Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0620

 

[o1] 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0620

Улаанбаатар хот

 

“Голден винг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Р.Энхтайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 479 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Голден винг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 479 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.16-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Голден винг” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн нийтэд зарлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Голден винг” ХХК-ийн өргөдлийн цахим дугаар олголтыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн дээрх өргөдлийг сэргээлгэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Голден винг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнх-Өлзий давж заалдах гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас тавьсан шаардлага, хууль журамд заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зарласан “Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох” ажиллагаанд оролцож, өргөдлөө өгсөн ба зохих ёсоор бүртгэгдсэн болох нь нотлогдсон ба үүнийг үгүйсгэж, програмын саатлыг давагдашгүй хүчин зүйлээс болж гарсан шийдвэр гэж хариуцагчийн шийдвэрийг тайлбарласан нь хуульд нийцээгүй, давагдашгүй хүчин зүйлээс үл хамаарах шалтгааныг түүнд оруулах байдлаар дүгнэсэн нь буруу болсон байна. Тодруулбал, “Давагдашгүй хүчин зүйл” гэж товчоор тодорхойлбол, урьдчилан харах, урьдчилан сэргийлэх, даван туулах боломжгүй бодит нөхцөл байдлыг хэлэх ба үүрэг хүлээж байгаа тал үүнийгээ нотлох ёстой.

Өөрөөр хэлбэл, “үүргээ биелүүлээгүй явдал үүрэг гүйцэтгэгчийн хяналтаас гаднах саад бэрхшээлээс болсон, гэрээ байгуулах үед тэр саад бэрхшээл, эсхүл түүний үр дагавраас зайлсхийх буюу даван туулах арга замыг урьдчилан тооцох боломжгүй, урьдчилан таамаглах боломжгүй буюу давж туулах боломжгүй байснаас болсныг үүргээ биелүүлээгүй тал нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэсэн олон улсын ойлголт байгаа. Энэ ойлголт ч манай улсын холбогдох хууль тогтоомжид заасан байдаг. Гэтэл энэхүү маргаанд хариуцагч талаас “...хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь бидний урьдчилан тооцох боломжгүй, таамаглаагүй, даван туулах тийм зүйл болсон гэдгийг нотлоогүй байхад зөвхөн тухайн програмыг хариуцдаг хүнийг гэрчээр асуун түүний ярьсан яриагаар нотлогдсон гэж шүүхээс дүгнэж байгаа нь ямар ч үндэслэлгүй.

Төрийн захиргааны байгууллага иргэддээ түргэн шуурхай, чирэгдэлгүйгээр үйлчлэх ба иргэд зохих төлбөр, шаардсан баримтыг бүрдүүлж өгөх энгийн үүрэгтэй ба нэхэмжлэгчээс энэ үүргээ хууль ёсны дагуу биелүүлсэн, тэр нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байхад хэвийн бус гацалт гарсан үед хамааруулах байдлаар шийдвэр гаргасан байдлыг шүүхийн шийдвэрт буруугаар ойлгож тайлбарласан гэж үзэхээр байна. Түүнчлэн хариуцагч байгууллага нь энэ байдлыг буюу програмын гацалтыг зохиомлоор бий болгох бүрэн боломжтой ба тэр бүхэнд тухайн сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээд цаг хугацаа хөрөнгө мөнгөөрөө хохирох тийм боломжийг бий болгосон гэж үзэхээр байна.

Програм гэдэг зүйлийг тухайн үйлчилгээнд ашиглаж л байгаа бол хэвийн ажиллагаа, бий болох эрсдэлийг урьдчилсан байдлаар харж тооцоолсон байх ёстой. Гэтэл хариуцагчаас тийм зүйл хийгээгүй тухайн “...програмыг хариуцсан байгууллагаас дээрх сонгон шалгаруулалтыг явуулахдаа өмнө нь туршилт хийсэн гэх боловч олон хуулийн этгээд хамрагдаагүй учир сайн тооцоо гаргаж чадаагүй...” гэх гэрчийн мэдүүлгээс тодорхой нотлогдож байгаа. Гэтэл шүүх давагдашгүй хүчин зүйлд хамруулан хариуцлагаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгжийн бүртгэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс цахим системээр олгох ажиллагааг явуулах талаар Ашигт малтмалын газраас 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нийтэд мэдээлсэн байна.

Дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох ажиллагаа 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутад эхэлж, эхний 51 аж ахуйн нэгжийн дугаарыг олгох явцад цахим системийн “Login server” дотор ажиллаж байгаа “Validation webserver” гэх хэсэгт “time out” хийж дугаар олгох системд 09 цаг 02 минут 31 секундээс 09 цаг 36 минут 21 секунд хүртэл 34 минут хугацаанд гацалт үүссэн байна.

Уг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийн хэвийн үйл ажиллагааг хангах, цахим системийг аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 00 минутад хуралдсан “Хурлын протокол”, гэрч Ц.Бадраагийн мэдүүлэг, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байна.

Улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системийн хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж, “2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр явуулсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгжийн бүртгэлийг цахим системээр олгох ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгосон” тухай мэдэгдэл хийж, өөрийн байгууллагын цахим сайтаар олон нийтэд мэдээлжээ.

Нэхэмжлэгч “Голден винг” ХХК “Ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох” ажиллагаанд оролцож, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрд нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цахимаар 09 цаг 00 минут 50 секундэд бөглөж, өргөдөлд заасан солбилцолын дагуу 21 дүгээрт дугаар авч, өргөдлийн бүртгэлийн Х201508242262 дугаарт бүртгэгдсэн учраас хариуцагчийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэсэн эрхийг хуулиар хариуцагчид олгосон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн зарчим нь захиргааны үйл ажиллагаанд үйлчлэхийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан бөгөөд мөн зүйлийн 4.2.5-д бодит нөхцөлд тохирсон захиргааны үйл ажиллагааны зарчмыг баримтлахыг заажээ.

Тиймээс хариуцагчийн дээрх үйлдлийг “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл”-ээс хамаарч гаргасан гэхээс илүүтэйгээр алдаа гараагүй үед бүртгэгдсэн нэхэмжлэгчийн бүртгэлийг цуцалсан нь шударга ёсонд нийцэхгүй, зүй ёсны шийдвэр гэж үзэхээргүй байх боловч нийтэд энэ талаар шуурхай мэдэгдэж, нэхэмжлэгчийн дахин өргөдөл бүртгүүлэх эрхийг хангасан байх тул уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Дээрх дүгнэлтээр, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 479 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР


 [o1]