| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0492/З |
| Дугаар | 221/МА2025/0328 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0328
М.С нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0116 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч М.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, нэхэмжлэгч Д.Т, М.У , Х.Э нарын өмгөөлөгч Д.Г, Б.Г , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: М.С
Нэхэмжлэгч: Д.Т
Нэхэмжлэгч: Х.Э
Нэхэмжлэгч: М.У
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.С ,
Нэхэмжлэгч М.С-гийн өмгөөлөгч Б.Э,
Нэхэмжлэгч Д.Т, Х.Э , М.У нарын өмгөөлөгч Б.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0492/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0116 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.5.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо , Хандгайтын ***тоот хаяг бүхий газрын 0104058** дугаартай гэрчилгээг Д.Т-д олгож, бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, 2003 оны 04 дүгээр сарын 25 өдрийн 0104058** дугаар гэрчилгээ болон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дүгээр захирамжийн Д.Т, М.У, Х.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийн Д.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг дарга газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээр хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Хандгайтын *** дүгээр гудамж, *** тоот хаяг бүхий газрын нөхөх олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг М.С надтай хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгах; тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож” Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Д.Т, М.У , Х.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/123 дугаар захирамжийн иргэн М.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
2.Хэргийн оролцогч нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
2.1. Нэхэмжлэгч Д.Т, М.У , Х.Э нарын өмгөөлөгч Б.Г , Д.Г нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.Т, М.У , Х.Э нарын өмгөөлөгч бид Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.02.05-ны өдрийн 128/ШШ2025/0116 дугаар шийдвэрийг 2025.03.12-ны өдөр гардан авч танилцаад анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Юун түрүүнд нэхэмжлэгч М.С нь бодит байдалд нийцээгүй худал зүйлс нэхэмжлэлдээ бичсэн шүүх түүнийг нь үнэн зөв мэтээр үнэлэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. М.С гийн тайлбарлаж байгаачлан Ц.М нь Б.М гэх хүнд уг маргаан бүхий газрыг худалдан борлуулах шилжүүлэх ямар нэгэн гэрээ, хэлцлийг байгуулж байгаагүйн дээр Ц.М нь уг маргаан бүхий газрыг урьд нь ямар нэгэн байдлаар хууль ёсооop эзэмшиж, өмчилж байгаагүй түүнийг эзэмшигч, өмчлөгч болохыг тогтоосон нэг ч баримт байхгүй юм.
Харин маргаан бүхий газрыг албан ёсоор гэрчилгээжүүлж баталгаажуулах үед буюу 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн засаг даргын 62 дугаар захирамж гарах үед Д.Т-ын газар байсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-н тайлбараар нотлогддог. Учир нь Сүхбаатар дүүргийн засаг даргын 62 дугаар захирамж нь тухайн үедээ гэрчилгээгүй, гэрчилгээ нь хуучирсан айлуудад шууд газар дээр нь очоод гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулсан гэж тайлбарладаг юм. Харин 62 дугаар захирамжийг гарах үед Сүхбаатар дүүргийн **-р хороо Хандгайтын ***тоот хаягт байх газрын хууль ёсны эзэн нь Д.Т байсан учир тэнд амьдардаг Б.М гэх айлынх Д.Т-ын газар хэмээн хэлж түүний нэр дээр 0104058** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Гэвч шүүхээс Сүхбаатар дүүргийн **-р хороо Хандгайтын ***тоот хаяг бүхий газрын 0104058** дугаартай гэрчилгээг Д.Т-д олгож бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, 2003 оны 04 сарын 25-ны өдрийн 0104058** дугаар гэрчилгээ болон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 0**-р сарын 27-ны өдрийн 191 дүгээр захирамжийн Д.Т, М.У, Х.Э нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Ийнхүү шийдвэрлэж буй шийдвэрийн үндэслэлээ шүүх тайлбарлахдаа " Сүхбаатар дүүргийн Засаг даргын 62 дугаар захирамж нь дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, гэрчилгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх буюу нэгд газар эзэмших гэрчилгээтэй боловч гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг шинэчлэх, хоёрт гэрчилгээгүй иргэдийг гэрчилгээжүүлж улмаар газар өмчлөх эрхийг нээх зорилготой байна. Гэтэл иргэн Д.Тд 0104058** дугаар гэрчилгээг захирамжид дурдсан ямар үндэслэлээр буюу хуучин гэрчилгээг шинэчилсэн эсвэл шинээр гэрчилгээ олгосон аль нь болох нь тодорхойгүй байна..." гэж хэт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Мөн үүнээс гадна “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "...дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэсэн тухайн үед нь газар дээр нь очиж амьдарч байгаа хүмүүст гэрчилгээ бичиж өгч байсан..." гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан газар өмчлүүлсэн хувийн хэрэг дэх баримтаас үзвэл Д.Т нь Чингэлтэй дүүргийн **-р хороонд оршин суудаг талаарх тодорхойлолт авагдсан, мөн маргаан бүхий газарт нэхэмжлэгч М.С амьдарч байгаа гэх ба иргэн Д.Т газрын тооллогод хамрагдсан, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна..." хэмээн үндэслэлгүй дүгнэсэн.
Учир нь Сүхбаатар дүүргийн **-р хороонд амьдарч байгаа иргэдэд шууд газар дээр нь очиж гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулсан байх бөгөөд Д.Т-ыг газрын тооллогод хамрагдах, бүртгэх ажил нь Захиргааны байгууллаас хийвэл зохих ажил юм. Үүнийг иргэн Д.Т-д үүрэгжүүлж зайлшгүй тооллогод бүртгүүлсэн байхыг шаардаж буй шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Мөн шүүхийн нэг үндэслэл нь хэрэгт авагдсан газар өмчлүүлсэн хувийн хэрэг дэх баримтаас үзвэл Д.Т нь Чингэлтэй дүүргийн **-р хороонд оршин суудаг талаарх тодорхойлолт авагдсан байна гэжээ. Газар өмчлүүлэх цаг хугацаа нь 2004 оны үйл явдал бөгөөд газрын тооллого бүртгэлжүүлэх ажил нь 2003 онд явагдсан гэдгийг шүүх ойлгоогүй эсвэл зориудаар ийнхүү шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Мөн шүүх 2003 онд М.С-г тухайн газарт амьдарч байсан гэж дүгнэдэг. Хэрэв яг маргаан бүхий газарт амьдарч байсан бол тухайн үед Сүхбаатар дүүргийн Засаг даргын 62 дугаар захирамжаар Д.Т-аас өөр этгээд газрын эзэмшигчээр бүртгэгдэх буюу маргаан бүхий газрын хөрш хажуу талд нь амьдарч байсан М.С өөрөө эсхүл түүний ар гэрийнхэн бүртгэгдэх боломжтой байсан нь илэрхий юм. Харамсалтай тийм зүйл байхгүй бөгөөд уг газар анхнаасаа Д.Т-ын эзэмшлийн газар байсан учир түүний хашааг харж амьдардаг хөрш болох Б.М тэр дундаа М.С өөрийн нэр дээр бүртгүүлэх байсан нь илэрхий бөгөөд хэнд ч ойлгомжтой юм. Шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 сарын 27-ны өдрийн 191 дүгээр захирамжийн Д.Т, М.У , Х.Э нарт холбогдох хэгсийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ "...Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газрыг өмчлүүлэх ба нэхэмжлэгч Д.Т, М.У , Х.Э нарт олгосон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул..." гэх үндэслэлийг заасан.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 сарын 27-ны өдрийн 191 дүгээр шийдвэр нь Д.Т-д Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 06 сарын 28-ны өдөр баталсан "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м2 9240000 төгрөгийн үнэтэй газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т "аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах;” гэж зааснаар мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх гэж хуульд зааснаар нэг удаа Монгол Улсын иргэн Д.Т, М.У , Х.Э нарт газар өмчлүүлж шийдвэрлэсэн юм.
Харин Нийслэлийн Засаг дарга нь газар өмчлүүлж шийдвэрлэхдээ Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамж болон иргэн Д.Т-д 0104058** дугаар гэрчилгээтэй газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийг үндэслэл огт болгоогүй бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дэх заалтад "Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх", 5.1.5.2 дахь заалтад “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжид түүнд өмчлүүлэх" гэж зааснаас үзвэл Монгол улсын иргэн нь тус хуулийн дагуу газар өмчлөхдөө тухайн өмчлөхийг хүссэн газартаа бүртгэлтэй эсэхээс үл хамааран газар өмчлүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, бусдын эзэмшил, ашиглалт бүхий газартай давхцалгүй бол өмчлүүлж болохоор хуульчилсны дагуу өмчилж авсан юм. Энэ нь тодорхой хугацаанд Монгол улсын иргэдийг нэг удаа газар өмчлүүлэх боломж олгож байгаа уг хуулийн гол үзэл баримтлал юм.
Гэтэл анхан шатны шүүх нь "Сүхбаатар дүүргийн Засаг даргын 62 дугаар захирамж нь "... улмаар газар өмчлөх эрхийг нээх зорилготой байна..." гэж дүгнэж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа хуувьд газар эзэмших эрхтэй иргэнд газар өмчлүүлнэ гэх утга агуулга огт байхгүй байхад хуулийн үзэл баримтлалыг гуйвуулж, нэхэмжлэгч Д.Т, М.У , Х.Э нарын өмчлөх эрхэнд халдсан шийдвэр гаргасан.
Үүнээс гадна нэхэмжлэгч М.С нь маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн **-р хороо Хандгайтын ***тоот хаягт бүртгэлтэй газрыг Д.Т, М.У , Х.Э нарт эзэмшүүлсэн, өмчлүүлж шийдвэрлэсэн байсныг аль хэдийнээ буюу 2020 онд мэдсэн талаараа шүүх хуралдааны асуулт хариултын шатанд хэлдэг бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасан энэ хуулийн 14.1-14.4- т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа аль хэдийнээ алдсан байсан нь түүний мэдүүлгээр нотлогддог.
Шүүхээс М.С-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан хэдий ч тийм шийдвэр гаргаагүйгээр зогсохгүй зарим нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлэсэн нь шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14, 54 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчсөн бөгөөд хуульд дээдлэх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Энэ талаар шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээс үзэх боломжтой бөгөөд гомдолд хавсаргаж өгөх гэсэн боловч зөвхөн үзэх л боломжтой гэх хариуг ирүүлсэн тул гомдолд хавсаргаагүй болно. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хуралдааны бичлэгээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч М.С-с асуусан асуулт хариултын үеийн бичлэгийг үзвэл тодорхой харагдах болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.02.05-ны өдрийн 128/ШШШ2025/0116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч М.С , өмгөөлөгч Б.Э нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийн ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэхгүйгээр, хуулийг буруу тайлбарлаж буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүйгээр шийдвэрлэснийг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 сарын 02 өдрийн А/123 дугаар захирамжийн М.С д холбогдох хэсгийг илт хууль хууль бус болохыг тогтоосон тухай Гуравдагч этгээд Д.Т, М.У , Х.Э нь нарт газар эзэмшүүлэх тухай захирамж гараагүй гэдгийг шүүх зөв дүгнэсэн. Харин гуравдагч этгээдүүдэд газар өмчлүүлсэн захирамж 2004 онд гарсан ч Газрын кадастрын мэдээллийн санд 2021.09.25 өдөр бүртгэгдсэн байдаг. Өмчлөлийн гэрчилгээ нь үүнээс ч хойш буюу 2022.05.16 өдөр гарсан байдаг. Энэ баримтуудыг шүүх үнэлээгүй.
Үүнээс үзвэл М.С д газар эзэмшүүлэх 2020.04.02 өдрийн захирамж гарах үед Д.Т, М.У , Х.Э нь нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004.04.27 өдрийн 191 дүгээр захирамж үйлчлээгүй байсан. Өөрөөр хэлбэл газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй байсан. Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2004.04.27 өдрийн 191 дүгээр захирамж үйлчилж байх үед М.С д газар эзэмшүүлсэн гэж илт хууль бус болохыг тогтоож байгаа үндэслэлгүй.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ." гэж заасан. Гэтэл шүүх энэ хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй нь илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр гаргах шалтгаан болсон гэж үзэж байна.
Иймд 2020 онд газрын мэдээллийн санд тус газар дээр хэн нэгэнд өмчлөх эрх үүсээгүй, ямар нэгэн давхардал байхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 сарын 02 өдрийн А/123 дугаар захирамжийн М.С-д холбогдох хэсэг илт хууль хууль бус захиргааны акт биш юм. М.С нь тус газар дээрээ төрсөн цагаасаа эхлэн 40 гаруй жил амьдарч байгаа бол гуравдагч этгээдүүд 1980 онд нүүснээсээ хойш огт амьдарч байгаагүй юм.
Нийслэлийн Засаг даргын газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээр хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо , Хандгайтын ** дүгээр гудамж, *** тоот хаяг бүхий газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг М.С надтай хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгах" даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 сарын 02 өдрийн А/123 дугаартай захирамжаар М.С надад газар эзэмших эрх олгох үед тус газар нь хэн нэгний өмчлөл, эзэмшилд бүртгэгдээгүй байсан.
Ийм учраас хууль ёсны эзэмшигч нь М.С тул Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна" заасныг, Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолын хавсралт "Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам"-ын 5.2-д "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан олгох нөхөх олговрыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хариуцах бөгөөд уг нөхөх олговрын хэмжээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан эрх бүхий үнэлгээчний хийсэн үнэлгээнд үндэслэн тогтоож олгоно" гэж, 6.1.6-д "газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд гэрээний дагуу нөхөх олговроо авах, газраа чөлөөлөх" эрх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.С газраа эзэмших, нөхөн олговор авах эрхтэй.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 05 өдрийн 128/ШШШ2025/0116 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасан "Нийслэлийн Засаг даргын газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээр хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, Хандгайтын *** дүгээр гудамж, *** тоот хаяг бүхий газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг М.С надтай хийхийг Нийслэлийн Засаг даргад даалгах" даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Хууль буруу хэрэглэж, тайлбарласан тухайд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан ба нэхэмжлэгч М.С-ийн хувьд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр анх удаа гаргасан байхад анхан шатны шүүх Нийслэлийн засаг дарга 2004 онд иргэн Д.Т-д тус газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэснийг зөрчсөн гэж дүгнэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Нөхцөл байдалд бүрэн дүгнэлт өгөөгүй тухайд Сүхбаатар дүүргийн засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/268 дугаар шийдвэрээр иргэн Б.М-д 405 м.кв газрыг, мөн тус захирамжаар иргэн М.Ж-д 505 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн ба энэхүү үйл баримттай талууд маргадаггүй. Иргэн Б.М , М.Ж нар нь нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдүүд бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурдаад буй "...1978 онд Б.М тус газрыг Ц.М-с худалдаж авсан" гэх үндэслэлээр тухайн газар дээр амьдарч, эзэмших эрх олж авсан гэж үзэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч М.С нь маргаан бүхий газрыг түүний аав Б.М худалдан авч, газар дээрээ амьдарсаар ирсэн байхад түүнд эзэмшүүлээгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн дээрх иргэд 2016 онд газар эзэмших эрх олж авахдаа зэргэлдээх нэгж талбар дээр буюу маргаан бүхий газар дээр бусдын өмчлөх эрх үүссэн болохыг мэдээгүй байх боломжгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О , нэхэмжлэгч Д.Т нарын өмгөөлөгч Б.Г , Д.Г нараас гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч М.С , өмгөөлөгч Б.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ
1. Хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн талаар:
1.1. Нэхэмжлэгч М.С гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэрэгт[1] нэхэмжлэгч Д.Т нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг[2] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг 128/ШЗ2024/9054 дүгээр захирамжаар нэгтгэсэн байна.
Хэрэг нэгтгэхээс өмнө нэхэмжлэгч М.С-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Д.Т нар гуравдагч этгээдээр, харин нэхэмжлэгч Д.Т нарын нэхэмжлэлтэй хэрэгт М.С гуравдагч этгээдээр тус тус оролцож байснаас хэргийн оролцогчийн статусын хувьд эдгээр иргэн тус бүрийг анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, бас гуравдагч этгээд гэж давхцуулан нэрлэж бичсэн нь шийдвэрийг ойлгомжгүй болгожээ.
Гуравдагч этгээдээр татагдсан этгээд нь тухайн хэрэгт бие даасан шаардлага гаргах, эсхүл эрх, ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзсэн захиргааны актын талаар нэхэмжлэл тусдаа гаргах эсэхийг диспозитив эрхийн хүрээнд өөрөө шийдвэрлэх эрхтэй бөгөөд иргэн Д.Т нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/123 дугаар захирамжаар өөрийнх нь эзэмшиж байсан газрыг М.С-д давхцуулан эзэмшүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага тусад нь гаргаснаар хэрэг үүссэн, тухайн хэргүүдийн үйл баримт нь нэг буюу нэг газрыг давхцуулан эзэмшүүлснээс ийнхүү маргаан үүссэн тул хэргүүдийг нэгтгэсэн, ингэснээр нэхэмжлэгч тус бүр нь хэргийн оролцогчийн хувьд “нэхэмжлэгч”-ийн эрх, үүргийг эдэлж оролцох бөгөөд энэ нь гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос эрх зүйн байдал нь дордохгүй, эдлэх эрх үүрэг нь хязгаарлагдахгүй тул энэ тохиолдолд “гуравдагч этгээд” гэж давхцуулан нэрлэх шаардлагагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр, гомдлын үндэслэлүүдэд дүгнэлт өгөхдөө хэн алиныг нь “нэхэмжлэгч”-ээр нь тодорхойлж бичив.
1.2. Нэхэмжлэлийн талаар:
1.2.1. Нэхэмжлэгч М.С нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дүгээр захирамжийн Д.Т, М.У , Х.Э нарт холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийн Д.Т-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо , Хандгайтын ** дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах газрын 0104058** дугаартай гэрчилгээг Д.Т-д олгож, бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, дээрх хаягт байрлах газрын нөхөн олговор олгох, газар чөлөөлөх гэрээ хэлэлцээр хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ хэлэлцээр хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч М.С нэхэмжлэлийн үндэслэлээ “... миний бие Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо , Хандгайтын ** дүгээр гудамж, *** тоот хаяг бүхий газарт 1978 оноос хойш 40 гаруй жил амьдарч байна. Уг газраа тус дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/123 дугаар захирамжийн дагуу эзэмшдэг. Уг газрыг миний аав Б.М нь Д.Т-ын салсан нөхөр, М.У-н аав, Х.Э-гийн өвөө Ц.М-тай харилцан тохиоролцож худалдан авч байсан. 2024 онд газрын албан дээр явж байгаад миний газрыг 2004 онд Д.Т нарт өмчлүүлсэн болохыг мэдээд нэхэмжлэл гаргасан ... Тухайн газар нь дахин төлөвлөлтөд орсонтой холбоотой тухайн газар дээр олон жил амьдраагүй Д.Т нар нөхөх олговор авахыг санаархаж гэнэт гарч ирсэн, тэдний захирамж, гэрчилгээг хүчингүй болгуулж, нөхөх олговрыг олон жил амьдарсан би авах эрхтэй” гэжээ.
1.2.2. Нэхэмжлэгч Д.Т, М.У , Х.Э нар нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/123 дугаар захирамжийн М.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... бидний 2003 оны дүүргийн Засаг даргын, 2004 оны Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар эзэмшиж, өмчилж байгаа Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо , Хандгайтын ***дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах газрыг давхцуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/123 дугаар захирамжаар М.С-д эзэмшүүлсэн байна. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захирамж гарсан байна ...” гэж тодорхойлсон байна.
1.3. Маргаан бүхий актууд, гэрчилгээний талаар:
1.3.1. Нэхэмжлэгч М.С-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Сүхбаатар дүүргийн 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, гэрчилгээгээ шинэчлээгүй иргэдийн гэрчилгээг баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Уг захирамжийг үндэслэн 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 0104058** дугаар гэрчилгээгээр “НӨХӨН ОЛГОВ” гэж тэмдэглэн Д.Т-д Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 300 м.кв газрыг гэрээнд заасны дагуу эзэмшүүлсэн.
Харин Нийслэлийн Засаг даргын 2004 оны 191 дүгээр захирамжаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3, 21 дүгээр зүйлд заасныг баримтлан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2003 онд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил хэмжээний дагуу 1 дүгээр хавсралтаар 1200 иргэнд газар өмчлүүлсэн Хавсралт 1-ийн 320-д Д.Т, М.У , Х.Э нарт Хандгайтын *** дүгээр гудамжны *** тоот байршилд 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлжээ.
1.3.2. Нэхэмжлэгч Д.Т нарын илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/123 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг үндэслэн тус дүүргийн **-р хороо Хандгайтын ***тоот байршилд М.С д иргэний ахуйн зориулалтаар 697 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 08/265 дугаар албан бичиг, тус албанаас ирүүлсэн кадастрын зураг, маргаан бүхий газрын байршлын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/394 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын кадастрын сангийн мэдээллийг агаар сансрын зурагтай давхцуулж харуулсан зураглал зэрэг баримтуудаар газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь тогтоогдсон, хэн аль нь давхцал үүссэн эсэхтэй маргаагүй.
2. Анхан шатны шүүх ... Д.Т-д 0104058** дугаар гэрчилгээг дүүргийн Засаг даргын 62 дугаар захирамжид дурдсан ямар үндэслэлээр буюу хуучин гэрчилгээг шинэчилсэн эсвэл шинээр гэрчилгээ олгосон аль нь болох нь тодорхойгүй байна. ... Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжийн дагуу тухайн газар оршин суудаггүй, нэхэмжлэгч Д.Т нь *** дүгээр хороонд оршин суудаг тодорхойлолт авагдсан тул газар эзэмших талаар зөрчилгүй гэж үзэх үндэслэлгүй, ... гэрчилгээ олгохдоо холбогдох баримтыг үндэслээгүй нь хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй. ... хуулийн дагуу эзэмшсэн газрыг өмчлүүлэх ба газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул ... Нийслэлийн Засаг даргын 2004 оны 191 дүгээр захирамжаар Д.Т, М.У , Х.Э нарт газар өмчлүүлснийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.С-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нөхөх олговор гаргуулахтай холбоотой хэсгийг доорх нэхэмжлэгч Д.Т нарын нэхэмжлэлийг шийдвэрлэсэнтэй холбоотой хэрэгсэхгүй болгожээ.
Мөн нэхэмжлэгч Д.Т, М.У , Х.Э нарын нэхэмжлэлийн тухайд “нэхэмжлэгч нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 191 дүгээр захирамж хүчин төгөлдөр байх хугацаанд иргэн М.С-д газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэн, М.С-д газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 123 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Т нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Тэрээр Д.Т нарын нэхэмжлэлийн хангаж, нэхэмжлэгч М.С-ийн газар эзэмших эрх олгосон дээрх захирамжийг хүчингүй болгосонтой холбоотой М.С нь газар эзэмших эрхгүй учраас “нөхөх олговор олгох, гэрээ хийхийг даалгах” нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэн, М.С-ийн нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.
3. Нэхэмжлэгч Д.Т нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “...Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 5 дугаар зүйлийн 5.1.4-т Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх гэж хуульд зааснаар Д.Т, М.У , Х.Э нар нь өмчлүүлэхээр төлөвлөгдсөн газарт хүсэлтээ гаргаж 2004 онд өмчлүүлж шийдвэрлэсэн. Гэтэл М.С өөрөө тэнд амьдарч байсан бол тухайн үед өөрийн нэр дээр эзэмшиж, өмчилж авах байсан нь илэрхий, гэтэл тийм зүйл байхгүй ...” гэснийг,
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн давж заалдах гомдолд “... Нэхэмжлэгч М.С-ийн аав М дүү Ж нар нь уг хашаан доторх зэргэлдээ газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/268 дугаар захирамжийн дагуу эзэмшдэг, М.С-ийн нэхэмжлэлд дурдсан “... миний аав Б.М Ц.М-аас худалдан авсан” гэсэн газраа эзэмшсэн гэж үзэхээр байна... Энэ олон жил үлдсэн зэргэлдээ газарт нь бусдын өмчлөх эрх үүссэнийг мэдэхгүй байх боломжгүй ...” гэж тус тус маргасныг хангах үндэслэлтэй байна.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж нэхэмжлэгч нарын хэнд нь газар эзэмших, өмчлөх эрх эхэлж үүссэн талаар дүгнээгүй, 2002 оны Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсантай холбоотой тухайн үеийн нөхцөл байдал, газар эзэмших эрхийг баталгаажуулсан үйл баримтыг буруу үнэлсэн, Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын аль алиных нь нэхэмжлэлийг хангаснаар тухайн газрыг нэхэмжлэгч нарын хэнийх нь ч эзэмшил, өмчлөлд үлдээлгүй, шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхийн зорилгод нийцэхгүй, хэрхэн биелэгдэх нь ойлгомжгүй шийдвэр болжээ.
4.1. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан кадастрын болон маргаан бүхий газрын байршлын зураг мөн газрын кадастрын сангийн мэдээллийг агаар сансрын зурагтай давхцуулж харуулсан баримтуудаар Б.М , М.Ж нарын эзэмшиж байсан болон М.С , Д.Т нарын маргаж буй газар болох 3 нэгж талбар нь хоорондоо зааггүй, нэг том хашаатай байх бөгөөд 1978, 1980-аад оноос хойш нэхэмжлэгч Д.Т-ын /нөхөр Ц.М-ын/ эзэмшиж амьдарч байсан, М.С гийн аав Б.М /асан/ хөдөөнөөс нүүж ирэн хамт амьдрах болсон, хожим нь Д.Т-ынх буюу Ц.М-ынх байранд орохоор нүүж, хашаанд нь Б.М-х үлдэж амьдарсан талаар нэхэмжлэгч нарын хэн аль нь зөвшөөрч маргаагүй зэргээс үзвэл дээрх давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.
4.2. Учир нь хэргийн оролцогчдын маргаж байгаа газар нь нэг том хашаатай, 3 нэгж талбарын нэг нь байх бөгөөд нөгөө 2 нэгж талбарыг Сүхбаатар дүүргийн 2016 оны А/268 дугаар захирамжаар 405 м.кв газрыг Б.М-д, харин 2 дахь нэгж талбар 505 м.кв газрыг М.С-ийн дүү М.Ж тус тус эзэмшүүлсэн, Б.М агсны газрыг өв залгамжлалаар шилжүүлэн авснаар тухайн 2 нэгж талбарыг М.Ж эзэмших болсон нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
Энэ 2 нэгж талбарын талаар нэхэмжлэгч Д.Т маргаагүй, харин 3 дахь нэгж талбар буюу 700 м.кв газрыг М.С-д 2020 онд эзэмшүүлэхээс 16 жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 онд 62 дугаар захирамжийг үндэслэн олгосон 0104058** тоот гэрчилгээгээр эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 191 дүгээр захирамжаар өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчөөгүй, үүний улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
4.3. Тухайн үед Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдаж, газрыг эзэмшүүлж өмчлүүлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн эрхийг хангах үүднээс он удаан жил эзэмшиж, амьдарсан хашааных нь газар эзэмших эрхийг баталгаажуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 62 дугаар захирамж гарахдаа иргэн тус бүрийн нэр дээр гаргалгүй, нэгдсэн журмаар гаргаж, харин газар эзэмшүүлэх гэрчилгээг нөхөн олгож байсны дагуу олон жил амьдарч байсан хашааны газрыг нь Д.Т-д эзэмшүүлэх гэрчилгээ олгосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд байранд орж нүүснээр оршин суух газрын хаягаа өөрчилсөн нь олон жил эзэмшиж, амьдарч байсан хашааны газраа дээрх хуулиудын дагуу өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Мөн Д.Т-ын нөхөр Ц.М нь 3 нэгж талбарыг бүгдийг нь нэхэмжлэгч М.С-ийн аавд худалдсан талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй тул энэ талаарх хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Т нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн М.С-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Д.Т нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 191 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул энэхүү хэсгийг хассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
4.4. Харин нэхэмжлэгч Д.Т нар нь тухайн газрыг эхэлж 2003, 2004 онд газар эзэмших гэрчилгээ, газар өмчлүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өмчлөх эрх нь үүссэн байхад М.С-д газрыг давхцуулан эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 123 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэж үзэж илт хууль бус болохыг тогтоосон, мөн нэгэнт газар эзэмших эрх нь хүчингүй болсонтой холбоотой “дахин төлөвлөлтийн олговор олгохыг даалгах” нэхэмжлэлийг мөн хангах үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр тус тус үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.С , түүний өмгөөлөгч Б.Э-ийн гаргасан “... Д.Т нар газар дээрээ амьдраагүй, харин М.С 40 жил амьдарсан байхад газар эзэмшүүлсэн 2020 оны 123 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэхгүй, ... хууль ёсны эзэмшигч нь М.С учраас газрыг дахин төлөвлөлтөд оруулсан нөхөх олговрыг М.С авах эрхтэй ...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0116 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг бүхэлд нь хасаж; 2 дахь хэсгийн “... тогтоосугай” гэснийг “... тогтоож, нэхэмжлэгч М.С гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, “2” гэсэн дугаарыг нь “1” гэж; 3 дахь хэсгийн “... болон хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 35100 төгрөг, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35100 төгрөгийг тус тус” гэснийг хасаж, “3” гэсэн дугаарыг нь “2” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Т, Х.Э , М.У нарын өмгөөлөгч Д.Г, Б.Г , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нараас гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч М.С , түүний өмгөөлөгч Б.Э нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ