсэн. Тэгэхээр нь дэд ахлагч г наашаа тусгай хэрэгсэлтэй нь явуулаадахаач  гэж хэлсэн. Тэгээд г иртэл би гэрийнх нь гадаа үүднийх нь ойролцоо зогсож байсан. Жолооч дэд ахлагч цуг хашаанд зогсож байсан. Тэгээд байж байхад дэд ахлагч г ирэхээр нь тусгай хэрэгсэл байна уу? гэхэд гав байна гэсэн. Тэгэхээр нь би гийн гавыг аваад гэрт нь ороод та цагдаа дээр очиж наад асуудлаа шийдүүлээ гэсэн чинь ******* аяга ус уумаар байна, хувцасаа солимоор байна, хоол идмээр байна гээд янз бүрийн шалтаг хэлээд байгаад байсан. Мөн би энэ даахиа авахуулсан хүүхдээ аваад явна гэхээр нь би чи цагдаагийн байгууллага дээр очих гэж байж энэ жаахан хүүхдийг авч явж яах гээд байгаа юм гэсэн чинь тэгнэ, би хүүхдээ аваад явна, хүүхдээ авч явах нь миний дур гээд байсан. Тэгээд явъя гэхээр  явахгүй гэрийнхээ баруун талын орны урд талд сандал дээр суугаад босохгүй байхаар нь би очоод зүүн гараараа баруун гарнаас нь барьж аваад баруун гартаа байсан гаваар гарыг нь гавалсан. Тэгэхэд ******* гаваа мулталж авах гээд баруун гараа  толгойнхоо ар луу татсан. Тэр үед нь би доошоо тонгойсон байсан учир ******* гав зүүсэн баруун гараараа миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Гараараа л цохисон юм. Гавны хэсгээр цохиогүй. Тэр үед нь би гавныхаа нэг талыг барьчихсан тавиагүй байсан юм. Тэгээд би зүүн гарыг нь гавлах гэтэл хүчрэгдэхгүй байсан. Би гарыг нь ард нь өчих гэтэл бас хүчрэгдээгүй. Тэгээд дэд ахлагч , дэд ахлагч нартай хамт *******г барьж аваад би футболкоор нь хоолойг нь боож орон дээр нь дарж унагааж байгаад гарыг нь ард нь гавалсан...” гэсэн мэдүүлгээр, У.*******г саатуулах үед хамт байсан гэрч С.гийн “...Тэр өдөр ... жижүүрээс Шинэ хорооны дуудлаганд явсан байгаа дэслэгч  *******, жолооч дэд ахлагч нарын тэнд тусгай хэрэгсэлтэйгээ яваад очоодох гэж хэлсэн. Тэгээд би ...дэд ахлагч ы хамт тухайн газар нь очсон. Очиход нэг танихгүй залуу гэртээ *******гийн өмнөөс өнөөдөр хүүхдийн даахь үргээж байна. Цагдаа руу явж чадахгүй, явбал эхнэртэйгээ цуг цагдаа руу явна гээд ******* дэслэгч та ганцаараа явж очоод асуудлаа шийдүүл гээд  маргалдаад байж байсан. Тэгээд тэр явахгүй байхаар нь ******* надаас тусгай хэрэгсэл болох гав аваад тэр залууг гавлах гээд баруун гарт нь гав хийсэн чинь тэр залуу нөгөө гараа гавлуулахгүй гээд гараа урдаа хойноо гаргаад бултуулаад ерөөсөө гавлуулахгүй эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь бид хоёр *******тэй хамжиж тэр залууг зүүн талын орон дээр нь дарж байж зүүн талын гарыг нь гавлаад гэрээс авч гарч машинд суулгаад цагдаагийн газар авч ирж саатуулсан. ...Тэр залууг гавлах үед тэр залуу гавлуулахгүй гээд эсэргүүцээд байсан. Тэр үедээ л *******гийн нүдийг цохисон байх. ...зүүн талын нүдээ харуулсан чинь нүднийх нь гадна хэсэгт бага зэрэг хөхөрчихсөн харагдсан. ...Тэр залууг гавлахаас өмнө *******гийн нүд зүгээр л харагдаж байсан. ...Тэгээд л дэслэгч ******* та хэрүүл маргаан үүсгэсэн байна, цагдаагийн байгууллага дээр очиж асуудлаа шийдүүл гээд авч явах гэсэн юм. Тэгээд явъя гэхээр явахгүй гээд байхаар нь гавлаж авч явах гэтэл эсэргүүцээд гавлуулахгүй байсан юм” гэсэн мэдүүлгээр, гэрч Г.ийн “......Дуудлагын газар очиход ******* нь тавагтай идээгээ цацаж асгасан байдалтай хадам ээжтэйгээ хэрэлдээд байж байсан. ...Та нар энэ хүнээ авч яв, авч явахгүй бол наадах хүн чинь надтай таарахгүй, алчих байх гэсэн утгатай зүйл хэлээд байсан. ******* тэр хоёр хүнд одоо энд хэрүүл маргаан хийгээд яахав, асуудлаа цагдаагийн байгууллага дээр очоод шийдүүлчих. Цагдаагийн газар очиж тайлбар өгчих гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар луу явъя гэсэн чинь ******* гэх тэр хүн би явахгүй, чи намайг урд нь нэг удаа эрүүлжүүлж байсан гээд хөдлөхгүй байсан. ...Чи цагдаагийн газар очоод наад асуудлаа шийдүүлчих, тийшээ хүүхэд авч яваад яахав гэж хэлсэн. Тэгээд ******* тэр залууг гаръя гэж хэлээд цуг гэрээс гарсан. Гараад цагдаагийнхаа фургон машины хойд талын зааланд нь *******, ******* нар суусан. Би машиныхаа урд жолооныхоо хүрдний ард суусан. Тэгээд би явах гэтэл *******гийн эхнэр машинд араас нь орж суусан. Хадам ээж нь машины гадаа байсан. Тэгээд *******гийн эхнэр машин дотор суучихаар нь ******* эхнэрт нь та үлд, зөрчил гаргасан хүн, дуудлага өгсөн хүнийг нь л цагдаагийн газар луу цуг авч явна гэж хэлсэн. Тэгсэн чинь эхнэр нь *******г өгч явуулмааргүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* та дуудлага өгөөгүй. Дуудлага өгсөн хүн нь гомдолтой гээд байгаа учир бид нар Цагдаагийн байгууллага дээр очиж асуудлыг шийднэ, тайлбар авна гэж хэлсэн. ******* би эхнэр хүүхэдтэйгээ явна, чи намайг дандаа авч явдаг гээд байсан. Би урагшаа хараад машинаа асаагаад хөдлөх гээд байж байсан. ...Машины арын зааланд ******* наад хөлөө буулга, өмд шороо болоод байна гэж хэлсэн чинь ******* нь суудгаараа сууж байна гэж хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд ******* нь чи намайг цохилоо барилаа гээд байсан. Яг цохихыг нь хараагүй. Намайг цохилоо гэхээр нь  эргээд харсан чинь ******* би гэртээ орж хувцасаа өмслөө гээд гэр лүүгээ орсон. ******* араас нь буугаад явсан. Би тэгэхээр нь машинаа унтраагаад араас нь орсон чинь ******* гэрийнхээ зүүн талын орон дээр суучихсан байсан. Тэгээд би явахгүй, би архи дарс уусан биш, яахаараа би явдаг юм гээд суугаад байсан. Тэгэхээр нь чи өөрөө явахгүй бол хүч хэрэглэж авч явна шүү, тусгай хэрэгсэл хэрэглэж авч явна шүү гэж сануулж хэлсэн чинь тэгээ тэг гэж ******* хэлсэн. Тэгээд ******* өөрөө жижүүр лүү ярьж нэмэгдлээр цагдаа явуул гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь удаагүй цагдаа жолооч, ахлагч , дэд ахлагч нар ирсэн. гав авч ирсэн. Тэгээд *******д за явъя гэж хэлсэн чинь ******* би явахгүй гэсэн. Тэгэхээр нь гав хэрэглэж авч явна шүү гэсэн чинь тэгээ тэг гээд хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь ******* чи шаардлага тавиад байхад яагаад явахгүй байгаа юм гээд ******* гарнаас нь татсан чинь ******* явахгүй гээд гараа угз татаад авсан. Тэгсэн чинь ******* гаваа гаргаад ир гээд гаваа гаргаж өгсөн чинь ******* баруун гарыг нь гавлаад  нөгөө гарыг нь гавлах гээд дийлэхгүй байсан. Тэгээд би бид хоёр хажууд нь байсан учир *******гийн зүүн, баруун гарыг нь барьж авсан. Тэр үед ******* гавлуулахгүй гээд гараа савчаад эсэргүүцээд байсан. Орон дээр нь дарж байж нөгөө гарыг нь гавалсан. ...Мэдэхгүй дарж байгаад л гавалсан. Хоолойг нь боосон үгүйг мэдэхгүй. Би боогоогүй. Орон дээр дарж унагаахад гавлуулахгүй гэж хэсэг эсэргүүцсэн. Гавлаад л босгож ирээд гэрээс авч машинд суулгасан. ...******* *******г яг цохиж байхыг нь би хараагүй. Гавлах гэж ноцолдож байх үед л цохиулсан байх. ...*******г гавлахаас өмнө *******гийн биед учирсан гэмтэл шарх байхгүй байсан. *******г гавлаад аваад гарч байхад ******* намайг цохьчихлоо гэж хэлж байсан. ..” гэсэн мэдүүлэг болон гэрч Б., Г. нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч У.******* хохирогч С.*******гийн нүүрэнд цохисон үйлдлийн улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн  “ ... С.*******гийн зүүн талын ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхи болон салстын дор цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэсэн 201620087 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “ Шинжээч 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг болохоос өмнөх үеийн үзлэгийг үндэслэсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй “ гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй байна. 
Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэнд “Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмчийн 2016.08.20-ны үзлэгт...” гэж бичсэн байгаа боловч нүдний эмч Б. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр С.*******гийн нүдэнд үзлэг хийж тодорхойлолт гаргасан нь хэрэгт эх хувиараа авагдсан учир шинжээчийн дүгнэлтэнд үзлэг хийсэн сарыг ташаарч бичсэн гэж үзэх үндэстэй байна.
Шинжээч С.*******гийн биед өөрийн биеэр үзлэг хийж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн толгойн томографикийн шинжилгээг үндэслэж дүгнэлт гаргасан учир шинжээчийн 
Мөн нүдний эмч Б. 9 дүгээр сарын 20-ны өдөр С.*******гийн нүдэнд үзлэг хийж  тодорхойлолт гаргаж өгсөн эх хувь хэрэгт авагдсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийн тодорхойлох хэсэгт дээрх тодорхойлолтын он сар өдрийг ташаарч бичсэн байна. Иймд шинжээчийн 201620087 дугаартай дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үнэллээ.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 222.4.1.б-д зааснаар цагдаагийн алба хаагч нь ... захиргааны зөрчил үйлдсэн болон үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа мэдээлэл авмагц таслан зогсоох, хор хохирол гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг шуурхай авах, ... зөрчилд сэрдэгдсэн этгээдийг олж тогтоох, албадан саатуулах, баривчлах, шаардлагатай тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх эрхтэй.  
С.******* нь У.*******г  зөрчилд холбогдсон эсэхийг шалгахаар цагдаагийн байгууллага руу хамт явах  хууль ёсны шаардлагыг  У.******* эсэргүүцсэн төдийгүй С.*******г тусгай хэрэгсэл хэрэглэх үед нь  хүч хэрэглэн эсэргүүцэж түүний нүүр рүү цохиж хөнгөн гэмтэл учруулсан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон учир шүүгдэгч У.*******гийн үйлдлийг Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. 

Иймд шүүгдэгч У.*******г төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч У.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч У.******* нь Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.*******гийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон  гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээх  бөгөөд шүүх хохирогчийн гаргаж өгсөн нэхэмжлэлд холбогдох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэх, шүүгдэгчийн үйлдэлд шууд шалтгаант холбоотой гэм хорын зардлыг нотолж байгаа эсэх, тухайн баримтад бичигдсэн зардлыг хохиролд тооцон гаргуулах үндэстэй эсэхийг хянан Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 95 дугаар зүйлийн 95.1, 95.2 дахь хэсгүүдэд зааснаар уг баримтуудыг бүх талаас нь бүрэн гүйцэт бодит байдлаар шинжлэн судалж доорх байдлаар үнэлж дүгнэлээ.
Хэргийн  131 дүгээр хуудсанд авагдсан 12000 төгрөгөөр бараа авсан баримт, 70000 төгрөгөөр гүйлгээ хийсэн баримт, 132 дугаар хуудсанд авагдсан 24800 төгрөгөөр, 16800 төгрөгөөр, 7500 төгрөгөөр, 8400 төгрөгөөр тус тус хоол болон хүнсний бүтээгдэхүүн авсан зардлууд   нь хохирогч С.*******гийн  эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдон гарсан шууд зардал гэж үзэх боломжгүй байх тул дээрх зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. 
Мөн Гэрэл хараа зүйн төвд 80000 төгрөг төлж харааны нүдний шил хийлгэсэн гэж байгаа боловч шинжээчийн дүгнэлтэнд хохирогчийн баруун зүүн нүдний хараа өөрчлөлтгүй гэсэн  байгааг харгалзан дээрх нүдний шилний үнийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.
Харин шүүгдэгчээс Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан замын зардал 96000 төгрөг, Болор мэлмий эмнэлэгт үзлэг хийлгэсэн зардал 25000 төгрөг, Гялс төвд шинжилгээ хийлгэсэн зардал 35100 төгрөг Солонго эмнэлэгт хийлгэсэн оношилгооны зардал 30000 төгрөг, томографийн шинжилгээ хийлгэсэн зардал 65000 төгрөг  нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс нийт 251100 төгрөгийг гаргаж хохирогчид олгож, иргэний  нэхэмжлэлээс 219500 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч “ ...С.******* намайг  саатуулах үедээ намайг нүүр рүү цохисон...” гэж байгаа боловч энэ нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Мөн түүнчлэн түүний биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгаа учир С.*******г буруутгах боломжгүй байна.
 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч овогт ийн *******г төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******г 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.******* нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******гийн эзэмшлийн DDASHOM маркийн  50000 төгрөгний үнэ бүхий хөргөгч, 180000 төгрөгний үнэ бүхий DDISH TV хүлээн авагч антени, Лысва маркийн дээрээ 3 ширэмтэй 150000 төгрөгийн  шарах шүүгээг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолыг хохирол нөхөн төлөгдтөл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  З.НАНДИНЦЭЦЭГ