Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00059

 

                                                      Сири Улсын иргэн Зид Камал Качлн

 

/Zead Kamal Qachln/-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/00260 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 701 дүгээр магадлалтай,

Сири Улсын иргэн Зид Камал Качлн /Zead Kamal Qachln/-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Ньюс ХХК болон Засгийн газрын мэдээ сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тус тус холбогдох

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээ нийтэлсэн хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах, сэтгэл санаанд учирсан гэм хор 28,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Монгол Ньюс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Монгол Ньюс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Сири Улсын иргэн Зид Камал Качлн /Zead Kamal Qachln/ нь хариуцагч Засгийн газрын мэдээ сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Монгол Ньюс ХХК-д тус тус холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээ нийтэлсэн хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах, сэтгэл санаанд учирсан гэм хор 28,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Монгол ньюс ХХК-ийн UB post сонин нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үнэн бодит мэдээ мэдээлсэн, нэхэмжлэгч нь зан суртахуун болоод багшийн арга зүйн доголдолтой, мэдээ мэдээлэл нь нэхэмжлэгч рүү шууд хандаагүй, түүнийг яс, үндсээр нь ялгаварлан гадуурхсан зүйл үгүй, Сири улсын талаарх олон улсын төсөөлөл, үзэл бодолд тулгуурлан хэний ч таамаглаж болохуйц нөхцөл байдлыг дурдсан гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

Хариуцагч Засгийн газрын мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тус байгууллагын эрхлэн гаргадаг ubinfo.mn сайт нь ийм мэдээлэл нийтлээгүй, ижил төстэй нэр бүхий гар утасны UB info эппликэйшнтэй нэхэмжлэгч эндүүрсэн байх гэжээ.

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/00260 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-д заасны дагуу хариуцагч UB post сониныг эрхлэн гаргадаг Монгол Ньюс ХХК-д нэхэмжлэгч Зид Камал Качлны нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж худал мэдээлэл тараасан тухайн хэлбэрээр няцаалт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас алдар хүндэд холбогдох хэсэг болон сэтгэл санаанд учирсан гэм хор 28,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зид Камал Качлнд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 701 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/00260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Монгол ньюс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Монгол Ньюс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 182/ШШ2020/00260 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 701 тоот магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүй гэж дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх шийдвэртээ шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэр төр, ажил хэргийн нэр хүндэд холбогдох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Маргаан бүхий нийтлэлд хамгийн түгшүүртэй зүйл гэвэл Камалын яс үндсээс харахад, түүний АНУ-ын талаарх хурц сөрөг мэдрэмж, нийтэд хандсан шүүмжлэл, ялангуяа хичээлийн үеэр үүнийгээ илэрхийлдэг нь маш сэтгэл түгшээж байна ..., Камалыг ажилд авсан сургууль, цаашлаад Монгол Улс үндэснийхээ хувьд ийм сэдэл санаа бодолтой хүнд болгоомжтой хандах хэрэгтэй, үүгээр ч зогсохгүй хорлон сүйтгэх хүсэл эрмэлзэлтэй, аюултай хүнээр бидний Монгол залуусын оюун санаанд нөлөөлж хичээл заах эрхтэй байгаа нь өөрөө аюултай бөгөөд маш хариуцлагагүй асуудал юм. гэж бичигдсэн байх ба эдгээр нь Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг үндэс, угсаа боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд харш гэх үндэслэлтэй байна..." гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас Зид Камал Качлны нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж худал мэдээлэл тараасан тухайн хэлбэрээр няцаалт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Давж заалдах шатны шүүх магадлалдаа "... нэхэмжлэгчийн талаар бичсэн дээрх мэдээллийн үнэн зөв болохыг нотлох үүргийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгээр мэдээ тараасан этгээд буюу хариуцагч нар хүлээнэ. Дээрх мэдээлэлд дурдагдаж буй нөхцөл байдал бодитой болохыг хариуцагч тал ... баримтаар нотолж чадаагүй тул ... нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бодит бус мэдээлэл тараасан үйлдэлд хариуцагч Монгол ньюс ХХК-ийн UB post сониныг гэм буруутай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно..., хэрэгт авагдсан ... гэрчийн мэдүүлгүүдийг хэргийн баримттай харьцуулан үзвэл дээр дурдсан мэдээ мэдээллийн үнэн зөв нь тогтоогдохгүй байхаас гадна, эдгээр гэрчийн мэдүүлгүүд, бичгийн нотлох баримтуудад нэхэмжлэгчийн заах арга барил, багшлах ур чадвар, зан суртахууны талаарх гэрчүүдийн хувийн үзэл бодол илэрхийлэгдэж байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв... гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай, бодит байдалд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж хэрэгт өгсөн хариуцагчийн бичсэн нийтлэл гэх нийтлэл нь албан ёсны хариуцагчийн нийтэлсэн нийтлэлийг мушгин гуйвуулж, нийтлэлд дурдагдаагүй зүйлсийг нэмж бичиж, албан ёсны орчуулгын товчоогоор үнэн зөв орчуулаагүй байдаг. Бодит байдал дээр хариуцагч нийтлэлдээ шүүхийн шийдвэрт дурдаад байгаа Камалыг ажилд авсан сургууль, цаашлаад Монгол улс үндэснийхээ хувьд ийм сэдэл санаа бодолтой хүнд болгоомжтой хандах хэрэгтэй, үүгээр ч зогсохгүй хорлон сүйтгэх хүсэл эрмэлзэлтэй, аюултай хүнээр бидний монгол залуусын оюун санаанд нөлөөлж хичээл заах эрхтэй байгаа нь өөрөө аюултай бөгөөд маш хариуцлагагүй асуудал юм." гэсэн өгүүлбэр огт байхгүй, энэ өгүүлбэрийг хариуцагч нийтлэлдээ бичээгүй байдаг юм. Шүүх энэ эргэлзээтэй асуудлын үнэн зөвийг зайлшгүй тодруулж байж үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой байсан. Мөн уг нийтлэл нь өөрөө нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсан Ubpost.mongolnews.mn сайтад огт нийтлэгдээгүй юм. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тогтоогоогүй, анхнаасаа нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн орчуулгын алдаатай, буруу орчуулагдсан нийтлэлд үндэслэж, хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Сири Улс нь дайн дажинтай, тайван бус улс орон гэдэг нь Дэлхийн нийтэд ч тодорхой байдаг бөгөөд хариуцагч нь өөрийн улс орны аюулгүй байдлыг бодож болгоомжлох үүднээс сургуулийн оюутнууд болон багш нар нь бүгд мэддэг, өөрсдөө энэ асуудлын талаар хууль шүүхийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн бодитой болсон зүйлийн талаар нийтэлсэн болохоос нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах санаа зорилго агуулж худал мэдээлэл нийтлээгүй, нэхэмжлэгч Зид Камал Качлныг террорист байгууллагын гишүүн, хорлон сүйтгэх үйл ажиллагаа хийсэн гэж бичээгүй байдаг юм. Мөн нэхэмжлэгч нь Сири Улсын иргэн гэдэг нь маш тодорхой үүн дээр талууд маргадаггүй, хариуцагч нийтлэлдээ нэхэмжлэгчийг Сири Улсын иргэн гэж нэхэмжлэгчийн төрсөн нутгийг тодотгож бичсэний төлөө шүүх үүнд ач холбогдол өгч нэхэмжлэгчийг яс үндсээр нь ялгаварлан гадуурхсан гэж дүгнэлт хийсэн нь алдаатай гэж үзэж байна. Шүүх хавтаст хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримт зэргийг бүрэн үнэлж дүгнээгүй. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. гэж заасан байдаг. Шүүх уг хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээ тараагаагүй, нэхэмжлэгчийг яс үндсээр нь ялгаварлан гадуурхсан, түүнийг гүтгэсэн үг өгүүлбэр огт байхгүй, нийтэлсэн мэдээлэл нь бүгд үнэн зөв бодитой болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төрийг хөндсөн мэдээллийнхээ үнэн зөвийг баталсан, нотолсон болно. Уг нийтлэл маань өөрөө сэтгүүлчид санаа бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлж болдог editorigl buy commentary гэдэг нийтлэлийн загвараар гарсан. Хариуцагчийн нийтлэлийн үзэл бодол, шүүмжлэлтэй холбоотой хэсгийг нэр төр гутаасан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 182/ШШ2020/00260 тоот шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Зид Камал Качлны нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж худал мэдээлэл тараасан тухайн хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 701 тоот магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч Монгол Ньюс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Сири Улсын иргэн Зид Камал Качлн /Zead Kamal Qachln/ хариуцагч Монгол Ньюс ХХК болон Засгийн газрын мэдээ сонинд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, худал мэдээ нийтэлсэн хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах, сэтгэл санаанд учирсан гэм хорд 28,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд хариуцагч Засгийн газрын мэдээ сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч Монгол Ньюс ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй мэдээ нь бодит үнэнд нийцсэн гэж маргасан байна.  

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Зид Камал Качлн /Zead Kamal Qachln/-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, худал мэдээлэл тараасан тухайн хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч Монгол Ньюс ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас алдар хүндэд холбогдох хэсэг болон сэтгэл санаанд учирсан гэм хорд 28,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Хариуцагч Монгол ньюс ХХК-ийн эрхлэн гаргадаг UB post сонины 2019.06.27-ны өдрийн дугаарт нэхэмжлэгч Зид Камал Качлны /Zead Kamal Qachln/ зураг бүхий Хамрын доор радикалист үзлийн аюул гэсэн нэртэй нийтлэл хэвлэгдсэн, энэхүү нийтлэлд ... хамгийн түгшүүртэй зүйл гэвэл Камалын яс үндсээс харахад түүний АНУ-ын талаар хурц, сөрөг мэдрэмж, нийтэд хандсан шүүмжлэл, ялангуяа хичээлийн үеэр үүнийгээ илэрхийлдэг нь маш их сэтгэл түгшээж байна. Түүний эх орон Сирид олон улсын хөндлөнгийн оролцоо, босогчдын бүлгүүд мөн террорист байгууллага ISIS-тай холбоотой иргэний дайны нөхцөл байдал дунд байгаа. ... Камалыг ажилд авсан сургууль, цаашлаад Монгол улс үндэснийхээ хувьд ийм сэдэл санаа бодолтой хүнд болгоомжтой хандах хэрэгтэй, үүгээр ч зогсохгүй хорлон сүйтгэх хүсэл эрмэлзэлтэй, аюултай хүнээр бидний монгол залуусын оюун санаанд нөлөөлж хичээл заах эрхтэй байгаа нь өөрөө аюултай бөгөөд маш хариуцлагагүй асуудал юм ... гэж дурдагдсан, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

10. Анхан шатны шүүх тус нийтлэлд ... хамгийн түгшүүртэй зүйл гэвэл Камалын яс үндсээс харахад, түүний АНУ-ын талаарх хурц сөрөг мэдрэмж, нийтэд хандсан шүүмжлэл, ялангуяа хичээлийн үеэр үүнийгээ илэрхийлдэг нь маш сэтгэл түгшээж байна. ... гэх хэсэг, ... Камалыг ажилд авсан сургууль, цаашлаад Монгол Улс үндэснийхээ хувьд ийм сэдэл санаа бодолтой хүнд болгоомжтой хандах хэрэгтэй, үүгээр ч зогсохгүй хорлон сүйтгэх хүсэл эрмэлзэлтэй, аюултай хүнээр бидний монгол залуусын оюун санаанд нөлөөлж хичээл заах эрхтэй байгаа нь өөрөө аюултай бөгөөд маш хариуцлагагүй асуудал юм. гэх хэсэг нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд харш гэх үндэслэлтэй гэж, нийтлэлийн ... хорлон сүйтгэх хүсэл эрмэлзэлтэй, аюултай хүн ... гэж нэхэмжлэгчид холбогдуулсан ба энэ нь бодит байдалд нийцээгүй гэж дүгнэжээ.

11. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Бусдын нэр төрийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хүлээдэг бөгөөд Монгол Ньюс ХХК-ийн UB post сонинд нийтлэгдсэн нэхэмжлэгчийн талаарх мэдээ түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нийтлэлийн үнэн зөвийг нотолж чадаагүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр нэхэмжлэгчээс уучлалт гуйж, залруулга хийхийг хариуцагч Монгол ньюс ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

12. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлдөг бөгөөд мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирлыг арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг хүлээдэг байна.

Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлага болон үндэслэлийн хүрээнд шүүх мөнгөөр тооцож тогтоож болох бөгөөд нэхэмжлэгч сэтгэл санааны хохирлыг ямар аргачлалаар тооцсон үндэслэлээ тайлбарлаж, нотлоогүйгээс шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчихгүй.

13. Алдар хүндийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна. Аливаа этгээд алдар хүндээ өөрийнхөөрөө тодорхойлдог бөгөөд нэхэмжлэгч Зид Камал Качлн /Zead Kamal Qachln/ өөрийн алдар хүндийн талаар, олон улсын түвшинд нэртэй судлаач, доктор гэсэн тайлбар, үндэслэлийг хэлсэн боловч энэ талаарх буюу олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмээн өөрийгөө үнэлсэн үнэлэмжийг нь тодорхойлох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

14. Хариуцагч Монгол ньюс ХХК нь нийтлэлд дурдсан мэдээ мэдээллийг үнэн зөв, бодит байдалд нийцсэн гэж маргасан боловч түүний шүүхэд ирүүлсэн баримт болон хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн баримт, гэрч нарын мэдүүлэгт дурдсан мэдээлэл нь нэхэмжлэгчийн багшлах ур чадвар, заах аргын асуудалд хамааралтай гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

  Иймд шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/00260 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 701 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН