| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2019/03228/И |
| Дугаар | 184/ШШ2019/03001 |
| Огноо | 2019-11-21 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2019/03001
| 2019 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 184/ШШ2019/03001 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ..... тоот хаягт оршин суух, И- овогт Ш-гийн О- /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...... байранд байрлах Н-т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн дугаар 184/ШШ2018/00901 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 13-ны өдрийн дугаар 1388 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн дугаар 001/ХТ2018/01707 тоот тогтоолоор иргэн Ш.О-, Н.Г- нараас 93,813,627 төгрөгийг гаргуулж “Х-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа Н-т явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ш.О- миний өмчлөлийн Улаабаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ..... тоот байршилтай 41.57 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан. Ш.О- миний зүгээс өгсөн үнийн саналыг “Х-” ХХК нь зөвшөөрөөгүй тул Н-раас шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээч нь миний эд хөрөнгийг 60,373,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстой ба шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдах учиртай. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн Шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгө үнэлгээний компаниас ирүүлсэн хөрөнгө үнэлгээний тайланг нягталж үзэлгүйгээр шууд тухайн үнэлгээний тайланд дурдсан үнэлгээгээр эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж буй нь шударга ёсонд үл нийцнэ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ. Гэтэл үнэлгээний тайлангаас үзэхэд хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан дараах шаардлагыг илтэд зөрчсөн. Үнэлгээчин нь үндэслэлгүйгээр өртгийн арга болон орлогын аргаар тухайн эд хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй бөгөөд зөвхөн жишиг үнийн аргад тулгуурлаж үнэлсэн нь холбогдох хуулиар тогтоосон дүрэм, журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн үйлдэл болсон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. Иймд Н-т явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ш.О- миний өмчлөлийн Улаабаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ..... тоот байршилтай 41.57 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 60,373,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н-рын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 дүгээр шийдвэрээр Ш.О-, Н.Г- нараас 94,553,933 төгрөгийг гаргуулж “Х-”-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Ш.О-, Н.Г- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод байрлах 41.57 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “В-” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 60,373,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг Ш.О-, Н.Г- нарт 2019 оны 10 сарын 04-ний өдрийн 4/21306 дугаартай мэдэгдлээр хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч Ш.О-, Н.Г- нарын үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох битүүмжлэгдэн хураагдсан орон сууцыг 2019 оны 10 сарын 04-ний өдөр тус газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд шийдвэр гуйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х-” ХХК-ийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 дугаартай шийдвэр, 2018 оны 1388 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 001/ХТ2018/01707 дугаартай тогтоолоор Ш.О-, Н.Г- нараас улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар нийт 94,553,933 төгрөгийг гаргуулж, “Х-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод байрлах 41,57 м.кв 1 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, ..... тоот, 40 м.кв 3 өрөө орон сууцаар хангуулахаар шүүхийн шийдвэрт заагдсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр огт төлөөгүй ба 2019.10.10-ны байдлаар 94,553,933 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н.Г- нь хөрөнгийн хувьд үнийн санал ирүүлээгүй тул банк нь хөндлөнгийн үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасан. Н-раас Шинжээч томилох тогтоол гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан. Хөрөнгийн үнэлгээний тайланг Н-т ирүүлсэнийг 2019.10.04-ний өдөр танилцуулсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 д заасны дагуу явагдсан. Хөрөнгийн үнэлгээний тайланд Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод байрлах 41,57 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 60,373,000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү орон сууц нь урсгал засвар хийгдээгүй, их хэмжээний засвар шаардлагатай, байгаа зэрэг нь худалдан борлох чадвар муу, байршил муу зэрэг нь зах зээлийн үнэлгээ доогуур байгааг харуулж байна. Банкны барьцаа хөрөнгийн дотоодын дахин үнэлгээгээр уг орон сууц нь 56,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болно. Шинжээчийн гаргасан үнэ нь дуудлага худалдаагаар зарагдах зах зээлийн дээд үнэ биш бөгөөд дуудлага худалдаагаар өсөх ёстой үнэ. Уг хөрөнгө нь өөрийн үнэ цэнээр дуудлага худалдаагаар үнэ нь өсч зах зээлийн үнэлгээгээр худалдан борлогдох ёстой. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй болно. Нэхэмжлэгч тал нь шинжээчийн үнэлгээ гарснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн үнээс илүү дүнгээр уг орон сууцыг худалдан борлуулах эрхтэй ба анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээс дээгүүр дүнгээр худалдан борлуулах бүрэн боломжтой атал шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа үйлдэл гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.О- нь Н- /цаашид “Н-” гэх/-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х-” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 1388 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01707 дугаар тогтоолоор хариуцагч Ш.О-, Н.Г- нараас 93,813,627 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 740,306 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод байрлах, 41,57 м.кв, 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-000 дугаартай, Сүхбаатар дүүрэг, ..... тоотод байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг тус тус албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний эд хөрөнгийг 60,373,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү” хэмээн тайлбарлав.
Хариуцагч “Н-” нь “...шийдвэр гуйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн маргав.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х-” ХХК нь “...Шинжээчийн гаргасан үнэ нь дуудлага худалдаагаар зарагдах зах зээлийн дээд үнэ биш, уг хөрөнгө нь өөрийн үнэ цэнээр дуудлага худалдаагаар үнэ нь өсч зах зээлийн үнэлгээгээр худалдан борлогдох ёстой, Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” хэмээн тайлбарлав.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 184/ШЗ2019/01828 дугаар захирамж, 184/ГХ2019/00192 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн “Н-” нь 2019 оны 02 сарын 22-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж эхэлжээ. /хх-47/
Төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2018/00901 дугаар шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй, Ш.О-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод байрлах, 41,57 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 19270488/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 09 сарын 05-ны өдрийн 19270488/5 дугаар тогтоолоор хураасан байна. /хх-57, 60/
“Н-”-аас хураагдсан эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 09 сарын 06-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хүргүүлж, Ш.О- нь улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 63,000,000 төгрөгт тооцож “Х-” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг мөн өдөр гаргасан байх боловч төлбөр төлөгч нараас дуудлага худалдааны үнийн санал ирүүлээгүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч “Х-” ХХК нь эрх бүхий хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээг гаргуулах тухай хүсэлт гаргасанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т зааснаар 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 302 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор орон сууцны үнэлгээг хийлгэхээр шинжээчээр “В-” ХХК-ийг томилжээ. /хх-69/
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх талаар заасан бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т зааснаар эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар хуульчилжээ.
Хариуцагч “Н-”-аас нотлох баримтаар ирүүлсэн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт, Шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, “В-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээс үзэхэд “В-” ХХК-ийг шинжээчээр томилсон атлаа хөрөнгийн үнэлгээчин О.Бат-Эрдэнэ баримтуудад гарын үсэг зурж, хувийн тамгаар баталгаажуулсан, шинжээч, үнэлгээчин нь тухайн байгууллагын эрх бүхий шинжээч мөн эсэхийг урьдчилан тодруулаагүй, О.Бат-Эрдэнэ нь тухайн “В-” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд мөн болох нь баримтаар нотлогдоогүй, үнэлгээчний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 12 сарын 17-ны өдөр дуусгавар болсон, Эрүүгийн хууль /2002 оны/-н 254, 255 дахь хэсгийг сануулан эрх үүрэг танилцуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ. /хх-69-73, 82-83,/
Хэдийгээр нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан хэдий ч “Шинжээч томилох тухай тогтоол”-ын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг шүүх бүхэлд нь хянах нь зүйтэй юм.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэхээр “Н-”-ын 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 302 тоот тогтоолын дагуу үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Н-рын 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 302 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод байрлах, 41,57 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-раас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ