Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/159

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Т.С*************д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т*************ын С*************дод холбогдох эрүүгийн *************  дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Т.С*************д нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуулийг багш, математик мэдээлэл зүй мэргэжлээр 2014 онд төгссөн гэх бакалаврын зэргийн Р201429282 дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн үндсэн багшаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллахдаа ашиглаж, “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.С*************д нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуулийг багш, математик мэдээлэл зүй мэргэжлээр 2014 онд төгссөн гэх бакалаврын зэргийн Р201429282 дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн үндсэн багшаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллахдаа ашиглаж, хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.С*************н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2009-2013 онд Монгол Улсын их сургуульд математик мэдээлэл зүйн багшаар суралцаж байсан нь үнэн. Гэхдээ кредит буюу багц цагийн сургалтуудад хамрагдаагүй дутуу байсан учраас шалгалтад ороогүй, төгсөж чадаагүй. Тэгээд би нэг жилийн чөлөө аваад Арбулаг сумандаа ирж туршилтын журмаар түр дагалдан багш хийсэн. 2014 оны намар буцаж очоод үлдсэн кредитээ суралцаж төгсөх гээд явж байтал найз Амармөрөн гэх залуутай тааралдсан. Тэгээд Амармөрөн диплом гаргадаг хүн байдаг гэсэн гэхээр нь диплом гаргадаг хүн гэсэн утасны дугаар олж аваад өөрөө холбогдож тухайн хүнтэй уулзаад мөнгө төгрөгөө бэлнээр тэр танихгүй эмэгтэйд өгч учир байдлаа хэлээд дипломоо гаргуулж авч байсан. Тэгээд тухайн дипломоо ашиглан 2014 оны 12 сарын 26-ны өдрийн тушаалаар Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд математик, мэдээлэл зүйн багшаар ажилд орж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм... Би өөрөө сураагүй байж мөнгө төгрөг өгч диплом авч ашигласан нь миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Гэхдээ тухайн диплом гаргаж өгсөн эмэгтэйг миний өгсөн мөнгөөр кредитийг маань нөхөөд, сурсан сургуулиас маань албан ёсны диплом гаргуулж өгсөн гэж ойлгож явсан боловч буруу ойлгосон байна. Би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд зохих журмын дагуу эчнээгээр сурч албан ёсоор төгсөөд дипломоо авч цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байгаа. Би ажиллаж байх хугацаандаа шавь нараа сургаж, бэлтгэн нилээдгүй амжилтыг үзүүлж байсан. Би Арбулаг сумын төвд эхнэр, 1-8 насны гурван хүүхдийнхээ хамт амьдардаг...Өөрийн гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Л.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.С*************доос нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 65-р хуудас),

Гэрч Ч.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан юм...Манай байгууллагад Е313, НЕМ13 гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМ15 программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин Е818 программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. Е315 систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМ15 программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Шалгалтаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гээд байгаа зөрчилтэй диплом гэж тогтоогдсоныг дараах байдлаар ойлгоно. 1. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс /мэргэжлийн нэршил/ буруу, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөс 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. 2. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон өөр сургуулийн дипломын дугаар, архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 67-69-р хуудас),

Гэрч Я.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан, мөн тухайн төгсөгчдийн ДБ мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан. Төгсөгчдийн бүртгэлийг давхардуулж олгосон, алдаатай бичсэн зөрчил 13 байсан...Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургуулийн диплом байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 72-74-р хуудас),

Гэрч А.Танан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг Е513 бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм...Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн...зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 76-78-р хуудас),

Гэрч Б.Доржхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 80-82-р хуудас),

Гэрч Л.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2004 оноос Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажиллаж эхэлсэн. 2013 оноос одоог хүртэл сургуулийн захирлаар ажиллаж байна. Т.С*************г 2013 оны 08 дугаар сард манай сургуульд дагалдан багшаар ажилд авч байсан. Тухайн үед би сургуулийнхаа захирлаар ажиллаж байсан. 2014 оны 11 дүгээр сард математикийн үндсэн багшаар томилон ажиллуулж эхэлсэн. Ер нь аймгийн мэргэжлийн хяналтын газраас бол сургуулийн багш, удирдлагуудын дипломыг мэргэжлийн индекс зөрөөтэй эсэхийг шалгадаг. Диплом нь бол өөрт нь байгаа, тухайн үед ямар шалгуур үзүүлэлтээр багшийг ажилд авдаг байсан тэр шалгуураар л авсан. Т.С*************д нөөцөд бүртгэгдсэн байсан болохоор л би багшаар авсан. Т.С*************н дипломын зөрчлийн талаар би өмнө нь мэдэж байгаагүй. Цагдаагийн байгууллагаас над руу залгахад нь гадарласан...” гэх мэдүүлэг (хх-ийн 96-97-р хуудас),

Гэрч Д.Цэдэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа бөгөөд элсэлт, төгсөлтийн тушаал давхацсан хүмүүсийг бол манай сургуулийг төгссөн гэж үзэж байгаа бөгөөд бусад иргэд нь бол төгсөлт болон элсэлтийн тушаал, бусад мэдээлэл огт байхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 104-р хуудас),

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Даваадоржийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай: “...Т************* овогтой С*************д нь 2013 оны 08 дугаар сарын 28-наас туршилтын хугацаагаар 1 жил, 2014 оны 11 дүгээр сараас математикийн багшаар тасралтгүй 8 жил ажиллаж байгаа болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт (хх-ийн 113-р хуудас),

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Даваадоржийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаартай “Нэр бүхий багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар (хх-ийн 121-р хуудас),

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга Д.Цэдэвсүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай МУБИС-д суралцаж төгсөөгүй иргэний мэдээлэл, хавсралтын хуулбар (хх-ийн 123-124-р хуудас),

Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуулийн багш, математик мэдээлэл зүй мэргэжлийн “Боловсролын бакалавр” зэргийн 0201429282 дугаартай, цэнхэр өнгийн хавтастай диплом 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 125-р хуудас),

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Даваадоржийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай “Багш Т.С*************г ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,

“Ихмөрөн-Аудит” ХХК-ийн аудитор Ц.Мөнхтуяагийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Шинжээчийн ажлын тайлан №1 дугаартай Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Т.С*************д нь 2013-2023 онд төрөөс 122,139,728.33 (Нэг зуун хорин хоёр сая нэг зуун гучин есөн мянга долоон зуун хорин найман төгрөг 33 мөнгө) төгрөгийн цалин авсан байх ба байгууллагын зүгээс ажил олгогчийн хариуцах 14,681,675.74 (Арван дөрвөн сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун далан таван төгрөг 74 мөнгө) төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. Эдгээр цалин, мөнгөн тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэлийн нийт дүн нь 136,821,404.07 (Нэг зуун гучин зургаан сая найман зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөрвөн төгрөг 07 мөнгө) төгрөг байна...” гэх дүгнэлт (хх-ийн 146-151-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 127-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 128-р хуудас), Хөвсгөл аймгийн Арбулаг сумын багш Т************* овогтой С*************н тодорхойлолт (хх-ийн 129-136-р хуудас), Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Багш Т.С*************г ажлаас чөлөөлөх тухай” тушаал (хх-ийн 138-р хуудас), С*************н Ариунзаяа, Содбаяр, Содбилэг нарын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 139-141-р хуудас), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 142-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 145-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.С*************д нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуулийг багш, математик мэдээлэл зүй мэргэжлээр 2014 онд төгссөн гэх бакалаврын зэргийн Р201429282 дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн үндсэн багшаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хуурамч баримт бичиг ашиглах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.С*************н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Л.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 65-р хуудас),

Гэрч Ч.Энх-Амгалангийн (67-69-р хуудас), гэрч Я.Номинцэцэгийн (хх-ийн 72-74-р хуудас), гэрч А.Танан-Эрдэнийн (хх-ийн 76-78-р хуудас), гэрч Б.Доржхуягийн (хх-ийн 80-82-р хуудас), гэрч Л.Даваадоржийн (хх-ийн 96-97-р хуудас), гэрч Д.Цэдэвсүрэнгийн (хх-ийн 104-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Даваадоржийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 86 дугаартай тодорхойлолт (хх-ийн 113-р хуудас),

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Даваадоржийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаартай “Нэр бүхий багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар (хх-ийн 121-р хуудас),

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга Д.Цэдэвсүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай МУБИС-д суралцаж төгсөөгүй иргэний мэдээлэл, хавсралтын хуулбар (хх-ийн 123-124-р хуудас),

Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуулийн багш, математик мэдээлэл зүй мэргэжлийн “Боловсролын бакалавр” зэргийн 0201429282 дугаартай, цэнхэр өнгийн хавтастай диплом 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 125-р хуудас),

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Даваадоржийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай “Багш Т.С*************г ажлаас чөлөөлөх тухай” тушаал (хх-ийн 138-р хуудас),

“Ихмөрөн-Аудит” ХХК-ийн аудитор Ц.Мөнхтуяагийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Шинжээчийн ажлын тайлан №1 дугаартай дүгнэлт (хх-ийн 146-151-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.С*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

“Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон  үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.

Шүүгдэгч Т.С*************д нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуулийг багш, математик мэдээлэл зүй мэргэжлээр 2014 онд төгссөн гэх бакалаврын зэргийн *************2 дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн үндсэн багшаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл томилогдон ажиллахдаа ашиглаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.С*************н хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож цалин хөлс авах шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг шүүгдэгч Т.С*************д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус хэрэгт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 05 сарын 16-ны өдрийн 65 тоот албан бичгээр санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.С*************д нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.С*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.С*************д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 145-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.С*************д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Их сургуулийн математик компьютерын сургуулийн багш, математик мэдээлэл зүй мэргэжлийн “Боловсролын бакалавр” зэргийн *************2 дугаартай цэнхэр өнгийн хавтастай дипломыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн ************* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тогос овогт Т*************ын С*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т*************ын С*************г 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.С*************д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн ************* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Их сургуулийн математик компьютерын сургуулийн багш, математик мэдээлэл зүй мэргэжлийн “Боловсролын бакалавр” зэргийн  *************2 дугаартай цэнхэр өнгийн хавтастай дипломыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С*************дод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР