| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0887/З |
| Дугаар | 221/МА2025/0354 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0354
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0199 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э-ын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч “Б” ХХК
Хариуцагч “Биокомбинат” ТӨХХК
Хариуцагч: Биокомбинат ТӨХХК-ийн Үнэлгээний хороо
Хариуцагч: Сангийн яам
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Хариуцагч “Биокомбинат” ТӨХКК-ийн Үнэлгээний хорооны төлөөлөгч Д.С,
Хариуцагч “Биокомбинат” ТӨХКК, болон Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Хариуцагч “Биокомбинат” ТӨХКК-ийн“ өмгөөлөгч Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0887/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0199 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-иас хариуцагч “Биокомбинат” ТӨХХК, Биокомбинат ТӨХХК-ийн үнэлгээний хороо, Сангийн яаманд холбогдуулан гаргасан
-"Биокомбинат ТӨХХК-аас зарласан БИОКТӨХХК/20240101080 дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
-Биокомбинат ТӨХХК-иас БИОКТӨХХК/20240101080/03/01 урилгын дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах
- Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 албан бичгийн "Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй" гэж заасны дагуу Б ХХК-д Т3-6.3 Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг Эрчим хүчний яамнаас тодруулж нягтлах нь зүйтэй байна" гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай
- "Биокомбинат" ТӨХХК-аас зарласан БИОКТӨХХК/20240101080 дугаартай "Уурын зуухны шинэчлэл" ажлын Тендерийн үнэлгээний хорооны Монгол Улсын Сангийн Яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй, тендерийг дахин үнэлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийг хангаагүй гол үндэслэлээ амаар тайлбарлахдаа “тендерийн хүчинтэй хугацаа дууссан” тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов гэж товч бөгөөд тодорхой тайлбарласан. Уг агуулгад дараах байдлаар гомдол гаргаж байна.
Хариуцагч нь санаатайгаар Дээд шатны байгууллагын дахин үнэлгээ хийх тухай шийдвэрийг биелүүлэхгүй байсаар буюу эс үйлдэхүй хийж тендерийн хугацааг дуусгасан ба энэхүү үндэслэлээр нь “эс үйлдэхүй хууль бус тул дахин үнэлэхийг даалгах” шаардлага гаргасан. Хариуцагч нь тендерийн хугацааг санаатайгаар хууль бусаар дуусгасан үйлдлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахгүй орхих шүүхийн үндэслэл болгосон. Хэрэв энэхүү үндэслэлээр тендерийн зарласан хугацаа дууссан үндэслэлээр бүхий л захиргааны нэхэмжлэлийг хүчингүй болгох практик тогтвол “хариуцагч нар нь санаатайгаар эс үйлдэхүй хийж, тендерийн хугацааг дуусгах замаар” тендерийн хууль ёсны үр дүнг буруугаар өөрчлөх, ашиглах үндэслэл бүрдэнэ.
Тендерийн хүчинтэй буюу зарласан хугацаа дууссан үндэслэлээр тендерийн хэргийн Тендер нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй бол болгож буй шүүхийн үндэслэл нь өөрөө хууль бус буюу үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн үндэслэлийг шүүх нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг шийдсэн ч нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхгүй, шүүхийн шийдвэр нь аливаа эрх зүйн үр дагаваргүй болсон агуулгаар тайлбарлаж, тус шийдвэрийг гаргасан гэж ойлгосон. Гэтэл энэхүү тендерийг хариуцан цагч нар нь дахин зарласан ба нэхэмжлэгчин зүгээс дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба энэхүү тендер нь дуусгавар болоогүй үргэлжилж байгаа тендер болно.
Шүүхийн дээрх үндэслэж буй байдал тухайн тендер хэрэгжээд дууссан, эсхүл огт хийгдэхгүй бүрэн дуусгавар болсон тохиолдолд яригдах ойлголт бөгөөд үргэлжилж буй тендерт тендерийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлгүй болно. Гол нь хууль бус эс үйлдэхүйгээр хариуцагч нь өөрөө тендерийн хугацааг дуусгасан байдаг.
Дээрх гомдлын агуулгын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлээ амаар тайлбарласан хэсгийг давж заалдах журмаар гомдлыг хэлэлцэх үед шинжлэн үзэх боломжоор хангаж, хуулбарлан авч хэрэгт хасвсаргаж өгнө үү.
2.2. Шийдвэрийн үндэслэл бүрд дараах агуулгаар нарийвчлан гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4 дэх хэсгийн тухайд:
Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-д заасан эрчим хүчний яамнаас олгосон тусгай зөвшөөрлийг шалгах боломжтой цахим системд байршуулаагүй буюу бүртгүүлээгүй байсан гэжээ. Нэхэмжлэгчийн хувьд Эрчим хүчний яамнаас олгодог:
T3-3.1 0.07-1.6 МПа даралттай зуухны угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ;
T3-4.1 0.07-1.6 МПа даралттай даралтат савны угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ,
Т3-5.1 МПа даралттай даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ тусгай зөвшөөрөлтэй,
Үүнийгээ батлах Эрчим хүчний сайдын 2024.05.08 өдрийн Бэсүжин констракши ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг тендер шалгаруулалтад оролцохдоо PDF файлаар өгсөн, түүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан. Харин ТЗ-6.3 Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ тусгай зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсанаар хойш уг заалт бүхий тусгай зөвшөөрөл олгогдохоо больсон.
Эрчим хүчний яамны цахим хуудас дээр ТЗ-6.3 Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ тусгай зөвшөөрлийг “хуучин төрөл” гээд тодорхой заачихсан байгаа. Мөн ХХ158 дугаар хуудас дахь Термокалор ХХК-ийн тусгай зөвшөөрлийн мэдээлэл байх бөгөөд Т3-6.3 зөвшөөрлийн ард (хуучин төрөл) гэж заасныг нотлох баримтаар шинжлэн судлуулсан.
Дээрээс нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй”.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.5-д “Мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана” гээд 8.5.2-т “зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам, олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл, зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа” гэж заасан.
Мөн Сангийн сайдын 2023.12.25 өдрийн А/249 “Бүртгэл хөтлөх мэдээллийг баталгаажуулах журмын” 4.3-т “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу нийтэд нээлттэй мэдээллийг бүртгүүлэх шаардлагагүй. Тус мэдээлэл нийтэд нээлттэй байна.” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх Тусгай зөвшөөрлийн мэдээллийг нэхэмжлэгч компани заавал цахим системд бүртгүүлэх ёстой байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Зүй нь нэгэнт тендерийн материалд PDF файлаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл ирсэн байх тохиолдолд захиалагч эрчим хүчний цахим сайтаас уг зөвшөөрлийн мэдээллийг шалгах боломжтой байсан. Гэтэл шүүхээс хуулийг буруу тайлбарлан заавал цахим системд оруулсан байх ёстой гэж шаардлага тавьж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
2.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5 дахь хэсгийн тухайд, шүүхээс хариуцагчийг цахим системээр дамжуулан шалгах боломжгүй байсан лавлагааг тодруулахаар Эрчим хүчний яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газар руу хандсаныг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Сангийн яамны гомдол хянасан 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 дугаар шийдвэрт ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэж заасны дагуу Б ХХК-д Т3-6.3 Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг Эрчим хүчний яамнаас тодруулж нягтлах нь зүйтэй гэх хариу өгсөн.
Үүний дагуу хариуцагч Эрчим хүчний яамнаас тодруулга авахаар хандаж Эрчим хүчний яамнаас 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн в/2826 албан бичгээр буюу тедерийн хүчинтэй хугацаанд хариу өгөхдөө нэхэмжлэгчийн компанийн тусгай зөвшөөрлүүдийн талаар мэдээлэл болон цаашид шаардлагатай тохиолдолд https://www.license.energy.gov.mn/ цахим сайтаас тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын талаарх мэдээллийг авч ашиглаж байх тухай хариу өгсөн байдаг.
Гэтэл хариуцагч нь Сангийн яамны тодруул гэсэн асуудлаас хальж, нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн мэдээллээ цахим системд хэзээ оруулсан талаарх лавлагааг Худалдан авах ажиллагааны газраас авахаар хүлээж, уг хариу ирээгүй үндэслэлээр тендерийн хүчинтэй хугацааг дуусгасан.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим, 98 дугаар зүйлийн 98.2-д “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-т заасан “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн.
2.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.7 дахь хэсгийн тухайд:
Тендерийн хүчинтэй байх хугацаа 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон тул энэ тухай хариуцагчаас нэхэмжлэгчийн компанийг 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэн тендерээс татгалзсан шийдвэрээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 дугаар албан бичгээр мэдэгдсэн нь үндэслэл бүхий байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ.
Захиалагч нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 дугаар шийдвэрийг гаргахдаа Сангийн яамны даалгасны дагуу дахин үнэлгээ хийлгүйгээр, Сангийн яамны тодруул гэсэн асуудлаас өөр асуудал буюу Б ХХК-ийг цахим системд тусгай зөвшөөрлийн мэдээллээ хэзээ оруулсан талаар тодруулж, уг тодруулгын хариу ирээгүй үндэслэлээр тендерийн хүчинтэй хугацааг дуусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнээд байгаа шиг тендер шалгаруулах үнэлгээ явуулаад хуулийн 28 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй гэж манай тендерээс татгалзсан зүйл огт байхгүй, шүүх үйл баримтыг буруу дүгнэсэн байна.
2.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.8 дахь хэсгийн тухайд, Хариуцагч Биокомбинат ТӨХХК өөрийн Уурын зуухны шинэчлэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монгол банкны зөвшөөрөлтэй Арилжааны банкууд хооронд байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 240201/07-61 дугаар “Хүнс болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд заасан 2024-12-31 өдрийг дуустал олгох хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн боловч энэ хугацаанд БИОКТӨХХК/20240101080 дугаартай “Уурын зуухны шинэчлэл” тендер сонгон шалгаруулалт амжилтгүй болсон тул энэхүү ажлыг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Захиалагч худалдан авах ажиллагаа зохион байгуулах бүрд тендер шалгаруулалтын хувийн хэрэг бүрдүүлж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана:” гээд 48.4.1-д “санхүүжилтийн эх үүсвэр баталсан шийдвэр гэж заасан.
Тендер шалгаруулалтын баримт бичиг болон хавтаст хэрэгт хариуцагчаас өгсөн баримтууд дунд санхүүжилтийн эх үүсвэр баталсан шийдвэр байдаггүй. Мөн хариуцагч компанийн гаргаж өгсөн Биокомбинат ТӨХХК-ийн 2024 оны Худалдан авах ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөөнд уурын зуухны шинэчлэл ажил нь банкны санхүүжилтээр гэж заасан хэдий ч “Хүнс болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл”-ээр санхүүжүүлэх гэсэн баримт хэрэгт байхгүй. Санхүүжилт байхгүй болсон гэдэг нь хангалттай нотлогдож, тогтоогдсон зүйл байхгүй.
2.6. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.8 дахь хэсгийн тухайд, хариуцагч “Биокомбинат” ТӨХХК-ийн 2025 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд Уурын зуухны шинэчлэлийг тусгаагүй гэжээ. Нэгэнт 2024 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан нь он дамжаад явах учир 2025 оны төлөвлөгөөнд дахин тусгах шаардлагатай гэсэн үг биш юм. Мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/Ш32024/9806 дугаар захирамжаар БИОКТӨХХК20240101080 дугаар бүхий тендер шалгаруулалтыг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байсан болно. Эцэст нь анхан шатны шүүх маргаан бүхий тендер шалгаруулалтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хариуцагчийн гаргасан эс үйлдэхүйн талаар огт дүгнэлт хийгээгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0199 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг “хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах” үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
2. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “Биокомбинат” ТӨХХК-иас зарласан БИОКТӨХХК/20240101080 дугаартай “Уурын зуухны шинэчлэл” ажлын Тендерийн үнэлгээний хорооны Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй, тендерийг дахин үнэлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах,
- Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 дугаар албан бичигт Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “... Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй...” гэж заасны дагуу “Б” ХХК-д Т3-6.3 “Дулааны техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг Эрчим хүчний яамнаас тодруулж нягтлах нь зүйтэй байна” гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
- “Б” ХХК-д холбогдуулан “Биокомбинат” ТӨХХК-иас зарласан БИОТӨХХК/20240101080 дугаартай “Уурын зуухны шинэчлэл” тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
- “Биокомбинат” ТӨХКК-иас БИОКТӨХХК/20240101080/03/01 урилгын дугаартай “Уурын зуухны шинэчлэл” тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу хянан үзээд ТЗ-6.3 “Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ” тусгай зөвшөөрлийг хүчингүй болсон гэдгийг мэдэх боломжтой, мөн манай компанийн эзэмшиж байгаа “ТЗ-3.1, ТЗ-4.1 0.07-1.6, ТЗ-5.1” гэсэн тусгай зөвшөөрлийг ... pdf-ээр тендерийн материал өгөхдөө хүргүүлсэн ... байхад шаардлага хангаагүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй” гэж,
хариуцагч нараас “Б” ХХК-ийн илгээсэн тендерийн файл1.pdf-ийн 28-29 дүгээр хуудас дээр тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар ирүүлсэн нь шаардлага хангаагүй. Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 2.5-д “Захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн тендер шалгаруулалт зарласнаас хойших мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно. Үүнд: 2.5.3-д “хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл /энгийн болон тусгай/-ийн мэдээлэл, ... зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг, өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээлэл” гэж заасны дагуу tender.gov.mn сайтаар шалгахад цахим системд тусгай зөвшөөрлийн мэдээллийг байршуулаагүй тул ТБОНӨБАҮХАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.10 дахь хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй гэж үзэж, татгалзсан нь үндэслэлтэй, ... Хөрөнгө оруулалтын зээлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олгоно гэж заасан хугацаа дуусаж санхүүжилтийн эх үүсвэргүй болсон ..., Сангийн яамны 03/7122 дугаар тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тодорхойгүй байх тул тус албан бичгийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, хүчингүй болгуулснаар түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхой бус байна” гэж маргасан.
4. Анхан шатны шүүх “... тендерт оролцогчид тавигдах техникийн чадавх, туршлагын талаар шалгуур үзүүлэлт болгосон эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийг шалгах боломжтой тендерийн цахим системд байршуулаагүй буюу бүртгүүлээгүй ... Хожим энэхүү зөрчлөө арилгасан болох нь нэхэмжлэгчийн ...манай компани тендерээс татгалзсан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278 тоот мэдэгдлийг хүлээн авсны дараа бид Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандаж тусгай зөвшөөрлийн мэдээллээ шивүүлсэн...захиалагч магадгүй энэ талаар тодруулга авах гэж байсан байх... гэх тайлбар болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-1/132 дугаар ... Б ХХК-аас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цахим шуудангаар тус газарт ирүүлсэн тусгай зөвшөөрлийн мэдээлэл бүртгүүлэх хүсэлтийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр цахим системд холбогдох зөвшөөрлийн мэдээллийг бүртгэсэн... албан бичгээр нотлогдож байх тул хариуцагчийг дээрх цахим системээр дамжуулан шалгах боломжгүй байсан лавлагааг тодруулахаар Эрчим хүчний яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газар руу хандсаныг буруутгах боломжгүй, ... тухайн худалдан авах ажиллагааны санхүүжилтгүй болсноос үргэлжлүүлэх боломжгүй болсон нь илэрхий баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “... тусгай зөвшөөрлийн гэрчилгээг тендер шалгаруулалтад оролцохдоо PDF файлаар өгсөн, нийтэд нээлттэй Эрчим хүчний яамны цахим системээс тулгаж харах боломжтой байсан, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн ...” гэх гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.
5.1. “Уурын зуухны шинэчлэл” тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-д Тусгай зөвшөөрөл/зөвшөөрөл: “Шаардана” гээд Эрчим хүчний яамны ТЗ-3.1 0.07-1.6 МПа даралттай зуухны угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ, ТЗ-4.1 0.07-1.6 МПа даралттай даралтат савны угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ, ТЗ-5.1 0.07-1.6 МПа даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ, ТЗ-6.3 Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ ... гэж заасан, тендер нээхээс өмнө нэхэмжлэгч нь уг баримт бичгийг алдаатай, ойлгомжгүй буюу Зөвшөөрлийн хуулиар олгохоо больсон ТЗ 6.3 зөвшөөрлийг шаардсан талаар тодруулга аваагүй, мөн ирүүлсэн цахим тендерт хавсаргасан PDF-ээр Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний мэдээллийг тендерийн баримт бичигт заасан tender.gov.mn цахим системд бүртгүүлээгүй, нээлт хийсний дараа 08 дугаар сарын 14-нд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байх тул Үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278 дугаар албан бичгээр “... цахим системд тусгай зөвшөөрлийн мэдээллийг байршуулаагүй... “ гэсэн үндэслэлээр тендерээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн нь зөв байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх бөгөөд хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээргүй байна.
5.2. Учир нь Тендерийн Үнэлгээний хороог тендерийн баримт бичигт шаардсан тендер шалгаруулалтад оролцогч тус бүрийн тусгай зөвшөөрлийг нээлттэй байрлуулдаг цахим сайтуудаас нь тулгаж шалгах ёстой байсан гэж үзэх үндэслэлгүй, тендер шалгаруулалтад оролцогч өөрөө баримт бичигт заасны дагуу цахим системд материалаа бүртгүүлэх, бүрэн бүрдүүлэх үүрэгтэй.
5.3.Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ” гэж заасны дагуу цахим системээр явуулж байгаа тендер шалгаруулалтын хувьд оролцогч нь мөн хуулийн 9.4-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмыг баталж, цахим системээр тендер илгээхэд төлөх үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтооно” гэж заасны дагуу Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах” журмын[1] 2.5.3, 2023 оны 249 дүгээр тушаалаар баталсан “Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам”[2]-ын 4.1.8-д зааснаар оролцогч өөрөө мэдээллээ үнэн зөв оруулж, Захиалагч болон Үнэлгээний хороо нь уг цахим мэдээллийг үндэслэл болгохоор заасан байх тул хариуцагчийг Эрчим хүчний яамны license.gov.mn сайтаас харах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.
5.4. Учир нь тендерт оролцогч нар нь өөрийн бараа, ажил, үйлчилгээгээ худалдахаар санал болгож, шаардлагад нийцсэн бараа, ажил үйлчилгээ нийлүүлэх, гүйцэтгэх чадавхтай болохоо өөрсдөө тодорхойлж, шалгаруулалтад оролцдог бөгөөд тухайн оролцогчийн дутуу ирүүлсэн, худалдан авагчаас шаардсанаас өөрөөр тодорхойлсон баримт бүрийн эргэлзээг арилгах зэрэг үүрэг Худалдан авагч, Үнэлгээний хороонд байхгүй, энэ нь тэгш, шударга, ил тод байх, давуу байдал олгохгүй байх зарчимд нийцэхгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2.санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;” гэж заасан шаардлагыг хангаснаа нотолсон бүртгэлийг цахим системд бүртгүүлээгүй байх тул Үнэлгээний хороо болон захиалагч нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.
6. Сангийн яам харин нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч энэхүү тендер нээх үед цахим системд бүртгэлтэй байсан эсэхийг тодруулалгүй, гомдлыг шалгах үед нь бүртгэгдсэн байсан нөхцөл байдалд гомдлыг шийдвэрлэж, PDF файлаар ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, түүнийг цахим системд бүртгүүлээгүй байхад Эрчим хүчний яамнаас тодруулж, дахин үнэлгээ хийх албан бичиг хүргүүлсэн нь тендер шалгаруулалтыг мэдээлэл солилцох, ил тод байдлыг хангах, шуурхай явуулах зорилгоор цахим системээр явуулах талаарх хууль, дээрх журмын заалтуудад нийцэхгүй байна.
7. Харин “... ТЗ-6.3 Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ тусгай зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсанаас хойш уг заалт бүхий тусгай зөвшөөрөл олгогдохоо больсон ...” гэх тухайд тухайн тусгай зөвшөөрлийг урьд нь авсан этгээдийн хугацаа дуусаагүй тохиолдолд л өгөх боломжтой, харин хуулиар нэгэнт олгохоо больсон зөвшөөрлийг бид аваагүй болохоор өгөөгүй ... гэж нэхэмжлэгч тайлбарлан маргах боловч энэхүү нөхцөл байдал нь үнэлгээнд нөлөөлөхүйц эргэлзээтэй асуудал байхад энэ талаар тендер шалгаруулалтаас өмнө мэдсэн атлаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.” гэж заасны дагуу тодруулга аваагүй байна. Нөгөө талаас хариуцагч Захиалагч болон Үнэлгээний хороо нь баримт бичиг боловсруулахдаа хүчин төгөлдөр хуулийн дагуу олгогдож болох тусгай зөвшөөрөл шаардах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй, хуулийг хүчингүй болсныг мэдээгүй нь зөвтгөх үндэслэл болохгүй.
Гэвч дээр дурдсан бусад тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллээ цахим системд бүртгүүлээгүй нь түүний тендерээс татгалзах үндэслэл болсон байх тул маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э-с гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ