| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | /220/2022/0176/э |
| Дугаар | 2023/ШЦТ/353 |
| Огноо | 2023-05-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч Ч.Гантөмөр нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чогсомын Гантөмөрт холбогдох эрүүгийн 2111 00969 0940 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Чогсомын Гантөмөр /РД:ЗЮ 69102139/,
Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Нийслэлийн түргэн тусламжийн төвд харуул ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 19 дүгээр байрны 5 тоотод бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 17 дугаар гудамжны 325Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Гантөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн цагаан байрны 56-5 тоотод иргэн Ю.Соёлмаатай өөрийг нь “гэрээсээ хөөлөө, гомо” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдан улмаар баруун хөлийн дотор тал, давсаг, сав хэсэг рүү өшиглөн түүний эрүүл мэндэд баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун зүүн бугалгын гадна ар доод хэсэг, цээжний баруун тал, баруун гуяны дотор доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, зүүн гуяны гадан хажуу хэсэгт цус хуралт гэмтэл, мөн хохирогчийн нуруун дээр нь тохойлдож, дэвссэний улмаас бүсэлхий 2,3,4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 278 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ч.Гантөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн цагаан байрны 56-5 тоотод иргэн Ю.Соёлмаатай өөрийг нь “гэрээсээ хөөлөө, гомо” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдан улмаар баруун хөлийн дотор тал, давсаг сав хэсэг рүү өшиглөн түүний эрүүл мэндэд баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун зүүн бугалгын гадна ар доод хэсэг, цээжний баруун тал, баруун гуяны дотор доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, зүүн гуяны гадан хажуу хэсэгт цус хуралт гэмтэл, мөн хохирогчийн нуруун дээр нь тохойлдож, дэвссэний улмаас бүсэлхий 2,3,4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 68 дугаар тал/,
Хохирогч Ю.Соёлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед намайг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн цагаан байрны 56-5 тоот хаягт гэртээ орж ирэхэд Гантөмөр болон манай нөхөр Чулуунбаатар нар архи уугаад сууж байхаар нь та хоёр болиоч гээд уурлангуй ярьсан. Гантөмөрийг гэрээсээ хөөгөөд чамайг орж ирэхээр бид хоёр хэрэлдэж, маргалдаж байна гэхэд чи юу гээд байгаа юм гээд Гантөмөр миний баруун хөлийн дотор тал руу хүчтэй өшиглөсөн. Тэгээд миний давсаг сав хэсэг рүү өшиглөхөөр нь би эвхрээд унасан. Тэр үед доошоо хүйтэн оргиод шингэн ус асгачихсан юм шиг болоод чих шуугиад ухаан балартаад, доошоо хараад хэвтэж байхад хэн нь намайг дэвсээд байгааг хараагүй нуруу дээрээс дэвсээд байсан. Гантөмөр миний давсаг болон гуя руу өшиглөсөн, мөн нуруун дээр дарж өвдөглөөд байсан. Би тэр өдөр болон маргааш нь босож чадаагүй юм. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллага дээр ирж шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авсан. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж үзүүлсэн... Би зодуулсандаа гомдолтой байна. Би эмчилгээ хийлгэсэн баримтуудаа хавсаргаж өгмөөр байна. Одоогийн байдлаар 500,000 орчим төгрөгийн эмчилгээ хийлгээд байна. Энэ хохирлоо гаргуулж авахыг хүсэж байна...” гэх / хавтаст хэргийн 19-25 дугаар тал/, .
Гэрч О.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 8 дугаар сарын 18-ны орой 21-22 цагийн орчимд манай хамтран амьдрагч болох Соёлмаа ирсэн. Соёлмаа уурлаад та муу хоёр гомо гэрт архи уулаа гэж харааснаа манай найз Гантөмөрийг хөөж туугаад аяга шидээд орны хажууд орилоод байсан. Тэгэхэд манай найз Гантөмөр Соёлмааг өргөж аваад орон дээр тавьсан. Гантөмөр Соёлмаагийн дээрээс тохойлдоод уначихсан. Тэгээд Гантөмөр босоод гараад яваад өгсөн. Тэр өдөр би цохиж зодсон зүйл байхгүй. Харин манай найз Соёлмааг цохисон эсэхийг би сайн хэлж мэдэхгүй байна, Соёлмааг орилоод хөөгөөд аяга шидээд байхаар нь барьж аваад орон дээр гаргаж байхдаа дээрээс нь тохойгоороо дарж унасан зүйл байгаа. Тэрний дараа орилоод байсан. Соёлмаа нь гаднаас орж ирэхдээ согтуу орж ирсэн. Түүний биед ил харагдах шарх, сорви, зовуурь гэхээр нүдэнд харагдах надад мэдэгдэхээр зүйл байгаагүй...” гэх /хавтаст хэргийн 28-30 дугаар тал/,
Гэрч В.Чинбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чогсомын Гантөмөр гэж хүнийг танина. Уг хүн нь миний найз байгаа юм. Би одоо шалгагдаж байгаа хэргийнх нь талаар сайн мэдэхгүй байна. Өөрөө надад хэлэхдээ найзынхаа гэрт очоод нэг эмэгтэйтэй маргалдсан гэж хэлж байсан...” гэх /хавтаст хэргийн 31-35 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ч.Эрдэмболорын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7737 дугаартай дүгнэлтэд:
Ю.Соёлмаагийн биед бүсэлхийн 2,3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун нудний дээд зовхи, баруун, зүүн бугалганы гадна ар доод хэсэг, цээжний баруун тал, баруун гуяны дотор доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, зүүн гуяны гадна хажуу дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ц.Оюун-Эрдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 8264 дугаартай дүгнэлтэд:
Ч.Гантөмөрийн биед хэвлийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6- д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 81 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Ж.Ганцэнгэл, Т.Сэлэнгэ, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 968 дугаартай дүгнэлтэд:
Ахлах шинжээч Ч.Эрдэмболор нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7737 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр “...Ю.Соёлмаагийн биед бүсэлхий 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун зүүн бугалганы гадна ар доод хэсэг, цээжний баруун тал, баруун гуяны дотор доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, зүүн гуяны гадна хажуу дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэжээ. Дээрх дүгнэлт нь үндэслэлтэй байна. Ю.Соёлмаагийн биед бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун зүүн бугалганы гадна ар доод хэсэг, цээжний баруун тал, баруун гуяны дотор доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, зүүн гуяны гадна хажуу дээд хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ю.Соёлмаагийн биед бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь баруун хөлний дотор тал, давсаг, сав хэсэг рүү хөлөөрөө өшиглөх үед үүсэх боломжгүй. Бүсэлхий нуруунд өшиглөх үед үүсэж болно. Ю.Соёлмаагийн биед бүсэлхий 2, 3, 4 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун зүүн нүдний дээд зовхи, баруун зүүн бугалганы гадна ар доод хэсэг, цээжний баруун тал, баруун гуяны дотор доод хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, зүүн гуяны гадна хажуу дээд хэсгийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх / хавтаст хэргийн 165-168 дугаар тал/,
Шүүгдэгч Ч.Гантөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...орой 22 цаг 40 минутын үед гэрээс нь гарах гэж байхад гаднаас түүний хамтран амьдрагч Ю.Соёлмаа гэж эмэгтэй орж ирсэн. Ингэж орж ирэхдээ Ю.Соёлмаа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай байсан. Тэгээд орж ирсний Ю.Соёлмаа намайг “гомо, чи энд юу хийж байгаа юм бэ?” гэж уурлаад аяга авч шидсэн, гэхдээ тэр аяга нь намайг бол оноогүй мөн ширээн дээр байсан эд зүйлсийг авч чулуудсан, тэгсэнээ хүрч ирээд миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би хариуд нь хөлнөөс нь өргөж аваад цаад талынх нь орон дээр дарж унахдаа нуруун дээр нь тохойлдсон, хөл рүү нэг удаа өшиглөсөн... Өөрөөр бол гар хүрээгүй...” гэх /хавтаст хэргийн 05-11 дүгээр тал/,
Хохирогч Ю.Соёлмаагийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч нарын дүгнэлт, мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ю.Соёлмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ч.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.
Нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Ю.Соёлмаа эмчилгээний зардалд 308,000 төгрөгийн баримт гарган өгсөнийг шүүгдэгч /хавтаст хэргийн 129 дүгээр тал/ төлсөнийг дурдав.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чогсомын Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Гантөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД