Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 747

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00233 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК-д холбогдох

 

Өөрөө буулгагч 10 ширхэг автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний дагуу илүү төлсөн 49 866 122 төгрөг, хохиролд 193 080 720,5 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлээр худалдан авсан 15 автомашины төлөгдөөгүй үнэ, хүү, алдангид 901 228 330,56 төгрөг гаргуулах, уг  барьцааны зүйл болох өөрөө буулгагч 18 ширхэг автомашин, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр МЛ15/02 тоот Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэг бүр нь 355 000 юань буюу нийт 1 775 000 юанийн үнэ бүхий Фотон үйлдвэрийн BJ3252DLPJB маркийн 5 ширхэг өөрөө буулгагч автомашиныг зээлээр худалдаж авахаар тохиролцсон. Дараа нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр МЛ15/04 тоот Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу мөн дээрх үнэ, үзүүлэлт, марк бүхий 5 ширхэг автомашиныг ижил нөхцөлөөр зээлээр худалдаж авсан.

2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр дахин “М” ХХК-тай гэрээ байгуулж, нэг бүр нь 65 000 000 төгрөг буюу нийт 325 000 000 төгрөгөөр фотон үйлдвэрийн BJ2531 маркийн 51-42 УНМ, 67-42 УНМ, 46-08 УНМ, 47-14 УНМ, 51-37 УНМ улсын дугаартай 5 ширхэг өөрөө буулгагч автомашинуудыг худалдаж авахаар тохиролцсон. Манай компани гэрээний дагуу нийт 1 161 175 862 төгрөгийг төлж барагдуулсан нь дээрх 3 гэрээний үнийг бүрэн төлсөн гэх үндэслэл болно. Учир нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүсэх үед Монгол банкнаас тогтоосон юанийн ханшаар төлөх ёстой ба тухайн үеийн юанийн ханш 313.88 төгрөг байсан юм. Иймд бид 49 866 122 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж байна. Хариуцагч “М” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 18, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд манай компанийг тээврийн хэрэгслүүд Төв аймгийн Заамар суманд ажил хийж байхад ажлын тайлбай дээр очиж, хууль бусаар, хүч хэрэглэн нийт 8 ширхэг өөрөө буулгагч автомашинуудыг хураан авч явсан.

Бид “У” ХХК-тай хөрс шорооны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд 25 автомашин ажиллуулах, ажиллуулж буй машин нь гэрээгээр тохирсон нийт машины 75 хувьд хүрэхгүй бол гэрээнд заасны дагуу торгууль төлөх үүрэг хүлээсэн байсан. Түүнчлэн бид нэг машин ажиллуулаад хоногт 331.917 төгрөгийн орлого олдог, “М” ХХК-иас худалдаж авсан 2 машин 88 хоног ажиллаагүй, 3 машин 81 хоног ажиллаагүй. Иймд 5 автомашины олох ёстой байсан орлого болох 140 080 720,5 төгрөгийг алдсан. Мөн “Уулс заамар” ХХК-д гэрээний дагуу нийт 53 000 000 төгрөгийн торгууль төлсөн. Иймд 3 гэрээний дагуу худалдаж авсан нийт 15 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээний үүргээ гүйцэтгэхийг “М” ХХК-д даалгаж, илүү төлсөн 49 866 122 төгрөг, мөн гэм хорын хохиролд нийт 193 080 720,5 төгрөгийг тус тус хариуцагч “М” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тээврийн хэрэгслийг зээлээр худалдаж авдаг бөгөөд “Б” ХХК-тай 3 удаа гэрээ байгуулж, нийт 15 ширхэг өөрөө буулгагч автомашиныг сарын 2 хувийн хүүтэйгээр төлбөрийг төлж барагдуулахаар зарсан. Эхний 2 гэрээний хувьд урьдчилгаа авсан, үлдэх төлбөрийг график гаргаж, хүү тооцож төлөхөөр харилцан тохиролцсон ба 10 ширхэг нь шинэ автомашин юм. 3 дахь гэрээгээр “Баттрак” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 5 ширхэг улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг бүрийг нь 65 000 000 төгрөгөөр тооцож, нийт 325 000 000 төгрөгөөр хүүгүйгээр, тохирсон хугацааны дагуу төлж барагдуулахаар худалдсан. Гэтэл “Баттрак” ХХК нь хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүйн улмаас манай компани их хэмжээний алдагдалд орсон. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Б” ХХК-ийн захирал, нягтлан бодогч, манай компанийн захирал, нягтлан бодогч нар 3 гэрээний дагуу төлөх ёстой төлбөр тооцоогоо нийлж баталгаажуулсан ба улмаар уг төлбөр тооцоо нийлсэн актыг үндэслэн 3 гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч “Б” ХХК нь төлбөрөө төлөлгүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр сүүлийн гэрээний төлбөр буюу 325 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээнд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүү тооцохоор тохирч, эхний гэрээний үүрэг биелэгдсэн болохыг дүгнэж, төлбөрийг Монгол төгрөгт шилжүүлж, 2 болон 3 дугаар гэрээний нийт төлөх ёстой үлдэгдэл төлбөрийг, төлбөл зохих хүүгийн хамтаар 770 818 887,04 төгрөг болохыг тогтоосон. Үүнээс 170 000 000 төгрөгийг “Баттрак” ХХК төлсөн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг буруу ойлгож хэрэглэж байна. Түүнчлэн гэрээнд заасны дагуу манай компани худалдсан хөрөнгөө барьцаалах эрхтэй тул “Б” ХХК-д ямар нэг хохирол учруулаагүй, хохирол учруулсан гэх баримт нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ05/02, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн МЛ15/04, 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн МЛ16/02 тоот гэрээнүүдийн дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдлийг талууд тооцоо нийлж 770 818 887.04 төгрөг болохыг баталгаажуулж, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өмнөх 3 гэрээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд   хүчин төгөлдөр хэлцэл юм. “Б” ХХК нь тооцоо нийлснээс хойш 170 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн бид гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй, харин гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө шаардах эрхтэй тул үлдэх төлбөр болох 600 818 887.04 төгрөгийг, 50 хувиар тооцсон алданги 300 409 443,52 төгрөг, нийт 901 228 330,5 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулж, барьцааны гэрээний дагуу “Б” ХХК-д зарсан 15 ширхэг автомашин болон тус компанийн өмчлөлийн 3 автомашин, нийт 18 автомашин, мөн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо,1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээний дагуу нэг бүр нь 65 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг автомашиныг 325 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Баттрак” ХХК-ийн өмч байсан нэг бүр нь 70 000 000 төгрөгийн үнэтэй, нийт 210 000 000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг норд бенз маркийн автомашиныг хариуцагч “М” ХХК нь өөрийн нэр дээр шилжүүлэх замаар барьцаалж авч явсан. Мөн 2017 оны 8 дугаар сарын 18, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрүүдэд манай гэрээт ажлын байрнаас өөрийн зарсан 5 машинаа хууль бусаар, хүчээр хураан авч манай компанид их хэмжээний хохирол учруулсан. Түүнчлэн хүү болон алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх гэрээнүүдийн дагуу “М” ХХК нь тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг манай компанид шилжүүлж өгөх ёстой бөгөөд өмчлөх эрхийг удаа дараа шилжүүлж өгөхийг шаардаж байхад өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт гэрээ нь логик авцалдаагүй, 3 гэрээг нэгтгэн дүгнэсэн шинжтэй хууль зөрчсөн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл 3 өөр төрлийн гэрээг нэгтгэн дүгнэж болохгүй тул бид уг гэрээг хууль зөрчсөн гэрээ гэж үзэж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Баттрак ХХК-иас 578 452 099,04 төгрөгийг гаргуулан М ХХК-д олгож, Автомашин зээлээр худалдах, худалдан авах тухай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний зүйл болох Фотон үйлдвэрийн, BJ3252DLPJB маркийн 10 ширхэг өөрөө буулгагч автомашины, мөн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээний зүйл болох Фотон үйлдвэрийн, BJ2531 маркийн, 51-42 УНМ, 67-42 УНМ, 46-08 УНМ, 47-14 УНМ, 51-37 УНМ улсын дугаартай, 5 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг М ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 322 776 231,52 төгрөг гаргуулах, Фотон үйлдвэрийн BJ3252DLPJB маркийн 10 ширхэг өөрөө буулгагч автомашин, BJ2531 маркийн, 51-42 УНМ, 67-42 УНМ, 46-08 УНМ, 47-14 УНМ, 51-37 УНМ автомашинуудыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг, мөн хохиролд 193 080 720,5 төгрөгийг, илүү төлсөн 49 866 112 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг, Бэйбэн үйлдвэрийн ND2534 маркийн, 75-42 УНИ, 92-74 УНИ, 72-15 УНИ улсын дугааруудтай 3 ширхэг автомашинуудыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасаны журмын дагуу худалдан борлуулж, үнийн дүнгээс шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 759 431 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 4 834 798 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 8 311 393 төгрөгийг, хариуцагчаас дутуу төлсөн 100 507 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч М ХХК-иас 8 856 089 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д, нэхэмжлэгч Баттрак ХХК-иас 3 120 410 төгрөгийг гаргуулан хариуцагч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хариуцагч манай гэрээт ажлын талбай дээрээс нийт 8 ширхэг өөрөө буулгагч автомашинуудыг хүчээр хураан авсан. Энэ хууль бус үйлдэл нь манай ажилд шууд болон шууд бусаар 193 080 720 төгрөгийн хохирол учруулсан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. “У” ХХК нь 53 сая төгрөгийн торгууль тавьсаныг бид төлсөн тул манай компаниас 578 452 099 төгрөг гаргуулах шийдвэрээс 53 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Автомашин зээлээр худалдах, худалдан авах 2015.05.22-ны МЛ15/02, 2015.06.26-ны МЛ15/04, 2016.04.07-ны МЛ16/02 дугаартай гэрээг Иргэний Хуулийн 189  дүгээр зүйлийн 189.1 дэх заалтын дагуу байгуулсан бөгөөд гэрээний 6.2 дахь зүйлийн 6.2.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3,  9 дүгээр зүйлийн 9.3 дахь гэх заалтуудаар худалдан авагч "Б" ХХК нь гэрээний 6.2.1 дэх заасан үүргээ бүрэн биелүүсэн үедээ эзэмшилдээ шилжүүлэн авсан автомашинуудаа өмчлөлдөө авахаар талууд тохиролцсон нь хууль зөрчөөгүй. Учир нь “М" ХХК-ийн нэр дээр байгаа 15 ширхэг машины өмчлөх эрхийг "Б" ХХК-д шилжүүлж өгөхийг даалгасанг зөвшөөрөхгүй байна.

Иргэний Хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдиин 13.1 дэх заалтаар худалдан авагч хуваарьт төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй бол автомашиныг эргүүлэн татах, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, гэрээний 9.1-д заасан барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх "М" ХХК-д олгогдсон тул шүүхийн шийдвэрээр тогтоосон 578 452 099.04 төгрөгийг “Б” ХХК төлөхгүй бол барьцаалсан 15 машинаар төлбөрөө төлүүлэх эрхтэй байтал энэ эрхийг хязгаарлан талуудын албан ёсны тохиролцоог үгүйсгэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Автомашинуудын үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх заалтын дагуу "Б" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 578 452 099.04 төгрөгийг "М" ХХК-д бүрэн төлсөн үед 15 машины өмчлөх эрхийг саадгүй шилжүүлж өгнө.    "Шийдвэрт "төлбөр төлөгдөхөөс өмнө эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн" байх үүрэг нь Иргэний Хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн онцлог юм. Эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ худалдагч биелүүлээгүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй" гэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн 5.2 дугаар зүйлийн 5.2.1-ээс 5.2.4 дэх заалтуудаар худалдагч тал худалдан авагч талын захиалсан загвар үзүүлэлт бүхий биет байдлын болон эрхийн доголдолгүй автомашиныг худалдан авагчид шилжүүлэх, 6.1 дүгээр зүйлийн 6.1.1-6.1.4 дэх заалтаар худалдан авагч гэрээнд заасан автомашиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь тогтоогддог. Гэрээний 5.2 болон 6.1 дэх заалтуудаар үнийг төлөхөөс өмнө автомашинуудыг "Б" ХХК эзэмшилдээ авч үнийг хэсэгчлэн хувиараар төлөхөөр тогтсон нь нотлогддог тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийг зөрчөөгүй.

Мөн шийдвэрт “М” нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ...өөрөө буулгагч автомашин, ...2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж, үнийн дүнгээс мөнгөн төлбөрийн шаардлагаа хангуулах эрхтэй гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Бэйбэн үйлдвэрийн 3 ширхэг автомашин нь 2012 онд үйлдвэрлэгдэн Монгол Улсад 2014 онд орж ирсэн 3 жил ашиглагдсан, хуучин эвдрэл гэмтэлтэй машинууд тул дээд тал нь 30-40 сая төгрөгт худалдагдаж байгаа тул нийтдээ 90-100 сая төгрөгт худалдаалагдана, 2 өрөө орон сууц нь 70 сая төгрөгний үнэлгээтэй гэж байгаа боловч байрлал, ашиглалтанд орсон он зэргээсээ шалтгаалж 60 сая төгрөгт худалдаалагдаж байна. Үүнээс үзэхэд шүүх шийдвэрт дурьдагдсан 3 машин, байр нь нийтдээ 160 сая орчим төгрөгний төлбөрийг барагдуулах тул хариуцагч талд илтэд хохиролтой байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 189, 112 дугаар зүйл болон гэрээнд дурьдагдсан заалтуудаар зээлээр худалдсан 15 машиныг гэрээний дагуу төлбөрийг төлөх хүртэл барьцаалсан нь хууль зөрчөөгүй тул барьцаалсан эдгээр 15 машинаас төлбөрөө гаргуулах шаардлагатай байна. Иймд  шийдвэрт өөрчлөлт оруулж 15 машины үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөлийг шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч "Б" ХХК нь хариуцагч "М" ХХК-д холбогдуулж, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт өөрөө буулгагч 10 ширхэг автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, автомашины үнэд илүү төлсөн 49 866 122 төгрөг, хохиролд 193 080 720 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг /хх-ийн 2, 147, 189/ хариуцагч эс зөвшөөрч, зээлээр худалдах,  худалдан авах гэрээний үүрэгт  төлбөрийн үлдэгдэл 600 818 887 төгрөг, алданги 300 409 443  төгрөг, нийт 901 228 330 төгрөг гаргуулах,   барьцааны зүйл болох өөрөө буулгагч 18 ширхэг автомашин болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 64, 235, 238/

Зохигчид 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ15/02 дугаартай "Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ", 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн МЛ15/04 дугаартай “Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ", 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн МЛ16/02 дугаартай "Авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ" болон 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр эдгээр гэрээнүүдэд нэмэлт оруулах гэрээг тус тус бичгээр байгуулсан байна.

 

Хариуцагч "М" ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ15/02 дугаартай гэрээний дагуу нэг бүр нь 355.000 юань, нийт 1.775.000 юанийн үнэтэй, Фотон үйлдвэрийн, 5 ширхэг өөрөө буулгагч автомашинийг нэхэмжлэгч "Б" ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, "Б" ХХК нь урьдчилгаа төлбөрт 127.877,56 юанийг "М" ХХК-д төлөх, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд, харилцан тохиролцсон хуваарийн дагуу, сарын 2 хувийн хүүтэйгээр үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах, төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа "М" ХХК нь автомашинуудын өмчлөх эрхийг "Б" ХХК-д шилжүүлэхээр, /хх-ийн 13-17/

Хариуцагч "М" ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн МЛ15/04 дугаартай гэрээний дагуу нэг бүр нь 355.000 юань, нийт 1.775.000 юанийн үнэтэй, Фотон үйлдвэрийн, 5 ширхэг өөрөө буулгагч автомашиныг нэхэмжлэгч "Б" ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, "Б" ХХК нь урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр, төлбөрийг 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, харилцан тохиролцсон хуваарийн дагуу, сарын 2 хувийн хүүтэйгээр төлж барагдуулах, төлбөрийг төлж барагдуулсны дараа "М" ХХК нь автомашинуудын өмчлөх эрхийг шилжүүлэхээр, /хх-ийн  7-10/

Хариуцагч "М" ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн МЛ16/02 дугаартай гэрээний дагуу нэг бүр нь 65.000.000 төгрөгийн, нийт 325.000.000 төгрөгийн үнэтэй, Фотон үйлдвэрийн 51-42УНМ, 67-42УНМ, 46-08УНМ, 47-14УНМ, 51-37УНМ улсын дугаартай, хуучин, 5 ширхэг өөрөө буулгагч автомашиныг нэхэмжлэгч "Б" ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, "Баттрак" ХХК нь урьдчилгаа төлбөр болон хүү төлөхгүйгээр гэрээний төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлж барагдуулах, төлбөрийг төлж барагдуулсны дараа "М" ХХК нь автомашинуудын өмчлөх эрхийг шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцож бичгээр  гэрээ байгуулжээ. /хх 54-58 дугаар тал/

 

Анхан шатны шүүх 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ15/02 дугаартай болон 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн  МЛ15/04 дугаартай гэрээнүүдийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

Харин талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн МЛ16/02 дугаартай гэрээгээр хүүгийн талаар тохиролцоогүй гэж үзэж уг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэхдээ 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт оруулах гэрээний 1 дэх заалтаар 325 000 000 төгрөгт 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс хүү тооцохоор тохиролцсон байгааг анхаараагүй байна. /хх-ийн 67/

 

Иймд талуудын хооронд бүхэлдээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Зохигчид 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр  дээрх 3 гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлж, тооцоо нийлсэн актыг үндэслэн, "Автомашин зээлээр худалдах, худалдан авах 2015.05.22-ны МЛ15/2, 2015.06.26ны МЛ15/04, 2016.04.07ны МЛ 16/02 тоот гэрээнүүдэд нэмэлт оруулах гэрээ"-г байгуулж, өмнөх 3 гэрээний төлбөрийн үлдэгдэл 770 818 887 төгрөг болохыг тогтоож, төлбөрийг 2017 оны 11 сарын 15-ны дотор  төлөх, "Б" ХХК-ийн 3 ширхэг автомашиныг нэмж барьцаалах,  төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар тус тус харилцан тохиролцсоноос гадна гэрээний бусад заалт хэвээр мөрдөхөөр тогтсон байна. /хх-ийн  67-70/

 

Зохигчид гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүйгээс гадна дээрх 3 гэрээний дагуу нийт 15 ширхэг автомашины эзэмшлийг худалдан авагч "Б" ХХК-д шилжүүлэн өгсөн, худалдан авагч 3 гэрээний төлбөрт нийт 1.161.175.862 төгрөгийг төлсөн, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлснээс хойш "Б" ХХК нь нэмж 170.000.000 төгрөг төлсөн, маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр Автотээврийн үндэсний төвийн бүртгэлд хариуцагч "М" ХХК бүртгэгдсэн талаар болон гэрээний зүйлийн тоо хэмжээ, чанар байдлын талаар талууд маргаагүй байна.

Түүнчлэн хариуцагч "М" ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 4 ширхэг автомашиныг, мөн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 4 ширхэг автомашиныг, нийт 8 ширхэг автомашиныг "Б" ХХК-ийн эзэмшлээс өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан нь барьцааны эрхээ хэрэгжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, худалдан авагч "Б" ХХК нь автомашины үнийг юаниар төлж барагдуулах үүргийг эхний гэрээнүүдээр хүлээснээс гадна талууд гэрээнд өөрчлөлт оруулж, юанийг төгрөгт шилжүүлсэн, энэ нэмэлт тохиролцоо хүчин төгөлдөр байх тул юань болон төгрөгийн ханшийн зөрүүгээс үүссэн гэх 49.866.122 төгрөгийг худалдан авагч буюу нэхэмжлэгч буцаан шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Мөн олох ёстой байсан орлого, хохиролд 162.080.720,5 төгрөг гаргуулах тухай "Б" ХХК-ийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч “М” ХХК нь хууль бусаар, хүч хэрэглэж, 8 ширхэг тээврийн хэрэгслийг хурааж авсан гэх байдал тогтоогдоогүй, ийнхүү хураан авснаар  хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна "Баттрак" ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлэх хугацааг өөрөө хэтрүүлсэн буруутай байх тул хохирол шаардах эрхгүй байна.

 

Анхан шатны шүүх эхний гэрээтэй холбоотой буюу 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ15/02 дугаартай гэрээний төлбөр тооцоо дууссан гэж дүгнэсэн атлаа  3 гэрээний нийт 15 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгасан нь буруу болжээ.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1. дэх хэсэгт  “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу талууд дээр дурдсан 3 гэрээгээр ийнхүү тохиролцсон байгааг шүүх анхаараагүй байхаас гадна нэхэмжлэгч анх 10 ширхэг Фотон үйлдвэрийн өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан, энэ шаардлагаа нэмэгдүүлээгүй /хх-ийн 147, 189/ байхад 15 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ15/02 дугаартай гэрээний зүйл болох Фотон үйлдвэрийн, 5 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Мөн шүүх тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 222 дугаар зүйлийн 222.5 дах заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 222 дугаар зүйлийн 222.5, 232 дугаар зүйлийн 232.6,  258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт тус тус  заасан зохицуулалтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгч “Б” ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 578.452.099 төгрөгийг гаргуулж хариуцагч  "М" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн талаар зохигчид хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй тул энэ шийдлийг хэвээр нь үлдээх  нь зүйтэй гэж үзэв.

 

Талууд дээр дурдсан 3 удаагийн зээлээр худалдах-худалдан авах гэрээний 11.1-д зааснаар гэрээний зүйл болох 15 ширхэг автомашиныг,  2017 оны 05 сарын 17-ны өдрийн нэмэлт гэрээний 3-т зааснаар “Б” ХХК-ийн 3 автомашиныг тус тус барьцаалсан гэрээг бичгээр байгуулсан, эдгээр барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр байх тул хариуцагч “М” ХХК нь барьцааны эрхтэй байна.

 

 Харин хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн хувьд хариуцагч “М” ХХК нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлд заасан болон  Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу барьцааны эрхээ хэрэгжүүлэх болохоос шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан  худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул барьцаалсан 18 ширхэг өөрөө буулгагч автомашиныг  шүүхийн шийдвэрээр албадан худалдах  тухай сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

Харин шүүх барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг албадан  худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй, харин хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ийнхүү өөрчлөлт оруулсантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00233 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч “Б” ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн МЛ15/02 дугаартай гэрээний дагуу Фотон үйлдвэрийн, BJ3252DLPJB маркийн 5 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч “М” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч “Б” ХХК-иас 578 452 099 төгрөгийг гаргуулан хариуцагч “М” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5 ширхэг өөрөө буулгагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай болон илүү төлсөн 49 866 112 төгрөгийг  хохиролд 193 080 720 төгрөгийг  гаргуулах тухай нэхэмжлэлийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 322 776 231 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,  2. дах заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр байрны 174 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006847 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг  албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  “Фотон” үйлдвэрийн 15 ширхэг,  “Бэйбэн” үйлдвэрийн 3 ширхэг, нийт 18 ширхэг  өөрөө буулгагч автомашинуудыг  албадан худалдаж  үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “8 856 089” гэснийг 2 928 813” гэж  тус  тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4  дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 120 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

            

                 ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                                                          

                                                                                               Н.БАТЗОРИГ