Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-д холбогдох эрүүгийн 2330000830056 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, айлын малчнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын ...... дугаар баг “...........”-ын ........ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  Х овогт М-ын А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.А нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр баг “Х”-ын ..... тоотод хохирогч Х.Б-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн шанаанд няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.    

Эрүүгийн 2330000830056 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Гэрт ороод 10-20 минут хэсэг зүгээр сууж байгаад Х.Б буцаад “миний өөдөөс “чи манай эхнэртэй хамт унт” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х.Бын гадаа авч гараад 2 удаа хавирч унагасан. Тухайн үед Х.Б над руу дайраад миний эрүү рүү 2 удаа цохихоор нь би Х.Быг хавирч унагаад нүд рүү нь гараараа 2 цохиж, хөл рүү нь өшиглөсөн.” гэх / хх 40-41 дүгээр хуудас /,

- Хохирогч Х.Б-ын “А-нд ороод цуг явж байсан Эрдэнэтуяаг А-тай хардаад “та хоёр яагаад байгаа юм, та хоёр зүгээргүй юм биш үү” гэж хэлсэн. Тэгтэл А “чи муу юу гээд байна аа, би эхнэр хүүхэдтэй хүн шүү” гээд над руу уурлаад дайраад байсан. Яг юу гэж хэлснийг нь санахгүй байсан. Би нэлээн согтолттой байсан. А гэртээ надтай зууралдаад миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж, цээж рүү гараараа цохисон. Тэр үед нь би зөрүүлээд -ын эрүү рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн А намайг гэрээсээ чирч гаргаж газар унагаагаад цээж, хамар руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн.” гэх / хх 7-8 дугаар хуудас/,

- Гэрч Г.Г-ийн “Х.Б нь манай нөхөртэй өөрийнхөө хамт явж байсан хүүхнээ хардаад байсан. Тэгэхээр нь манай нөхөр “гадаа гаръя” гээд Х.Б-ыг авч гарсан. Гадаа гараад манай нөхөр лүү дайраад байсан. Манай нөхөр М.А, Х.Б руу “би эхнэр 2 хүүхэдтэй хүн, манай эхнэр миний хажууд байна” гэж хэлсэн. Х.Б нь манай нөхрөөс тамхи гуйгаад, тэр хоёр гадаа тамхи татаад гэр лүү орсон. Гэрт орж ирээд удаагүй Х.Б нь буцаад манай нөхөр лүү дайрсан. Тэгэхээр нь манай нөхөр Х.Б-ыг “хоёулаа буцаад гадаа гаръя” гээд аваад гарсан. Гадаа гараад Х.Б манай нөхөр лүү дайраад цуг явсан хүүхнээ хардаад байсан. Х.Б  манай нөхрийн эрүү рүү гараараа 2 удаа цохисон. Тэгсэн манай нөхөр зөрүүлээд нүүр лүү нь гараараа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Х.Б-той хамт явж байсан хүүхэнтэй хамт тэр хоёрыг 2 тийшээ салгасан.” / хх 11-12 дугаар хуудас/ мэдүүлэг,

- Хохирогч Х.Б-од үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №936” / хх 25 дугаар хуудас/,

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 37 дугаартай 1. “Х.Б-ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн шанаанд няцрал бүхий гэмтэл учирсан байна.

2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт / хх 26-27 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч М.А-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт / хх 42-43 дугаар хуудас /,
  • Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26/36 дугаартай албан бичиг, эмчилгээний төлбөрийн лавлагаа / хх 52-53 дугаар хуудас /,
  • Шүүгдэгч М.А нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр баг “Х”-ын ..... тоотод хохирогч Х.Б-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн шанаанд няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.Б, гэрч Г.Г нарын мэдүүлэг, хохирогч Х.Б-од үзлэг хийсэн “Яаралтай тусламжийн хуудас №936”,  Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26/36 дугаартай албан бичиг, эмчилгээний төлбөрийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч М.А нь хохирогч Х.Б-той маргалдсаны улмаас түүнийг гараараа цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч М.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн шанаанд няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч М.А-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.1. Шүүгдэгч М.А-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнд “Шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийг цагдан хориогүй, баривчлаагүй тул эдлэх ялд оруулан тооцох саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэн ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид прокурорын шатанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “М.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл байдаг. Гэр оронд нь хүн дагуулан очиж, түүнтэйгээ хардаж зохисгүй үйлдэл гаргасан байдаг. Үүнд хохирогч буруутай гэж үзэж байгаа хэдий ч үйлчлүүлэгч минь хүний биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзнэ үү” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Шүүгдэгч М.А-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол, хор уршиг учруулснаа ойлгосон зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

3. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч Х.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалтай холбоотой баримт хэрэгт ирүүлээгүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй боловч гомдолтой гэж мэдүүлсэн болно.

Хохирогч Х.Б нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

3.2. Хохирогч Х.Б өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 161,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 161,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

4. Бусад асуудлаар:

Шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг 3 / гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.А-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-аас 161,000 төгрөгийг гаргуулж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Б гомдолтой гэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй болохыг дурдсугай.

8. Хохирогч Х.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ