Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

   2019            12            26                                          22                               

 

 

М.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн, 

шүүгдэгч М.Тийн өмгөөлөгч Я.Баатар,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,        

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/853 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Я.Баатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Тт холбогдох 1909001730286 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хурган овгийн М.Т, 1987 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Camry auto shop” засварын газарт засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын, 2 дугаар баг, Өнгөт гэх газар оршин суух бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 18 дугаар байрны 107 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗП87052315/;

М.Т нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны оройн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Формула” автомашин угаалгын газарт хохирогч Н.Баярбатыг бусадтай маргалдлаа хэмээн нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.          

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хурган овогт М.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч нь эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Т нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдэж, М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Т давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Формула” авто угаалгын газарт 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед угаагч Н.Баярбат согтуу ирж, угаагч Б.Батсүхтэй маргалдаж, түүнийг зодож танхайраад байхаар нь би очиж салгасан. Гэтэл Н.Батбаяр нь намайг гүтгэж, нүүр рүүгээ мөргөж, шүд гэмтээсэн гэж цагдаад 3-4 хоногийн дараа өргөдөл өгсөн байсан. Н.Батбаярын худал мэдүүлгийг түүний эхнэр Г.Элбэгбаяр, дүү Г.Ганбагана нар гэрчилж, намайг хэрэгтэн болгож байгааг би дараах баримтаар эсэргүүцэж байна.

Хэрэг болох үед Н.Баярбатын зүгээс Б.Батсүхийг зодож байхад нь би салгаад, маргааныг таслан зогсоосон. Энэ тухай гэрч Б.Батсүхийн “...цуг ажилладаг Н.Баярбат надтай маргаж, заамдаж аваад нүүр рүү нь нэг удаа цохиод мөргөсөн. Төмөрчөдөр хүрч ирээд Баярбатыг “боль” гээд аваад явсан. Төмөрчөдөр Баярбатын нүүр рүү цохиогүй, харин салгаад цаашаа явсан...” гэж цагдаад мэдүүлсэн нь үнэн байдлыг хэлсэн.

Мөн зодоон хийсэн Баярбат, Батсүх нарыг тэр үед салгасан Б.Номун “...Батсүхийг заамдсан Баярбатыг би болон Нандин-Эрдэнэ, Г.Элбэгбаяр салгасан. Төмөрчөдөр Баярбатын нүүр рүү нь цохиогүй, маргааш нь Баярбатын нүүр нь хөхөрч хавдаагүй байсан...” гэж мэдүүлсэн нь миний мэдүүлгийг баталсан.

Гэтэл Б.Номун мэдүүлэгтээ “...Төмөрчөдөр ах Н.Баярбат дээр очоод гаргах гэж байгаад барьцалдаж давхралдаад унасан...” гэж эндүүрч мэдүүлэг өгснийг, түүний бүх мэдүүлгийг худал гэж үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Шүүх нотлох баримтыг ийм байдлаар үнэлж байгаа бол худал мэдүүлэг өгч байгаа эхнэр Г.Элбэгбаяр, нөхөр Н.Баярбат нарын мэдүүлэг тэнд байсан 2-3 хүний мэдүүлгээр үгүйсгэгдэж байхад үнэн зөв мэдүүлсэн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Н.Баярбат нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой авто угаалгын газраас яваад 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл байх хугацаанд баярын өдрүүдэд архи ууж яваад өөр хүмүүсээс гэмтэл авсныгаа намайг зодсон болгож цагдаад эхнэр, дүү нартайгаа нийлж, худал мэдүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.

Н.Баярбат нь эхнэр Г.Элбэгбаяртаа зодуулж, шүүхээр шийтгүүлсэн хүн бөгөөд шүүх хуралд ирээгүй оролцоогүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд Н.Баярбат бас ирээгүй. Энэ тухай шүүхийн тогтоолд “...Н.Баярбатыг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан боловч хаягтаа байхгүй, гэртээ ирээгүй удаж байгаа, хаана байгааг нь мэдэхгүй байна” гэж эх Наранцэцэг нь хэлсэн. Н.Баярбат намайг гүтгэж байгаа зорилго нь мөнгө салгаж авах явдал байсан. 1.700.000 төгрөг эхлээд нэхсэн бөгөөд сүүлдээ 400.000 төгрөг өгчих, тэгвэл би гомдолгүй, өргөдлөө авна гэж байсан.

Иймд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэрч Б.Батсүх, Б.Номун зэрэг ашиг сонирхлын зөрчилгүй хөндлөнгийн хүмүүсийн мэдүүлгийг хянаж үзэж, хэрэг үйлдээгүй миний үнэн зөвийг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч М.Тийн өмгөөлөгч Я.Баатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн тогтоолд “...шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баатарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ...” гэсэн дүгнэлт хийсэн үндэслэл нь учир дутагдалтай байна. Хэрэгт авагдсан нотлох баримтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ” гэсэн хуулийн шаардлагын үүднээс шүүх хандах ёстой. Тодруулж хэлбэл: Гэрч Б.Номуны хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэгт “... М.Т, Н.Баярбат дээр очоод тэндээс гаргах гэж байгаад барьцалдаад давхралдаад унасан. Босож ирэхдээ нүүр нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлгийг бусад хүмүүсийн мэдүүлгээр нотлогдохгүй байна гэж шүүх үзэж, тогтоолдоо “...үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэлт өгчээ. Харин гэрч Б.Номуны мэдүүлэгт “...М.Т Баярбатын нүүр рүү нь цохиогүй...” гэсэн байцаагчийн асуултад хариулсан түүний мэдүүлэг нь шүүгдэгч Төмөрчөдөрийн үйлдэлд ач холбогдолтой, хамааралтай билээ. Учир нь яллагдагч М.Тийн үйлдлийг үйлдэгдсэн эсэх, хохирогчийн гэмтэлтэй холбоотой эсэхийг харсан байдал нь хэргийн мэдээллийг агуулсан нотлох баримт тул хуулийн шаардлага хангасан.

Гэрч Б.Номуны “...Төмөрчөдөр Баярбатыг цохиогүй, маргааш нь Н.Баярбат ажил дээр ирэхэд нүүр нь зүгээр байсан, хөхөрч хавдаагүй байсан...” гэсэн мэдүүлгийг, гэрч Батсүхийн “...М.Т Баярбатын нүүр рүү цохиогүй. Баярбатыг боль гээд цааш аваад салгаад явсан...” гэсэн мэдүүлэг давхар нотолдог юм. Иймээс гэрч Б.Номуны хэргийн талаар өгсөн мэдүүлэг нь хууль зөрчөөгүй, эх сурвалжтай, бусад баримт мэдүүлгээр давхар нотлогдож байгаа тул шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “....шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэсэн хуулийн үүднээс дээд шатны шүүх авч үзэж, үнэн зөв мэдүүлснээр үнэлнэ үү.

2. Гэрч Г.Элбэгбаяр нь хохирогч Н.Баярбатын эхнэр, хамтран амьдрагч эр эмийн харилцаатай хүн юм. Гэрч Г.Ганбагана бол Г.Элбэгбаярын дүү, хохирогч Н.Баярбатын хадам талын хүн юм. Хохирогч Н.Баярбат, гэрч Г.Элбэгбаяр хоёр хэрэг учрал болох өдөр хамт архи уусан гэдгийг гэрч Г.Ганбаганы “...Н.Баярбат хамтран амьдрагч Г.Элбэгбаяр эгчтэй хамт миний машинд нэг шил архи уусан...” хэмээн мэдүүлснээр нотлодог юм. Мөн шийтгэх тогтоолд “...Хохирогч Н.Баярбатыг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан боловч, хаягтаа байхгүй, гэртээ ирэхгүй удаж байгаа, хаа байгаа нь мэдэгдэхгүй гэж түүний төрсөн эх Наранцэцэг хэлсэн байна...” гэж бичсэн нь Н.Баярбат нь ямар хүн бэ? гэдгийг харуулсан баримт юм. Шүүх шүүгдэгч Төмөрчөдөрийн хэрэг үйлдсэн эсэхийг тэр өдөр хэргийн газарт байсан гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16,15 дугаар зүйлд заасан “...шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах...аргаар нотлох баримтыг шалгана...” гэсэн хуулийг бүрэн баримтлаагүй, хэрэгт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийлээ. Гэрч Батсүх хэргийн 56 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгтээ “...Төмөрчөдөр нь Баярбатын нүүр лүү цохиогүй. Харин салгаад цаашаа явсан. Баярбат надтай марган заамдаад цохиж, мөргөсөн. Баярбатыг Б.Номун Г.Нандин-Эрдэнэ нар салгасан...” гэж өчиг өгсөн байна. Мөн гэрч Б.Номун хэргийн 55 дугаар хуудсанд “...Батсүхтэй Н.Баярбат барьцалдаад нүүр рүү нь цохисон. Тэднийг Баярбатын эхнэр Г.Элбэгбаяр болон Г.Нандин-Эрдэнэ бид 3 салгасан. Төмөрчөдөр Баярбатын нүүр рүү цохиогүй. Маргааш нь Баярбат ирсэн. Тэгэхэд түүний нүүр нь хөхөрч хавдаагүй, зүгээр байсан...” гэж гэрч Батсүхийн мэдүүлгийг давхар нотолдог юм. Эдгээр гэрч нарын мэдүүлгийг гэрч Г.Нандин-Эрдэнэ “...Б.Номун, Г.Элбэгбаяр, бид гурав салгах гээд дийлэхгүй байсан. Манай нөхөр Төмөрчөдөр цаанаас ирээд салгаад татсан. Төмөрчөдөр Баярбатыг цохиж зодоогүй...” гэж давхар баталсан байхад ганц хүний мэдүүлгээр ял шийтгэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт боллоо гэсэн гомдолд хүргэж байна.

3. Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн нэг үндэслэлээ цагдаа Мягмарсүрэнг хэргийн газар очоогүй, хэн дуудлага өгсөн нь тодорхойгүй гэж шийтгэх тогтоолдоо бичсэн байдаг. Хэргийн газарт цагдаа ирсэн гэдгийг гэрч Батсүх “...гадаа цагдаа ирсэн байсан...”, гэрч Б.Номун “...цагдаа ирсэн...” гэж гэрч Нандин-Эрдэнэ “...цагдаа ирээд аваад явах гэтэл Баярбатын эхнэр нь гуйгаад аваад үлдсэн...” гэсэн мэдүүлгүүдээрээ давхар нотолж, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Ийм учраас шүүх тогтоолдоо “...шүүгдэгчид зодуулахаас өмнө хиймэл 4 шүд хийлгэсэн нь...” шүүх эмнэлгийн 3830 дугаар дүгнэлтэд дурьдсан зүүн дээд 3 дугаар шүд хөдөлгөөнд орсонтой холбоотой эсэх нь нотлогдоогүй байна гэсэн дүгнэлт өгч, хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон байдаг.

Иймд дээр дурьдсан гомдлын үндэслэлийг хянаж үзэж, шүүгдэгч Төмөрчөдөрийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Т нь хохирогч Н.Баярбатыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ хэрэгт зөвхөн гэрч Г.Элбэгбаяр, Г.Ганбагана нарын  мэдүүлгээр хэргийг эцэслэн шийдвэрлээгүй. Тухайн өдөр авто угаалгын газар ажил үүргээ гүйцэтгэж байсан бүх гэрч нарыг холбогдуулан хууль сануулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөний дагуу гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

М.Т нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны оройн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Формула” автомашин угаалгын газарт хохирогч Н.Баярбатыг бусадтай маргалдлаа хэмээн нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Баярбатын “...Машин угаах гээд зогсож байхад ажлын газрын залуу “би наад машиныг чинь угаах гэж байсан юм, чи дараагийн машиныг угаачих” гэхэд нь би үгүй гээд бид хоёр маргалдаад зогсож байхад манай ажлын газрын захирлын нөхөр Төмөрчөдөр ирээд намайг цохиж зодсоны улмаас миний үүдэн 4 шүд унасан. ...Миний зүүн хацар руу 2 удаа толгойгоороо мөргөсөн. Бас дээд уруулын хэсэг рүү гараар цохисон. ...Тэгээд хиймэл 4 шүд хийлгээд шүрүүпээр тогтоолгож байсан...” /хх-14-17, 107-110/, 

гэрч Г.Элбэгбаярын “...Баярбат нь буцаж орж ирээд Тунгаагийн найз залуутай маргалдаад зогсож байтал хажуу талаа нь Төмөрчөдөр гэх залуу салгах гэж тэр хоёрын дундуур орж ирснээ үгийн зөрөөгүй Баярбатын нүүрэн тус газарт нь 2 удаа толгой хэсгээрээ мөргөөд авахаар нь би тэр хоёрыг салгаад Баярбатыг угаалгын газраас авч гарч ирээд гэр рүүгээ явсан. Гэрт очиход Баярбатын уруул нь хавдсан үүдэн 4 шүд нь уначихсан байсан...” /хх-20-22/,

гэрч Г.Ганбаганы “...Маргааш нь Баярбат ахтай таарах үед “өчигдөр ажил дээрээ буугаад үлдсэн, тэгээд ажлынхаа даргынхаа нөхөрт цохиулаад, мөргүүлсэн” гээд нүд нь хөхрөөд, шүд нь байхгүй болсон байсан...” /хх-66/,

гэрч Н.Дагийсүрэнгийн “...Төмөрчөдөр, Нандин-Эрдэнэ нар намайг цагдаа дээр очоод гэрчээр мэдүүлэг өгөөрэй гэхэд нь би ямар мэдүүлэг өгүүлэх гээд байгаа юм бэ гэхэд, Нандин-Эрдэнэ “Төмөрчөдөр Баярбат гэх залуутай маргалдаж зодоогүй” гээд мэдүүлэг өгөөдөхөөчээ гэсэн. Тэгэхэд нь би Баярбатыг Ука гэх залуутай маргалдаад усан бууг нь унагааж байхыг нь л харсан. Өөр зүйл хараагүй гэж хэлсэн...” /хх-78-81/ гэх мэдүүлгүүд,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 969 дугаартай “...Н.Баярбатын биед зүүн зовхинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний сулрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-23/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

М.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Т болон түүний өмгөөлөгч Я.Баатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М.Тийн “...Гэрч Б.Номуны хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэгт “...М.Т, Н.Баярбат дээр очоод тэндээс гаргах гэж байгаад барьцалдаад давхралдаад унасан. Босож ирэхдээ нүүр нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлгийг бусад хүмүүсийн мэдүүлгээр нотлогдохгүй байна гэж шүүх үзэж, тогтоолдоо “...үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэлт өгчээ. Харин гэрч Б.Номуны мэдүүлэгт “...М.Т Баярбатын нүүр рүү нь цохиогүй...” гэсэн байцаагчийн асуултад хариулсан түүний мэдүүлэг нь шүүгдэгч Төмөрчөдөрийн үйлдэлд ач холбогдолтой, хамааралтай билээ. Тэднийг Баярбатын эхнэр Г.Элбэгбаяр болон Г.Нандин-Эрдэнэ бид 3 салгасан. Энэ байдлаас үзэхэд шүүгдэгч Төмөрчөдөр, хэрэг учрал болох үед Н.Баярбатыг цохиогүй гэдгийг яг хажууд нь байсан 4 гэрчийн 3 нь М.Тийг тухайн үед Н.Баярбатыг цохиогүй гэж мэдүүлсэн байхад шүүх, хохирогч Баярбатын эхнэр Г.Элбэгбаярын “...Төмөрчөдөр үгийн зөрүүгүй Баярбатын нүүрэнд толгойгоороо мөргөсөн...” гэсэн ганц хүний мэдүүлгээр ял шийтгэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт боллоо...” гэх,

Шүүгдэгч М.Тийн өмгөөлөгч Я.Баатарын “...Гэрч Б.Номуны хэргийн 54 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлэгт “... М.Т, Н.Баярбат дээр очоод тэндээс гаргах гэж байгаад барьцалдаад давхралдаад унасан. Босож ирэхдээ нүүр нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлгийг бусад хүмүүсийн мэдүүлгээр нотлогдохгүй байна гэж шүүх үзэж, тогтоолдоо “...үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэлт өгчээ. Учир нь яллагдагч М.Тийн үйлдлийг үйлдэгдсэн эсэх, хохирогчийн гэмтэлтэй холбоотой эсэхийг харсан байдал нь хэргийн мэдээллийг агуулсан нотлох баримт тул хуулийн шаардлага хангасан. Гэрч Б.Номуны “...Төмөрчөдөр Баярбатыг цохиогүй, маргааш нь Н.Баярбат ажил дээр ирэхэд нүүр нь зүгээр байсан, хөхөрч хавдаагүй байсан...” гэсэн мэдүүлгийг, гэрч Батсүхийн “...М.Т Баярбатын нүүр рүү цохиогүй. Баярбатыг боль гээд цааш аваад салгаад явсан...” гэсэн мэдүүлэг давхар нотолдог юм. Гэрч Г.Ганбагана бол Г.Элбэгбаярын дүү, хохирогч Н.Баярбатын хадам талын хүн юм. Гэрч Г.Ганбаганы “...Н.Баярбат хамтран амьдрагч Г.Элбэгбаяр эгчтэй хамт миний машинд нэг шил архи уусан...” хэмээн мэдүүлснээр нотлодог юм. Шүүх шүүгдэгч Төмөрчөдөрийн хэрэг үйлдсэн эсэхийг тэр өдөр хэргийн газарт байсан гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16,15 дугаар зүйлд заасан “...шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах...аргаар нотлох баримтыг шалгана...” гэсэн хуулийг бүрэн баримтлаагүй, хэрэгт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийлээ. Мөн гэрч Б.Номун хэргийн 55 дугаар хуудсанд “...Батсүхтэй Н.Баярбат барьцалдаад нүүр рүү нь цохисон. Тэднийг Баярбатын эхнэр Г.Элбэгбаяр болон Г.Нандин-Эрдэнэ бид 3 салгасан. Төмөрчөдөр Баярбатын нүүр рүү цохиогүй. Маргааш нь Баярбат ирсэн. Тэгэхэд түүний нүүр нь хөхөрч хавдаагүй, зүгээр байсан...” гэж гэрч Батсүхийн мэдүүлгийг давхар нотолдог юм. Хэргийн газарт цагдаа ирсэн гэдгийг гэрч Батсүх “...гадаа цагдаа ирсэн байсан...”, гэрч Б.Номун “...цагдаа ирсэн...” гэж гэрч Нандин-Эрдэнэ “...цагдаа ирээд аваад явах гэтэл Баярбатын эхнэр нь гуйгаад аваад үлдсэн...” гэсэн мэдүүлгүүдээрээ давхар нотолж, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Иймд дээр дурьдсан гомдлын үндэслэлийг хянаж үзэж, шүүгдэгч Төмөрчөдөрийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэсэн агуулга бүхий тус тус давж заалдах гомдол гаргажээ.

            Хавтас хэрэгт авагдсан гэрч Номуны мэдүүлэг /хх-55/, гэрч Б.Батсүхийн мэдүүлэг /хх-56/, гэрч Г.Нандин-Эрдэнэ /хх-111-114/ нарын мэдүүлэг нь хохирогч Н.Баярбат, гэрч Г.Элбэгбаяр, Г.Ганбат, Н.Дагийсүрэн нарын мэдүүлгийг няцааж чадахгүй байх тул шүүгдэгч М.Т болон түүний өмгөөлөгч Я.Баатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/853 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Т болон түүний өмгөөлөгч Я.Баатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                   Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                                   М.АЛДАР

                                ШҮҮГЧ                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ