| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0026/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/29 |
| Огноо | 2023-04-26 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.У
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны A танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт С-ын С-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, ... настай, халх, ..., бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... хамт Дорноговь аймаг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Я овогт С-ын С /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С нь Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан төгрөг гэх газарт иргэн Л.У-ийн туслах малчнаар ажиллаж байх үедээ буюу 2022 оны 10 сарын 26-ны өдөр түүнд итгэмжлэн хариуцуулсан ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг захиран зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч, бусдад худалдан борлуулж, завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Дорноговь аймгийн Өргөн сумын иргэн Л.У-ийн малыг 2022 оны 08 сараас эхлэж тухайн хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 10 сарын 26-ны өдөр хүртэл маллаж байсан юм. Би У ахын малыг Өргөн сумын Цагаан төгрөг гэх газар хардаг. Л.У ах өөрөө сумын төвд байдаг тэгээд хаяа ирж надад ойр зуурын зүйл дөхүүлж өгдөг байсан юм. Би 2022 оны 10 сарын 26-ны өглөө Л.У ахын эзэмшлийн Даюун маркийн мотоциклыг унаад Сайншанд суманд ирээд Ш.Э ах дээр очиж тухайн өөрийн эзэмшлийн мотоцикл гэж хэлээд бэлэн 300,000 төгрөг болон хувай 360 маркийн гар утсыг нэмж авсан. Тэгээд би тэр өдрөөс хойш 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл буюу 1 хоног архи уучихсан. Тэгээд 10 сарын 27-ны өдөр цагдаа нар ирж намайг барьсан. Би хувай маркийн гар утсыг нь архи ууж явж байгаад алга болгосон байсан. Тэгээд Ш.Э ахыг урьд өмнө нь таньдаг тул ярилцаад 560,000 төгрөгийг ажил хийгээд буцааж авахаар тохиролцсон байгаа. Одоохондоо хохирлыг нь барагдуулаагүй байгаа гэжээ. /хх-ийн 44-45/
Шүүгдэгч С.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Э-д 50,000 төгрөгт бодож сахлын машин өгсөн байгаа, 150,000 төгрөгт хоромон гутал өгсөн байгаа, үлдэх хохирлыг ажил хийж байгаад төлж барагдуулна гэв.
Хохирогч Л.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 10 сарын 26-ны 17 цагийн үед Өргөн сумын төвд байхдаа өөрийн мал болон туслах малчинг сурахад 2022 оны 10 сарын 25-ны өглөө “танай туслах малчин хойд зүг чигтээ мотоциклтэйгээ давхиж явсан, ирсэн үгүйг мэдэхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би хөдөө гэрийн бас ойролцоох айлын С гэдэг хүнтэй ярихад “танай туслах малчин өчигдөр ирж мал дээрээ хоноогүй юм шиг байна, танай хонь айлын хоньтой нийлсэн сураг байна” гэсэн. Тэгээд би “малчин яасан юм бол” гээд сумын цагдаа болон тамгын газрын дарга нарт хэлсэн тэгсэн чинь “юу ч гэсэн өглөө асууж сургалаад хайя” гэсэн. Тэгээд би 2022 оны 10 сарын 27-ны 08 цагийн үед хүмүүс рүү сураг тавихад сураг гарахгүй байсан. Тэгээд би өөрөө аймгийн төвд ирж хайж үзэхэд манай туслах малчин С нь согтуу айлд архи уугаад байж байсан. Тэгэхээр нь би “чи чинь яав, юу болов” гэж асуухад “уучлаарай ах мотоциклыг чинь хүнд зарчихсан шүү” гэхээр нь би “чи бол мал маллаж чадахгүй юм байна, би зүгээр мотоциклоо авъя” гэхэд “Тайван гэдэг хүнд 300,000 төгрөг болон утсаар зарчихсан” гэж хэлсэн. Тэгээд би одоо бүтэхгүй болж байгаа юм байна гээд цагаад ирсэн. Би хулгайд алдагдсан гэх мотоциклоо буцааж бүрэн бүтэн авсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга гэжээ. /хх-ийн 9, 13-14/
Иргэний нэхэмжлэгч Ш.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр баг 60 гэрийн дунд Бунт ухаагийн ... тоотод байх манай гэрт М гэх залуутай хамт С гэж дууддаг таньдаг дүү маань ногоон өнгийн Даюун маркийн мотоцикл авчирсан. Тэгээд надаас “энийг авах уу” гэж асуусан. “Би айлд мал маллаж байгаа, та энэ мотоциклыг ав” гэж хэлсэн. Тэгээд би арын Голомт банкны АТМ-ээс 250,000 төгрөг аваад наад талд нь байх Хаан банкны АТМ-ээс 50,000 төгрөг нийт 300,000 төгрөг бэлнээр бас шинээр авсан 2 сим ордог 360 гэсэн бичигтэй гар утсаа өгсөн. Би тэр гар утсыг 260,000 төгрөгөөр авч байсан. Тэгээд би тэр ногоон өнгийн мотоциклыг авсан. С, М хоёр тэгээд яваад өгсөн. Би 300,000 төгрөг болон гар утсаа буцааж аваагүй байгаа. С ажил хийж байгаад надад буцааж өгөхөөр бид хоёр тохиролцсон байгаа гэжээ. /хх-ийн 18-19/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 04-05/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 06/
2022 оны 11 сарын 13-ны өдрийн ДГО:... дугаартай, 2022 оны 11 сарын 18-ны өдрийн ... дугаартай Ашид билгүүн ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 26-27, 31-33/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2022 оны 11 сарын 22-ны өдрийн прокурорын тогтоол /хх-ийн 37-40/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирлын тооцоо /хх-ийн 52, 54-55/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 56-58/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч С.С нь Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан төгрөг гэх газарт иргэн Л.У-ийн туслах малчнаар ажиллаж байх үедээ буюу 2022 оны 10 сарын 26-ны өдөр түүнд итгэмжлэн хариуцуулсан ногоон өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг захиран зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч, бусдад худалдан борлуулж, завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.У /хх-ийн 9, 13-14/, иргэний нэхэмжлэгч Ш.Э /хх-ийн 18-19/ нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 04-05/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 06/ болон 2022 оны 11 сарын 13-ны өдрийн ДГО:... дугаартай, 2022 оны 11 сарын 18-ны өдрийн ... дугаартай Ашид билгүүн ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 26-27, 31-33/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч С.С-ын гэм буруутай үйлдэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Л.У мотоциклоо бүрэн бүтэн буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн байх тул шүүгдэгчийг түүнд төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн. Харин иргэний нэхэмжлэгч Ш.Э нь 360 маркийн гар утсаа 260,000 төгрөгөөр үнэлсэн боловч Ашид билгүүн ХХк-ны 2022 оны 11 сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр 250,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Уг үнэлгээг иргэний нэхэмжлэгч маргаагүй байх тул түүнд бэлэн 300,000 төгрөг, гар утсаны үнэ 250,000 төгрөг нийт 550,000 төгрөгийн хохирол учирсан гэж үсэх үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэгч Ш.Э-д учирсан хохирлоос 50,000 төгрөгийн хохирлыг эд зүйлээр буюу сахлын машинаар төлж барагдуулж, үлдэх хохирол болох 500,000 төгрөгийг төлөөгүй болох нь иргэний нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна. Иймд иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлоос 50,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзэж, үлдэх хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.С-аас 500,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь 2023 оны 04 сарын 14-ны өдрөөс 2023 оны 04 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 12 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогч Л.У-д учирсан хохирлыг барагдуулсан, иргэний нэхэмжлэгчийн хохирлоос зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн, анх удаа хэрэгт холбогдсон зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт С-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С-ын С-лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ын цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйдийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.С-аас 500,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.Э-д олгож, хохирогч Л.У-д төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Ш.Э-д 50,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.С-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б