Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: М /РД:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 118 580 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.  

 

 Нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д.Мын хүсэлтийн дагуу 77 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Мөн өдрөө Д.Мын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/ бакула Ринбүчийн гудамж Х дугаар байрны Хт байрлах улсын бүртгэлийн Ү дугаартай Х м.кв талбай бүхий оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуудах байсан боловч зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй, элдэв шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн байна. Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан хэдий ч Д.Мад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжит хугацаа олгож, хүлэээсээр ирсэн бөгөөд утсаар болон мессежээр зээлээ төлөхийг удаа дараа шаарддаг байсан боловч сүүлийн үед утсаа ч авахгүй, төлбөрөө төлөхөөс зайлсхийж зээлдүүлэгчийг хохироосоор байх тул шүүхэд хандсан. Иймд үндсэн зээл 77 000 000 төгрөг, зээлийн гэрээний хүү 3 080 000 төгрөг, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасанчлан 2018 оны 07 сарын 24-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 35 420 000 төгрөг, нийт 118 580 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш бүтэн 1 жил гарангийн хугацаа өнгөрсөн. Хариуцагч Д.Мын өмгөөлөгч нь энэ хугацаанд эвлэрнэ гэсэн гэж тайлбар гаргадаг боловч бидэнтэй нэг ч удаа уулзаагүй, утсаа авдаггүй, шүүх хуралдаанд ирдэггүй, мөн энэ талаар хэрэгт хариу тайлбар гаргаж байгаагүй гэдгийг хэлмээр байна гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Д.Мад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77 000 000 төгрөг, хүү 3 080 000 төгрөг, алданги 35 420 000 төгрөг, нийт 118  580 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 83 283 200 төгрөгийг шаардлагыг хангаж, үлдэх 35 296 800 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Зээлийн гэрээ”-бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч Л.Б нь 77 000 000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэй, 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдэгч Д.Мад зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон зээлдэж авсан нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна./хх-ийн 4 /

            Зээлийн гэрээний баталгаа болгож хариуцагч Д.Мын өмчлөлийн  Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40 , 50 мянгат, Бакула ринбучийн гудамж Х дугаар байр, Хт байршилтай, Х м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Л.Бт барьцаалж, барьцааны гэрээг 2018 оны 6 сарын 23-ны өдөр бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх-ийн 5/

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл  77 000 000 төгрөг, үндсэн хүү 3 080 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2019 оны 7 дугаар сарын 23-ны  өдрөөс хойш хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байна.

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч Л.Б нь 77 000 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч Д.Мад бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь зээлийн гэрээний ард бичигдсэн “...М би Баас 77 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа” гэсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус нотлогдож байна.

 

Харин хариуцагч Д.М нь дээрх нэхэмжлэлийн хувийг 2019 оны 9 сарын 17-ны өдөр, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2019 оны 10 сарын 29-ний өдрүүдэд шүүхэд өөрөө ирж тус тус гардаж авсан бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр Р.Пүрэвлхамыг оролцуулсан байх ба  шүүхэд дээрх нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг хэн аль нь ирүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ямар нэг тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан байх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг” хүлээдэг, “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн 77 000 000 төгрөг, гэрээнд заасан 1 сарын хүү 3 080 000 төгрөг, нийт 80 080 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн дүнгийн гүйцэтгээгүй үүрэг 80 080 000 төгрөгөөс тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 8 хоногийн хугацаа хэтрүүлсэнд тооцож, 3 203 200 төгрөгөөр  тогтоох үндэслэлтэй.  

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 77 000 000 төгрөг, хүү 3 080 000 төгрөг, алданги 3 203 200 төгрөг, нийт 83 283 200 төгрөгийг хангаж, үлдсэн 35 296 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Түүнчлэн хариуцагч Д.М нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйлээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.

 

 Тус шүүх хуралдааныг 2019 оны 11 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хийхээр товлосон байх ба хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хариуцагч Д.Мыг хөдөө орон нутагт байгаа, түүнчлэн дараагийн шүүх хуралдаанд Д.Мыг биечлэн оролцуулах, мөн талуудыг эвлэрэх асуудлаар ярилцуулах боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангасан байна. Гэвч тус шүүх хуралдаанд хариуцагч Д.М болон түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нар нь  шүүх хуралдааны тов мэдсэн боловч / хүлээн авч, баримтад гарын үсэг зурсан/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Маас зээлийн гэрээний үүрэгт 83 283 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 296 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээний зүйл болох Д.Мын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40 50 мянгат, Бакула ринбучийн гудамж Х дугаар байр, Хт байршилтай, Х м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 750 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжинд 574 366 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ