Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Ч.С************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч************ийн С************д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

,

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ч.С************ нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 01-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Ц************нг үл ялих зүйлээр шалтаглан модон сандлаар цохиж зүүн гарын шуу ясны хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.С************ нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 01-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Ц************нг үл ялих зүйлээр шалтаглан модон сандлаар цохиж зүүн гарын шуу ясны хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.С************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2023 оны 02 дугаар сарын 15-ны өглөө гэртээ унтаж байхад манай эхнэр Ц************н хэлэхдээ намайг өчигдөр шөнөжингөө архи уулаа цагаан сар болох гээд байна, бодож байгаа юм байна уу босож юмаа хий гээд миний орны урд байсан хоёр гутлаар миний толгой руу цохиод байхаар нь би гутлыг нь булааж аваад зөрүүлээд цохисон. Тэр үед манай эхнэр зүүн гараараа хаах үед гутал зүүн гарын шуу хэсэг дээр цохисон. ...би нэлээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Сандлаар цохисон байж магадгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),

Хохирогч Т.Ц************нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 6 цаг болж манай нөхөр С************ орноос босож ирээд миний гар, хөл, нуруу хэсэг рүү гутлаар цохиод байхаар нь чи аллаа гэхэд модон сандлаар миний зүүн гарын шуу хэсэгт нэг удаа цохисон чинь тас гээд явсан. Ганцаараа шөнөжин орон дотроо архи уугаад унтаагүй. Тэгээд өнөө өглөө архи нь гарсан болов уу гэлтээ гайгүй харагдаж байсан. С************ намайг хэл амаар доромжлоод байхаар нь би юм хэлэхгүй дуугүй байгаад байсан чинь намайг зодож, сандлаар цохиод гарыг маань хугалсан. Тухайн үед гэрт С************ бид хоёроос өөр хүн байгаагүй. Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын ажилтай юм. Эрүүгийн ************ дугаартай хэргийн хохирогч Төрмөнх овогтой Ц************н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн үзлэг болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ гэх тусламж авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 114,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

Гэрч Т.Цэрэннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...07 цагт босоод гэртээ байж байтал утсаар Ц************н залгаад гэртээ байна уу үүдээ онгойлгооч гэсэн. Би гадаа үүдээ онгойлгож өгсөн чинь Ц************н сүрхий өрөвдмөөр царайтай уйлсан зүүн талын гараа барьсан байсан. Би гэртээ ороод юу болсон гэхэд С************ өглөө миний гарыг сандлаар цохиод гэж хэлсэн. ...би дүүгээ аваад эмнэлэг орж үзүүлсэн чинь зүүн гар нь хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Гэрч С.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11цаг 20 минутын үед Цэрэнням эгч миний гар утас руу залгаад аав чинь ээжийг чинь бэртээж гарыг нь хугалсан байна гэж хэлсэн. Тэгээд би аавынд очиход ээж байхгүй гэр эзэнгүй байсан. Би аавын гэрээс гараад гудамжинд явж байтал аав согтуу гудамжинд ганцаараа явж байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Ээжийн зүүн гарыг боосон байдалтай байсан. Юу болсон талаар асуухад өглөө эрт юм аав чинь агсам тавиад гутлаар цохиж байгаад сандлаар миний зүүн гар луу цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайгийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 124 дугаартай:

1. Т.Ц************нгийн биед зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь  хэрэг гарсан гэх үед үүссэн байна.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 35-36-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 48-р хуудас), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 49-р хуудас), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 50-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.С************ нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 01-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Ц************нг үл ялих зүйлээр шалтаглан модон сандлаар цохиж зүүн гарын шуу ясны хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.С************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-р хуудас/,

Хохирогч Т.Ц************нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 16-18-р хуудас),

Гэрч Т.Цэрэннямын (хх-ийн 21-22-р хуудас), гэрч С.Энхбатын (хх-ийн 25-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайгийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 124 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 35-36-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.С************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороодын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ч.С************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ч.С************ нь хохирогч Т.Ц************нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 114,000 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Т.Ц************нд 114,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 16-18-р хуудас)-гаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.С************гаас 114,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.С************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.С************ нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.С************ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.С************ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ч************ийн С************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч************ийн С************г 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.С************г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ч.С************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С************ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ч.С************гаас 114,000 (нэг зуун арван дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                 

                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР