| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/02085/И |
| Дугаар | 02458 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 02458
2019 оны 9 сарын 19 өдөр Дугаар102/ШШ2019/02458 Улаанбаатар хот
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Ө овогт Ө.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороонд байрлах Н байгууллага холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01670 дугаартай захирамжаар надаас 86.565.502 төгрөгийг гаргуулан, “Худалдаа хөгжлийн” банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Уг захирамжийн дагуу миний өмчлөлийн Баязүрх дүүрэг, 00 дүгээр хороолол, 00 дүгээр хороо, 00 дугаар байрны 0 тоот, 98 метр квадрат талбайтай орон сууцыг 8 тоот зоорийн давхарын зогсоолын хамтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 4/13507 дугаартай “Мэдэгдэл”-ээр эд хөрөнгийн үнэлэгээг 116.557.700 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж оруулах гэж байгаа бөгөөд энэ үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Б, хариуцагч Н байгууллага холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар, Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/01670 дугаартай Шүүгчийн захирамжаар Ө.Б-с 86.565.508.62 төгрөгийг гаргуулж, “Х” банк ХХК-д олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баязүрх дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоот, 98 метр квадрат талбайтай орон сууцыг 8 тоот зоорийн давхарын зогсоолын хамт нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг Н байгууллагад даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ө.Батнаран болох нь Ү-00000 дугаарын Улсын бүртгэл, 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 000 дугаарын Үл хөдлөх эд хөрөнгийн Гэрчилгээ олгогдсоноор нотлогдож байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 дугаартай Гүйцэтгэх хуудас 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр олгогдож, хариуцагч байгууллага 171 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ж.А-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ.
Хариуцагч 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 000 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баязүрх дүүрэг, 0 дүгээр хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоот, 98 метр квадрат талбайтай орон сууцыг 8 тоот зоорийн давхарын зогсоолын хамт битүүмжилж,
2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 000 дугаартай Тогтоолоор эд хөрөнгийг хурааж,
2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 166.511.000 төгрөгийн 70 хувь 116.557.700 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг үнэлэн, анхны дуудлага худалдаанд оруулах болсон талаар нэхэмжлэгчид 000 дугаартай “Мэдэгдэл”-ээр хүргүүлсэн нь нотлогдож байна.
Энэхүү үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлож чадахгүй байна.
Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА