Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/577

 

 

 

 

 

 

 

 

   2023         04         21                                    2023/ШЦТ/577

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэлсаран

Улсын яллагч Г.Чанцалдулам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******  овогт ******* холбогдох эрүүгийн “2206 00000 2522 дугаартай хэргийг шүүх 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн ** дугаар хороо *******  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, *******  овогт *******  /РД:******* /.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч *******  нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *******  тоотод иргэн *******  маргалдаж улмаар аягаар толгойн тус газарт нь цохиж, гараараа нүдэн тус газарт нь 2 – 3 удаа цохиж, хоёр нүдний алимд цус харвалт, баруун нүдний гадна булан, цээж, баруун зовхи, зүүн эгэм, баруун бугалгад шарх бүхий гэмтлийг учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 – 4 дүгээр тал/, хохирогч *******  мэдүүлэг /хх-ийн 7 – 8 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10326 дугаар дүгнэлт /хх-ийн 11 – 12 дугаар тал/,  Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 109 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 32 – 36 дугаар тал/, шүүгдэгч *******  мэдүүлэг /хх-ийн 27 – 28 дугаар тал/, шүүгдэгч *******  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******  нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *******  тоотод иргэн ******* маргалдаж улмаар аягаар толгойн тус газарт нь цохиж, гараараа нүдэн тус газарт нь 2 – 3 удаа цохиж, хоёр нүдний алимд цус харвалт, баруун нүдний гадна булан, цээж, баруун зовхи, зүүн эгэм, баруун бугалгад шарх бүхий гэмтлийг учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******  өгсөн: “... 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зүс таних *******  ахтай Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Ботаникийн эцсийн буудал дээр 13 цагийн орчимд уулзалдаад, Холбоо толгойн 5 дугаар гудамжинд байх гэрт нь очиж архи уусан. *******  гэх ах архи уусандаа согтоод намайг “сүүлийн үгээ хэл, чамайг ална” гээд байхаар нь би “та согтоод байна” гээд хэлтэл, намайг шууд аягаар толгой хэсэг рүү цохиод миний баруун болон зүүн нүд рүү 2-3 удаа цохисон. Тухайн үед өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

 

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 4/15657 дугаар: “... Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1188 дугаар захирамжаар *******  /РД:******* /-г эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэжээ. Хяналт тогтоосон *******  нь сар бүр бүртгэл хяналтад орж байгаа бөгөөд хяналтын хугацаа 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болно...” гэх албан тоот /хх-ийн 38 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10326 дугаар:

1. *******  биед хоёр нүдний алиманд цус харвалт, баруун нүдний гадна булан, цээж, баруун зовхи, зүүн эгэм, баруун бугалгад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн: “... би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/

 

Шүүгдэгч *******  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 дугаар тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч *******  нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *******  тоотод иргэн *******  маргалдаж улмаар аягаар толгойн тус газарт нь цохиж, гараараа нүдэн тус газарт нь 2 – 3 удаа цохиж, хоёр нүдний алимд цус харвалт, баруун нүдний гадна булан, цээж, баруун зовхи, зүүн эгэм, баруун бугалгад шарх бүхий гэмтлийг учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******  нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогч *******  500.000 төгрөгийн хохирол төлбөр учирсан бөгөөд шүүгдэгч *******  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. Хохирогч *******  нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч *******  гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

  

   мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

   Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

   Шүүх шүүгдэгч *******  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

   Шүүхээс шүүгдэгч *******  ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1188 дугаар захирамжаар 1 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэсэн байх ба ийнхүү тэнссэн хугацаанд дахин Эрүүгийн хуульд заасан санаатай, нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан *******  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1188 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож түүнд 1 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч *******  оногдуулсан хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоолоо.

            Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар *******ын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна

 

Шүүгдэгч *******  нь энэ хэрэгтээ 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 17 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1, 2  дахь хэсэгт тус тус зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******  овогт *******  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар *******  720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******  оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 90 хоног буюу 3 сарын  хугацаагаар тогтоосугай

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1188 дугаар захирамжийг хүчингүй болгож 1 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1188 дугаар захирамжаар оногдуулсан 1 жил 6 сар 20 хоногийн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ******* биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******  цагдан хоригдсон 17 хоногийн хугацаагаар хорих ялыг хасаж 1 жил 9 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосугай

   8. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

   10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *******  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС