| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/01251/И |
| Дугаар | 102/ШШ2019/03007 |
| Огноо | 2019-11-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2019/03007
| 2019 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2019/03007 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэлийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Гүрбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Н.М 2013 онд орон сууцаа барьцаалж, Төрийн банкнаас долларын зээл авсан. Долларын ханшийн зөрүүнээс болоод төлбөр төлж чадахгүйд хүрсэн. Төрийн банкнаас Н.Мд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н.М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 492 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед шинжээч томилж, төлбөр төлөгч Н.Мгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 18 дугаар байр, 23 тоотын 64 м.кв орон сууцыг 105.130.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үл хөдлөхийн 105.130.000 төгрөгийн 70 хувь буюу 73.594.000 үнээр дуудлага худалдаанд оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс мэдэгдсэнийг эс зөвшөөрч, Н.М шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж, шүүхээс шинжээч томилсон. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 110.000.000 төгрөг гэж гарсан. Н.М зээлийн 127.000.000 төгрөгийн төлбөрт байраа тооцуулж өгөх хүсэлттэй байгаа. Бидний зүгээс Төрийн банканд үл хөдлөхийг өндөр үнэлсэн үнээр зээлийн төлбөрт тооцуулах хүсэлт тавьж, уулзаж ярилцсан. Иймд Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед томилогдсон шинжээчийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас сая өндөр үнэлсэн үнээр байраа зээлийн төлбөрт тооцуулахаар Төрийн банктай ярилцсан гэлээ. Шинжээчийн дүгнэлтийн 105.000.000, 110.000.000 төгрөгийн хооронд ялгаа байгаа. Хэрэв Төрийн банк өндөр үнэлсэн үнээр байрыг төлбөрт тооцож авбал нэхэмжлэгч талд хэрэгтэй байх гэж бодож байна. Манай байгууллагаас гэрээт байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлт хуулийн дагуу гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч НШШГГт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 18 дугаар байр, 23 тоотод байрлах Н.Мгийн өмчлөлийн 64 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205046016 дугаартай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь үнэлгээ хуулийн дагуу явагдсан гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Дараах үйл баримт тогтоогдлоо.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 492 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Н.М, А.Баасансүрэн нар нь 127.043.872 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Төрийн банк ХХК-д олгох, уг үүргийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 18 дугаар байр, 23 тоотод байрлах Н.Мгийн өмчлөлийн 64 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205046016 дугаартай, 2 өрөө орон сууцнаас хангуулахаар эвлэрчээ.
Хариуцагч байгууллага Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, шийдвэрийг биелүүлэх ажиллагааг эхэлж, төлбөр төлөгчид төлбөрөө төлөх мэдэгдлийг хүргүүлсэн байх боловч төлбөр төлөгч төлбөрөөс төлөөгүй байна.
Хариуцагч байгууллага 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 19250070/03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаалагдсан хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 18 дугаар байр, 23 тоотод байрлах Н.Мгийн өмчлөлийн 64 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205046016 дугаартай, 2 өрөө орон сууцыг хураан авч, төлбөр төлөгчөөс үнийн санал авчээ.
Төлбөр авагч нь өмчлөгчийн дээрх үнийн саналыг зөвшөөрөөгүй байх бөгөөд үнийг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хариуцагч байгууллага шинжээч томилж, орон сууцны үнэлгээг тогтоолгосон, шинжээч тогтоосон үнийн талаар төлбөр төлөгч, барьцаалуулагч нарт хариуцагч байгууллага мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд байна.
Дээрх ажиллагааг хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь барьцаалсан хөрөнгийн үнийн талаар өөр өөр саналтай, тохиролцоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, хөндлөнгийн шинжээчээр орон сууцны үнэлгээг тогтоолгожээ.
Шинжээчээр Баян модот ХХК-ийг томилсон байх бөгөөд шинжээч нь орон сууцыг өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргаар үнэлж, үнийг 105.130.000 төгрөг гэж тодорхойлж, тогтоосон дүгнэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээч Гэрэгэ эстимэйт ХХК-иас нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны үнэлгээг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 110.000.000 төгрөгийн үнэ цэнэтэй болохыг тогтоосон байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээ, шүүхийн ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээ 4.870.000 төгрөгөөр зөрүүтэй гарсныг илтэд багаар үнэлсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчээр ажилласан Баян модот ХХК нь дүгнэлт гаргахдаа мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнролом, үнэлгээний мэргэжилтэн Р.Байгалмаа нар оролцсон байх бөгөөд Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн ажиллагааг явуулахдаа зөвхөн С.Цэвээнроломд хууль сануулж, Р.Байгалмаад эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулаагүй байна.
Иймд хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч томилж, ажиллуулахдаа Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул уг шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй гэж үзэн нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 18 дугаар байр, 23 тоотод байрлах Н.Мгийн өмчлөлийн 64 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205046016 дугаартай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Н.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 18 дугаар байр, 23 тоотод байрлах, 64 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205046016 дугаартай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ