| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2017/02693/и |
| Дугаар | 515 |
| Огноо | 2018-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 515
Б.Эы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02766 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Эы нэхэмжлэлтэй
Хариуцагч Ч.Э, Э.А, Л.Б нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М
Хариуцагч Э.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Э.А, Л.Б нарт 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн хүүд Л.Бын өмчлөлийн 2 өрөө байранд 1 жилийн хугацаанд амьдрахаар тохирч мөн оны 3 дугаар сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 700 м.кв талбай бүхий газар, 181 м.кв талбай бүхий хувийн сууц барьцаалсан. 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрээний хугацаа дууссаны дараа Э.Аийг хайсан боловч худал ярьсаар байсан. Мөнгөө төлөөгүй байж намайг байрнаас албадан гаргуулсан. Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг, алданги 7 500 000 төгрөг нийтдээ 22 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би энэ талаар мэдэхгүй, шүүхээс дуудахаар нь ирэхэд мөнгөний асуудал байсан учраас оролцоогүй. Э.Атэй хамт амьдардаггүй, тусдаа гараад 5-6 жил болж байна. Ноднингийн цагаан сараас хойш уулзаагүй байсаар зун уулзсан. Би энэ хүнээс мөнгө зээлж аваагүй, хөрөнгийн гэрчилгээ болон итгэмжлэлийн талаар мэдэхгүй гэжээ.
Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байрыг
түрээслэх зар тавьсны дараа н.Гүнчулуун, Э.А хоёр ирээд танай байрыг түрээслүүлье, сар болгон түрээсийн 500 000 төгрөгийг төлөх санал тавьж өөрсдийн танил гэх Б.Эыг дагуулан ирж байрыг үзүүлээд "барьцаа хөрөнгө тавьсан учраас ямар ч асуудалгүй" гэсэн. Ингээд ашиглалтад орсон байраа Б.Эд түрээслүүлж, энэ хүмүүсийн зээлсэн мөнгө төгрөгийн гэрээнд нотариатын зөвлөснөөр гарын үсэг зурсан. Өмнө нь н.Гүнчулуун надад өртөй байсан. Мөнгө авах үед би гадаа байсан, дараа нь нөхөр н.Гүнчулуун над руу ярьж бидний хоорондын өр шир дарагдсан гэсэн. Э.А нь байрны түрээс гэж 2 000 000 төгрөг төлсөн. Ингээд гэрээний хугацаа дууссан учраас Б.Этай хамт Ч.Э ахын гэрт нь очоод нөхцөл байдлын талаар хэлж, эртхэн мөнгө төгрөгөө төлөөд салцгаая гэтэл Э.А нь би одоо зээл авна гэж явсаар өөрсдөө алга болж 2 жил болсон гэжээ.
Хариуцагч Э.А шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Бын байр түрээслүүлэх зар тавьж байсан талаар мэдэхгүй. Харин машинаа ломбардад тавьсан учраас ийм арга байгаа талаар санал болгож байсан. Тэгэхээр нь 15 000 000 төгрөгийг ганцаараа авч болох юм байна хэлчихээд дараа нь барьцаа хөрөнгөгүйгээр болохгүй гэж буцаж ирээд Л.Бын байрыг барьцаалахыг хүссэн. Л.Б бид хоёр Б.Эаас 15 000 000 төгрөгийг зээлэхээр болж би 9 000 000 төгрөгийг авсан, харин 6 000 000 төгрөгийг Л.Б авсан. Иймд би төлсөн 900 000 төгрөгийг хасаад үлдэх 8 100 000 төгрөгийг төлнө гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232
дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Э.А-с зээлийн гэрээний
үүрэгт 21 150 000 төгрөгийг гаргуулж Б.Эд олгож, нэхэмжлэлээс
үлдэх 1 350 000 төгрөгийг болон зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах
шаардлагыг, мөн хариуцагч Ч.Э, Л.Б нарт холбогдох нзхэмжпэлийг
тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.А-с 263 699 төгрөгийг гаргуулж Б.Эд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Э.А нэхэмжлэгч надаас 15 000 000 төгрөг зээлж, нэг ч төгрөгийг эргүүлж төлөөгүй. Гэтэл Э.Аийн нөхөр н.Гүнчулууныг нэхэмжлэгч надад 900.000 төгрөг төлсөн гэж шүүх дүгнээд дээрх хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Энэ талаар хэрэгт нотлох баримт байдаггүй. Миний бие Э.А, Ч.Э нарт мөнгө зээлдүүлэхдээ Ч.Эгийн өмчлөлийн газар, хувийн сууцыг барьцаалж барьцааны гэрээ үйлдсэн. Барьцааны гэрээг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нотариат гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингэхдээ барьцааны гэрээг Ч.Эгээс итгэмжлэл олгосны дагуу түүний охин Э.Атэй хийсэн. Барьцааны гэрээ болон нотариатын үйлдэлтэй холбоотой зохигчид, хэргийн оролцогчид маргаагүй, харин ч бүр хариуцагч Э.А, Ч.Э нар газар болон хувийн сууцаа барьцаанд тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрч байхад шүүх ийнхүү дүгнэж, улмаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр байгуулаагүй гэж үзсэн. Хариуцагч Э.А нь төлбөрийн чадвартай эсэх нь эргэлзээтэй, шүүх дээр хэд хэдэн хэрэгт хариуцагчаар оролцож байгаа нь тодорхой байдаг. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхэд маш төвөгтэй, хүнд байдал үүсэх юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Э.А, Л.Б, Ч.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22 500 000 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
Хариуцагч Ч.Э нь охин Э.Аэд 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1 дүгээр гудамжны 40 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-2206001493 тоот дугаартай 700 м.кв газрыг зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, гэрээ, барьцаалбар бүртгүүлэн хүлээн авах бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар итгэмжлэлээр олгосон байна. /хх-6/
Улмаар нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ч.Э нар 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, нэхэмжлэгч нь 15 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдэх, зээлийн хүүнд хариуцагч Л.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 20 дугаар байрны 18 тоот орон сууцанд Б.Э 1 жил амьдрахаар тохиролцон, гэрээнд нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ч.Эг төлөөлж хариуцагч Э.А, хариуцагч Л.Б нар гарын үсэг зурж нотариатчаар гэрчлүүлжээ. Мөн өдрөө барьцааны гэрээ байгуулан, зээлийн барьцаанд хариуцагч Ч.Эгийн өмчлөлийн газар, хувийн орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх 4-5 дахь тал/
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй, харин мөнгийг шилжүүлэн авсан этгээд болон үүргийг хэн хариуцах талаар маргаж, хариуцагч Ч.Э “зээлийн гэрээнд хамааралгүй, охин Э.Аийг батлан даагаагүй” гэж, хариуцагч Э.Аийн хувьд “... 15 000 000 төгрөгөөс 9 000 000 төгрөгийг авсан, ... 900 000 төгрөгийг төлсөн, өөрт ногдох зээлийн үлдэгдэлд 8 100 000 төгрөг төлнө ..., ... Л.Б 6 000 000 төгрөг авсан, ...” гэж, хариуцагч Л.Б нь “... зээлийн гэрээнд нотариатчийн зөвлөснөөр гарын үсэг зурсан, мөнгийг аваагүй ...” гэж тайлбарладаг. /хх-20, 21, 29 дэх тал/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор заажээ.
Хариуцагч Э.А, нэхэмжлэгч Б.Эаас гэрээний дагуу 15 000 000 төгрөг шилжүүлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, харин уг мөнгөнөөс 6 000 000 төгрөгийг хариуцагч Л.Бт шилжүүлэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Хэрэгт авагдсан хариуцагч Л.Бын ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл, түүнд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нийт 5 900 000 төгрөгийн орлого орж, агуулга нь “гэрээт ажлын хөлс Гүнчулуун 3 900 000 төгрөг, “байрны түрээс” 2000 000 төгрөг гэсэн байх тул уг мөнгийг нэхэмжлэгчээс авсан зээл гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн хариуцагч Э.А нь хариуцагч Л.Бын “... Э.Аийн нөхөр н.Гүнчулуун надад өртэй байсан” гэх тайлбарыг үгүйсгэж, няцаагаагүй байна. /хх 4 дэх тал/
Иймээс нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Э.А, Ч.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул хэн аль нь гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд хариуцагч Э.Аээс 900 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн учир хариуцагчийг зээлийн үүргийг энэ хэмжээгээр төлсөн гэж үзнэ. /хх-55 дахь тал/
Хариуцагч Э.А нь “... зээлийн үүргийг өөрөө хариуцан төлж, хариуцагч Ч.Эг үүргээс чөлөөлүүлэх” хүсэлтэд нэхэмжлэгч маргаагүйн гадна мөнгийг хариуцагч Э.А шилжүүлэн авсан нь нотлогдсон учир түүнээс зээлийн гэрээний үлдэгдэлд 14 100 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ. /хх 30 дахь тал/
Талууд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасанд нийцэж байх ба хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь хариуцагч Э.Аээс үндсэн зээл, алданги шаардах эрхтэй. Харин хариуцагч Л.Б, Ч.Э нарт мөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдоогүй учир тэдгээрээс зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч Э.Аээс зээлийн гэрээний үлдэгдэлд 21 150 000 төгрөг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Харин шүүх, нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй нь алдаатай болсныг зөвтгөн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.
Хариуцагч Ч.Эгийн хариуцагч Э.Аэд олгосон итгэмжлэлийг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нотариат гэрчилсэн байгаа нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4-т заасан шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан итгэмжлэлийн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байхад шүүх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь буруу байна.
Хариуцагч Э.А дээрх итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч Б.Этай барьцааны гэрээ байгуулан Ч.Эгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1 дүгээр гудамжны 40а тоотод байрлах 700 м.кв талбай бүхий газар, 181 м.кв талбай бүхий хувийн сууцыг 15 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн барьцаанд тавьж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Хариуцагч Э.А зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон учир нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Гэхдээ хариуцагч Ч.Э, хариуцагч Э.Аэд газрыг барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр олгосон учир хариуцагч Ч.Эгийн хувийн сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй тул итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/02766 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Аээс зээлийн гэрээний үүрэгт 21 150 000 /хорин нэгэн сая нэг зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 350 000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Ч.Э, Л.Б нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 1 дүгээр гудамжны 40а тоотод байрлах 700 м.кв талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаанд оруулан, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай гэж нэмэлт оруулан, шийдвэрийн “2, 3” дахь заалтыг “3, 4” гэж дугаарласугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ч.ЦЭНД