| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 140/2017/0005/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2017-01-11 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | Н.Бат-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 05
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Цэрмаа, улсын яллагч Н.Бат-Эрдэнэ, шүүгдэгч Г.Мягмаржав, хохирогч Г.Бэгзсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Т.Баасанжаргал /цахимаар/, Иргэдийн төлөөлөгч А.Базарсүрэн, гэрч М.Бямбаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мягмаржавт холбогдох 201513000167 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, Төрийн захиргааны менежер мэргэжилтэй, ам бүл-5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завханмандал сумын 4-р баг, Нуга орон сууцны 0018 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Заачууд овогт Гаябазарын Мягмаржав. /Регистрийн дугаар: ИЕ68050674/
Шүүгдэгч Г.Мягмаржав нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мягмаржавыг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн Завханмандал сумын Нуга багийн нутагт байрлах өөрийн гэртээ “амгалан тайван байдал алдагдуулж, хутга барьж ална гэж хэллээ” гэсэн шалтгаанаар Г.Бэгзсүрэнг гэрээсээ чирж гарган, хөлөөрөө цээжин тус газар нь дэвсэж түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Түүнчлэн улсын яллагч шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Г.Мягмаржавыг дээрх зүйл хэсгээр яллажээ.
Хохирогч Г.Бэгзсүрэнгийн биед хүнд гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтын шатанд томилсон шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн шатанд шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1437 дугаартай дүгнэлтэнд “Г.Бэгзсүрэнгийн биед баруун талын 2-4-р хавирга, зүүн талын 2-6-р хавирганы зөрүүтэй хоёрлосон хугарал, цээжний зүүн хөндийд хий, цус хуралдалт, тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх, нүүр, хүзүү, цээжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 201500345 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.01.26-ны өдрийн 124 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
Г.Бэгзсүрэнгийн биед учирсан зүүн талын суганы урд шугамаар 2-6 хавирга хоёрлосон, баруун 2-6 хавирга суганы урд шугамаар хоёрлосон хугарлууд цээжний хэнхэрцэг дарагдах шахагдах үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл бөгөөд энэ нь цээжин дээр өвдөглөж дарах, дэвсэх зэрэг үед үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Дээрх хүнд гэмтэл нь тухайн орон зай, цаг хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн Завханмандал сумын Нуга багийн нутагт байрлах Г.Мягмаржавын гэрт түүний үйлдлийн улмаас учирсан болох нь хэргийн нөхцөл байдлаар тогтоогдож байна.
Хохирогчийн биед учирсан гэмтэл хүнд зэргийн гэмтэл бөгөөд шүүгдэгч Г.Мягмаржавын үйлдлийн улмаас учирсан талаар хэргийн яллах болон цагаатгах талууд маргаагүй болно.
Харин яллах дүгнэлтэд дурдсан “Г.Мягмаржав нь ...Г.Бэгзсүрэнг ... цээжин тус газар нь дэвсэлж хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хэрэг гарах үед шүүгдэгч Г.Мягмаржав, хохирогч Г.Бэгзсүрэн хоёроос өөр хүн байгаагүй, хэргийн үйл баримтыг хохирогчийн мэдүүлгээс өөрөөр нотлох хөндлөнгийн нотлох баримт байхгүй байна.
Гэтэл хэргийн үйл баримтын талаар хохирогч удаа дараагийн мэдүүлгүүддээ өөр өөр байдлаар мэдүүлжээ.
Түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгүүдийг шинжлэн судлахад доорх нөхцөл байдал тогтоогдож байна.
Тухайлбал: хохирогч Г.Бэгзсүрэн 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаагчийн “Та 2015 оны 11 сарын 02-ны өдөр өгсөн тайлбартаа ...нэг мэдсэн Мягмаржав цээжин дээр дэвсээд байсан. Тэгээд мэдэхгүй гэж хариулсан байна. Энэ талаар ярина уу” гэж хөтөлж асуусан асуултанд хариулахдаа “...Тухайн үед Мягмаржав бид хоёроос өөр хүн байгаагүй болохоор би Мягмаржавыг дэвсэж надад гэмтэл учруулсан байх гэж бодож байна.” гэж мэдүүлсэн бөгөөд мөн өдрийн байцаалтанд “...яг яагаад миний хавирга хугарсан гэдгийг мэдэхгүй байна. Мягмаржав өөрөө надад намайг усанд орчихоод гараад иртэл та над руу хутга бариад дайрахаар нь би шалны модоор толгой руу чинь цохиж хутгыг чинь унагаагаад гуталнаас чинь чирж гаргаад цагдаа дуудсан гэж хэлсэн. Би тэрийг сайн мэдэхгүй байгаа юм” гэж, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэхдээ “...Мягмаржавынд ууж байсан санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш яаснаа сайн санахгүй байна. Би яагаад хэвтэж байгаад боссоноо сайн мэдэхгүй байна. Хутга барьсан үгүйгээ сайн мэдэхгүй байна. Би хоол унд муутай байсан болохоор архи уугаад л согтсон байна лээ...” гэж, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэхдээ “...миний мэдэж байгаагаар Г.Мягмаржав... хөлнөөс чирч гаргаад цээж рүү өшиглөж дэвсээд байсан. Өөр юугаар цохисныг мэдэхгүй...” гэж 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаагчийн урьд өгсөн мэдүүлгүүдийг нь сануулж хөтөлж асуусан асуултанд “...Миний өгсөн мэдүүлгүүдийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн...” гэж өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдийг өгчээ.
Мөн хохирогч Г.Бэгзсүрэн мөрдөн байцаалтын шатанд “...Мягмаржавынд очоод нөгөө нэг шил архиа Мягмаржав, Далай бид гурав хувааж ууж байснаа санаж байна, нэг мэдэхэд миний бие цээжин хэсгээрээ их өвдөхөөр нь нүдээ нээгээд харахад миний хажууд 3 цагдаа 1 эмч зогсож байсан.”, “Би Бямбадалайнд хэдэн тагш монгол архи уугаад дээрээс нь нэг шил Ерөөл архи авч Мягмаржавынд ууж байсан санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш яаснаа сайн санахгүй байгаа юм. ...Хоол унд муутай байсан болохоор жаахан архи уугаад согтсон байсан юм. ...”, “Мягмаржав эхнэртэйгээ усанд орсон байх түүнээс хойш болсон асуудлыг би сайн мэдэхгүй байна.” гэсэн, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...ундааны саванд нилээн архи байсан... би тэрнээс литр гаранг уусан байсан, тэгээд амархан согтсон байна лээ. ...1 шил архи аваад очсон тэр архиа уугаад, эдний гаргасан архийг ч ууж чадаагүй юм байна лээ. Би өмнө нь монгол архи уусан байсан, дээр нь цагаан архи уугаад их сүрхий согтсон байна лээ” гэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд ”... Г.Мягмаржавыг уснаас гараад ирэхээр гэнэт хутга барьсан хүн ална гэхээр айлгүй яахав дээ. Тэгээд айсандаа модоор цохиод унагаасан гэсэн. Би тэрийг нь сайн санахгүй байна. Нэг мэдэхэд би эмнэлэгт байсан” гэсэн мэдүүлгүүд өгсөн байна.
Дээрх мэдүүлгүүдээр хохирогч нь шүүгдэгчийн үйлдлээс өмнө буюу хэрэг гарах үеэс өмнө, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй, орчиндоо болж буй үйл явдлыг мэдэх боломжгүй болтлоо согтуурсан байсан нь тогтоогдож байгаа бөгөөд тэр өөрийнхээ энэ байдлын талаар удаа дараа тууштай мэдүүлсэн байна.
Иймд хэргийн үйл баримтын талаар хохирогчийн мэдүүлж буй өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдийн аль нэгийг нь бусдаас нь илүү гэж үнэлэх боломжгүй байна. Түүнчлэн шүүгдэгч хохирогчийг дэвссэн гэдгийг өөрөөр нотолсон ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Улсын яллагч шүүгдэгчийн мэдүүлгээс “хохирогч хутга бариад ална гэж хэлсэн” гэх хэсгийг үндэслэн хохирогчийг хувийн сэдэлттэйгээр түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж байгаа боловч түүний мэдүүлгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар бусад нотлох баримтаар батлаагүй байна. Түүнчлэн Г.Мягмаржав өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учруулахыг хүсэж эсхүл хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн гэдгийг нотолж чадаагүй байна.
Шүүх хуралдаанд Г.Мягмаржав “.. хохирогч Бэгзсүрэн хутга авч ална гэхэд нь хутгыг нь булааж авах зорилгоор цээжин дээр нь өвдөглөж дараад хутгыг авч Бэгзсүрэнг гэрээсээ чирж гаргасан...” гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийн энэ мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг хохирогчийн биед хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг санаатай үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Мягмаржав нь хохирогч Г.Бэгзсүрэнгийн гараас хутгыг салгах үедээ түүний цээжин хэсэгт нь өвдөглөж хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл шүүгдэгчийн энэ талаарх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд түүнийг бусдын бие махбодид болгоомжгүй хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Мягмаржав нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогджээ.
Шүүгдэгч Г.Мягмаржавт ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9, 55.1.3, 55.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн гомдол, саналгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Мягмаржаваас гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй учир түүний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 93 сантиметрийн урттай, улаан өнгийн будагтай мод 1 ширхэг, 33.5 см-ийн урттай саарал өнгийн хутга 1 ширхэгийг цаашид ашиглах шаардлагагүй учир устгаж, 56 хуудас амбулаториор эмчлүүлэгчдийн карт, begzsuren-64 2015.11.04 гэсэн бичигтэй CD 1 ширхэг, томографикийн шинжилгээний хальс 3 ширхэгийг хохирогч Г.Бэгзсүрэнд буцаан олгож, Г.Бэгзсүрэнгийн гэмтлийг харуулсан гэрэл зураг 5 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 246 дугаар зүйлийн 246.2, 286 дугаар зүйлийн 286.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Прокурорын газраас Г.Мягмаржавын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Заачууд овогт Гаябазарын Мягмаржавыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмаржавыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Мягмаржавт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмаржавт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Мягмаржавт хяналт тавьж ажиллахыг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч Г.Мягмаржав нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.
8. Шүүгдэгч Г.Мягмаржавын 2016 оны 02 дугаар сарын 16-ны авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч Г.Мягмаржаваас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмаржавын өмчлөлийн 1500000 төгрөгийн үнэлгээтэй улаан чулуун толгойтой мөнгөн халбагатай хар чулуун хөөрөг 1 ширхэг, нийт 530.000 төгрөгний үнэлгээтэй дунд гарын мөнгөн аяга 3 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 93 сантиметрийн урттай, улаан өнгийн будагтай мод 1 ширхэг, 33.5 см-ийн урттай саарал өнгийн хутга 1 ширхэгийг устгаж, 56 хуудас амбулаториор эмчлүүлэгчдийн карт, begzsuren-64 2015.11.04 гэсэн бичигтэй CD 1 ширхэг, томографикийн шинжилгээний хальс 3 ширхэгийг хохирогч Г.Бэгзсүрэнд буцаан олгож Г.Бэгзсүрэнгийн гэрэл зураг 5 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
13.Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ
ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА
З.НАНДИНЦЭЦЭГ