| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0110/З |
| Дугаар | 221/МА2025/0353 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0353
Г.Б нарын нэр бүхий 11 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0117 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Г.Б, Д.И, Р.Р, Д.А, Б.М, Ц.О, А.Э, А.А, Т.Г, Г.П, Ч.Ч нарын өмгөөлөгч А.Т-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.Б, Д.И, Р.Р, Д.А, Б.М, Ц.О, А.Э, А.А, Т.Г, Г.П, Ч.Ч
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Т
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0110/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0117 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б, Д.И, Р.Р, Д.А, Б.М, Ц.О, А.Э, А.А, Т.Г, Г.П, Ч.Ч нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 14 дүгээрт байх Баянзүрх дүүргийн *-р хороо, *-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийг хүчингүй болгуулах мөн 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн *-р хороо, *-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/61 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт байх *-р хороо, *-р байрны урд талд 40 тоосгон граж, 9 дугаарт байх *-р хороо, *-р байрны урд талд 13 тоосгон граж гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. “... Нийслэлийн Засаг дарга нь А/388, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь А/61 тоот захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” сонсох ажиллагаа хийхгүй гэсэн заалтыг баримтлан сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарладаг. Гэтэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болсон гэдгийг захиргаа өөрөө тогтоох чиг үүрэгтэй болохоос бус баримтгүйгээр өөрсдийн дураар дээрх зохицуулалтыг хэрэглэх нь буруу байна. Анхан шатны шүүхээс энэ асуудалд буруу дүгнэлт өгсөн гэж үзэж байна.
2.2. Мөн Газрын тухай хуулийн 27.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын гаражийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны зөрчсөн гэж үзэж, чөлөөлсөн. Харин нэхэмжлэгч нарын хувьд хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан үйлдэл байхгүй юм. Хэдийгээр газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгүй боловч хууль ёсны дагуу газрын төлбөрийн акт, гэрээ байгуулан, зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж байсан нь үнэн болно. Хариуцагч нар нь чөлөөлөх актуудыг гаргахдаа “Хууль бусаар ашиглаж” байгаа тухай дурдсанаас бус газрын эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болж байгаа учир газар ашиглах эрхийг дуусгавар болгож байгаа огт бичээгүй. Энэ 2 үндэслэл нь ялгаатай, өөр гэж үзэж байна.
2.3. Газрыг олон жил эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтыг үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгч нарын зарим нь /А/ 2001 оны 05 сарын 29-ний өдрийн А/215 дугаар захирамжийн 1-р хавсралтад үндэслэн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг байгуулж, энэхүү гэрээний үндсэн дээр газрын төлбөрийг 20 гаруй жилийн турш төлж ирсэн болох нь баримтаар тогтоогддог. Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар төлбөр авч буй нь газрыг ашиглах талаар Захиргааны байгууллага, албан тушаалтан зөвшөөрч байсныг илтгэнэ. Энэ нөхцөлд хууль бусаар газрыг ашигласан гэж дүгнэх нь буруу гэж харж байна
2.4. Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Хариуцагч нар нь маргаан бүхий актыг гаргах болсон бодит үндэслэлээ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа гэж тайлбарладаг юм. Гэтэл 20 гаруй жил маргаан бүхий газар дээр ашиглаж буй гараж нь бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн, яаж зөрчиж байгаа вэ, тухайн хорооны иргэдээс ямар гомдол, санал ирсэн болох, шинжээч байгууллагын дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д бичгээр гаргасан захиргааны актад захиргааны акт гаргах болсон бодит үндэслэлийг зааж өгөх тухай зохицуулсан. Хариуцагч нь энэ бодит нөхцөл байдыг тогтоогоогүй атлаа Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бичиж, өөрийн үйлдлийг зөвтгөх гэж оролдсон. Шүүх мөн энэ нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй нь буруу юм. Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0117 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.
2. Нэхэмжлэгч Г.Б нарын нэр бүхий 11 иргэнээс Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 1*-р хэсэг, байршлыг “Баянзүрх дүүргийн *-р хороо, *-р байрны урд талд” гэж тодорхойлсон хэсэг, 13 дугаар хэсгийн мөн байршлыг тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн хавсралтын 8 дугаар хэсгийн *-р хороо, *-р байрны урд талд 40 тоосгон гарааш, 9 дүгээр хэсэг мөн байршилд 13 тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Анхан шатны шүүх “... хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч 11 иргэнд газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж байхгүй, ... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан зохицуулалтууд болон тус хуулийн бусад зохицуулалтын агуулгаас үзэхэд газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж гарч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосны үндсэн дээр газар эзэмших эрх хууль ёсоор үүсэх ба нэхэмжлэгч нарын хувьд газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн болох нь нотлогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дүгээр захирамжуудаар “... Газрын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг ...-ийг” үндэслэн Баянзүрх дүүргийн *-р хороо 11 дүгээр байрны урд талд байрлах зөвшөөрөлгүй баригдсан 66 гараашийг албадан буулгаж газрыг чөлөөлөх, газрын зөрчлийг арилгахаар шийдвэрлэж, уг захирамжийн үйлчлэлд орсон 66 гараашийн 11 гараашийг нэхэмжлэгч нар эзэмшдэг гэж маргах бөгөөд уг гарааш байрлаж буй газрын хувьд нэхэмжлэгч нарын эзэмшил, ашиглалтад олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарч байгаагүй байна.
6. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл,
- нэхэмжлэгч Г.П-ийн хувьд 2013.11.19-ний өдрийн 13/73 дугаар Газрын төлбөрийг тодорхойлох акт /нотлох баримтын шаардлага хангаагүй/,
- нэхэмжлэгч А.А-ийн хувьд 2002 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ, мөн өдрийн Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,
- нэхэмжлэгч Б.М-ийн хувьд 2013.11.19, 2014.10.28-ны өдрүүдийн гараашны газрын төлбөр төлж байсан баримт, 2004.05.26-ны өдрийн Тоосгон гарааш худалдах худалдан авах гэрээ,
- нэхэмжлэгч Д.А-ын хувьд 2018.10.24-ний өдрийн 04/120-00 Газрын төлбөрийг тодорхойлох акт,
- нэхэмжлэгч Г.Б-ын хувьд 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14/09 дүгээр Газрын төлбөрийг тодорхойлох акт, 2012.10.23, 2014.03.03, 2013.11.11-ний өдрүүдийн гараашийн газрын төлбөр төлж байсан болох баримтууд,
- Ц.О-н хувьд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 04/0-00 дугаар Газрын төлбөрийг тодорхойлох акт 2019.11.07, 2018.10.16-ны өдрүүдийн газрын төлбөр төлж байсан болох баримтууд авагджээ.
Харин нэхэмжлэгч Б.И, Р.Р, А.Э, Т.Г, Ч.Ч нарын хувьд дээрх маргаан бүхий гараашийн газрын төлбөр төлсөн, гэрээ байгуулсан зэрэг баримтууд байхгүй байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг;”, 3.1.4-т ““газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг; 3.1.7-д ““газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг; хэлнэ” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.
7. Дээрх хуулиас үзвэл автомашины гараашийн зориулалтаар ашиглаж байгаа гэх газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий Засаг даргын шийдвэр гараагүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй тохиолдолд нэхэмжлэгч нарын хувьд газар эзэмших, ашиглах талаар хамгаалагдах эрх үүсээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшээгүй этгээдийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлөх зорилгоор гарсан маргаан бүхий захирамжууд хууль зөрчөөгүй байна.
8. Нэхэмжлэгч нар нь хэдийгээр эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй байсан ч хариуцагчийн зүгээс 2002, 2004 оноос хойш тухайн газрыг чөлөөлөх шийдвэр гаргаж байгаагүй, энэ хугацаанд эзэмших эрхгүй боловч газрыг эзэмшил ашиглалтдаа байлгаж, гараашаар ашигласан, дамжуулан худалдсан, худалдаж авсан иргэд буюу хамгийн сүүлд ашиглаж байсан нэхэмжлэгч нар нь бусад этгээдээс худалдаж авахдаа газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэхийг нягталж аваагүй байх ба ийнхүү газрыг бодитоор ашиглаж байсныхаа төлөө төлбөр төлөх нь зүй ёсны хэрэг бөгөөд энэхүү төлбөр төлсөн гэх үндэслэлээр газрыг хууль ёсоор эзэмших эрх нь үүссэн гэж үзэхгүй.
9. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... төлбөрийн акт, гэрээний дагуу зөвшөөрлийн үндсэн дээр төлбөрөө төлж ашиглаж байсан, олон жил ашигласан бодит үйл баримтыг үнэлсэнгүй ...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, тухайн үед газрыг чөлөөлөхгүйгээр ашиглуулж байсан нь нэхэмжлэгч нарт бусдаас давуу байдал олгосон буюу эерэг хандаж байсан нь тухайн үеийн хотын хүн амын нягтрал, автомашин эзэмшдэг иргэдийн тоо, гудамж талбайн хүрэлцээ зэрэгтэй холбоотой боломж олгож байсан гэж үзэхээр байх бөгөөд “... хотын хүн амын нягтрал, гудамж талбайн эзэмшил, ашиглалтын нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой энэхүү цаг үед нийцүүлж, нийтийн ашиг сонирхлын хүрээнд хуульд заасан бүрэн эрхийн дагуу гаргасан” хариуцагч нарын маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1” гэж процессын хуулийг заасан хэсгийг хассан өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0117 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1” гэснийг хасаж өөрчлөн, ТОГТООХ хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Б, Д.И, Р.Р, Д.А, Б.М, Ц.О, А.Э, А.А, Т.Г, Г.П, Ч.Ч нарын өмгөөлөгч А.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ