| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.У
Улсын яллагч Д.З
Хохирогч С.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ы Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Булган аймгийн Хишиг өндөр суманд төрсөн, ... настай, ..., дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., ... хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух, Б овогт Б-ы Э /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 03 сарын 14-ний өдрийн өглөөний 08 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 117 дугаар байрны 2 давхрын орцонд “Нөхрийг нь булааж авсан” гэх шалтгаанаар иргэн С.А-г гэрээс нь гарч ирэхэд нь 2 давхрын шатны уруу араас нь түлхэн унагааж, үснээс нь зууран өчиж, чих, нүүрэн тус газруудад гараараа зодож ахар сүүлний S3, S4-ийн нугалмын их биеийн шахагдсан хугарал, дух баруун чихний ар тал, зүүн чихний урд болон ар талд, баруун хацарт, хоёр гарын ар талд жижиг зулгаралтууд, бүсэлхийн L2, L3-ар нугаламын баруун талд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн орчим А-тай уулзах гээд 117 дугаар байрны 17 тоот хаалгыг нь тогштол хаалгаа тайлахгүй байсан. Тэгээд би Замын-Үүд сум 2-р баг эрүүл мэндийн ... тоотод байх гэртээ очоод байж байгаад 1 цаг орчмын дараа буцаж 117 дугаар байранд ирээд орцонд нь зогсож байтал А ажилдаа явах гээд гэрээсээ гараад ирсэн. Би А-г хараад гэр бүл үймүүлдэг чи арай даварч байна гээд шатны уруу түлхсэн. Түлхэх үед А шатны доош 4-5 шат уруудаад эргэж хараад намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би баруун хөлийг нь өргөж аваад өгзөг нуруу хэсгээр нь газар унагасан. Мөн чихнээс нь татаж зулгаасан, үснээс нь зулгаасан. Тэгээд бид хоёр ноцолдож байтал нэг үл таних залуу гарч ирээд бид хоёрыг салгаад А-г гэрлүү нь оруулсан. Би тэгээд яваад өгсөн. Ахар сүүлний хугарал нь би хөлнөөс нь татаад өгсөг, нуруу хэсгээрээ газар унасан. Тухайн үед үүссэн байж магадгүй. Харин баруун чихний ар талд, зүүн чихний урд болон ард талд, баруун хацарт, хоёр гарын ар талд жижиг зулгаралт гэмтлүүд нь бид хоёр хоорондоо ноцолдож үсдэлцэж би чихнээс нь зулгаасан. Тухайн үед үүссэн гэж бодож байна. А гэх хүн нь манай нөхөр Д-тай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж гэр бүл үймүүлж байсан тул би уурандаа тийм үйлдэл хийчихсэн юмаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 62-64/
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Д-тай гэр бүл болоод 13 жил болж байна. Манай нөхөр А-тай хамт ажилладаг юм. 2021 оны 09 сараас эхлэн энэ хоёрыг холбоотой юм байна гэж ойлгосон. 2022 оны 03 сараас илүү дотно харилцаатай болсон гэдгийг өөрийн нүдээр харсан. А-тай асуудлаа шийдэх гэж очиж уулзаж байна. Намайг хэл амаар доромжилж байсан. Тухайн хэрэг гардаг өдөр миний уур маш их хүрч, бухимдалтай байсан. Миний гаргасан үйлдэл буруу, би буруугаа ойлгож байгаа, хохирлын хувьд бодит учирсан хохирлыг би төлсөн. Өмнөх шүүх хуралдааны үед 721,800 төгрөг, өнөөдөр 382,700 төгрөг төлсөн. Нотлох баримтын хүрээнд цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэв.
Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчим Замын- Үүд сум 1-р баг ... тоотод байх гэрээсээ гараад ажил руугаа явах гэж байгаад 3 Давхараас гараад 2 давхрын шат руу бууж байтал гэнэт нэг хүн араас түлхчихсэн. Тэгээд би шат хэд хэд алгасаад доор очоод иргээд хартал Э гэх хүн байсан шууд намайг үсдэж авсан. Тэгээд би зөрүүлээд үснээс нь зулгаагаад доош нь дарсан тэгтэл миний хөлнөөс татаад би нуруу хэсгээрээ шатан дээр дээш хараад унасан. Тэгээд би үснээс нь татсан хэвээрээ байсан. Э миний дээр гараад сууж байгаад намайг самардаад байсан. Харин би өөрийгөө хамгаалаад үснээс нь огт тавиагүй байсан. Тэгээд байж байтал 1 давхраас нэг танихгүй залуу гарж ирээд бид хоёрыг салгаад нөгөө танихгүй залуу намайг гэрлүүгээ ор гээд байсан би гэрлүүгээ орсон. Тэрнээс хойш би дахин Э-тай уулзаагүй. Тэгээд би ажилдаа явах гэтэл нуруу өвдөөд яс янгинаад бүүр болохгүй байсан тул маргааш орой нь яаралтай тусламжаар үзүүлсэн. Мөн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Д гэх хүнтэй 2022 оны 05 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа. Тухайн Эщ гэх хүн нь Д-ын салсан эхнэр нь байгаа юмаа. Э гэх хүн эхлээд шатны уруу нуруу хэсэг рүү нэг удаа гараараа түлхсэн. Миний нүүр хэсгийг маш олон удаа маажсан би хэдэн удаа маажсан талаар мэдэхгүй байна. Бас намайг үсэдсэн. Хөлнөөс татаж унагаасан. Д нь манай ажлын газрын залуу байгаа юмаа. Харин 2022 оны 05 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа. Д Э нар гэрлэлтээ шүүхээр салгуулах шүүхэд өргөдөл 2022 оны 11 сарын орчим Өгсөн тэгээд эвлэрүүлэн зуучлахаар орж байсан. Тэгээд эвлэрсэн зүйлгүй шүүх рүү шилжсэн харин шүүхээс дуудахгүй байна гэж Д ярьж байсан. Би 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Э гэх хүн намайг зодсон. Би өөр ямар нэгэн хүнтэй зодолдож ноцолдсон асуудал байхгүй. Э-д зодуулсан үеэс хойш миний нуруу өвдөж бие муудсан. Тиймээс Э гэх тухайн гэмтлүүдийг үүсгэсэн. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний нуруу одоо байнга өвддөг болсон. Удаан сууж болохгүй хэцүү байгаа. Э-ын надад учруулсан эрүүл мэндийн хохирлыг барагдуулж эрүүл болгож чадахгүй учир тухайн эмчилгээ зардалд шаардлагатай санхүүгийн хохирлоо барагдуулмаар байна гэжээ. /хх-ийн 33-35/
Хохирогч С.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2022 оны 05 сараас хойш Д надтай хамт амьдарсан. 2022 оны 09 сараас хойш Э нь манай гэр орноор ирж хэл амаар доромжилж, хаалга үүд нүдэн, ажил дээр ирж хэл амаар доромжилж алгадаж байсан. Нэг удаагийн үйлдэл биш юм. өмнө нь олон удаа надад халдаж байсан. Хэрэг гарсан тэр өдөр Э нь намайг алах санаатай ирсэн гэж үзэж байна. Э-аас эмийн зардал 1,995,191 төгрөг, замын зардал 317,400 төгрөг, 3 сарын цалин 710,294 төгрөг, 4 сарын цалин 2,201,554 төгрөг, 5 сарын цалин 2,327,726 төгрөг, бүтэн жилийн хугацаанд уух 2 эмийн төлбөр /480,300+378,000/ 861,000 төгрөг нийт 8,418,465 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн зүгээс /721,800+382,700/ нийт 1,104,500 төгрөг төлсөн. Үлдэх 7,313,965 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн цаашид намайг эмч рашаан, сувилалд явах шаардлагатай гэж хэлсэн. Миний өвдөлт одоо хэр зүгээр болоогүй байгаа. Би хотод байнгын эмчилгээтэй явж байгаа. Хохирлоо гаргуулж авна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно гэв.
Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж Х.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн С.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн сангаас 221.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж Даатгалын үйлчилгээний зардлыг Б.Э-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 41-42/
Шинжээчийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 04/053 тоот дүгнэлт: 1.С.А-ийн биед ахар сүүлний S3, S4-ийн нугаламын их биеийн шахагдсан хугарал, дух, баруун чихний ар тал, зүүн чихний урд болон ар талд, баруун хацарт, хоёр гарын ар талд жижиг зулгаралтууд, бүсэлхийн L2,3-р нугаламын баруун талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх Гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүдийн ахар сүүлний S3, S4-ийн нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 5.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. /хх-ийн 21-22/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 51/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 52-54/
Шүүгдэгчийн оршин суух хаягийн Хилчин багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74-77/
Хохирлын тооцоо, баримтууд /хх-ийн 81-86, 134-139, 143-149/
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 19/18 дугаартай албан тоот, хохирлын тооцоо /хх-ийн 88-91/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 93-95/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 03 сарын 14-ний өдрийн өглөөний 08 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 117 дугаар байрны 2 давхрын орцонд “Нөхрийг нь булааж авсан” гэх шалтгаанаар иргэн С.А-г гэрээс нь гарч ирэхэд нь 2 давхрын шатны уруу араас нь түлхэн унагааж, үснээс нь зууран өчиж, чих, нүүрэн тус газруудад гараараа зодож ахар сүүлний S3, S4-ийн нугалмын их биеийн шахагдсан хугарал, дух баруун чихний ар тал, зүүн чихний урд болон ар талд, баруун хацарт, хоёр гарын ар талд жижиг зулгаралтууд, бүсэлхийн L2, L3-ар нугаламын баруун талд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 04/053 тоот дүгнэлт /хх-ийн 21-22/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Б.Э-ын гэм буруутай үйлдэл, хохирогч С.А-д учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч С.А нь 8,418,465 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт цугларсан баримтуудаар эм, эмнэлгийн үйлчилгээний зардал болон замын зардалд нийт 1,453,491 төгрөгийн баримтыг хохирогчид учирсан гэмтэлтэй шууд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, нотлох баримтын шаардлага хангасан гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн хувьд шүүхийн шатанд нийт 1,104,500 төгрөгийг төлж барагдуулсан нь төлбөр төлсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгээр тогтоогдсон. Иймд 1,453,491 төгрөгөөс хасаж тооцон үлдэх 348,991 төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас гаргуулж хохирогчид олгов. Хохирогч нь өөрийн биед учирсан гэмтлийг түргэн хугацаанд эрүүлжүүлэх үүднээс нэмэлтээр бүтээгдэхүүн авч хэрэглэсэн явдал нь хуулиар хориглоогүй, түүнчлэн 348,991 төгрөгийн үнэ бүхий нэмэлт бүтээгдэхүүнийг тухайн гэмтэл авсан цаг хугацаанд авч хэрэглэсэн болох нь төлбөр тооцоо хийсэн Е баримт /хх-ийн 86/-аар нотлогдож байна. Иймд уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.
Харин цаашид 1 жилийн турш уух эмийн зардал, ажилгүй байсан 3, 4, 5 сарын хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирогч С.А нь нэхэмжлэх эрхтэй болно. Хохирогчийн гаргаж өгсөн цалингийн карт, эмнэлгийн хуудас зэргээр ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргах боломжгүй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 1,104,500 төгрөгийг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 221,000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг нотлох баримтын хүрээнд төлөхөө илэрхийлсэн, анх удаа хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж гэм буруугийн хэлбэрт нь тохирсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн зүй бус харилцаа хандлага энэ хэрэг гарахад нөлөөлсөн, бодит хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогчийн зүгээс ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй, гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.
Хохирогч С.А-ийн хувьд шүүгдэгчийн зүгээс удаа дараа халдаж байсан тул түүнийг дахин халдах үйлдэл гаргахгүй байх талаар шийдэж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Э нь удаа дараа хохирогч С.А-д халдаж байсан гэх баримт нотлогдоогүй, иймд шүүгдэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл мөн тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ы Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-аас 348,991 төгрөгийг гаргуулж хохирогч С.А-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэх иргэний журмаар нэхэмжлэх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шүүгдэгч нь 221,000 төгрөгийг төлж барагдуулсан болохийг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б