| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2025/0088/З |
| Дугаар | 221/МА2025/0323 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0323
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0197 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ц-ийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” ХХК
Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, БХБЯ/20240101045 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
Гуравдагч этгээд “А” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Б.Ч, Ч.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.А
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2025/0088/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0197 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Т” ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газар, БХБЯ/20240101045 дугаартай тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамд тус тус холбогдуулан гаргасан “...Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/-ын ажлын гүйцэтгэгчээр А ХХК-ийг шалгаруулсан шийдвэр буюу тухайн компанитай гэрээ байгуулах эрх олгосон талаарх Төрийн худалдан авах ажиллагааны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4228 дугаар мэдэгдэл, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл буюу шийдвэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №УТ2402901620, 2024/158 тоот XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Х.Ц дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагч нь оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэж үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлэх үүрэгтэй бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендерт тооцон шалгаруулах учиртай.
Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/20240101045 дугаартай "Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум" төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-ын 1-д ажил гүйцэтгэх хүний нөөцийн талаарх шаардлагуудыг тусгасан бол 19.2-ын 1-д ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох баримт бичгийг тоочин бичих байдлаар тусгасан. Тодруулбал, ажил гүйцэтгэх хүний нөөцөд багтах инженер, техникийн ажилчдын тоо, тэдгээр нь ямар боловсрол, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн, тухайн эзэмшсэн мэргэжлээрээ хэдэн жил ажилласан байх талаарх шаардлагыг нарийвчлан заасан. Гэтэл тендерт шалгарсан "А" ХХК нь Өгөгдлийн хүснэгтийн 19.1-ийн 1-д заасан хүний нөөц буюу инженерүүдэд санал болгож буй ажилчдын зарим нь эзэмшсэн байвал зохих боловсрол, мэргэжлийн ур чадварыг эзэмшээгүй байна. Тодруулбал, Ус хангамж ариутгах татуургын инженерт санал болгосон Ч.А нь 1971 онд Гидромеханик гэх мэргэжил боловсролыг эзэмшсэн, Халаалт агаар сэлгэлтийн инженерт санал болгосон Д.О нь 2021 онд Хүрээлэн буй орчны инженер гэх мэргэжил боловсролыг эзэмшсэн, Холбоо, дохиолол, мэдээллийн инженерт санал болгосон Б.А нь 2021 онд Цахилгаан холбоо гэх мэргэжил боловсролыг тус тус эзэмшсэн нь захиалагчийн тавьсан шаардлагад нийцдэггүй.
Ажиллах хүний нөөцөд санал болгож буй тухайн ажилчид нь захиалагчийн шаардсан ажиллах хүний нөөцийн техникийн чадавх, туршлагын шаардлагад тусгагдсан шаардлагуудыг хангаж буй эсэх нь тодорхойгүй бөгөөд тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо уг асуудалд дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байдаг. Хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд энэ асуудал хэлэлцэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд "А" ХХК-ийн хүний нөөцөд санал болгож буй ажилчдын эзэмшсэн боловсрол, мэргэжил захиалагчийн тавьсан шаардлагад нийцэж буй эсэх нь тодорхойгүй, үүнийг хариуцагч шалгаж тодруулах ажиллагааг хийгээгүй хэмээн маргадаг. Хариуцагчийн тухайд шүүх хуралдаан дээр л "... Боловсролын сайдын тушаалаар шинэчлэгдсэн мэргэжлийн чиглэлийн индексээр захиалагчийн шаардлагад нийцсэн гэж үзэх боломжтой" талаар тайлбарладаг хэдий ч хэдэн оны хэдэн тоот ямар тушаалын аль заалтад зааснаар дээрх нэр бүхий ажилчдын эзэмшсэн мэргэжлийг захиалагчийн тавьсан шаардлагад заасан мэргэжил, боловсролтой дүйцүүлж үзэх боломжтойг баримтаар нотолж чадаагүй.
Энэ ч утгаараа "А" ХХК-ийн ирүүлсэн тендер Захиалагчийн шаардлагыг хангасан тендер болох нь тогтоогддоггүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр талуудын хооронд энэ талаар маргаан үүссэн, энэ үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байхад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийнхээ хүрээнд нотлох ажиллагааг хийгээгүй, шүүхийн шийдвэрт ч энэ талаар дүгнэлт огт байдаггүй.
Мөн Үнэлгээний хороо нь "А" ХХК-ийн санал болгож буй инженер, техникийн ажилчдын мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг тогтоохдоо сургууль төгсөж диплом авсан цаг хугацаанаас тооцсон болохоо шүүх хуралдаан дээр тайлбарладаг. Зөвхөн их дээд сургууль төгсөж, боловсрол эзэмшин диплом авах нь тухайн хүнийг мэргэжлээрээ ажилласан гэж тооцох үндэслэл болж буй нь ойлгомжгүй.
Өгөгдлийн хүснэгтийн 19.2-ийн 1-ийн в-д "Тендерт оролцогчийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг цахим системээр дамжуулан шалгана" хэмээн мэргэжлээрээ ажилласан байдал, хугацааг тогтоохтой холбоотой зохицуулалт захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичигт тодорхой тусгагдсан хэдий ч Үнэлгээний хороо нь тухайн заалтыг зөвхөн "тухайн байгууллагын үндсэн ажилтан мөн эсэхийг тогтооход ач холбогдолтой" хэмээн тайлбарладаг нь үндэслэлгүй юм.Өгөгдлийн хүснэгтийн 19.2-ийн 1 дэх хэсэг нь техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичигтэй холбоотой заалт байх бөгөөд уг заалтад а, б, в, г хэмээн нэрлэн заасан шаардлагууд мөн хүснэгтийн 19.1-ийн 1 дэх хэсэгт заасан "Ажил гүйцэтгэх хүний нөөц"-д тавигдах шаардлага гэж ойлгоно. Тухайн нэрлэн заасан бүхий л шаардлагыг хангах аргыг нэрлэн заасан энэ тохиолдолд тухайн шалгуураа хангаж буй эсэхийг хянах нь Үнэлгээний хорооны үүрэг. Гэтэл энэхүү үүргээ үл биелүүлж, тендерийн баримт бичгийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна.
Түүнчлэн Өгөгдлийн хүснэгтийн 19.3-т Барилга, хот байгуулалтын яамнаас авсан байх шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг нэрлэн заасан. Мөн өгөгдлийн хүснэгтэд тухайн тусгай зөвшөөрлийг дүйцүүлж үзэх боломжтой эсэх талаарх зохицуулалт байдаггүй. "А " ХХК-ийн Эрчим хүчний яамнаас авсан тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас авах тусгай зөвшөөрөлтэй дүйцүүлж үзэх боломжтой мэтээр тайлбарлаж буй Үнэлгээний хорооны үйлдэл хууль бус болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0197 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч "Т" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
2. “Т” ХХК-аас “Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/-ын ажлын гүйцэтгэгчээр “А” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр буюу тухайн компанитай гэрээ байгуулах эрх олгосон талаарх Төрийн худалдан авах ажиллагааны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4228 дугаар мэдэгдэл, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл буюу шийдвэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №УТ2402901620, 2024/158 тоот XII.1.112 Цэвэрлэх байгууламжийн барилга /Сэлэнгэ, Баянгол сум/ ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Төрийн худалдан авах ажиллагааны газар нь шаардлага хангаагүй “А” ХХК-ийн тендерийг шалгаруулж, улмаар гэрээ байгуулах эрх олгож, хууль бус үйл ажиллагаа явуулсан, Хүний нөөцийн чадавхын хувьд зарим ажилтны мэргэжил нь шаардлага хангаагүй, мөн мэргэжлээрээ 3 жил ажилласан байх шаардлага хангасан эсэх талаар баримт ирүүлээгүй, барилгын ажлын зөвшөөрлүүд нь зөрүүтэй байхад “хамгийн сайн тендер” ирүүлсэн гэж үзсэн нь хууль бус ...” гэж,
хариуцагч нараас “Т” ХХК нь ... тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1, ТШЗ 19.2-ын 3-д заасан шаардлагад нийцээгүй тул татгалзсан, “А” ХХК-ийн хүний нөөцийн мэргэжлээрээ ажилласан жил, эзэмшсэн мэргэжлийг дипломоор тооцсон, ТШЗ 19.3-д заасан БА зөвшөөрлүүдийн хувьд зарим нь зөрүүтэй боловч шаардсанаас давсан зөвшөөрөлтэй байсан учир шаардлагад нийцсэн гэж үзэж шалгаруулсан” гэж тус тус маргасан.
3. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн ирүүлсэн цахим тендерийн материалд авагдсан баримтуудаар ажилтан тус бүрийн дээд боловсролын дипломд бичигдсэн мэргэжил, ажиллах хүчний анкет, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ХУР систем дэх 2024 оны 7, 8, 9 дүгээр сарын мэдээлэл зэрэгт тус тус үндэслэн тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-д заасан шаардлагыг хангасан гэж, мөн гуравдагч этгээдийн Барилга хот, байгуулалтын яамнаас олгосон БА-3.1 БА-4.3 /өндөр төвөгшилтэй барилга байгууламж/, Эрчим хүчний яамнаас олгосон ТЗ-2.2 0.4 -35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт, түүний туршлага тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь ТШЗ 19.3-т заасан БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил; БА-3.3 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт; БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт гэж заасантай нийцсэн гэж үзэж, түүний тендерийг “хамгийн сайн” гэж шалгаруулсан хариуцагч нарын шийдвэрүүд нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... гуравдагч этгээдийн хүний нөөцийн чадавхыг үнэлэхдээ ажилтнуудын дипломын огнооноос тооцож, мэргэжлээрээ 3 жил ажилласан байх шаардлагыг хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй ...” гэх боловч тендерийн баримт бичигт энэ талаар тусгайлан ямар баримт ирүүлэхийг заагаагүй, тендер нээхээс өмнө аль ч оролцогчоос хүсэлт гаргаж энэ талаар тодруулга аваагүй байх тул гуравдагч этгээдийн гаргасан Ажиллах хүчний мэдээлэл, диплом, одоо тухайн байгууллагад ажиллаж байгааг нотлохоор ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 4 сарын мэдээлэл зэргийг үнэлснийг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл баримт бичигт заагаагүй баримтыг ирүүлээгүй гэж татгалзах эрх хариуцагчид байхгүй байна.
Мөн гомдолд “... БА зөвшөөрлийг дүйцүүлэх талаар баримт бичигт заагаагүй ...” гэх боловч тендерийн баримт бичигт заасан зөвшөөрлөөс давсан буюу илүү шаардлага хангасны үндсэн дээр олгогддог дунд болон өндөр төвөгшилтэй барилгын тусгай зөвшөөрөлтэй этгээдийг бага төвөгшилтэй барилгын зөвшөөрөлгүй гэж үзэх нь тендерт оролцогчийн чадавхыг шударгаар үнэлэх тендер шалгаруулалтын зорилгод нийцэхгүй тул гомдлыг хангах үндэслэлгүй.
5. Нэхэмжлэгч “Т” ХХК нь нэхэмжлэлдээ Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/4228 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан атлаа уг мэдэгдлээр нэхэмжлэгчийн тендерийг “Шаардлага хангаагүй” гэж үзэж, хянан үзэх шатнаас татгалзсаныг няцааж маргаагүй, харин гуравдагч этгээдийн тендерийг шалгаруулсан нь буруу гэж дээрх байдлаар маргаснаас үзвэл анхан шатны шүүхийн маргаан бүхий актууд болон гэрээний улмаас “нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй” талаар зөв дүгнэсэн байна.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;” гэж заасан шаардлагыг хангаагүй байх тул Үнэлгээний хороо болон захиалагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг үндэслэн хянан үзэх шатнаас “Шаардлагад нийцээгүй” тендер ирүүлсэнтэй холбоотой хариуцагч нарын татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, байгуулсан гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “... хэдийгээр нэхэмжлэгч өөрийнх нь тендерээс татгалзсантай маргахгүй байгаа боловч шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн этгээдийг шалгаруулах ёсгүй, бүх тендерээс татгалзаж, дахин тендер явуулах байсан, нэхэмжлэгч дахин зарлах тендерт оролцох, мөн тендерийн баталгааг улсын орлогод орлогоос буцааж авах эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн” гэх боловч дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын маргаан бүхий акт, гэрээ нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ