| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0130/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/151 |
| Огноо | 2023-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч Б.В************н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б************ны В************нд холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.В************н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бүрхээг” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19-20 цагийн орчим хохирогч А.Э************ийг төрж өссөн газар нутгийг зөвшөөрөлгүй ухлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний биед халдаж биеийн зүүн 6 дугаар хавирганд хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.В************н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бүрхээг” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19-20 цагийн орчим хохирогч А.Э************ийг төрж өссөн газар нутгийг зөвшөөрөлгүй ухлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний биед халдаж биеийн зүүн 6 дугаар хавирганд хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.В************нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Э************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны орой 19-20 цагийн үед би өрмийн талбай дээр ажлаа хийгээд байж байтал мотоциклтой 2 залуу ирээд, ард нь сууж явсан залуу нь шууд бууж ирээд үгийн зөрүүгүй, зайлаагүй байгаа юм уу гэж хэлээд миний зүүн нүд рүү мөргөөд намайг барьж аваад хавирч унагаагаад доороо хийгээд хүчтэй унагаасан. Тэр үед манай ажилчид гарч ирээд салгасан. Тэгээд би тэр үед хэсэг амьсгаа авч чадахгүй хэсэг сууж байтал тэр залуу манай ажлын залуучууд руу дайраад байхаар би ажлынхаа залуучуудад хандан та нар битгий зодоон цохион хийгээрэй гэж хэлсэн. ...миний бие зодуулсны дараа Хөвсгөл аймгийн Төв эмнэлэгт үзүүлж цээжний зураг болон хугарсан хавирганыхаа зургийг авхуулсан. Мөн Улаанбаатар хотод очиж хоёр удаа зураг авхуулсан. Эмчилгээний зардлын хувьд 3 удаа цээжний зураг авхуулсан. Мөн дээр нь өвчин намдаах эм, наалт, яс борлуулах эм авч уусан. Нийт зардал 1,287,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-15-р хуудас),
Гэрч Т.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг өрмийн талбай дээр ирэх үед уг үйл явдал болоод өнгөрсөн байсан. Нөгөө залууг явсны дараа Э************өөс юу болсон талаар асуухад над руу дайраад нүд рүү мөргөөд унагаагаад дал жоохон эвгүй болчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),
Гэрч Т.Амгалантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өрмөн дээр байж байтал мотоциклтой 2 залуу ирээд нэг залуу бууж ирээд манай ахлах Э************ ахыг нэг удаа мөргөөд, мушгиж унагаачихаар нь би болон манай ажилчид бүгд салгаад би тухайн залуу түрээд явж байсан чинь миний хамар руу мөргөөд хамраас цус гараад би цусаа арилгачхаад иртэл манай ахлах Ганзориг ирсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
Гэрч У.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед намайг машин дотроо сууж байтал нэг залуу хаалга онгойлгоод өөрөө дарга нь мөн үү, та нар хэзээ явах гээд байгаа юм бэ гэж хэлээд цаашаа явж байгаад Э************ ахтай таараад юм яриад байх шиг байсан. Тэгээд тэр залуу Э************ ахыг гэнэт дараад авсан. Тэгэхээр нь бид нар очоод салгатал тэр залуу манай ажилчид руу дайраад хэл ам, хэрүүл хийгээд байгаа байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр очсон 86,000 төгрөг, ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж 43,000 төгрөг нийт 129,000 төгрөгийн тусламж авсан...” гэх мэдүүлэг, бусад хавсаргасан материал (хх-ийн 22-26-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №592 дугаартай дүгнэлтэд: “
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд тус тус үүсгэгджээ.
3. А.Э************ийн биед учирсан хавирганы гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 67-р хуудас),
Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...В************нгийн хамар ясанд дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, мөргөх, эвсэл хамар хэсгээрээ юм руу мөргөх тохиолдлын аль алинд нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хх-ийн 72-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 80-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 81-р хуудас) иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 113-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.В************н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Бүрхээг” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19-20 цагийн орчим хохирогч А.Э************ийг төрж өссөн газар нутгийг зөвшөөрөлгүй ухлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний биед халдаж биеийн зүүн 6 дугаар хавирганд хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.В************нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч А.Э************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 13-15-р хуудас),
Гэрч Т.Ганзоригийн (хх-ийн 29-30-р хуудас), гэрч Т.Амгалантөгсийн (хх-ийн 33-34-р хуудас), гэрч У.Энхжаргалын (хх-ийн 38-39-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, бусад хавсаргасан материал (хх-ийн 22-26-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №592 дугаартай дүгнэлт (хх-ийн 67-р хуудас),
Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 72-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.В************нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.В************н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.В************н нь хохирогч А.Э************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч А.Э************ нь эмчилгээний зардал 1,287,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
Хохирогч А.Э************ нь эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эрүүл мэндийн хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.В************нгээс 1,287,000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 129,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 129,000 төгрөгийг шүүгдэгч Б.В************н нь нөхөн төлсөн тухай Хаан банкны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.В************нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.В************н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 81-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.В************н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.В************нгийн цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 30 (гуч) нэгжээр тооцож 30,000 (гучин мянга) төгрөгийг торгох ялаас нь хасаж тооцлоо.
Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дардан овогт Б************ны В************нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б************ны В************нг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.В************нгийн цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 30 (гуч) нэгжээр тооцож 30,000 (гучин мянга) төгрөгийг торгох ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.В************н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн ************дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Э************ нь эмчилгээний зардал 1,287,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.В************нгээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.В************нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР