| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0109/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/122 |
| Огноо | 2023-04-20 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Иргэний нэхэмжлэгч О.М************д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Далайжаргал, П.Төрбат,
Шүүгдэгч Л.Д************н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л************ын Д************нд холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Л.Д************н нь Монгол Улсын Боловсролын их сургуульд суралцан төгсөөгүй байж уг сургуулийг бага ангийн боловсролын багш, суурь боловсролын Монгол хэлний багш мэргэжлээр 2008 онд төгссөн гэх эрх олгосон баримт бичиг болох D200846781 дугаартай диплом худалдан авч, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Хөвсгөл аймгийн МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн бага ангийн багшаар 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Д************н нь Монгол Улсын Боловсролын их сургуульд суралцан төгсөөгүй байж уг сургуулийг бага ангийн боловсролын багш, суурь боловсролын Монгол хэлний багш мэргэжлээр 2008 онд төгссөн гэх эрх олгосон баримт бичиг болох D200846781 дугаартай диплом худалдан авч, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Хөвсгөл аймгийн МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн бага ангийн багшаар 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Д************ны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...би тухайн үед сургуулийнхан л тэгж диплом гаргадаг хүн байдаг, болдог гээд байхаар нь дугаарыг нь олж холбогдож байгаад диплом гаргуулж аваад тухайн дипломоо ашигласан. Диплом яаманд бүртгэлтэй байдаг гэсэн болохоор би хууль ёсны диплом гэж бодсон. Суралцаагүй үлдсэн кредитийн мөнгөө диплом гаргаж өгнө гэсэн хүнд өгөөд л авчихсан юм. ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч О.М************дын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...багш Д************н нь 2008 оны 9 дүгээр сараас хойш бага ангийн багшаар ажиллаж байгаа юм. Ажиллах цалин, үр дүнгийн урамшуулал авч байсан. ...2023 оны 02 дугаар сарыг дуустал нийт бодогдсон цалин 133,103,465 төгрөг бодогдож гарт олгогдсон. ...байгууллагад тавигдсан төсвөөс цалинждаг учир хөдөлмөрийн гэрээний дагуу Л.Д************нд хийсэн ажлынх нь ажлын хөлсийг олгож байсан. Д************н нь 2008-2023 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Гурван ангийг даан авч амжилттай төгсгөж байсан. ...иймд хохирогчоос 133,103,465 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. ...цаашид нэхэмжлэх зүйл, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Танан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ESIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-66-р хуудас),
Гэрч Б.Доржхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 68-70-р хуудас),
Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2008 онд Л.Д************н нь манай сургуульд ажилд орж байсан. Миний мэдэхээр ямар ч байсан 3 дахь бага анги авч байгаа хоёр бага анги төгсгөсөн санагдаж байна. 2008 онд Л.Д************н багшийг ажилд ороход би математикийн багшаар ажиллаж байсан. 2008 онд Д************н багшийг ажилд ороход манай сургуулийн захирал гавьяат багш Б.Содномдорж захирлаар ажиллаж байсан байна лээ. Тэр үеийн аймгийн архивын газарт байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 83-р хуудас),
Хөвсгөл аймаг МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Улсын тэрүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн захирал Б.Гантулгын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай тодорхойлолт, цалингийн цэсийн түүвэр (хх-ийн 92-107-р хуудас),
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын хуулбар, тушаалын нэгдүгээр хавсралт (хх-ийн 23-24-р хуудас),
Өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичиг хяналт шинжилгээ хийх ажлын удирдамж (хх-ийн 25-26-р хуудас),
Боловсрол, шинжлэх ухааны яам хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга” ХШҮДАГ-22-05-16 (хх-ийн 29-57-р хуудас),
Монгол Улсын Их сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/1320 дугаартай албан бичиг, лавлагаа (хх-ийн 124-р хуудас),
МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит улсын тэргүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай” захирлын тушаал, (хх-ийн 125-р хуудас),
Л.Д************ны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 134-137-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Л.Д************ны ажиллаж байх хугацаандаа авсан шагнал урамшууллын хуулбар (хх-ийн 119-122, 127-131, 143-172, 188-191-р хуудас), иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймаг МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Улсын тэрүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн захирлын 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай Л.Д************ныг ажилд томилсон тушаалын хуулбар (хх-ийн 125-р хуудас), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 133-р хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хх-ийн 134-135, 186-р хуудас), эрүүл мэндийн даатгал төлөлт шалгах лавлагааны хуулбар (хх-ийн 136-137-р хуудас), ажил байдлын тодорхойлолт (хх-ийн 138-142-р хуудас), ажлаас чөлөөлсөн тушаал (хх-ийн 185-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 173-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Д************н нь Монгол Улсын Боловсролын их сургуульд суралцан төгсөөгүй байж уг сургуулийг бага ангийн боловсролын багш, суурь боловсролын Монгол хэлний багш мэргэжлээр 2008 онд төгссөн гэх эрх олгосон баримт бичиг болох D200846781 дугаартай диплом худалдан авч, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Хөвсгөл аймгийн МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн бага ангийн багшаар 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Д************ны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч О.М************дын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Гэрч А.Танан-Эрдэнийн (хх-ийн 64-66-р хуудас), гэрч Б.Доржхуягийн (хх-ийн 68-70-р хуудас), гэрч Б.Гантулгын (хх-ийн 83-р хуудас), гэрч Я.Номинцэцэгийн (хх-ийн 60-62-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Улсын тэрүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн захирал Б.Гантулгын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай тодорхойлолт, цалингийн цэсийн түүвэр (хх-ийн 92-107-р хуудас),
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын хуулбар, тушаалын нэгдүгээр хавсралт (хх-ийн 23-24-р хуудас),
Өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичиг хяналт шинжилгээ хийх ажлын удирдамж (хх-ийн 25-26-р хуудас),
Боловсрол, шинжлэх ухааны яам хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга” ХШҮДАГ-22-05-16 (хх-ийн 29-57-р хуудас),
Монгол Улсын Их сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/1320 дугаартай албан бичиг, лавлагаа (хх-ийн 124-р хуудас),
МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит улсын тэргүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай” захирлын тушаал, (хх-ийн 125-р хуудас),
Л.Д************ны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 134-137-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Д************ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
“Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.
Шүүгдэгч Л.Д************н нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Бага боловсролын багш, суурь боловсролын Монгол хэлний багш мэргэжлээр D200846781 дугаартай “Боловсрол”-ын бакалаврын зэрэгтэй гэх боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс Хөвсгөл аймаг МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Улсын тэрүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн бага ангийн багшаар томилогдон ажиллахдаа ашиглаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Л.Д************ны хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож цалин хөлс авах шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг шүүгдэгч Л.Д************н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус хэрэгт Хөвсгөл аймгийн МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх бөгөөд Хөвсгөл аймгийн МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 116 тоот албан бичгээр санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний нэхэмжлэгч О.М************д нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч нь “хохирол гаргуулахгүй” гэж санал гаргасан тул шүүгдэгч Л.Д************н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Д************ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Д************н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 173-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Д************н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн ************ дугаартай “бага сургуулийн багш, суурь боловсролын Монгол хэлний багш” мэргэжилтэй, “Боловсрол”-ын бакалаврын зэрэгтэй гэх боловсролын дипломыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Багшлах эрхийн үнэмлэхийг хүчингүй болгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Боловсрол Шинжлэх ухааны яаманд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд тус тус даалгаж, Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн ************ дугаартай цэнхэр өнгийн хавтастай “Магистрын диплом”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Д************нд буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан номун хаан овогт Л************ын Д************ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л************ын Д************ныг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Д************н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн D200846781 дугаартай “бага боловсролын багш, суурь боловсролын Монгол хэлний багш” мэргэжилтэй, “Боловсрол”-ын бакалаврын зэрэгтэй гэх боловсролын дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисст, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Багшлах эрхийн үнэмлэх”-ийг хүчингүй болгуулахаар Боловсрол Шинжлэх ухааны яаманд хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд тус тус даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн ************ дугаартай цэнхэр өнгийн хавтастай “Магистрын диплом”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Д************нд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д************нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР