Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 02946

 

 

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/02946

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: О Ш ХХК,  

Нэхэмжлэгч: Л.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.С ХХК-д холбогдох, 

Нэхэмжлэгч О Ш ХХК-ийн 113,312,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Л.Э 63,375,000 төгрөг гаргуулжж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

Т С ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Т С ХХК-ийн эзэмшлийн 000321712 дугаартай газрын гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Га, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О, гэрч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О Ш ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Т С ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 17/001 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулан Улаанбаатарт байрлах тус бүр нь 1000 м.кв талбайтай, 4 өвөл зуны хүлэмж нийт 4000 м.кв хэмжээтэй, халаалт усалгааны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 347 дугаар гармын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлэх, барих, тус хүлэмжид нарийн ногоо буюу огурцы тарих, тарьсан огурцыг даршлах, борлуулах хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцон, 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хүлэмжийг нүүлгэх ажлыг 2017 оны 05 дугаар сарын 25-ны дотор хийх, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс огурцы хувиарлах, ингэхдээ 51/49 хувиар ашгаа хуваахаар гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийж санхүүжүүлэн, нийт 113,312,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Гэрээнд заасны дагуу 4000 м.кв хүлэмжийг бусдад барьцаалахыг хориглосон байсан боловч уг хүлэмж болон газар талбай нь бүхэлдээ Голомт банкинд барьцаалагдсан, тэр асуудлаараа шүүхэд дуудагдсан нөхцөл байдлаа бидэнд хэлэлгүй зориуд санаатайгаар нуусан байсан бөгөөд хууран мэхэлж бидний санхүүжилтийг авсан байсан болно. Хүлэмжийг гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгээгүй, банктай байгуулсан гэрээнээс хамааран уг хөрөнгө нь бүхэлдээ битүүмжлэгдэн захиран зарцуулах боломжгүй болсон байсан ба сүүлд энэ талаар мэдэхэд бид асуудлаа шийдвэрлэх гэж байна түр хүлээгээч гэх мэт шалтаг тавьж байсан боловч мөн л цахилгаан болон бусад байгууллагатай байнгын асуудалтайгаас хамааран хүлэмжид ногоо тариулах, ургац хураах зэрэг ажлууд нь хангалттай явагдахгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан.

Харилцан ашигтай хамтран ажиллах үүргээ биелүүлэх боломжгүй, нөхцөл байдлаа санаатай нуун, хууран мэхэлж, хөрөнгө оруулалт хийсний дараа дээрх байдал нь илэрснээр гэрээний дагуу ажиллах боломжгүй болох нь тодорхой болсон тул бид гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн. Энэ хугацаанд нэг л удаа огурцы нийлүүлсэн ба 4605,2 кг 1 кг нь 1,500 төгрөгөөр тооцож 6,907,800 төгрөг өгсөн ба манайхаас өмнө нь 1,072,700 төгрөг огурцы борлуулж өгнө гэснийг хасаад 5,235,100 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж гэрээ дүгнэсэн. Асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа оролдож саналыг нь сонсож, уулзалт хийж, утсаар ярьж байсан боловч, ямар ч санал санаачлага гаргахгүй байсан. Иймд Т С ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт болох 108,672,000 төгрөгийг нэхэмжилж байна. Анх шүүхэд 113,312,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүнээс 4,640,000 төгрөгөөр багасгаж, 108,672,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Т С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тооцооноос харахад хамтран ажиллах гэрээ нь 5 жилийн хугацаатай хийгдсэн. О Ш ХХК-ийн зүгээс эхний ээлжид 100 сая төгрөг оруулах байсан гэтэл нэхэмжлэгч тал 113 сая төгрөг нэхэж байна. Гэрээнээс хэн аль нь татгалзах талаар 2018 оны10 сараас эхлэн албан бичиг хүргүүлэн мэдэгдсэн байдаг. Тэр үеэс хойш хамтран ажиллах ажил зогссон. Хамтран ажиллах гэрээний дагуу О Ш ХХК-ийн зүгээс 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлэмжийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгө гэж Я.Э-ын 5129002133 гэсэн дансанд 25,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-нд 11,560,000 төгрөгийг Я.Эрдэнэбаярын дансанд хийсэн, 2017 оны 07 дугаар сарын 25-нд Л.  Э-ийннэрээр 500,000 төгрөг Я.Э-ын дансанд орсон, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,500,000 төгрөгийн хүлэмжийн үйл ажиллагааны зардал гэж О Ш ХХК-иас Я.Эрдэнэбаярын дансанд орсон, 2017 оны 07 дугаар сарын 28-нд О Ш ХХК-иас Я.Эрдэнэбаярын дансанд 10,000,000 сая төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-нд 4,172,000 төгрөг цехийн засвар гэж О Ш ХХК-аас Я.Э-ын дансанд орсон, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг хүлэмж барьсан цалин гэж О Ш ХХК-иас Я.Э-н дансанд мөн орж нийт 59,732,000 төгрөг дансаар орж ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 31-нд Я.О-ийн Хаан банкны 5129002122 дугаартай дансанд 10,000,000 сая төгрөг орж ирсэн. Я.Э-т бэлнээр О Ш ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12,000,000 төгрөг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 10-нд 4,000,000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд бэлэн болон дансаар өгсөн мөнгө нь нийт 87,732,000 төгрөг болж байна. Хамтран ажиллах гэрээний дагуу энэ мөнгийг хариуцагч тал төлөх ёстой ч хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаас төлөх ёстой. Хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг гэж байхгүй. Хүлэмжийг нэг газраас нөгөөд нүүлгээд барьсан. Хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийгээд олсон үр ашгийг 51, 49 хуваар хүртэхээр гэрээнд заасан. Гэтэл бэлтгэх үйл ажиллагааны эдгээр мөнгө хариуцагчийн дансанд орсон түүнээс биш ашиг огт ороогүй. Хүртсэн ашиг гэж байхгүй. Ашгаас эргэн төлөлт хийгдэх байсан болохоор хүлээн зөвшөөрөхгүй. Энэ компанитай хамтран ажиллах гэрээ хийгээгүй бол хүлэмжийг барих, эдгээр төлбөрийг зарлагадах хэрэг байгаагүй. Ашиг аль аль нь олоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.  Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.  Э  нь Т С ХХК-ийн захирал Я.Э-тай компанийн хүлэмжийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 32,500,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулан Т С ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бус 4/16103 хаягт байрших 000321712 дугаар гэрчилгээтэй, 1,150 м.кв талбайтай газрыг барьцаалан гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан.

Энэхүү зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч тал төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Удаа дараа зээлийн төлбөр төлөхийг шаардсан боловч төлбөр төлөхгүй хугацаа авч, шалтаг тоочиж байсан. Иймд хариуцагч Т С ХХК-иас үндсэн зээл 32,500,000 төгрөг, хүү 9,750,000 төгрөг, алданги 21,125,000 төгрөг, нийт 63,375,000 төгрөгийг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.  Э-ээс манай компани нь 32,500,000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгө хүлээн аваагүй. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Л.  Э , Я.О нарын хооронд 202 дугаартай зээлийн гэрээ хийгдсэн бөгөөд 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 0,5 хувийн алданги тооцохоор байгуулаад Я.О-ийн данс руу 10,000,000 төгрөг шилжсэн. 32,500,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн боловч бодит байдлаар мөнгө нь орж ирээгүй. Энэхүү зээлийн гэрээг газар барьцаалсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд нөхөж хийсэн. Л.  Э-ээс Я.О-ийн зээлийн гэрээний дагуу авсан 10,000,000 төгрөг нь хүлэмжийн ажлын эргэлтийн хөрөнгөнд зарцуулагдсан. Хариуцах этгээд нь Т С ХХК биш. Нэхэмжлэгч Л.  Э-ийннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т С ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.  Э  нь Т С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Я.О надад 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Я.О надад зээлсэн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд барьцаа тавихыг шаардаж, улмаар Т С ХХК-ийн газрыг барьцаалахын тулд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32,500,000 төгрөгийн зээлийн гэрээг хийсэн ба энэхүү гэрээний дагуу Т С ХХК-д 32,500,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлээгүй болно. Иймд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32,500,000 төгрөгийн зээлийн гэрээ нь Я.Оюунчимэгт зээлсэн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд газар барьцаалах зорилгоор нөхөж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хууль зөрчиж хийсэн гэрээ юм.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Л.  Э  болон Т С ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Т С ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс, 4/16103 хаягт байрлах 000321712 дугаартай гэрчилгээтэй, 1150 м.кв талбайтай газрын гэрчилгээг нэхэмжлэгч Л.  Э-ээс гаргуулж өгнө үү. Шүүхэд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. Энэ шаардлагаа татан авч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.  Э-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Л.  Э-ээс хариуцагч Т С ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Дахин 25,000,000 төгрөгийг зээлж нийт 35,000,000 төгрөг авсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Л.  Э  болон Т С ХХК-ийн хооронд 32,500,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан ба Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс 4/16103 хаягт байрлах 000321712 дугаар бүхий гэрчилгээтэй газрыг барьцаалсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь нотариатаар батлуулсан хүчин төгөлдөр хэлцэл болно. Зээлийн гэрээнд заасан мөнгөн төлбөрийг зээлдэгч нь хүлээн авсан болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  

Нэхэмжлэгч О Ш ХХК нь хариуцагч Т С ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, өөрийн оруулсан санхүүжилт 113,312,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4,640,000 төгрөгөөр багасгаж, 108,672,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Л.  Э  нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 63,375,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Л.  Э д холбогдуулан Т С ХХК болон Л.  Э  нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч компанийн 000321712 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа татан авсан.

  

Шүүх нэхэмжлэгч О Ш ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгч Л.  Э-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, хариуцагч Т С ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч Т С ХХК-д холбогдох 113,312,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч О Ш ХХК нь хариуцагч Т С ХХК-ийг гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул хамтын үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болсон гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгөө буюу 108,672,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч О Ш ХХК нь хариуцагч Т С ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 17/001 дугаартай, хамтран ажиллах гэрээ байгуулж, Улаанбаатар хотод байрлах тус бүр нь 1000 м.кв талбайтай, 4 ширхэг нийт 4000 м.кв талбай бүхий хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 347 дугаар гармын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлэх, барих, тус хүлэмжид нарийн ногоо буюу огурцы тарих, тарьсан ногоог даршлах, борлуулах хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцож, гэрээний А тал буюу нэхэмжлэгч О Ш ХХК нь 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, Б тал буюу хариуцагч Т С ХХК нь хүлэмж нүүлгэн шилжүүлж, барих газар, хүлэмжийн төмөр карказ, тарилтад шаардлагатай бүх дотоод тоног хэрэгсэл зэргийг хариуцах, ногоо тарьж, боловсруулан худалдах, үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг хүлээж, гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулжээ.

 

Талууд гэрээг хүсэл зоригийнхоо дагуу байгуулсан байх бөгөөд гэрээнд талуудын оролцоо, эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.  

Нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хамтран ажиллаж, нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, Улаанбаатар хотод байрлах тус бүр нь 1000 м.кв талбайтай, 4 ширхэг нийт 4000 м.кв талбай бүхий хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 347 дугаар гармын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлэх, барих, тус хүлэмжид нарийн ногоо буюу огурцы тарих үүргийнхээ дагуу хураамж төлж, хариуцагч хүлэмж нүүлгэн шилжүүлж, барих, хүлэмжийн төмөр карказ, тариалалтад шаардлагатай дотоод тоног хэрэгсэл зэргийг бэлтгэн, ногоо тарьж, боловсруулан худалдах, үйл ажиллагааг эрхлэн явуулсан байна.  

Нэхэмжлэгч талаас хамтран ажиллах гэрээний дагуу хураамж төлөх үүргээ гүйцэтгэхээр 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 8,940,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 24,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 11,560,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 5,500,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 4,172,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 108,672,000 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Итозмон ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23 дугаартай албан бичиг, Т С ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаяр, О Ш ХХК-ийн нягтлан бодогч Х.Баасанбат нарын тооцоо нийлсэн баримт, Т С ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаярын Хаан банкин дахь 5129002133 дугаар дансны хуулга, Т С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Я.Оюунчимэгийн Хаан банкин дахь 5129002122 дугаар дансны хуулга, Я.Эрдэнэбаяр 12,000,000 төгрөг хүлээн авсан баримт, Я.Оуюнчимэг 15,000,000 төгрөгийг хураамжид, 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу авсан талаарх баримт, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

 Талууд 2017 огы 05 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хамтын ажиллагааг явуулсан болох нь дээрх нотлох баримтууд болон хүлэмж барьж, ногоо тарьж, түүнийг хураан авч, боловсруулан худалдаж байсан гэх талуудын тайлбараар тогтоогдож байна.  

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан.

 Ийнхүү хамтын ажиллагаагаар талууд хураамж төлж хамтран ажилласнаар хураамж нь хөрөнгө, ажил үйлчилгээ юу байхаас үл хамаарч Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т заасны дагуу тэдгээрийн төлсөн хураамж нь дундаа өмчлөх хөрөнгийг бий болгоно.

 

Харин Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг дараахь үндэслэлийн аль нэг нь байвал дуусгавар болсонд тооцно, 480.2.1-т гэрээг цуцалсан, 480.3-т Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж заасан.

 Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хамтран ажиллах гэрээ хэрэгжиж, нэхэмжлэгчийн оруулсан хураамж нь гэрээний зорилгыг биелүүлэхийн тулд гэрээнд заасны дагуу хүлэмж барих, зөөх, ногоо тарих зэрэг ажилд зарцуулагдсан учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзах, оруулсан хөрөнгө буюу хураамжаа буцаан шаардсан нь үндэслэлгүй байна.  

            Иймд хариуцагч Т С ХХК-иас 108,672,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О Ш ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Хариуцагч Т С ХХК-д холбогдох 63,375,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэгч Л.  Э-ийннэхэмжлэлийн шаардлагын тухайд

 Нэхэмжлэгч Л.  Э  нь хариуцагч Т С ХХК-д холбогдуулан зээл 32,500,000 төгрөг, зээлийн хүү 9,750,000 төгрөг, алданги 21,125,000 төгрөг нийт 63,375,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.

 Нэхэмжлэгч Л.  Э , хариуцагч Т С ХХК-ийн хооронд нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 32,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон зээлийн гэрээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Т С ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс-4/16103 хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1150 м.кв талбайтай, 000321712 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалсан барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, гэрээг нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 Зохигч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан хэдий ч гэрээг байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар болон, нэхэмжлэгчээс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Я.Оюунчимэгт 10,000,000 төгрөг, Т С ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаярын Хаан банкин дахь дансаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 25,000,000 төгрөгийг Хүлэмжийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгө гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн тухайд маргаагүй. Хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, 10,000,000 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 2 дугаар хавтас, 7, 21 дүгээр тал/

 Нэхэмжлэгчээс хариуцагч Т С ХХК-ийн хувьцаа эзэмшигч Я.Оюунчимэг нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлийн зориулалтаар авсан болохоо зөвшөөрсөн, Т С ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаярт 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 25,000,000 төгрөгийг Хүлэмжийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, талууд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 32,500,000 төгрөгт Т С ХХК нь эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 Зээлийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд гэрээний 3-т ...нэг сарын хүү 2.5 хувь, гэрээний 5-т ...алданги 0,5 хувь-иар тооцохоор тохиролцсон байна.  

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө буюу 32,500,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Зээлдэгч зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасны дагуу зээл 32,500,000 төгрөг, зээлийн хүү 9,750,000 төгрөг нийт 42,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.  

Мөн хариуцагч зээл, зээлийн хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний 5 дахь заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт зааснаар 42,250,000 төгрөгийн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй тул 21,125,000 төгрөг шаардсан нь гэрээ, хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

 Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд талуудын хооронд байгуулагдсан зээл, барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 153, 154, 156, дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.  

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.  

Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул барьцааны гэрээний дагуу 63,375,000 төгрөг төлөх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч Т С ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн 000321712 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 168023/5218 18633307545581 дугаар бүхий, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс-4/16103 дугаар хаягт байршилтай, 1,150м.кв/га/ газраас хангуулах үндэслэлтэй байна. 

Иймд хариуцагчаас 63,375,000 төгрөг гаргуулж, уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.  Э д холбогдох Т С ХХК-ийн гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Т С ХХК-ийн 1150 м.кв талбайтай газрын 000321712 дугаартай гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд 

Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Хуулийн энэ зүйлд заасан хэлцэл хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул шүүх хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй.

 Харин хариуцагч Т С ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн 000321712 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 168023/5218 18633307545581 дугаар бүхий, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс-4/16103 дугаар хаягт байршилтай, 1,150м.кв/га/ газрын гэрчилгээг буцаан шаардсан шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 Учир нь нэхэмжлэгч газрын гэрчилгээг барьцаалан авсан талаар маргаагүй, талууд эзэмших эрх бүхий газрын эрхийг барьцаалж барьцааны гэрээг бичгээр байгуулсан боловч эрхийн бичиг буюу гэрчилгээг барьцаалах талаар тохиролцоогүй байна.

 Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан үндэслэлгүй байх тул Т С ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн 000321712 дугаар гэрчилгээг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.  Э , Т С ХХК-ийн хооронд нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан тул хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.2.1, 480.3-т заасны дагуу хариуцагч Т С ХХК-иас 108,672,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О Ш ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч Т С ХХК-иас 63,375,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.  Э д олгосугай.

 3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу хариуцагч Т С ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Т С ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн 000321712 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 168023/5218 18633307545581 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-4/16103 хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1150 м.кв талбайтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.  Э гөөс газар эзэмших эрхийн 000321712 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 168023/5218 18633307545581 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-4/16103 хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1150 м.кв талбайтай газрын гэрчилгээг гаргуулж хариуцагч Т С ХХК-д олгосугай.  

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу хариуцагч Т С ХХК нь Л.  Э , Т С ХХК-ийн хооронд нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О Ш ХХК-иас төлсөн 724,510 төгрөг, нэхэмжлэгч Л.  Э гөөс төлсөн 545,025 төгрөг, хариуцагч Т С ХХК-иас төлсөн 320,450 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 545,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.  Э д, нэхэмжлэгч Л.  Э гөөс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай. 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР