| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/43 |
| Огноо | 2023-05-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.У
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч Ц.А, Ү.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ү-ын А, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн А нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, ... настай, халх, ..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц-ийн А /РД: .../,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, ... настай, халх, ..., бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ... хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум ... тоотод оршин суух, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт Ү-ын А /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Замын-Үүд нэртэй зочид буудлын 310 тоот өрөөнд 2023 оны 01 сарын 14-ний шөнө Ү.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед эрүү яс ооч болон баруун булан хэсгийн зөрөөтэй хугарал, хамар яс болон зүүн хамрын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ү.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган баарны гадаа 2023 оны 01 сарын 14-ний шөнө Ц.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын зүүн дээд талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Замын -Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Булган" нэртэй бааранд таньдаг А-тай таарсан. А намайг тамхилчих ах гээд бид хоёр тамхилчих гээд баарнаас гараад баруун урд талд очоод би тамхи гаргаж өгөх гээд доош тонгойход миний нүүр болон хамар хэсэг рүү 2-3 удаа гараа цохиод мөн хөлөөрөө нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд хаа таарсан газар чинь чамайг ална гэж хэлсэн шүү пизда минь гэсэн. Тэгээд А салаад явчихсан. Тэгээд би А-тай гар утсаар нь холбогдож байгаад Замын-Үүд зочид буудлын 310 тоот өрөөнд ирэхэд А ганцаараа сууж байсан. Би урд нь очиж суусан чинь яасан пизда минь гэсэн. Тэгэхээр нь би чи ахыгаа яасан гэж цохиж байгаа юм бэ? гэтэл чамайг харахаар уур хүрээд байдаг юм гэсэн би гараа атгасан байсан тэрийг харчихаад гар мараа атгаад яах гэж байгаа пизда вэ гээд А босоод ирэхээр нь шанаа хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөөд арагшаа суух дээр нь нүүр болон шанаа хэсэг рүү нь 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд А ухаан алдах дээр нь өрөөнөөс гараад явсан. Би Булган баар орохоос өмнө найзтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. А-тай таарахад бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, уруул, хамар хэсэгт гэмтэл учирсан. Одоогийн байдлаар надад хохирол гээд байх зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. А гараараа цохиж гэмтэл учруулсан. Миний зүгээс 1,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа. Үлдэгдэл хохирлыг төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 88-89/
Шүүгдэгч Ү.А мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 14-ний 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Булган" нэртэй бааранд орсон. 23 цагийн орчимд баарны доошоо орох шатны одоод талд таньдаг А-тай мэнд мэдэх гэж юм ярьсан чинь намайг өшиглөөд авсан. Тэгээд бид хоёр баарнаас гараад баарны ертөнцийн зүгээр баруун урд талд нь очоод бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул хоорондоо муудалцаад А миний цээж хэсэг рүү гараараа цохихоор нь би зөрүүлээд гараараа нүүр лүү нь 2-3 удаа цохиод бид хоёр салаад эвлэрсэн. Тэгээд би найз С-ын гар утас руу 01 дүгээр сарын 15-ны шөнө 01 цагийн орчимд залгаад хаана байна гэж асуухад Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Замын-Үүд" нэртэй зочид буудлын 310 тоот өрөөнд байна гэж яриад би С-ын байгаа 310 тоот өрөөнд ороход С ганцаарааа орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд С бид хоёр 2,5 литрийн тал пиво байхаар нь тэрийг хувааж уугаад С гэр лүүгээ явна гэж байхад 02 цагийн орчимд миний гар утас руу нэг танихгүй дугаар залгаж орж ирэхээр нь авахад А байна чи хаана байгаа юм бэ, уулзахгүй юм гэж асуухаар нь би жоохон согтуу байна маргаашаас уулзах уу ахаа гэж хэлээд гар утсаа тасалсан. Нөгөө дугаараас миний гар утас руу дахин дахин залгаад байсан. А дахин миний гар утас руу залгаад байхаар аваад би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул зарим ярьсан зүйлээ сайн санахгүй байгаа юм ямар ч байсан өөрийн байгаа газраа зааж өгөөд байх шиг байсан. Тэгээд би орон дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул нойр хүрээд хэвтээд өгсөн. Нэг мэдсэн чинь өглөө гэрийнхээ өөрийнхөө унтдаг өрөөнд сэрсэн. Миний нүүр хэсэг битүү хавдсан амнаас цус гарч, баруун талын нүд хавдсан харч болохгүй, эрүү хэсэг хөндүүртэй ярьж болохгүй, шүднүүд хөдөлгөөнтэй, хүндүүртэй байсан. Тэгээд манай ээж эмнэлэг рүү дуудлага өгсөн. Миний санаж байгаагаар А миний унтаж байсан зочид буудлын 310 тоот өрөөнд орж ирээд намайг зодчихоод гараад явсан. А-тай "Булган" бааранд хэрүүл маргаан гарах шалтгаан нь манай эхнэр бид хоёр амьдарч байхад А манай эхнэртэй гэр бүлээс гадуурах харилцаатай байсан талаар мэдсэн, энэ асуудал болон бусад асуудлаас болж би эхнэрээс салсан. Энэ тухай би А-т хандаж та яаж байгаа юм бэ гэх утга бүхий үг хэлэхэд намайг шатны доод талд өшиглөөд авсан. Тэгээд бид хоёр баарнаас гарч зодолдсон. Тэрнээс биш бид хоёрын дунд ямар нэг өс хонзон, өр авлага байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байсан тул зарим зүйлээ сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан А-тай гар утсаар яриад байсан. Тэгээд миний нойр хүрээд унтаад өгсөн. Маргааш нь зочид буудлын хяналтын камерын бичлэгийг үзэхэд манай өрөө лүү С найзыг явсаны дараа Ахинбаяр орж ирээд хэдэн минут дараа гарч явж байгаа бичлэг бичигдсэн байсан. Мөн хяналтын камерын бичлэгт А өрөөнөөс гарч байхдаа гараа урж байгаад халаасандаа хийж байгаа бичлэг байдаг. Өөр ямар нэг хүн өрөөгөөр орж гарсан хүн байхгүй байсан. Тийм учраас А намайг ирж зодсон талаар санаж байгаа юм. Би тухайн өдөр А-аас өөр хүмүүстэй муудалцаж, маргалдсан хүмүүс байхгүй. Би 3 найзын хамт Булган баар луу орохын өмнө 0,75 граммын 1 шил архи, 0,5 граммын 1 шил архи, 2,5 литрийн 1 ширхэг пиво хувааж уусан юм. С найзтайгаа 2,5 литрын тал пиво хувааж байсан. Тэгээд нилээн согтсон юм шиг байн гэжээ.
Хохирогч Ү.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Нэг мэдсэн чинь өглөө гэрийнхээ өөрийнхөө унтдаг өрөөнд сэрсэн. Миний нүүр хэсэг битүү хавдсан амнаас цус гарч, баруун талын нүд хавдсан харч болохгүй, эрүү хэсэг хөндүүртэй ярьж болохгүй, шүднүүд хөдөлгөөнтэй, хүндүүртэй байсан. Тэгээд манай ээж эмнэлэг рүү дуудлага өгсөн. Эмчилгээний зардал болох 3,500,000 төгрөг, ажлын цалин хөлс 3,200,000 төгрөг болж байгаа. Цаашид гарах хохирлыг нэхэмжилж баримтаа өгнө. А-т гомдолтой байна. Би одоог болтол хоол идэж чадахгүй гуурсаар хоол идэж байна, 12 кг турсан байгаа, өвчин намдаах лаа хийж унтахгүй бол толгой өвдөөд, доод талын шүд мэдээ байхгүй гэжээ. /хх-ийн 14-15/
Хохирогч Ү.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эмчилгээний зардал, замын зардал, ажилгүй байсан хугацааны цалин гээд нийт 7,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. А-ын зүгээс 1,000,000 төгрөгийг төлсөн байгаа. Хохирлоо барагдуулаад авчих юм бол санал, гомдолгүй болно гэв.
Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ...Миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, уруул, хамар хэсэгт гэмтэл учирсан. Одоогийн байдлаар надад хохирол гээд байх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 19/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлн гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлий 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй" гэж заасан байдаг тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуул 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Ү.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,820,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Ц.А-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 24-25/
Гэрч И.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим найз охин Б-тай хамт хонох гэж орсон. Тэгээд 2 ширхэг 2,4 литрийн сэнгүр нэртэй пиво найз охинтойгоо хувааж уугаад сууж байтал манай найз охины гэрээс нь дуудааж 23 цагийн орчим яваад өгсөн. Тэгээд байж байтал би А руу залгаад хаана байгаа юм бэ? гэтэл А би гадуур явж байна. Намайг хаана байгаа талаар асуухад би буудалд байна гэж хэлэхэд А за би яваад очъё гээд 01 цагийн орчим үед Замын-Үүд буудалд ирсэн. Тэгээд 1 бүтэн 1 тал пиво үлдсэн байсан. Би А-тай 1 тал пиво хувааж уугаад би гэртэй харилаа гээд 1 бүтэн пиво аваад 02 цагийн орчим гараад явсан. Тэгээд өглөө 11 цагийн орчим Замын-Үүд буудлаас надруу Замын-Үүд будалд яаралтай ирж уулзаарай гэсэн байсан. Тэгээд би юу болсон талаар залгаад асуутал чи цуг байсан хүнээ зодсон юм бишүү гээд тэгээд би буудал дээр камер шүүж үзээд намайг явсаны дараа өөр хүн явж орсон талаар мэдсэн. Би өөр зүйл мэдэхгүй гэжээ. /хх-ийн 30-31/
Шинжээчийн 2023 оны 01 сарын 17-ны 04/017 дугаартай дүгнэлтэд: 1.Ц.А-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2.Ц.А-рын зүүн нүдний дээд доод зовхинд цусхуралт, дээд уруулын зүүн дээд талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 2-р хурууны 3-р шивнүүрийн ар талд, зүүн гарын 5-р хурууны 3-р шивнүүрийн ар талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Ц.А-ын нүүрэнд учирсан гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба баруун гарын 2-р хурууны 3-р шивнүүрийн ар талд, зүүн гарын 5-р хурууны 3-р шивнүүрийн ар талд зулгаралт гэмтлүүд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 45-46/
Шинжээчийн 2023 оны 02 сарын 16-ны 04/41 дугаартай дүгнэлтэд: 1.Ү.А-ын биед эрүү яс ооч болон баруун булан хэсгийн зөрөөтэй хугарал, хамар яс болон зүүн хамрын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно. 4.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. 5.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /хх-ийн 50-51/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-10/
Иргэний нэхэмжлэгчийн хохирлын тооцоо /хх-ийн 28/
Хохирогч, гэрч нарын согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 10-11/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2023 оны 03 сарын 14-ны өдрийн ... дугаартай тогтоол /хх-ийн 77-78, 83-85/
Шүүгдэгч нарын оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тухай хайлтын систем, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97-102, 108-110, 113, 154/
Шийтгэх тогтоолын хуулга /хх-ийн 116-142/
Хохирлын жагсаалт, баримтууд /хх-ийн 147-151/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 155-158/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Замын-Үүд нэртэй зочид буудлын 310 тоот өрөөнд 2023 оны 01 сарын 14-ний шөнө Ү.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед эрүү яс ооч болон баруун булан хэсгийн зөрөөтэй хугарал, хамар яс болон зүүн хамрын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ү.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймаг Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган баарны гадаа 2023 оны 01 сарын 14-ний шөнө Ц.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын зүүн дээд талд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ү.А /хх-ийн 14-15/, Ц.А /хх-ийн 19/, шинжээчийн 2023 оны 01 сарын 17-ны 04/017 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46/, шинжээчийн 2023 оны 02 сарын 16-ны 04/41 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-10/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Ц.А, Ү.А нарын гэм буруутай үйлдэл, хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ү.А, Ц.А нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Ц.А нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Ү.А-ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн. Хохирогч Ү.А нь хохиролд эмчилгээний зардал, замын зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 7,000,000 төгрөг нэхэмжилдэг боловч хэрэгт цугларсан баримтаар 711,967 төгрөгийн хохирол нотлогдсон. Шүүгдэгч Ц.А нь хохиролд 1,000,000 төгрөгийг төлсөн тул нотлох баримтын хүрээнд нотлогдсон хохирлыг шүүгдэгч Ц.А нь төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ү.А нь 2 сарын хугацаанд ажилгүй байсан гэх боловч өдөрт хэдэн удаа тээвэр хийдэг, 2 сарын хугацаанд хэдэн удаа тээвэр хийх байсан, түүнчлэн 1 сард хэдэн төгрөгийн цалин авдаг байснаа нотлох баримтын хүрээнд нотлож чадаагүй гэж үзэж байна. Иймд цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувьд иргэний нэхэмжлэгчийн хохирлын баримт /хх-ийн 28/-аар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.А-аас 3,820,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Ц.А, Ү.А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Ү.А нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Ц.А нь хохирогчид эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлсэн, анх удаа хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогч нарт учирсан хохирол хор уршиг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулсан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Ү.А-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ү-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б овогт Ц-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ү-ын А-рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Ц-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.А нь оногдуулсан 650,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь оногдуулсан 240 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаараар тус тус солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-аас 3,820,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч Ү.А нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ү.А нь бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.А, Ү.А нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б