Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/670

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: С.Жавхлантөгс,

улсын яллагч: Ж.Сувданчимэг,

шүүгдэгч: Э.Н , Б.А /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н , Б.А нарт холбогдох эрүүгийн ********************* тоот хэргийг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Ө овогт Э-гийн Н /РД:**************/,

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо ************* тоотод оршин суух, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 

 

2. Б овогт Б-ын А /РД:************/,

Монгол Улсын иргэн, ***********ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

   Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Э.Н нь Б.А-тэй бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо *************** дугаар гудамжны ***** тоотод байрлах Ш.Ц-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, ЛЖ брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2,600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.А нь Э.Н-тай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *************** дугаар гудамжны ***** тоотод байрлах Ш.Ц-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч ЛЖ брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2,600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *******ын 16 дугаар гудамжны ******** тоотод байрлах хохирогч Ш.Ц-ийн гэрт нь түүний нөхөр Б.Э-той согтууруулах ундаа хэрэглэн улмаар тэднийхээс буцаж гаран, шүүгдэгч Б.А-тэй буцаж орж тухайн айлаас бүлэглэн ЛЖ брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2,600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

-Хохирогч Ш.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ************ дугаар гудамжны **** тоот манай гэрээс ЛЖ брэндийн шинэ, 65 инчийн зурагт /тухайн зурагтыг 2023 оны 01 дүгээр сарын 03-нд Улсын Их дэлгүүрээс 2,800,000 төгрөгөөр худалдан авсан/... байхгүй болсон байсан... алдсан зурагт дээрээ үнэлгээ хийлгэж үнэлүүлнэ. Зурагтын төлбөр мөнгөө авмаар байна. Манай нөхөр Б.Э  намайг ажлаа тараад гэртээ очтол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байсан, надад зүс таних Э.Н-ай хамт архи уусан талаараа хэлсэн. Манай нөхөр Б.Э  архи уугаад унтаад өгсөн гэж хэлсэн. Би Э.Н гэх хүнийг танихгүй. Манай нөхөр Б.Э  зүс таньдаг, хамт архи уусан байсан. Би алдсан зурагтын мөнгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

-Гэрч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Н надад хамт архи ууя гээд бид хоёр дэлгүүр ороод Хийморь нэртэй 0,75 граммын архи аваад... хувааж уусан. Архиа хувааж ууж дуусчихаад би Н-тай хамт гэр рүүгээ явсан. Гэртээ очоод 1 шил архи хувааж уусан. Н манайхаас гараад явсан ба би гэртээ архи уусан нэлээн согтуу байсан болохоор унтаад өгсөн. Орой 23 цагийн үед эхнэр Ц ирээд хаалга нүдэхээр нь би онгойлгож өгсөн. Тэгээд эхнэрээсээ чи түрүүн орж ирсэн үү, манай зурагт байхгүй болсон гэж хэлтэл би сая ажлаасаа ирж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

-2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их дэлгүүрээс 2,799,000 төгрөгөөр ************** кодтой бараа бүтээгдэхүүн худалдан авсан баримт /хавтаст хэргийн 11 дэх тал/,

-“********” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/008 дугаартай, ЛЖ фирмийн 65 инчийн зурагтыг 2,600,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

-Шүүгдэгч Э.Н-гийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанцан дээр явж байтал өмнө нь зүс таньдаг Э той таараад Э  бид 2 Баянхошууны шинэ эцэс дээр очоод дэлгүүрээс 0.75 литрийн Хийморь нэртэй аваад хувааж уугаад байж байтал Э  надад хандаж 2-лаа манай гэрт очьё гэхээр нь би тэгье гэж хэлээд Э  бид 2 авсан архиа аваад Э ын гэрт буюу Баянхошууны шинэ эцэс уруудаад Э ын гэр рүү ороод Э  бид 2 авсан архиа хувааж уучихаад дахиад дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг аваад дахиад Э  бид 2 Э ын гэрт хувааж уугаад би явлаа гээд Э ын гэрээс гарч яваад Баянхошууны шинэ эцэс дээр явж байтал зүс таньдаг А тэй таараад би А т хандаж би өглөө найз Э той архи уугаад сая гарч ирлээ 2-лаа Э ын гэрт очиж дахиад ганц юм уухуу гэсэн чинь А  тэгье гэхээр нь би А ийг дагуулаад Э ын гэрт очиход Э  буйдан дээрээ унтаад өгсөн байхаар нь би Э ын гэрт байсан зурагтыг нь аваад гарах гэж байсан чинь А  хөргөгчнөөс нь мах, хоол амтлагч зэрэг хүнсний эд зүйл торонд хийж аваад А  бид 2 Э ын байшингаас нь гараад би А т хандаж би хашаанд нь байж байя чи гараад такси олоод ир гэсэн чинь удалгүй А  нэг такси олоод ирэхээр нь А  бид 2 тухайн таксигаар зурагтаа аваад 21 дүгээр хороолол дээр очиж буугаад байж байтал замын эсрэг талд нэг үл таних эмэгтэй хүн байхаар нь би зурагт хямдхан авах уу гэсэн тэр эмэгтэй хэдээр зарах гэж байгаа юм гэхээр нь би 300.000 төгрөгөнд ав гэсэн чинь тэгье АТМ орчихоод ирье гэж хэлээд явсан ба удалгүй тэр эмэгтэй бэлэн 300.000 төгрөг өгөөд тухайн зурагтыг аваад явсан. Тэгээд А  бид 2 автобусанд суугаад Баянхошууны шинэ эцэс дээр ирээд тухайн 300.000 төгрөгөөрөө архи, идэж уух юм аваад дуусгасан...” гэж /хавтаст хэргийн 101-102, 105-106 дахь тал/,

Шүүгдэгч Б.А ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш 17 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байтал Баянхошууны шинэ эцсийн хойд талын зам дагуу буюу Баруун баян уулын 16 дугаар гудамжинд Н  архи согтууруулах ундааны хэрэглэсэн байдалтай явж байхаар нь Н  бид 2 уулзаад Н  надад хандаж би сая найз Э ын гэрт очиж архи уучихаад ирлээ 2-лаа хамт дахиад очих уу гэхээр нь би тэгье гэж хэлээд Н  бид 2 Н гийн найз Э  гэдэг хүний гэр рүү буюу Баянхошууны шинэ зам дагуу Б хүнсний дэлгүүрийн баруун талын зам дагуу уруудаад нэг модон хашаатай, улаан хүрэн өнгийн тоосгон байшин руу Н  бид 2 ороход буйдан дээр нэг үл таних эрэгтэй хүн унтаж байсан ба Н  тухайн байшинд байсан зурагтыг нь авчихаар нь би тухайн айлын хөргөгчийг нь онгойлгоход дотор нь хүнсний зүйлүүд буюу хоол амтлагч, хонины сүүл, адуу, үхрийн мах зэрэг байхаар нь би торонд хийж аваад би тортой хүнсний зүйлүүдээ аваад Н  зурагт бариад бид 2 тухайн айлын байшингаас гарсан ба Н  надад хандаж би хашаан дотор зурагтаа аваад байж байя чи гялс такси олоод ир гэхээр нь би Баянхошууны эцэс рүү гарахад нэг Приүс маркийн твкси байхаар нь би очоод явах уу гэсэн чинь явна гэхээр нь би тухайн таксинд суугаад Н гийн байгаа газар руу буюу Э  гэдэг айлын гадаа очоод Н г дуудаад тэгээд Н  бид 2 тухайн таксинд зурагт, тортой хүнсээ авч суугаад шууд 21 дүгээр хороолол руу явсан. Тэгээд 21 дүгээр хороолол дээр буугаад байж байтал замын эсрэг талд нэг үл таних эмэгтэй хүн явж байхаар нь Н  зурагт хямд авах уу гэсэн чинь хэд юм бэ гэхээр нь Н  300.000 төгрөгөнд ав гэсэн чинь тэр эгч авья АТМ орж мөнгө авчихаад ирье гээд явсан ба удалгүй тэр үл таних эмэгтэй хүрч ирээд бэлэн 300.000 төгрөг өгөөд тэр эгчид тухайн зурагтаа өгөөд явуулсан. Тэгээд Н  бид 2 автобусанд суугаад Баянхошууны шинэ эцэс дээр ирээд тухайн 300.000 төгрөгөөрөө Н  бид 2 архи согтууруулах ундааны зүйл авч хэрэглээд мөн идэж уух юм аваад дуусгасан...” гэж /хавтаст хэргийн 116-117, 121-122 дахь тал/ мэдүүлж байсан.

Шүүгдэгч Э.Н гийн хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст  хэргийн 49 дэх тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/,

Шүүгдэгч Б.А-гийн хувийн байдлын хувьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н : “...Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цагийн үед Э той гудамд таараад нэг шил архи уусан. Тэгээд архиа хувааж ууж байгаад Э  уусан архиндаа халуураад манай зурагтыг ломбардад тавьчихъя гэж хэлээд байхаар нь би зурагтыг аваад хүнд зарчихсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А: “...Тухайн өдөр Э  Э.Н хоёр архи уучихсан байсан. Тэгээд Э.Н намайг машин олоод ир гэхээр нь олж ирсэн. Би Э ын зурагтыг зарсан мөнгөнөөс архи авч уусан нь үнэн...” гэв

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Н , Б.А нар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр тус тус гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Н , Б.А нар нь бүлэглэн нууц далд аргаар, шууд санаатай үйлдлээр, хохирогч Ш.Ц-ийн гэрээс ЛЖ брэндийн 1 ширхэг зурагт болох 2,600,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авсан болох нь дээр дурдсан баримтуудаар нотлогдсон.   

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Э.Н , Б.А нарын үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд зүйлийг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр нууц аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт үйлдэл бөгөөд хохирогч Ш.Ц-ийн ЛЖ зурагт 2,600,000 төгрөгийн үнэтэй болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг агуулсан байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1. “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Н , Б.А нар санаа зорилгоороо нэгдэж, үйлдлээрээ бие биенээ дэмжсэн байгаа нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

Харин тэдний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэх хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн шинжийг бүрэн агуулаагүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Учир нь шүүгдэгч Э.Н хохирогчийн нөхөр Б.Э той тэдний гэрт хамт архи ууж байгаад гэрийн эзнийг унтаж байхад нь дахин орж шүүгдэгч Б.А-гтэй хамтран зурагтыг авч явсан болох нь хохирогч Ш.Ц-ийн “...Манай нөхөр Б.Э  намайг ажлаа тараад гэртээ очтол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байсан, надад зүс таних Э.Н тай хамт архи уусан талаараа хэлсэн. Манай нөхөр Б.Э  архи уугаад унтаад өгсөн гэж хэлсэн.”, гэрч Б.Э ын “...Архиа хувааж ууж дуусчихаад би Н тай хамт гэр рүүгээ явсан. Гэртээ очоод 1 шил архи хувааж уусан. Н  манайхаас гараад явсан ба би гэртээ архи уусан нэлээн согтуу байсан болохоор унтаад өгсөн... Тэгээд эхнэрээсээ чи түрүүн орж ирсэн үү, манай зурагт байхгүй болсон гэж хэлтэл би сая ажлаасаа ирж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт “..буцаж ороход гэр нь онгорхой байсан” гэсэн мэдүүлэгтэй давхар нотлогдож байна.

Дээрх үйлдлийг нь хохирогч Ш.Ц-ийн гэр рүү хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх бүрэн үндэслэлгүй байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтлоо.

Иймд шүүгдэгч Э.Н , Б.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ш.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан, үнэлгээгээр тогтоогдсон 2,600,000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатайгаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Н , Б.А нараас 2,600,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Ц-д олгох нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч Э.Н г, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н г 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэгсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус шүүхэд гаргаж байна. Хохирогч Ш.Ц-гээс нэхэмжилсэн 2,600,000 төгрөгийг тус бүрээс нь 1,300,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардалгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй. Шүүгдэгч Э.Н , Б.А нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Э.Н : Миний хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулах тул зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.А: Надад нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Н , Б.А нарыг гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.

Шүүгдэгч Э.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Харин шүүгдэгч Б.А-гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин тэдэнд дээрх хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч нар “хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан ч тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ, үйлдлийн шинжийн хувьд хохирол төлбөр төлөгдөөгүй, согтуурсан үедээ бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хэрэгжүүлэх үүднээс хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.

Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

шүүгдэгч Э.Н гийн хувьд өмнө энэ төрлийн гэмт хэрэг ял шийтгэгдэж байсан ч өөртөө дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг бусадтай бүлэглэн үйлдсэн, түүний оролцоо, хувийн байдлыг нь харгалзсан бөгөөд харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг нь харгалзан улсын яллагчаас саналаас хөнгөрүүлэн 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч нарын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буй хувийн байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж заасан бөгөөд, 2 дахь хэсэгт зааснаар Э.Н , Б.А нарын, 2023 оны 5 сарын 11-ний өдрөөс цагдан хоригдсон 19 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хасах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н Б.А нарт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч Өовогт Э-ийн Н , шүүгдэгч Б овогт Б-ын А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н д 10 сарын хугацаагаар хорих ял,

   шүүгдэгч Б.А-т 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.   

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н , Б.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Н , Б.А нарын цагдан хоригдсон 19 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хассугай.

           

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н гаас 1,300,000 төгрөг, шүүгдэгч Б.А ээс 1,300,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ш.Ц-д олгосугай.

 

            8. Шүүгдэгч Э.Н , Б.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

             9. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

             10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

             11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА