| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 126/2025/0003/З |
| Дугаар | 221/МА2025/0326 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0326
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126/ШШ2025/0006 дугаар шийдвэрийг хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Т, хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц, гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн өмгөөлөгч С.Н нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Б” ХХК
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд “Ө” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.Ц, Д.Т,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Б, Г.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 126/2025/0003/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126/ШШ2025/0006 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасныг тус тус баримтлан “Б” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б” ХХК-ийн тендерийг шаардлага хангахгүй гэж ЭХЯ/20240102069 дугаартай тендерт шалгаруулахаас татгалзаж, “Ө” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/614 дүгээр “Ө” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай татгалзсан шийдвэр, Хөвсгөл аймгийн Засаг дарга “Ө” ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан УТ2503001143 тоот Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг гэрээг тус тус хүчингүй болгож, ЭХЯ/20240102069 дугаартай Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендерийг дахин үнэлэхийг хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэжээ.
2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Т, хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126/ШШ2025/0006 дугаартай шийдвэртэй холбогдуулан Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлын шаардлага: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126/ШШ2025/0006 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг тайлбарласан үндэслэл тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын зөрчилтэй шүүхийн шийдвэр гаргасан талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт ийнхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана..." гэж заасан ба Сангийн яаманд нэг удаа гомдол гаргах хуулийн зохицуулалттай байхад Сангийн яамны хоёр удаагийн гомдолд өгсөн хариу тайлбарыг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийн үндэслэлгүйгээр нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарласан, баримталбал зохих хуулийг баримтлаагүй хэт нэг талыг барьсан шүүхийн шийдвэр гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илт зөрчиж процессын зөрчилтэй шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
2.1. "Ө" ХХК нь тендер сонгон шалгаруулалтад хууль тогтоомжийн хүрээнд шалгарч, өвлийн ид хүйтэнд сумын дулаанд холбогдсон аж ахуй нэгж байгууллага болон төсөвт байгууллагууд тэр дундаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд онцгой объект хөлдөх эрсдэлтэй нөхцөл байдалтай байхад эхний зуухыг нийлүүлж, угсарч, дулаанаар хангах үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Мөн хоёр дахь зуухыг угсарч, тээвэрлэхэд бэлэн болгож, холбогдох зардлыг гаргаж гэрээний хэрэгжилт 70 хувьтай хэрэгжсэн байдаг.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “... Шүүх захиалагчийн шийдвэр, худалдан авах гэрээний биелэлтийг түдгэлзүүлэх нь нийтийн ашиг сонирхолд илтэд хохиролтой гэж үзсэнээс бусад тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түдгэлзүүлж болно..." гэж заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэхийн тулд уг хуулийг буруу тайлбарлаж хэт нэг талыг барьсан буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илт зөрчсөн шийдвэр гаргасан.
2.2. Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 10 сарын 24- ний өдөр зарласан "Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг (Хөвсгөл, Их-Уул сум) ЭХЯ/20240102069 дугаартай тендерт 2024 оны 11 сарын 14-ний өдрийн нээлтээр "О" ХХК, "М " ХХК, "Ө" ХХК, "Б" ХХК тус тус оролцсон.
2.3. Аймгийн худалдан авах ажиллагааны газрын даргаас 2024 оны 11 сарын 19-ны өдрөөр шийдвэр гаргаж "Б" ХХК -ийг тендерийн баримт бичигт Ѵ бүлгийн Маягт-6 бөглөж ирүүлэх байсан хэдий ч ирүүлээгүй бөгөөд www.tender.gov.mn хаягаар 9 тендерт шалгарсан харагдаж байгаа боловч тухайн ажлуудыг хэрэгжүүлж дууссан эсэхийг мэдэх боломжгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дахь заалтын шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж "Ө" ХХК нь шаардлага хангаж байгаа тул шалгарсан байсан.
2.4. Үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр шийдвэр гаргаж хамгийн сайн тендерээр "Ө" ХХК-ийг шалгаруулсан бөгөөд тухайн тендер шалгаруулалтыг хууль дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан. Гэтэл 2024 оны 11 дугаар сарын 28-ны өдөр Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 03/9807 дугаартай албан бичиг ирүүлсэн. Бид албан бичигт дурдсан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг Сангийн яамны мэргэжилтний zori*****_*@mof.gov.mn хаягаар явуулсан. 2024 оны 12 дүгээр сарын 12-ны өдөр zori***** *@mof.gov.mn хаягаас Гомдол хянасан тухай 2024 оны 12 дүгээр сарын 10-ны өдрийн 03/10123 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын үр дүнг хүчингүй болгож үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Уг албан бичгийг үндэслэн үнэлгээний хороо нь дахин хуралдаж хууль журмын хүрээнд дахин үнэлэхэд "Ө" ХХК дахин шалгарсан.
2.5. Захиалагч нь Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 1/614 дугаартай албан бичгээр оролцогч "Ө" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг цахим системээр мэдэгдсэн. "Б ХХК-ийн ирүүлсэн тендерт Т ДЭХГ-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх хэдий ч манай баримт бичигт хүлээлгэж өгсөн акт шаардсан тул, мөн тухайн гэрээгээр гүйцэтгэсэн ажил Т ДЭХГ-ийн 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй, гэрээнд гарын үсэг дутуу хүчин төгөлдөр гэрээ гэдэгт эргэлзээтэй байсан учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 26 дугаар зүйлийн 26.4.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж, шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 18-нд Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 03/10381 дугаартай албан бичиг ирсэн. Албан бичигт дурдсан шаардлагатай хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд баримт бичгүүдийг Сангийн яамны мэргэжилтний sugarmaa *@mof.gov.mn хаягаар явуулсан. 2024 оны 12 дүгээр сарын 12-нд sugarmaa *@mof.gov.mn хаягаас Гомдол хянасан тухай 2024 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн 03/10123 дугаартай албан бичгээр Б ХХК мэдэгдлийг хүчингүй болгож үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Уг албан бичгийг үндэслэн үнэлгээний хороо нь дахин хуралдаж хууль журмын хүрээнд дахин үнэлэхэд "Ө" ХХК дахин шалгарсан байсан. Захиалагч нь Худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 1/614 дугаартай албан бичгээр оролцогч "Ө" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг хэвээр үлдээж цахим системээр мэдэгдсэн. Б ХХК-ийн ирүүлсэн тендер нь өмнөх мэдэгдэлд дурдсан зүйл дээр хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)- ийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтын шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн татгалзаж шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн.
2.6. Түүнчлэн Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэн ойлгомжтой байх ёстой байтал Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2025/0002 дугаартай шийдвэр нь бүхэлдээ ойлгомжгүй гэрээний хэрэгжилт 70 хувьтай хэрэгжсэн байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хуульд заасны дагуу үнэлж дүгнэж шийдвэр гаргах үндэслэлээ болгох ёстой ба уг үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэт нэг талыг илт барьж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илт зөрчсөн процессын зөрчилтэй шийдвэр гаргасан нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 126/ШШ2025/0002 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн өмгөөлөгч С.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Ө” ХХК-ны өмгөөлөгч С.Н миний бие, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126/ШШ2025/0006 дугаар шийдвэрийг бүхэлдээ эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.1. “Б” ХХК-ны нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.
3.2. Шүүхээс "Б" ХХК-ийг тендер нь Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ийн Өгөгдлийн хүснэгтэд тодорхойлсон шаардлагын хэд хэдэн заалтыг хангаагүй байсныг шүүхээс анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-т "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага нь Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны Өгөгдлийн хүснэгтэд тодорхойлсон шаардлагуудыг хангаагүй тул тухайн тендер сонгон шалгаруулалтын ажиллагааны улмаас түүний эрх ашиг сонирхол зөрчигдөхгүй тул түүний нэхэмжлэлээр тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг бүхэлдээ хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцээгүй.
3.3. Тодруулбал: Б ХХК-ны тендерийн бичиг баримтуудын зарим нь Хятад хэл дээр байсан бөгөөд орчуулга хийгдээгүй нь ТШЗ-ийн 12.2 дахь хэсэгт заасан тендер шалгаруулалтын хэл нь Монгол хэл байна, өөр хэлээр үйлдсэн үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулсан байна гэснийг хангаагүй байсан.
3.4. ТШЗ-ийн 18.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байсан. "Т" ДЭХГ-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний мэдээлэл нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд буюу www.tender.gov.mn-д ороогүй байсан. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн оролцоотой бүх байгууллагын худалдан авалтын мэдээлэл Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд буюу www.tender.gov.mn-д орох ёстой байсан бөгөөд "Т" ДЭХГ-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний мэдээлэл ороогүй нь тухайн худалдан авахтай холбоотой гэрээ хуурамч гэж үзэх үндэслэл бий болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ" гэж заасан ба цахим системээс гадна "Т" ДЭХГ-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байгуулах ямар ч боломжгүй. Үүний үндэслэлийг хариуцагч нар шүүхэд бичгээр өгч, тайлбарласан боловч шүүхээс тухайн маргаантай асуудлыг судлаагүй, тодруулаагүй.
3.5. Үүнээс гадна Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг тендер шалгаруулалтын зааварчилгааны 3 дугаар бүлэг буюу Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад "5000-7500 ккал/ц илчлэгтэй нүүрсээр галлахад тохиромжтой, зуухны ашиглалтын хугацаа 10 жилээс дээш байх халаалтын зуух нь бүрэн шаталттай бөгөөд давхар шаталттай, зуухны хийцэл гадагшаа дулаан алдахгүй битүүмжлэл сайн дулаалгаар дулаалсан байх гэсэн шаардлага тавьсан. Гэтэл Б ХХК-ны санал болгосон зуух нь дээрх техникийн шаардлагыг хангахгүй, зөвхөн чулуун нүүрсээр галлах зориулалттай, давхар шаталтгүй, зуухны хийцэл гадагшаа дулаан алдахгүй гэх шаардлагыг хангахгүй байснаас гадна, зуухны ашиглалтын хугацаа 10 жилээс дээш байх талаарх ямар нэгэн нотлох баримтыг хавсаргаагүй байсан.
3.6. Хөвсгөл аймгийн Засаг дарга "Ө" ХХК-ийн хооронд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан УТ2503001143 тоот "Уурын зуухны халаалтын тогоо 2 ширхэг" гэрээг бүхэлдээ хүчингүй болгосон үндэслэлгүй болсон. Энэхүү гэрээ нь хэсэгчлэн биелэгдсэн бөгөөд үлдэгдэл 1 зуухыг нийлүүлэхээр болж бэлтгэж дууссан байсан ба 2 дахь зуухыг суурилуулахын өмнө шүүхээс гэрээний биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.Гэрээнд заасан ажлыг хэсэгчлэн хуваах, 2 өөр компани тухайн зуухыг нийлүүлэх боломжгүй. Тухайн гэрээ биелэгдсэн, хэрэгжээд дууссан байхад шүүхээс тухайн худалдан авах ажиллагааны хэрэгжилттэй холбоотой асуудлыг тодруулахгүйгээр гэрээг бүхэлдээ хүчингүй болгосон. Хэрэгжээд дууссан гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хэрэв энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд бодит байдал дээр хэрэгжих боломжгүйд хүрнэ. Үнэлгээний хороо үлсэн 1 зуухыг нийлүүлэхээр болж шийдвэр гаргах юм уу, эсвэл гуравдагч этгээдийн нийлүүлсэн зуухыг буцаан өгч, шалгарсан компанид 2 зуухыг нийлүүлэх эрх олгож шийдвэрлэх ёстой байсан уу гэдэг ойлгомжгүй шийдвэр гаргасан.
3.7. Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/688 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" татгалзсан шийдвэрийг "Б" ХХК-нд цахимаар мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд 5 хоногийн дотор гомдол гаргах ёстой байсан. Хуульд заасан хугацааны дотор хуульд заасны дагуу 5 хоногийн дотор гомдол гаргаагүй тул Үнэлгээний хорооны болон Худалдан авах ажиллагааны газрын шийдвэрүүдийг тус тус /хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Харин шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр анх нэхэмжлэл гаргасан нь хуулийн дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд шүүхээс хэрэг үүсгэхээс татгалзах үндэслэлтэй байсан” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. “Б” ХХК-аас тус компанийн тендерийг шаардлага хангахгүй гэж ЭХЯ/20240102069 дугаар тендерт шалгаруулахаас татгалзаж, “Ө” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/614 дүгээр “Ө” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, мөн газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” татгалзсан шийдвэр, Хөвсгөл аймгийн Засаг дарга “Ө” ХХК-ийн нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн УТ2503001143 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, ЭХЯ/20240102069 дугаар Уурын зуухны 2 ширхэг халаалтын тогоо нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/613 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзахдаа Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Уурын зуухны халаалтын тогоо, 2 ширхэг /Хөвсгөл, Их-Уул сум/ ЭХЯ/20240102069 дугаар Бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгт ТШЗ 18.1-д “... Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: “Шаардлагатай” гээд Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй барааг 1-ээс доошгүй удаа энэ төрлийн ижил төстэй барааг нийлүүлсэн туршлагатай байх шаардлагатай бөгөөд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна... Бараа нийлүүлсэн гэрээ, хүлээлгэж өгсөн актыг эх хувиас хуулбарлаж ирүүлнэ...” гэсэн шаардлагын дагуу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Т” ДЭХГ-тай байгуулсан 22/106 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, тус гэрээг дүгнэсэн акт, төлбөрийн баримт зэргийг ирүүлсэн боловч “Хүлээлгэж өгсөн акт” ирүүлээгүй гэж татгалзсан,
4. Үүнийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10818 дугаар албан бичгээр “... “Б” ХХК тендерт “Т” ДЭХГ-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 22/106 дугаартай “Худалдах, худалдан авах” гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн байх ба уг актаар гэрээнд заасан дүнгээр барааг нийлүүлж дууссаныг тодорхойлсон байх тул хүлээлгэж өгсөн акт ирүүлээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна...” гэжээ.
5. Хариуцагчаас “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-д заасныг хангаагүй тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг үндэслэн тендерээс татгалзсан болох мэдэгдлийг хүргүүлсэн. ... мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 4.1.9."захиалагч" гэж: 4.1.9.а.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд; 4.1.9.б.50 ба түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд; 4.1.9.в.Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасан төсөл хэрэгжүүлэгч; гэж заасан. “Т” ДЭХГ /ОНӨААТҮГ/ нь уг төсөл арга хэмжээг хуульд нийцүүлэн зохион байгуулаагүй тул уг газартай байгуулсан гэрээг ижил төстэй ажилд тооцох боломжгүй. Мөн тус газрын 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа тул хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
6. Мөн хариуцагч нарын болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэж маргажээ.
7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж, 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэж тус тус заасны дагуу хариуцагч Үнэлгээний хороо болон захиалагч нь нэхэмжлэгчээс ирүүлсэн ижил төстэй ажлын туршлагыг хангасан байдлыг харуулахаар орон нутгийн өмчит хуулийн этгээдийн худалдан авалтын талаарх мэдээллийг цахим системээс лавлаж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.
8. Харин анхан шатны шүүх нь хариуцагчийн тайлбартай холбоотой 2022 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.25.“худалдан авах ажиллагааны цахим систем” гэж цахим программ хангамжийг ашиглан худалдан авах ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих цогц үйл ажиллагаа, мэдээллийн тогтолцоог; 5.1.26.“цахим худалдан авах ажиллагаа” гэж худалдан авах ажиллагааны цахим системийг ашиглан зохион байгуулах худалдан авах ажиллагааг; ойлгохоор, мөн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасны дагуу “Т” ДЭХГ орон нутгийн өмчит хуулийн этгээд нь 390,000,000 төгрөгийн үнэтэй ижил барааг тендер шалгаруулалт явуулсны үндсэн дээр дээрх гэрээг нэхэмжлэгчтэй хийсэн эсэх, тухайн барааг хүлээж авч Тоног төхөөрөмжийг хүлээн авсан акт үйлдсэн эсэх болон тендерийн цахим системд бүртгэгдээгүй шалтгааныг тодруулах, мөн уг системд бүртгэгдээгүй, тендер шалгаруулалтын үндсэн дээр гэрээ байгуулаагүй, холбогдох хууль зөрчигдсөн тохиолдолд “хуурамч” материал ирүүлсэн гэж үзэх эсэх, нэхэмжлэгчийн гомдлыг хянахдаа энэ талаар Сангийн яам шалгасан эсэхийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, гуравдагч этгээдийг шалгаруулсан маргаан бүхий актууд хуульд нийцсэн эсэх, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар дүгнэж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
9. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болон хариуцагчийн татгалзлын үндэслэлд хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 126/ШШ2025/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ