| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2019/01658/и |
| Дугаар | 183/ШШ2019/02054 |
| Огноо | 2019-10-01 |
| Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2019/02054
| 2019 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2019/02054 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргүль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Анаргүль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2017 оны 3 сарын 27-ны өдрийн 683 шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн нүхтийн 00 тоотод байрлах Ү дугаартай үл хөдлөх хөрөнгийг 1 005 602 460 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж манай хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл зөвхөн Үнэгүй.мн сайтаас үнийн мэдээлэл авч харьцуулалт хийлгүйгээр үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн 2019 оны 5 сарын 29-ний өдрийн 4/12996 дугаартай мэдэгдлийг хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасны дагуу тус үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2017 оны 3 сарын 27-ны өдрийн 683 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1269 магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 1170 дугаар тогтоолоор Х ХХК-иас 411 535 732 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 сарын 8-ны өдрийн 18291166 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 4/580 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэлхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч компанийн захирал Т.Болор-Эрдэнийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт зам 00 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, 630 мкв талбайтай газрын хамт 2018 оны 12 сарын 7-ны өдрийн 18291166/01, 18291166/04 дугаар тогтоолуудаар битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18291166/03, 5 сарын 20-ны өдрийн 18291166/05 тоот тогтоолуудаар хураасан. Төлбөр төлөгч Х ХХК болон өмчлөгч Т.Болор-Эрдэнэ нарт үл хөдлөх хөрөнгө, газарт үнийн санал ирүүлэхийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 4/10359, 4/10919 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-г шинжээчээр томилон зах зээлийн знийг тогтоолгоход 1 005 62 400 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 7 сарын 05-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 4/14763 дугаар албан бичгээр талуудад тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нар нь гомдлоо 2019 оны 06 сарын 04-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ...Тус шүүхийн шийдвэрийн дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн Хан-Уул дүүргийн нүхтийн 00 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 1 005 602 460 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн...” гэж тайлбарлаж, 2019 оны 5 сарын 29-ний өдрийн 4/12996 тоот мэдэгдэл, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан болон холбогдох баримтуудыг гаргаж ирүүлжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Сэлэнгэ эстимэйт ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 1 005 602 400 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 5 сарын 24-ний өдөр албан бичгээр болон 2019 оны 7 сарын 05-ны өдрийн дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 4/14763 дугаар албан бичгүүдээр талуудад тус тус мэдэгдсэн. Үнэлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, дүгнэлт гарсан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэх тайлбарыг гаргаж маргажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 683 дугаар шийдвэрээр хариуцагч Х ХХК-аас 206 714 800 ам.доллар буюу 409 295 305 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2 240 427 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Х ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл зээлийн барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн зам 00 тоот, 260 мкв талбайтай 7 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү дугаар бүхий хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн зам 00 тоот 630 мкв, 607 дугаар гэрчилгээтэй газрыг хуульд зааснаар дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Төлбөр төлөгч Х ХХК 409 295 305 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Х ХХК, Т.Болор-Эрдэнэ нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт зам 00 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, 630 мкв талбайтай газрын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18291166/02 дугаар тогтоолоор битүүмжилж 2019 оны 4 сарын 26-ны өдрийн 18261166/03 дугаар тогтоолоор тус тус хураасан байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд /2002 оны хууль/ заасны дагуу төлбөр төлөгч, авагч нар нь үнийн санал авахад тохиролцоогүй байх тул 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 167 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна.
Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
С ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01 тоот дүгнэлтээр тус барьцаа хөрөнгийг үнэлэхдээ орлогын хандлагын, өртгийн хандлагын, жижиг үнийн хандлагын аргаар нийт 1 005 602 460 төгрөгөөр үнэлжээ.
Нэхэмжлэгч нь С ХХК-ийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, харьцуулалт хийгээгүй гэж маргаж байгаа хэдий ч энэ талаараа нотолж чадаагүй байна.
Тодруулбал, төлбөрт хураагдсан орон сууц, газрыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул “...шинжээч орон сууц, газрыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн...” гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 103 дугаар зүйлийн 103.2 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч болон нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлан өгсөн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Анаргүль нь шүүгчээс... татгалзахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт зам 00 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ