Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2019/03155

 

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2019/03155

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: А.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 40 дугаартай барилгын 4 дүгээр давхарт байрлах, Ү-2205059886 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 265.39 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч юм. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд үнэлгээний талаар тохиролцож чадаагүй учраас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр НШШГАнаас 305 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоол гарснаар ХҮТХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх хөрөнгийг 1.774.200.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нэхэмжлэгч тогтоолын дагуу гарсан ХҮТХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20, 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-д шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэхээр бол эрх бүхий этгээд тусгай мэдлэгтэй, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн баримт бичиг, мэргэжил ур чадвар, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, 9.2-т уг ажиллагаа явуулсны дараа тогтоол захирамжийг шинжээчид гардуулж, эрх үүргийг танилцуулахаар заасан. Гэтэл Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчийг дүгнэлт гаргах боломжтой эсэхийг тодруулаагүй. Дээр дурдсан ажиллагааг огт хийгээгүй. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 830, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 831 дугаартай ХҮТгэсэн бланкан дээр захирал Р.З үнэлгээ гаргаж явуулсан. Хоёр өөр өдөр хоёр өөр дугаартай дүгнэлтийн алийг мөрдөх нь ойлгомжгүй. ХҮТХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуй нэгжийн хэлбэрээр явуулж болно гэсний дагуу Р.З үнэлгээ гаргасан ч Р.Зын үнэлгээ гаргах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Сангийн яамнаас ирсэн албан бичгээс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Р.Зын үнэлгээ хийх эрх хүчингүй болсон. Сангийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тушаалын хавсралтын 2-т Равдангийн Зоригтийн хөрөнгө үнэлгээ хийх зөвшөөрлийг хүчингүй болгосон. Үүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээчээр томилсон Хөрөнгийн үнэлгээ төв ХХК үнэлгээ гаргах эрхгүй болох нь харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтэд н.Уртнасан гэх хүний гарын үсэг байдаг. н.Уртнасангийн тус төвд ямар албан тушаал хашдаг, үнэлгээ гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 492 дугаар захирамжаар Дэл Оюу Дөл ХХК-иас 1.556.498.994 төгрөгийг гаргуулж, Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу дараах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Барьцааны үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 17/06-01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17/08-08 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж, 1.774.200.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4/29288 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 40 дүгээр барилгын 4 дүгээр давхарт байрлах, А.Аын өмчлөлийн 265.39 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаартай, үл хөдлөх хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээ хуулийн дагуу явагдсан гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 4618 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 492 дугаар захирамжаар төлбөр төлөгч Дэл Оюу Дөл ХХК-иас 1.552.401.559 төгрөг 98 мөнгийг гаргуулан төлбөр авагч Төрийн банк ХХК-д олгох, уг үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн байх бөгөөд барьцаа хөрөнгийн нэг нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 40 дүгээр барилгын 4 дүгээр давхарт байрлах, А.Аын өмчлөлийн 265.39 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаартай, үл хөдлөх хөрөнгө байжээ.

Хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна.

Хариуцагч байгууллага 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 17/06-07 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 40 дүгээр барилгын 4 дүгээр давхарт байрлах, А.Аын өмчлөлийн 265.39 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаартай, үл хөдлөх хөрөнгө зэргийг битүүмжилж, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17/08-08 тоот эд хөрөнгийг хураасан тогтоолоор Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 40 дүгээр барилгын 4 дүгээр давхарт байрлах, А.Аын өмчлөлийн 265.39 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаартай, үл хөдлөх хөрөнгө зэргийг хураан авчээ.

Барьцаа хөрөнгийн эзэн А.Ааас үнийн санал авахаар 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/24399 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3/24863 тоот албан бичиг хүргүүлсэн боловч үнийн санал өгөөгүй байх тул төлбөр авагч Төрийн банк ХХК-иас нь хөрөнгийн үнийг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хариуцагч байгууллага 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 305 тоот шинжээч томилох тухай тогтоолоор ХҮТХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон, шинжээчийн тогтоосон үнийн талаар төлбөр төлөгч, барьцаалуулагч нарт хариуцагч байгууллага мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.

Дээрх ажиллагааг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд төлбөр төлөгч, өмчлөгч нар нь барьцаалсан хөрөнгийн үнийн талаар санал гаргаагүй байх байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгожээ.

Шинжээчээр томилогдсон ХҮТХХК нь барьцааны хөрөнгүүдийг үнэлж, нийт үнийг 1.774.200.000 төгрөг гэж тодорхойлж, тогтоосон дүгнэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 20, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээчээр ажилласан ХҮТХХК-ийн захирал Р.Зыг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг Сангийн яамнаас тодруулахад шинжээчээр ажиллах хугацаанд Р.Зын тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байсан нь тогтоогдож байна.

Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн ажиллагааг явуулахдаа хариуцагч байгууллага Ж.Уртнасан гэх хүнд эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулжээ. Шинжээч томилсон тогтоолд ХҮТХХК-ийг томилсон байх бөгөөд Ж.Уртнасан нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй эсэх, ХҮТХХК-ийг төлөөлж, шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг шалгаж, тогтоосон ажиллагаа хийгээгүй, энэ талаар баримт авагдаагүй байгаа нь тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг эрхгүй этгээд явуулсан гэж дүгнэхэд хүргэж байна.

Иймд нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 40 дүгээр барилгын 4 дүгээр давхарт байрлах, 265.39 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаартай, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийг бүхэлд хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 40 дүгээр барилгын 4 дүгээр давхарт байрлах, 265.39 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059886 дугаартай, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ