Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, 

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгч М.С************р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М************ын С************рт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С************р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.С************хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь ухархайн ханын хугарал, дээд уруулд шарх, зүүн дээд, доод зовхи, цээж, дагз, зулайн хуйханд цус хуралт, хамар, зүүн чихэнд зулгаралт, баруун шанаанд сорви бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч М.С************р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.С************хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь ухархайн ханын хугарал, дээд уруулд шарх, зүүн дээд, доод зовхи, цээж, дагз, зулайн хуйханд цус хуралт, хамар, зүүн чихэнд зулгаралт, баруун шанаанд сорви бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.С************рын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Г.С************н биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.С************н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би С************р ахыг та дүүгээ өмнө нь арай л хайрлахгүй зодсондоо гэж хэлэхэд С************р ах чи яах юм гээд хоорондоо хэрүүл маргаан болоод намайг хашаа руу шахаж, миний дээлийн хойд захнаас татаж хоолой боосон. Дээрээс толгой, нүүр, хавирга, гуя хэсэг рүү өшиглөөд байсан. Нэг мэдсэн манай эхнэр болох Үүрийнцолмон ирж С************р ах бид хоёрыг салгаж намайг гэрт оруулсан ийм л зүйл болсон....надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16, 19-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэндэнсүрэн овогтой Сэр-Одод эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн 84,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-24-р хуудас),

Гэрч М.Үүрийнцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хашааны урд хаалга онгорхой манай нөхөр Г.Сэр-Од цаана өвдөглөөд ганцаараа сууж байгаа харагдаж байсан. Нэг хүн манай нөхрийг аймар хүчтэй өшиглөхөөр нь гүйгээд очтол манай нөхрийг С************р араас нь хоолойг нь боосон байхаар нь очоод салгасан... гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

Гэрч Д.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Сэр-Од, М.С************р хоёр хашааны гадаа хоорондоо маргалдсан байдалтай Г.С************н эхнэр болох Үүрийнцолмон хажууд нь ирсэн та нар юу болж байгаа юм гээд асуугаад байсан. Би тэгээд С************рыг салгаад аваад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 33-р хуудас),

Гэрч Б.Баярдалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар архи ууж байгаад 19 цагийн үед С************г хүргэж өгөх гээд хашааныхан нь гадаа үүдэн дээр буулгахад Сэр-Од нар руу эхэлж хэл амаар доромжлоход хажуугаас С************р орж ирж С************н нүүр хэсэг рүү нь алагдсан. Тэгээд нэлээд согтуу байсан болохоор би юу болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №158 дугаартай дүгнэлтэд:

1. Г.С************н биед ухархайн ханын хугарал, дээд уруулд шарх, зүүн дээд, доод зовхи, цээж, дагз, зулайн хуйханд цус хуралт, хамар, зүүн чихэнд зулгаралт, баруун шанаанд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.

  1. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

     3. Дээрх ухархайн ханын хугарал гэмтлийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй ба бусад гэмтэл нь хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой.

     4. Г.С************н бие үүссэн ухархайн ханын хугарал, шарх нь тусдаа бусад гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, бусад эрүүл мэндийн үзлэгийн баримт (хх-ийн 40-41-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48-р хуудас), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 51-р хуудас), Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 52-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.С************р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.С************хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь ухархайн ханын хугарал, дээд уруулд шарх, зүүн дээд, доод зовхи, цээж, дагз, зулайн хуйханд цус хуралт, хамар, зүүн чихэнд зулгаралт, баруун шанаанд сорви бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.С************рын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Г.С************н (хх-ийн 15-16, 19-р хуудас), иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын (хх-ийн 22-24-р хуудас), гэрч М.Үүрийнцолмонгийн (хх-ийн 29-30-р хуудас), гэрч Д.Энхтайвангийн (хх-ийн 33-р хуудас), гэрч Б.Баярдалайгийн (хх-ийн 35-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №158 дугаартай дүгнэлт  (хх-ийн 40-41-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.С************рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогчийн буруутай үйл ажиллагаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч              М.С************р нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.С************р нь хохирогч Г.С************н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Г.Сэр-Од нь хохирол, гомдол, санал хүсэлтгүй гэсэн байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 84,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Г.Сэр-Одод 84,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 22-24-р хуудас)-гаар тогтоогдсон ба шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч М.С************раас 84,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.С************рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.С************р нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.С************р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.С************р нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тэмээнийхэн овогт М************ын С************рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М************ын С************рт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.С************р нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.С************раас 84,000 (наян дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5. Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С************рт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР